| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2023/0046/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/44 |
| Огноо | 2023-02-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/44
20******* 02 27 20*******/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн *******36000000017 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******гийн *******, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сум, 08 дугаар () багийн 21-19 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пю99**************31.
Холбогдсон хэргийн талаар:
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “шүүгдэгч Ц.Жадам-Эрдэнийг ******* аймгийн ******* сумын 08 дугаар () багийн нутагт хохирогч гийн гээгдүүлсэн А-12 /Samsung A12/ загварын, ногоон өнгийн гэртэй гар утсыг 2022 оны 10 дугаар сард олж авч, улмаар тухайн гар утасны кодыг нь гаргуулж хувьдаа завшсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “...******* аймгийн ******* сумын багийн нутагт өөрийн А12 загварын гар утсаа гээгдүүлсэн гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг ...20******* оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв. Гомдол гаргасан ” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас)-ээр хохирогч гаас гаргасан гомдлын дагуу энэхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
1.2. Хохирогч гийн “Би 2022 оны 10 дугаар сард ******* аймгийн ******* сумын багийн нутагт байх Еркежен хүнсний дэлгүүрээс өр /авлага/ авахаар очоод буцахдаа өөрийн А12 загварын гар утсаа гээгдүүлсэн. Миний гээгдүүлсэн гэх гар утас нь цэнхэр өнгөтэй, зүүн дээд буландаа 4 ширхэг камертай байсан. Тухайн үед миний утас ямар ч кодгүй байсан. Мөн миний утас ногоон өнгийн силикон гэртэй, гэрний ард Хаан банкны болон Төрийн банкны виза карт, жолооны үнэмлэх зэрэг байсан. Би өөрийн гар утсаа 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Мобикомоос 620’000 төгрөгөөр авч байсан одоо авсан үнээрээ үнэлж байна. Утасны ар талд байсан 2 ширхэг карт, жолооны үнэмлэхээ захиалгын үнээр нь үнэлж байна. Гар утасны гэрийг 8’000 төгрөгөөр үнэлж байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас);
- Вендо ХХК-ийн ХЦ*******-07 дугаартай “Samsung A-12 загварын гар утас ...443’200 төгрөг, ногоон өнгийн силикон утасны гэр ...9’000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан буюу шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудас) зэргээр хохирогч 443’200 төгрөгийн үнэ бүхий А12 гар утсаа 9’000 төгрөгийн үнэ бүхий гэртэй нь 2022 оны 10 дугаар сард ******* аймгийн ******* сумын нутагт болгоомжгүй байдлын улмаас гээгдүүлсэн болох нь нотлогджээ.
1.3. Прокурорын 07 дугаартай “...******* аймгийн Жаргалан сумын багийн 21-19 тоотод оршин суух хаягтай иргэн ******* овогтой *******эс ... А12 загварын ...ногоон өнгийн кейстэй нэг ширхэг гар утсыг хураан авах прокурорын зөвшөөрлийг аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Даваадүгэрт олгов” гэх зөвшөөрөл (хавтаст хэргийн 13 дугаар хуудас);
- Эд зүйл хураан авсан “...20******* оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн 12 цаг 10 минутад цагдаагийн газрын 307 тоот өрөөнд ...Цэнхэр өнгийн А12 загварын 3514529686866509, 359074868686504 гэсэн имей дугаартай ногоон өнгийн силикон кейстэй /гэртэй/ гар утас 1 ширхгийг хураан авав. ...Хураалгасан Ц.*******” гэх мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дугаар хуудас);
- Гар утсанд үзлэг хийсэн “...Үзлэгийг А12 загварын цэнхэр өнгийн гар утасны гадна талаас эхлэн хийхэд тус гар утас нь бага зэрэг цуурсан шилэн наалттай байх бөгөөд утасны ар хэсгийн зүүн дээд буланд 4 ширхэг камер, түүний доод хэсэгт нь утасны гэрэлтүүлэгч байлаа. Үзлэгийг үргэлжлүүлж утасны кодыг Ц.*******эр гаргуулахад утасны дэлгэц дээр 2 ширхэг дугуй зүйлийн дүрс байлаа. Утасны тохиргоо хэсэгт орж гар утасны имей кодыг харахад 351452968686509, 359074868686504 гэсэн имей кодууд харагдаж байлаа” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас);
- Яллагдагч Ц.Жадам-Эрдэнийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын эхээр ******* аймгийн ******* сумын багийн 21-19 тоот хашаанд байх гэрээс гарч ажилдаа явж байгаад манай гудамжнаас ногоон өнгийн гэртэй, цэнхэр өнгийн А12 загварын гар утас олж авсан. Тухайн гар утас түгжээтэй байсан учир сар гаруй хугацааны дараа зах дээр аваачиж кодыг нь гаргуулж 91774222, 85331003 гэсэн дугаар хийж ашиглаж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч Ц.******* ногоон өнгийн гэртэй, А12 загварын, 3514529686866509, 359074868686504 гэх имей дугаартай гар утсыг олж авч, улмаар шүүгдэгч нь уг гар утсанд өөрийн 91774222, 85331003 дугаарын сим картыг хийж 20******* оны 01 дүгээр сарын *******-ны өдрийг хүртэл ашиглаж байсан нь нотлогдож байна.
1.4. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл хохирогч нь 2022 оны 10 дугаар сард өөрийн эзэмшлийн А12 загварын гар утсаа гэрний хамт гээжээ. Уг гар утсыг гэрний хамт шүүгдэгч Ц.******* олж аваад өөрийн 91774222, 85331003 дугаарын сим картыг хийж хууль бусаар 20******* оны 01 дүгээр сарын *******-ны өдрийг хүртэл ашиглаж байсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгийг ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрх зөрчигддөг. Энэхүү гэмт хэргийн халдлагын зүйл нь хуулиар өмчлөх, эзэмших, ашиглахыг хориглоогүй эд хөрөнгө байдаг. Гээгдэл эд хөрөнгө гэж өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй эд зүйлийг ойлгоно. Иймд хохирогч гийн А12 загварын гар утас болон уг утасны гэрийг гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ.
Завших гэдэг нь гээгдэл эд хөрөнгийг өөрийн эд хөрөнгийн адил ашигласан, хэрэглэсэн, бусдад худалдан борлуулсан, барьцаанд тавьсан зэргээр хууль бус эзэмшил тогтоосон шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдлийг ойлгоно.
Тодруулбал шүүгдэгч Ц.Жадам-Эрдэнийн А12 загварын гар утсанд өөрийн 91774222, 85331003 дугаарын сим картыг хийж, уг гар утасны гэрний хамт 20******* оны 01 дүгээр сарын *******-ны өдрийг хүртэл хууль бусаар ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгийг ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэх уг гэмт хэргийн субьектив болон обьектив талын шинжийг хангажээ.
Харин хохирогч гийн ногоон өнгийн гэртэй А12 загварын гар утасны хамт гээсэн банкны виза карт, жолооны үнэмлэх зэргийг шүүгдэгч Ц.Жадам-Эрдэнийг хууль бусаар ашигласан буюу завшсан гэж үзэхгүй.
2.2. Вендо ХХК-ийн ХЦ*******-07 дугаартай дүгнэлтээр хохирогчийн А12 загварын гар утас 443’200 төгрөгийн, уг гар утасны гэр 9’000 төгрөгийн буюу нийт 552’200 төгрөгийн үнэлгээтэй болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас хохирогчид 552’200 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэх шинжийг хангажээ.
2.3. Шүүгдэгч Ц.******* нь уг гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хувьдаа ашиглаж хууль бус эзэмшил тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
2.4. Иймд шүүгдэгч Ц.Жадам-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Г.*******гийн “...Манай хүү Ц.******* нь төлөв даруу, шударга, ямар нэгэн асуудалд орж байгаагүй, дуу цөөтэй залуу байгаа юм. Ам бүл дөрвүүлээ өссөн. Манай том хүүхэд байгаа юм. Дороо нэг эмэгтэй дүүтэй. Архи тамхи хэрэглэж үзээгүй. Муу зуршил байхгүй. Тодорхой эрхэлсэн ажилгүй, зуны цагт барилга дээр ажилладаг. Одоо ******* аймгийн ******* сумын багийн 21-19 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт гэртээ амьдардаг. Эхнэр нь БОЭТ-д түр ажилладаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 30 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.******* нь эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Энэхүү гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй бөгөөд хохирогчийн эд хөрөнгийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийн эзэмшилд шилжүүлсний дараа бусдад зарах, шилжүүлэх, өөрийн өмч адил хууль бус эзэмшил тогтоох зэрэг аргаар завшсанаар төгсдөг. Өөрөөр хэлбэл гээгдэл эд хөрөнгө олсны дараа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэл бий болдог тул шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Тодруулбал шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх болон мөн хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон гэж үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал гаргасан ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Талууд эрүүгийн хариуцлагын талаар саналын зөрөөгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ...бол ялаас чөлөөлөх”-өөр заасан ба шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй байна. Иймд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.
3.3. Мөрдөгч 20******* оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүгдэгч Ц.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчийг ялаас чөлөөлсөн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
4. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч д 552’200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирчээ. Хохирогч гийн дахин өгсөн “...Би А12 загварын гар утсаа гэртэй нь бүрэн бүтэн хүлээж авсан. Жолооны үнэмлэх болон виза картын мөнгийг бэлнээр авсан. Хохирол бүрэн барагдуулж байгаа. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас), эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай “...20******* оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн 07 дугаартай хураан авах зөвшөөрлөөр хураан авсан цэнхэр өнгийн А12 загварын 3514529686866509, 359074868686504 гэсэн имей дугаартай ногоон өнгийн кейстэй гар утсыг 20******* оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн 12 цаг 20 минутад хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв. Хүлээлгэн өгсөн: Д.Даваадүгэр; хүлээн авсан: ” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 18 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Ц.******* гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь нотлогдож байна. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн Жадам-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жадам-Эрдэнийг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Жадам-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА