Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/01336

 

 

Эс Би логистикс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02384 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 263 дугаар магадлалтай,

 

Эс Би логистикс ХХК-ийн нэхэмжлэлтэй

Империал кооператив ХХК-д холбогдох

 

Тээвэрлэлтийн хөлс 24,304,994 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эс Би логистикс ХХК нь олон улсын тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг. Хариуцагчтай 2017.11.20-ны өдөр Тээвэр зуучийн үйлчилгээний ерөнхий гэрээ-г байгуулж тухайн байгууллагын тээвэр зуучийг хариуцан үйлчилгээ үзүүлсэн. Гэрээний дагуу төлөлт хийгээгүй хуримтлал үүссэн. 2018.12.28-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал Н.Нарантуяатай тооцоо нийлүүлж, 8571 еврогийн төлбөрийн үлдэгдэлтэй гэдэг дээр тохирч, тооцоо нийлүүлсэн акт хийж баталгаажуулсан. Хариуцагч гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлдөггүй удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөдөр хүртэл төлбөрөө төлөөгүй тул шүүхэд хандсан. Одоогийн нийт төлбөрийн үлдэгдэл 8215 евро буюу 2019.05.01-ний өдрийн Монгол банкны албан ханшаар 24,304,994 төгрөг болсон тул энэ төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох тооцоо нийлүүлсэн баримт, талуудын хооронд байгуулагдсан гэрээ гэх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч өнөөдөр хүртэл хариу тайлбар гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийг гардаж авснаас хойш хариу тайлбар гаргаж өгөх 14 хоногийн хугацаа дууссан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрсөн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02384 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Империал кооператив ХХК-аас 24,304,994 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эс Би логистикс ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 279,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 263 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02384 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Эс Би логистикс ХХК-ийн нэхэмжлэлтэй Империал Кооператив XXК-д холбогдуулан гаргасан тээвэр зуучийн төлбөр 24,304,994 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул хариуцагчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс ...Хариуцагч Империал кооператив ХХК нь нэхэмжлэлийн хувийг 2018.10.08-ны өдөр гардан авсан, шүүх хариуцагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг танилцуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор хариуцагч хариу тайлбар, татгалзлаа ирүүлээгүй тул хуулийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй. гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэсэн өдөр хариуцагч Империал кооператив ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайнжаргал нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөх 35.1 хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж заасны дагуу Иргэний хуулийн 64 дүгээр зүйл 64.2-т заасан шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан байхад тус шүүх хуралд Империал кооператив ХХК-ийн захирлын гарын үсэг, тамга тэмдэг дарагдсан байхад ганцхан итгэмжлэл чинь хуулийн этгээдийн бланк дээр хэвлэгдээгүй байна гэх хууль бус үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулалгүй хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг шийдвэрлэсэн нь хариуцагч талыг Иргэний. хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл 6.2 мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ, 6.4 Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх...тэгш эрхтэй оролцох хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг зөрчиж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хариуцагч Империал кооператив ХХК-аас тээвэрлэлтийн хөлсөнд 24,304,994 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Эс Би Логистикс ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг гардан авснаас хойш хуулиар тогтоосон хугацаанд буюу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тухай хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд ирээгүйгээс шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэжээ.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан 2017.11.20-ны өдрийн гэрээгээр Эс Би Логистикс ХХК нь Империал кооператив ХХК-ийн захиалгаар тус компанид Гүрж улсаас нийлүүлж буй дарс, оргилуун дарсыг Монгол улсын нутаг дэвсгэрт автомашинаар тээвэрлэн ирүүлэх үүргийг, хариуцагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн нь тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Эс Би Логистикс ХХК нь гэрээнд заасан барааг тээвэрлэн авчирч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, хариуцагч Империал кооператив ХХК нь хөлсийг бүрэн төлөөгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон байна. Иймээс шүүх нэхэмжлэлийг хангасан нь зөв болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно., 35.2-т хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд... төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. гэж заасан.

 

Анхан шатны шүүх хуралдааны товыг шүүх зохигчдод мэдэгдсэний дагуу хариуцагч компаниас шүүх хуралдаанд оролцохоор Г.Сайнжаргал ирсэн боловч түүнд олгосон итгэмжлэл нь өмнө итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж олгосон итгэмжлэлээс өөр хэлбэртэй буюу компанийн албан бичгийн бланк дээр бус, мөн гараар бичигдсэнээс гадна дугаар болон хугацаа заагаагүй, төлөөлөгчид олгосон эрх, үүрэг тодорхой бус зөрчилтэй байснаас шүүх тухайн итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлага хангаагүй гэж шүүх үзсэнийг буруутгах боломжгүй.

 

Дээрх тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж дүгнэх бөгөөд түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчихгүй байна.

 

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02384 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 263 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.02.28-ны өдөр төлсөн 279,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Х.ЭРДЭНЭСУВД