Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2025/0092

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Д.Б, өмгөөлөгч Б.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/496 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Цагдаагийн дэслэгч цолыг сэргээлгэх, ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1054 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б, өмгөөлөгч Б.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Б.О, Э.Б

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр

Хэргийн индекс: 128/2024/0777/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/496 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Цагдаагийн дэслэгч цолыг сэргээлгэх, ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1054 дүгээр шийдвэрээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 97 дугаар зүйлийн 97.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Сахилгын шийтгэл хүндэдсэн буюу Д.Б миний гаргасан үйлдлийг эрүүгийн хэргийн шүүхээс цагаатгасан тухай:

Миний ажлаас халагдах шалтгаан болсон үйлдлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 10 өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1.1 дэх заалт, 2 дахь заалтын дагуу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, хохирогч Ш.Х өмнө нь эхнэртэйгээ муудалцаж гэмтэл авсан байсан нь тогтоогдсон бөгөөд Д.Б миний үйлдэл нь хохирогчийн архины шил барьж босоод бусдад гэмтэл учруулах боломжтой үйлдлийг таслан зогсоох зорилготой, хөнгөн гэмтэл учруулах шууд санаа зорилгогүй байсан гэдгийг шүүх тогтоосон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 6-д “Учир нь тухайн тохиолдолд нэхэмжлэгч Д.Б нь ажлын бус цагаар архидан согтуурч, олон нийтийн газарт зохисгүй үйлдэл гаргаж бусдын биед халдсан нь албаны шалгалтаар тогтоогдож байгаа нь тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчийн ёс зүйн болон сахилгын зөрчилд тооцогдоно ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэдийгээр сахилгын шийтгэлийг дараалал харгалзахгүй ногдуулж болох ч гэсэн ажлын бус чөлөөт цагаараа гаргасан дээрх үйлдэлд маань цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл тохирохгүй, сахилгын шийтгэл хүндэдсэн гэдгийг давж заалдах шатны шүүхээс тогтоож өгөхийг хүсэж байна.

3.2. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухай:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э би анхан шатны шүүх Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 47.1.2 дахь заалт, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь:

3.2.1. Цагдаагийн албаны тухай хуулийн 81.1-д “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана” гэж, мөн хуулийн 81.3-д “Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно” гэж тус тус заасан. Үүнээс үзвэл цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаандаа ёс зүйн зөрчил гаргавал сахилгын шийтгэл хүлээхээр заасан байгаа юм. Тэрнээс биш энгийн хувцастайгаа, ажлын бус цагаар ёс зүйн дүрэм зөрчсөн гээд сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн шүүх гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа харин гэм буруутай гэж үзвэл сахилгын шийтгэлээр хариуцлага хүлээлгэх биш төрийн албанаас халах зохицуулалтаар шийдвэрлэж болно.

3.2.2. Цагдаагийн албаны тухай хуулийн 97.1-д “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан. Тэгэхээр хэрэв Д.Б эрүүгийн хариуцлага хүлээчихвэл давхар сахилгын шийтгэлтэй болчих гээд байна. Эрүүгийн хариуцлага хүлээх эсэхийг шийдвэрлэсний дараа ажлаас халах эсэхийг шийдвэрлэх ёстой гэсэн үг.

3.2.3. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.8-д “Цагдаагийн алба хаагчийн холбогдсон эрүүгийн болон зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулж болно” гэж зааснаас үзвэл эрүүгийн болон зөрчлийг хэргийг шийдвэрлэж дууссаны дараа сахилгын шийтгэл ногдуулах ёстой байна.

3.2.4. Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутай шүүхээр тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй гэдэг зарчмыг зааж өгсөн байдаг.

3.2.5. Мөн төрийн албанаас халах, сахилгын шийтгэлээр төрийн албанаас халах гэсэн 2 ойлголтыг ялгаж ойлгох хэрэгтэй. Төрийн албанаас халах зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлээр зохицуулсан. Харин сахилгын шийтгэлээр халах нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлээр зохицуулсан байдаг. Ялгаа нь юу гэхээр сахилгын шийтгэл бол албан хаагч ажил үүрэгтэйгээ холбоотой зөрчил дутагдал гаргахад хүлээдэг хариуцлага байдаг. Ажилтайгаа холбоотой сахилга, хариуцлага алдсан тохиолдолд гэсэн үг. Харин төрийн албанаас халах нь ажил үүрэгтэйгээ холбоогүй бусад зөрчил дутагдал гаргасан тохиолдолд хүлээлгэдэг хариуцлага. Гэтэл Д.Б-ийг ажлын бус цагаар, ажил үүргээ гүйцэтгээгүй үед гаргасан зөрчил дутагдалд нь сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь буруу юм.

