Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/378

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0359/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Хохирогч ***,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ***ын ***д холбогдох 2218000000422 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** овогт ***ын *** /РД: ***/, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл ***, нөхөр хүүхдүүдийн хамт *** аймгийн *** сумын *** дугаар багийн *** дугаар хорооллын *** дүгээр байрны *** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө *** цагийн үед *** аймгийн *** сумын *** дугаар багт байрлах “***” зочид буудалд *** ажилтай ***ыг зодож эрүүл мэндэд нь эгэм ясны хугарал, баруун далны сэртэнгийн цууралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын мэдүүлсэн: ...Өмнө нь хохирогчтой уулзахад 2 сая төгрөг өг гэсэн. Би надад 1,000,000 төгрөг байна, дансаа явуулчих, данс руу чинь хийчихье гэхэд хүүхэдтэйгээ хамт эзэмшдэг дундын данс байгаа гэсэн. Та өөрийнхөө дансыг өгчих, өөр рүү чинь хиймээр байна гэхэд янз бүрийн юм хэлээд байхаар нь нэгэнт хуулийн байгууллагаар явж байгаа юм чинь гээд больсон. Тэгээд өнөөдөр бэлнээр аваад ирсэн. Тэр өдөр вискинээс уугаад л юу ч мэдэхгүй болсон байсан. Маргааш нь найзууд маань ч надад хэлээгүй. Хэрвээ тэр үедээ мэдсэн бол маргааш нь очоод уулзах байсан. Бас утас маань алга болчихсон байсан. Дараа нь 10 дугаар сард цагдаагаас утасдахад болсон асуудлын талаар мэдсэн. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***ийн мэдүүлсэн: ...Би *** зочид буудалд ресейпшн ажилтай. Тухайн өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ажилтай байсан. Тухайн өдөр шүүгдэгч нь ирээд архи пиво зарчих гэсэн манайх зардаггүй, зарахгүй гэхэд зар гээд шаардаад байсан. Би аль болох маргалдахгүй, учирлаж хэлж байгаад гаргасан. Гэтэл буцаж орж ирээд араас үснээс зулгаагаад дэвссэн. Би доороос нь босож чадаагүй, намайг бодоход том биетэй чадалтай юм байна лээ. Би сэгсийгээд уйлж босож ирээд л цагдаа дуудсан. Дал өвдөөд байхаар нь наалт наагаад эм уугаад л яваад байсан. Бүүр болохгүй болохоор нь эмнэлэгт хандсан. Би шүүгдэгчээс 5,000,000 төгрөг нэхэмжилж байна. Би толгойгоо 2-3 удаа бариулсан. Тархины эмирай, томографик үзүүлээгүй. Хугарсан яс гартайгаа зууралдаад яваад байсан болохоос биш толгойгоо нэг ч харуулаагүй. Би энэ хүнд хэлж байсан. Толгой өвдөөд байна зураг авхуулъя, эмирай хийлгэе гэж хэлсэн. Тархи толгойгоо үзүүлээгүй учир баримт байхгүй. Ардын эмчилгээ, бариа хийлгэсэн. Би 10 хоногтоо 500,000 төгрөг олох боломжтой байсан. Би ажлаа хийхгүй одоог хүртэл явж байна. Энэ хүн хохирол төлбөр төлөхөөр эрмэлзсэн зүйл байхгүй. Би 2,000,000 төгрөг өгчих, энэ мөнгө эртхэн дээр нь хүрдэг ч бай хүрдэггүй ч бай тархи толгойгоо үзүүлж арга хэмжээ авъя гэхэд утасны цаанаас чадахгүй гэж надад хэлсэн. Цаашид эмчлүүлээд хохирлоо барагдуулж авна. Би энэ хүнээс 1,000,000 төгрөг авлаа гэж бодоход тархи толгойгоо үзүүлэхэд ямар ч хор уршиг  гарсан байхыг, энэ толгой дотор юу ч болсныг мэдэхгүй. Тэгээд би үзүүлээд ийм байна аа гэж хэлэхэд  би танд 1,000,000 төгрөг өгчихсөн зөвшөөрөхгүй гээд байвал хэцүү. Тиймээс хохирогчийн өгөх гээд байгаа 1,000,000 төгрөгийг авахгүй, цаашид ямар хор уршиг гарах нь уу гэдгийг харж байж иргэний журмаар нэхэмжилье. гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000422 дугаартай хэргээс:

 

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/, хохирогч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дахь тал/, гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/, гэрч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, рентген зураг /хавтаст хэргийн 59-61/, ***гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг  шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч ***ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч  *** нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө *** цагийн үед *** аймгийн *** сумын *** дугаар багт байрлах *** зочид буудалд ресейпшн ажилтай ***ыг зодож эрүүл мэндэд нь эгэм ясны хугарал, баруун далны сэртэнгийн цууралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, бусдыг үл хүндэтгэсэн байдлаас үүссэн гэж үзэж байна.  Иймд шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч нь шүүгдэгчээс нийт 5,000,000 төгрөгийг баримтгүйгээр нэхэмжилсэн учир баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна.”  гэв.

 

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө *** цагийн үед *** аймгийн *** сумын *** дугаар багт байрлах *** зочид буудалд *** ажилтай ***ыг зодож эрүүл мэндэд нь эгэм ясны хугарал, баруун далны сэртэнгийн цууралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 10 дугаар сарын 04, 10 дугаар сарын 25-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Би 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ээлжтэй байсан ба шөнийн 02 цагийн үед танихгүй хоёр хүүхэн манай буудлын хаалгыг нүдэхээр нь хаалгаа онгойлгоод уулзсан чинь танайхаас архи пиво авмаар байна гэхээр нь би манайх 00 цагаас хойш архи, пиво зардаггүй шдээ гэж учраа хэлсэн чинь миний өөдөөс танайх зардаг шдээ май энэ 10,000 төгрөг байна. Танаа *** цагдаа очоод ав гэж хэлээд явуулсан. Чи таних уу гэхээр нь би танихгүй гэж хэлсэн чинь өндөр хүүхэн нь гар утсаа гаргаж ирээд тэгвэл би утсаар ярилаа, яадаг гөлөг вэ гэж хэлсэн чинь хамт явсан махлаг хүүхэн нь боль, боль гээд утсаар яриулаагүй. Тэгээд нөгөө хоёр хүүхэн манай буудлаар гарах үед нь тэнд манайхаар үйлчлүүлж байсан хүүхэн наад хүн чинь архи зарахгүй гээд үнэн учраа хэлээд байна шүү дээ гэж хэлтэл тэр махлаг хүүхэн чи муу юу гээд байгаа гөлөг вэ гээд тэр хүүхэн рүү дайрахаар нь би түүнийг хориглоод буцаагаад гаргах гэтэл тэр махлаг хүүхэн миний үснээс зулгааж мушгиад буудлын дотор талын харанхуй булан рүү намайг түлхэж сөгдүүлж байгаад миний дээрээс хөлөөрөө мөрний орчим нэг удаа дэвссэн. Мөн миний толгой дээрээс гар, хөлөөрөө нэлээд хэдэн удаа цохиж зодсон. Энэ үед манайхаар үйлчлүүлж байсан танихгүй өндөр залуу намайг тэд нараас салгасан ба гаднаас бас нэг өндөр залуу орж ирээд тэр махлаг хүүхнийг чирээд аваад гарсан. Энэ хооронд би хаалгаа түгжиж амжсан. Тэр хоёр хүүхэн халамцуу байсан. Миний баруун мөр, эгэм, далны орчим, мөн толгойны баруун хэсгээр гэмтсэн учраас миний зүгээс гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ...2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлж рентген зураг авхуулсан. Үүнийг хэргийн материалд хавсаргаж өгнө. Зодуулсны дараа гайгүй болчих болов уу гэж бодоод гэртээ хэд хоног хэвтсэн. Гэтэл өвчин нь намдахгүй улам өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн. *** цээж нь гарсан богино хувцастай намхан нуруутай хүүхэн байсан. Харин *** гэх хүүхэн нь урт гадуур хувцастай өндөр нуруутай хүүхэн байсан. *** гэх хүүхний хувьд над руу мөнгө өгөх гэж сарвайгаад байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 14 дэх тал/,

 

Гэрч *** мөрдөн байцаалтад 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: ...2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр найз ***гийн хамт гэр бүлийнхээ хүмүүстэй найзынхаа цайллагад 18 цагт очиж тэндээ жаахан архи дарс уугаад *** нэлээд согтсон байсан. Тэгээд орой 00 цаг өнгөрч байхад би өөрийн нөхөр болох ***, найз ***гийн хамтаар гэрч *** буудлын үүднээс такси бариад харих санаатай хөдөлсөн. Энэ үед *** бид хоёр хоорондоо ярилцаад пиво уухаар болж хаанаас пиво авч уух уу гээд таксины жолоочоос асуусан чинь бид нарыг *** гэх буудлын гадаа хүргэж ирээд энд пиво зардаг юм гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр согтоод машин дотор унтаад үлдсэн. Харин би ***гийн хамт буудал руу орсон чинь ресепшин гэх эгч урдаас гараад ирсэн ба тэр эгчтэй уулзаад танайд пиво байгаа юу гэж асуухад өөдөөс байгаа 15,000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би байсан 10,000 төгрөгөө үзүүлээд нэг пиво өгөөч гэж гуйхад өөдөөс өгөхгүй гэхээр нь пиво тийм үнэтэй болсон юм уу. 10,000 төгрөг байсан биз дээ гэж хэлээд хоорондоо жаахан маргалдсан. Тэр үед мөнгө дутуу байсан учраас найз ***аас мөнгө гуйж үзэх үү гэж хоорондоо ярилцсан. Түүнээс *** цагдаа гэж тэр хүнд юу ч хэлээгүй. Тэгээд эгч пиво өгөхгүй болохоор нь би ***гийн хамт буудлаас гарах гэтэл цаад өрөөнөөс нэг танихгүй согтуу ах гарч ирээд та нар яагаад байгаа юм гэж дуугарах үед *** уурлаад тэр ахтай хэрэлдэж байгаад сүүлдээ эгчтэй маргалдаж эгчийн үснээс нь зулгааж дараад түлхэхээр нь би наанаас нь явж очоод ***г татаж аваад тэр буудлаас гараад явсан. Тэр үед ***гийн гар гэнэт орж ирээд тэр эгчийн үснээс зулгаагаад дайрахаар нь би голоор нь орж салгасан. Яг хаана нь хэдэн удаа юугаар цохиж зодсоныг би анзаарч хараагүй. Тэр эгчийг ***гаас өөр цохиж зодсон хүн байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

 

Гэрч ***ын мөрдөн байцаалтад 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 09 дүгээр сарыг 19-ний өдөр шөнийн эргүүлийг удирдаж үүрэг гүйцэтгэж байсан ба надтай дээрх хүмүүс холбоо барьж огт яриагүй. Харин шөнө над руу эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч *** утсаар холбогдоод та хоёр хүн явуулж архи авхуулах гэсэн юм уу гэж надтай холбогдсон. Тухайн үед надтай ямар ч хамааралгүй гэж хэлээд асуудлыг шийдэж байсан. Тэр буудлын хүнтэй нь хүртэл утсаар холбогдож ийм асуудал байхгүй талаар хэлсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

Гэрч ***ын мөрдөн байцаалтад 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: ...Тухайн өдөр шөнө 01 цагийн үед *** нэртэй зочид буудалд нэг эмэгтэй хүн орж ирээд пиво нэхээд хэрүүл маргаан хийгээд байна гэсэн дуудлагын дагуу очиход буудлын ресейпшн эгч ганцаараа байсан ба юу болсон талаар асуухад хоёр эмэгтэй хүн орж ирээд надаас пиво нэхэхээр нь би зарахгүй гэсэн чинь *** гэж цагдаа явуулсан гэж хүний нэр барьж худлаа хэлж хоёр хүүхний намхан хүүхэн нь намайг хэл амаар доромжилж түлхэж, цохисон гэж хэлсэн. Тэгээд гараад явчихлаа гэсэн. Тухайн үед камерын бичлэгийг шалгах гэсэн боловч кодоо мэдэхгүй гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би *** ахмад руу ярьж пиво аваад ир гэж хүн явуулсан юм уу гэж утсаар асуухад өөдөөс би хүмүүс явуулаагүй шүү. Надад ямар ч хамааралгүй гэж хэлсэн. Тэгээд би тэр буудлаас гараад явсан. Өөр зүйл мэдэхгүй байна. Намайг харахад тэр эгчид ил харагдах гэмтэл бол байгаагүй. Гэхдээ хэлэхдээ намайг түлхэж цохисон гэж байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай ...***ийн биед баруун эгэм ясны хугарал, баруун далны сэртэнгийн цууралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. ***ийн биед учирсан дээрх гэмтэл нь 2022.09.19-ний өдөр үүссэн байх боломжтой. ***ийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

***гийн яллагдагчаар 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 17 цагийн үед би найз ***, түүний нөхөр *** нарын хамтаар *** буудалд болж байсан найз ***ийн одонгийн найранд очсон. Тэгээд найз нөхдөөрөө ширээнд суугаад жаахан найрласан ба энэ үед тэнд байсан хүмүүс намайг согтууруулах ундааны зүйлээр шахаад байсан ба нэг мэдсэн чинь шөнө найз ***ын гэрт сэрсэн. Тэр үед *** надад юу болсон талаар хэлээгүй бөгөөд би тэр дороо гэр лүүгээ харьсан. Тэгтэл 2022 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна. *** над руу утсаар яриад цагдаагийн газраас бид хоёрыг дуудаж байна. Чи бид хоёр тэр өдөр *** буудалд ороод ресейпшн хүүхэнтэй нь хэрүүл маргаан хийсэн шүү дээ  гэж хэлсэн. Энэ үед би 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр *** буудлаас гараад юу болсон талаар сонссон. Түүнээс биш тухайн өдөр тэр буудал руу орж *** гэх хүнтэй хэрүүл маргаан хийсэн талаараа огт санахгүй байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/ болон хэрэгт авагдсан хохирогчийн эрүүл мэнд, эмчилгээтэй холбоотой баримт, эд мөрийн баримт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Гэмтлийнхүндэвтэр” зэрэгт эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан сарниулсан гэмтэл хамаарах бөгөөд хохирогч ***ийн эрүүл мэндэд учирсан баруун эгэм ясны хугарал, баруун далны сэртэнгийн цууралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *** нь 5,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй гэж үзлээ. Шүүх хуралдааны үед шүүгдэгч нь хохирогчид 1,000,000 төгрөг бэлнээр өгөх санал тавихад хохирогч нь авахгүй, нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэнэ гэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “...Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 6 сарын хугацаанд сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгч *** нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүүхдийн эрүүл мэндийн байдал, байнгын асаргаа шаардлагатай байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан 450 нэгжээр торгож, оногдуулсан шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар хэсэгчлэн төлүүлж өгнө үү. гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчид торгох шийтгэл оногдуулах боломжтой гэж  шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч ***д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг  дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт ***ын ***г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хохирогч нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР