| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0144/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/197 |
| Огноо | 2023-02-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/197
2023 02 13 2023/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч П.Эрдэнэбат,
шүүгдэгч П.Б, О.Х, тэдгээрийн өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос П.Б, О.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 08, 13-ны өдрүүдэд хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. О.Х Монгол Улсын иргэн, 1969 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дархан уул аймгийн төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд 5 удаагтйг ял шийтгэтэй,
2. О.Х Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд 2 ял шийтгэлтэй
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Яллагдагч П.Б О.Х нар бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн зах худалдааны төвийн урд талын зогсоол дээр байрлуулсан “Тоёота сай” маркийн дугаартай тээврийн хэрэгсэл дотор бага насны буюу 6 сар 19 хоногтой Т. /, 8 нас 7 сар 14 хоногтой Т.С нарыг сууж байхад нь 2022 оны 05 дугаар сарын 27-ний өдөр иргэн Ц.Аийн 350.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-51 маркийн гар утас, 150.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-8 маркийн гар утас хулгайлан авч нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
1.1 Шүүгдэгч П.Б, О.Х нар шүүхийн хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй” гэцгээв.
1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “ 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан хохирогч Ц.Аийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн үнэлгээний тайлан, нас тоолсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулна” гэв.
- Шүүгдэгч нар “байхгүй” гэв.
- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, О.Х дансаар хохирлын 250.000 төгрөгийг төлсөн баримт, тодорхойлолт/39-р сургуулийн сургалтын менежерийн/-ыг шинжлэн судлуулна” гэв.
1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Шүүгдэгч П.Б, О.Х нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөнийн зах” худалдааны төвийн урд талын зогсоол дээр байрлуулсан “Тоёота сай” маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос иргэн Ц.Аийн “Самсунг А-51”, “Самсунг эс-8 плас” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Ц.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо Шөнийн зах руу нөхөр Т.С, хоёр хүүхдийнхээ хамт хүнсний зүйл цуглуулахаар улсын дугаартай машинаа гадна талбайд байрлуулчхаад хоёр хүүхдээ машинд үлдээгээд дотогш орсон. Тэгээд гарч ирэхэд манай хоёр хүүхэд, машины голын хайрцагт байсан миний хар өнгийн “Самсунг Эс-8 плас” маркийн гар утас болон нөхрийн шаргал өнгийн “Самсунг-А51” маркийн гар утсыг танихгүй хүн хулгайлаад явсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би “Самсунг А51” маркийн гар утсыг худалдаж аваад, нөхөртөө бэлгэнд өгч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-11 дүгээр тал),
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд “... Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн захын зүүн тал руу тусгалтай гадна талын хяналтын бичлэгийг харуулах ба хяналтын камерын цаг 2022 оны 05-р сарын 27-ны өдөр 16 цаг 24 минутад болж байна/камерын цаг бодит цагтаа таарч байсныг тусгав/. улсын дугаартай Лексус маркийн тээврийн хэрэгслийн хажуугаар * Хондо пит маркийн машины жолооч цагаан өнгийн масктай явж байна,..тухайн жолоочтой хамт явж байсан маск зүүсэн бор өнгийн жижиг цүнхтэй этгээд тээврийн хэрэгслийн урд талын хаалгыг онгойлгож суудал дээр байсан гар утас авч байгаа дүрсийг харуулав. Сэжигтэй этгээд хоёр гартаа хоёр ширхэг гар утсыг аваад алхаж байгаад машин руу гүйж сууж ертөнцийн зүгээр баруун тийш чиглэлтэй явж байгаа дүрсийг харуулав...” (хавтаст хэргийн 30-41 дүгээр тал),
- “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1901 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б, О.Х нарыг амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдаж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэж, үүний улмаас бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдов.
Шүүгдэгч нарын дээр үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Тиймээс шүүгдэгч П.Б, О.Х нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа”, өмгөөлөгчөөс “...хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай” оролцсон болно.
1.3 Хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилжээ.
“Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1901 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан(хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас)-д “Самсунг А-51 маркийн гар утас 350.000 төгрөг, Самсунг эс-8 плас маркийн гар утас 150.000 төгрөг, нийт 500.000 төгрөг” гэж бусдад учруулсан хохирлыг хэмжээг тодорхойлж, тогтоосон.
Шүүгдэгч О.Хын тухайд 2023 оны 02-р сарын 08-ны өдөр хохирогч Ц.Аийн Хаан банкны * тоот дансанд 250.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн байх тул түүнийг өөрт ногдох хохирлыг төлж барагдуулсан, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин шүүгдэгч П.Б нь өөрт ногдох 250.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байсан ба тэрээр “хохирол төлөх завсарлага авах” тухай хүсэлтийг өмгөөлөгчийн хамт шүүхийн хэлэлцүүлэгт гаргасныг Анхан шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл ажлын 3 хоногийн хугацаагаар завсарлуулсан. Энэ хугацаанд шүүгдэгч П.Бгаас 245.000 төгрөгийг 2023 оны 02-р сарын 11-ний өдөр дээрх хохирогчийн дансанд шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бгаас үлдэгдэл 5000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Ат олгож шийдвэрлэлээ.
Прокуророос шүүх хуралдаанд оролцуулах талаар тусгайлан гаргасан саналгүй байсан бөгөөд Шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болохыг тэмдэглэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд 02 жил, 06 сарын хорих ял оногдуулж, уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үйлдсэн 39 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын нэг хоногоор тооцож ялыг нэмж нэгтгэн нийт 02 жил 07 сар, 09 хоногийн хорих ял, шүүгдэгч О.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил, 06 сарын хорих ял оногдуулж, уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үйлдсэн 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын нэг хоногоор тооцож ялыг нэмж нэгтгэн 02 жил, 06 сар, 13 хоногийн хорих ял эдлүүлэх саналтай...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч тус бүрд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай” гэсэн дүгнэлтийг танилцуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус заасан байна.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийдвэрийн хуулбар(хавтаст хэргийн 68-95 дугаар хуудас) зэргээс үзэхэд шүүгдэгч П.Б /4 удаа/, О.Х /2 удаа/ нар эрүүгийн хариуцлага хүлээж байсан ба хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12-р сарын 22-ны өдрийн 4/24929 дугаартай албан бичигт “...ялтан О.Х нь 2022 оны 08-р сарын 29-ны өдөр цахим бугуйвчийг зүүж бүртгэл хяналтад орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 115 хоног эдэлж, шагналын 15 хоног авч, эдлээгүй 63 хоногийн ялын үлдэгдэлтэй байна.” мөн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4/00564 дугаартай албан бичигт “...ялтан П.Б нь өнөөдрийн байдлаар 03 сар, 29 хоногийн ялыг эдэлж, 02 сар, 11 хоногийн ялын үлдэгдэлтэй байна.” зэрэг нотлох баримт авагджээ.
Шүүгдэгч О.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид...учруулсан хохирлыг төлсөн” байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, П.Бд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчид тус бүрд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж, амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан), шүүгдэгч нарын хувийн байдал (П.Б нь онд төрсөн,3 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хохирогчид учирсан хохирлоос тодорхой хэмжээг төлсөн, үлдэх төлбөрийг төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн, О.Х нь онд төрсөн, настай, эхнэр, бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд шүүгдэгч нар өөрсдийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, О.Х тус бүрийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг дээр дурдсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаас гадна, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ял оногдуулах нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцэх тул хүлээн авах боломжгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч П.Б, О.Х нар өмнө үйлдсэн гэмт хэрэгтээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор 06 сар, 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг тасалбар болгон эдлээгүй үлдсэн ялын тооцоог гаргаж ирүүлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгүүдэд дурдсанаар тэдний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлэлт мөн хугацаагаар зогссон гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэх үндэслэлтэй гэж үзэв.
Тиймээс шүүгдэгч П.Б, О.Х нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн П.Бгийн 02 сар, 11 хоногийг, О.Хын 02 сар, 03 хоног(63 хоног)-ийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг”, 2.4 дэх заалтад “хорих ялын нэг хоногийг” зааснаар тооцож, нэмж нэгтгэн П.Бд 01 жил, 02 сар, 11 хоногийн, О.Хт 01 жил 02 сар 03 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, тус хэрэгт шүүгдэгчид цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй юм.
Бусад асуудлын талаар.
Эрүүгийн дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалах, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Б, О.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэргийг “бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, О.Х тус бүрийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зургаан сар, арав хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хоёр сар, арван нэг хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг нэг жил, хоёр сар, арван нэг хоногийн хугацаагаар,
- Шүүгдэгч О.Хт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зургаан сар, арав хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн жаран гурав хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хугацааг нэг жил, хоёр сар, гурав хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, О.Х нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Бгаас 5.000 (таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.А-т олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалсугай.
7. Эрүүгийн дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, П.Б, О.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, О.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Б, О.Х нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Б, О.Х нарт “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР