| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Туяа |
| Хэргийн индекс | 102/2018/00092/и |
| Дугаар | 601 |
| Огноо | 2018-03-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 601
Х.Гын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/00092 дугаар шийдвэртэй, Х.Гын нэхэмжлэлтэй, хариуцагч “У” ХХК-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 126 420 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Г нь “У” ХХК-ийн захирал Ц.Уртнасантай 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 13/110 тоот зээлийн гэрээ байгуулж, 43 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлж, зээлдэгч нь гэрээний 2.2-т заасан графикийн дагуу төлж барагдуулахаар тусгасан. Зээлдэгч нь үндсэн зээл 43 000 000 төгрөг болон хүүг төлөлгүй өдий хүрсэн. Зээлдүүлэгч 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “У” ХХК, захирал Ц.Уртнасанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан боловч тус хороонд байдаггүй нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэх үндэслэлээр шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
“У” ХХК-ийн захирал Ц.Уртнасан Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 31 дүгээр байрны 38 тоотод амьдарсаар байж шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авахгүй байсны улмаас эрэн сурвалжилах ажиллагаа хийлгэх шаардлагатай болж жил гаруй хугацаанд цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж хаягийг тодруулж дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тус компанийн захирал Ц.Уртнасан шүүхийн үйл ажиллагааг үл хүндэтгэн гэрээний үүргээ биелүүлэхээс санаатай зайлхийж ирсэн тул “У” ХХК-ийн захирал Ц.Уртнасангаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 43 000 000 төгрөг, хүү 61 920 000 төгрөг, алданги 21 500 000 төгрөг, нийт 126 420 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийн дампуурлын хэрэг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шалгагдаж байгаа учраас Х.Гын гаргасан нэхэмжлэлд тайлбар гаргах боломжгүй болно гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан “У” ХХК-иас 126 420 000 төгрөг гаргуулахыг хүссэн Х.Гэрэл-Одын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 790 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан нотлох баримтыг буруу үнэлж, хэргийн үйл баримтын талаар үнэн зөв дүгнэлт өгч чадаагүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзнэ гэснийг үндэслэсэн. Хариуцагч “У” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчээс зээл аваагүй гэж маргаагүй, зээлийн гэрээ болон мөнгө хүлээн авсан эсэхэд ч маргаагүй болохоо тайлбарласан. “У” ХХК-ийн дампуурлын хэрэг шалгагдаж байгаа учир тайлбар гаргах боломжгүй болно гэсэн байдаг. Шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд ирээгүйг харгалзан үзэх шаардлагатай байсан.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлэх ёстой. Хэргийн 7 дугаар хуудсанд “зээл олгогч нь Х.Г” хүлээн авагч нь “У” ХХК-ийн захирал гарын үсэг, компанийн тамга тэмдэг бүхий баримт үйлдсэн байхад “хариуцагч мөнгө хүлээн аваагүй” гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзалд дүгнэлт хийж чадаагүй, хууль зөрчсөн, шударга ёсонд харшилсан шийдвэр гаргасан тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүйн улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч “У” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 126 420 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч “шүүхэд компанийн дампуурлын хэрэг үүссэн байгаа учраас нэхэмжлэлд тайлбар гаргах боломжгүй” гэх тайлбар гаргажээ.
Шүүх 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн төлөөлөгчид гардуулах ажиллагааг хийж, баримт үйлдэн, түүнд заасан хаягаар шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлж, 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хариуцагчид танилцуулсан баримтгүй, нэхэмжлэл гардуулах үед нэхэмжлэлд хавсаргасан 10 хуудас баримттай танилцуулсан эсэх нь тодорхойгүй, хэргийн 13 дугаар талд авагдсан “Нэхэмжлэл гардуулсан тухай” баримтад 1 хуудас баримт гардуулсан байна. Иймд Шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйл тус бүрийн заалтад нийцэхгүй гэж үзлээ.
Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/00092 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 790 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.ТУЯА