3.2.6. Төрийн албаны тухай хуулийн 47.1.2 дахь заалтад “төрийн жинхэнэ албан хаагчийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үндэслэлээр төрийн албанаас хална”, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж тус тус заасан. Иймд гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдоогүй байхад ажлаас халсан нь үндэслэлгүй болсон.

3.2.7. Ёс зүйн зөрчлийн талаар Дотоод хяналтаас шалгаад гэмт хэргийн шинжтэй бол харьяаллын дагуу шилжүүлнэ гэж Монгол улсын цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 112 дугаар зүйл “Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах” гэсэн хэсгийн 112.2.6-д заасан байдаг. Цагдаагийн албаны тухай хууль. Монгол улсын цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн журам, Сахилгын дүрмийн аль ч заалтад Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын газар нь цагдаагийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах санал, дүгнэлт гаргана гэсэн зохицуулалт байхгүй. Дотоод хяналтын нэгжээс шалгаж хүний гэм буруу, ёс зүйн талаар дүгнэлт, санал гаргаад түүнд нь үндэслэж сахилгын шийтгэл ногдуулдаг ийм гажиг тогтолцоо байж болохгүй. Энэ бол Монгол Улсын хууль, шүүхийн тогтолцоонд нийцэхгүй асуудал юм.

3.2.8. Хариу тайлбарт “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1.3, “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.4.1, 3.4.3-д заасан ёс зүйн зөрчил гаргасан гэж тайлбарладаг. Гэтэл Сахилгын шийтгэл ногдуулсан Б/496 дугаар тушаалд уг зөрчлүүдийг гаргасан гэж дурдаагүй.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 19 өдрийн 1054 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

3. Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн Б/496 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2.2-т заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Д.Б-ийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, “Албан тушаалын тодорхойлолт”-ын 3 дугаар зорилтын 3.4, 3.5 дахь заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулан “цагдаагийн дэслэгч” цолыг хураажээ.

            4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “Миний ажлаас халагдах шалтгаан болсон үйлдлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1.1 дэх заалт, 2 дахь заалтын дагуу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн ... Хэдийгээр сахилгын шийтгэлийг дараалал харгалзахгүй ногдуулж болох ч гэсэн ажлын бус чөлөөт цагаараа гаргасан дээрх үйлдэлд маань цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл тохирохгүй, сахилгын шийтгэл хүндэдсэн” талаар дурджээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-д Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно” гэж заасан, түүнчлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.4 дэх хэсэгт сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөлийн талаар зохицуулсан. Нэхэмжлэгч Д.Б-ийн хувьд ажлын бус цагаар архидан согтуурч, олон нийтийн газарт, зориуд санаатайгаар бусдын эрх, эрх чөлөөнд халдан зодсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд уг зөрчил нь төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн болон сахилгын зөрчилд тооцогдох бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй” гэж заасан төдийгүй түүнд ногдуулсан сахилгын шийтгэл нь түүний гэм буруу, зөрчлийн шинж байдалд тохирсон байх тул шийтгэлийг хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй.

5. Тэрчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.3 дахь заалтад үндэслэж “...цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаандаа ёс зүйн зөрчил гаргавал сахилгын шийтгэл хүлээхээр заасан байгаа юм. Тэрнээс биш энгийн хувцастайгаа, ажлын бус цагаар ёс зүйн дүрэм зөрчсөн гээд сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлгүй” гэж маргажээ.

Гэтэл Цагдаагийн албаны тухайн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана” гэж заасан ба Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/201 тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.3.1 дэх хэсэгт алба хаагч нь хувийн болон нийгмийн амьдралдаа нэр төртэй, үнэнч, зарчимч, хүндлэл төрүүлэхүйц байдлыг эрхэмлэж байх ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө гэжээ. Үүнээс үзвэл, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм нь “ажлын бус цаг”-аар үйлчлэхгүй талаарх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

6. Нөгөөтээгүүр “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдоогүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй тул нэхэмжлэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй эсэхийг эцэслэн тогтоосны дараа түүний үйлдэлд сахилгын шийтгэл оногдуулах эсэхийг шийдэх байсан” гэх гомдлын тухайд, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга нь нэхэмжлэгч Д.Б-д гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр шийтгэл ногдуулаагүй, харин ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, 81.4.5, 97 дугаар зүйлийн 97.1-д нийцжээ. Хэдийгээр Д.Б-ийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байж болох ч энэ нь түүний гаргасан ёс зүй, сахилгын зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

7. Захиргааны байгууллага нь акт гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу албаны шалгалт явуулж, зөрчлийг шалган тогтоосон нь хуульд нийцсэн байх төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1054 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

            ШҮҮГЧ                                                          Д.ОЮУМАА

 

 

            ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН