| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00142/И |
| Дугаар | 156/ШШ2019/00229 |
| Огноо | 2019-05-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 156/ШШ2019/00229
| 2019 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 156/ШШ2019/00229 | Хэрлэн сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2018/00142/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ........................ оршин суух, А Э (РД: .................)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .........................., Б Г (РД: ..................)-д холбогдох,
"хүүхдийн тэтгэлэг болон сургалтын төлбөр 2.800.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Э, хариуцагч Б.Г шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...би Б.Гтай 2010 онд танилцаж, үерхээд 2011 онд хамт амьдарсан юм. Хамт амьдраад удаагүй жирэмсэн болж 2012 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүү Г.Бг төрүүлсэн юм.
Энэ хугацаанд албан ёсоор гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан. Бид өөрсдийн байргүй бөгөөд Дорнод аймагт манай аав, ээжийнд амьдардаг байсан.
Г нь өнгөрсөн хугацаанд Хэнтий, Дорнод аймаг руу ирж очин байдаг байсан. 2017 оноос хойш нэг ч ирээгүй бөгөөд одоо шинэ гэр бүл зохиосон.
Энэ хугацаанд хүүтэйгээ нэг удаа уулзсан Өөр ямар нэгэн холбоо байхгүй. Би одоогоор ажилгүй байгаа тул гэр бүлийн хуульд заасны дагуу Гыг эцэг хүнийх нь үүргийг ойлгуулж ухааруулах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Мөн хүүхдийнхээ ирээдүйг бодож гүнзгий сургалттай, хувийн (2.800.000 төгрөгийн төлбөртэй) сургуульд суралцуулдаг юм.
Иймд Гаас хүүхдийн тэтгэлэг болон сургалтын төлбөр 2.800.00 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч А.Э нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:...хариуцагч Б.Гаас хүү Г.Бг тэжээн тэтгүүлж, Дорнод аймгийн Хэрлэн сумын “Түгээмэл Оюун” бага сургуульд сурч байгаа тул сургалтын төлбөр 2.800.000 төгрөгийн гаргуулахаар шүүхэд анх нэхэмжлэл гаргасан юм.
Одоо Б.Гтай эвлэрэн хэлэлцэн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Харин сургалтын төлбөр 2.800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 1.400.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж татгалзаж, хариуцагчаас жилд нэг удаа 1.400.000 төгрөг гаргуулахаар эвлэрэн хэлэлцэв.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэмж гаргах нотлох баримт байхгүй...(хх-ийн 31 тал)
Хариуцагч Б.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон эвлэрлийн гэрээндээ: ...би А.Эийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Хүү Г.Бд тэтгэлэг төлөхийг зөвшөөрнө.
Нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож сургалтын төлбөрийг жилд 1.400.000 төгрөг төлөхөөр эвлэрсэн болно.
Маргаантай зүйлгүй тул энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэмж гаргах нотлох баримт байхгүй... (хх-ийн 31 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч Б.Гаас “хүүхдийн тэтгэлэг болон сургалтын төлбөр 2.800.000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч А.Э, хариуцагч Б.Г нар нь 2010 онд танилцаж, улмаар эр, эмийн харилцаатай болж, 2012 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүү Г.Бг төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 31 тал) хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 3 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид нь тус тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү Г.Б нь эхийнхээ асрамжинд байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Э нь 2012 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Г.Бд эцэг Б.Гаас хүүхдийн тэтгэлэг болон сургалтын төлбөр 2.800.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн бөгөөд хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байна.
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч А.Э нь шүүхэд гаргасан “сургалтын төлбөр 2.800.000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 1.400.000 төгрөгөөс татгалзаж, хүүхдийн тэтгэлэг болон сургалтын төлбөр 1.400.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, хариуцагч Б.Г нь хүүхдийн тэтгэлэг болон сургалтын төлбөр 1.400.000 төгрөгийг жилд нэг удаа төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. (хх-ийн 31 тал)
Иймд зохигчдын хооронд хүүхдийн тэтгэлэг болон сургалтын төлбөрийн талаар маргаангүй байна гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2012 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Г.Бг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Б.Гы сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж хүү Г.Бг тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх А.Эт даалгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар хариуцагч Б.Гаас жилд 1.400.000 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй Г.Бн сургалтын төлбөрт зарцуулж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүү Г.Бг эцэг Б.Гтай уулзуулж байхыг эх А.Эт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Э нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