| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0816/З |
| Дугаар | 221/МА2025/0080 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2025/0080
Х.Х*******гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Х.Х*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Х*******
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0176 тоот актыг хууль бус болохыг тогтоолгох, 2005 оны 12 дугаар сарын 37247 төгрөгийн цалин үүсгэж тэтгэвэр бодсон, 2001-2003 онуудын шимтгэл төлөлтийг мэдээллийн баазаасаа устгасан, 2003-2005 оны шимтгэл төлөлтийг 2018 оны 11 сард нөхөн мэдээллийн санд оруулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 59661 төгрөгийн цалин орлогыг нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлснөөр тайлагнасныг нийгмийн даатгалаас баталгаажуулаагүйг хууль бус болохыг тогтоолгох, 1990-2000 онуудыг ажилласнаар тооцох, нөхөн төлүүлэх хуулийн дагуу 1990 оны 1, 2 дугаар саруудыг ажилласан жилд оруулан тооцох, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс тооцон тэтгэвэр олгох хуулийн заалтыг хэрэглээгүй 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэврийг олгосон ба 1 сар 8 хоногийн тэтгэврийг нөхөн олгуулах, үүссэн хохирол 19472736 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 920 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Х*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 128/2024/0816/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Х*******гээс Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0176 тоот актыг хууль бус болохыг тогтоолгох, 2005 оны 12 дугаар сарын 37247 төгрөгийн цалин үүсгэж тэтгэвэр бодсон, 2001-2003 онуудын шимтгэл төлөлтийг мэдээллийн баазаасаа устгасан, 2003-2005 оны шимтгэл төлөлтийг 2018 оны 11 сард нөхөн мэдээллийн санд оруулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 59661 төгрөгийн цалин орлогыг нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлснөөр тайлагнасныг нийгмийн даатгалаас баталгаажуулаагүйг хууль бус болохыг тогтоолгох, 1990-2000 онуудыг ажилласнаар тооцох, нөхөн төлүүлэх хуулийн дагуу 1990 оны 1, 2 дугаар саруудыг ажилласан жилд оруулан тооцох, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс тооцон тэтгэвэр олгох хуулийн заалтыг хэрэглээгүй 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэврийг олгосон ба 1 сар 8 хоногийн тэтгэврийг нөхөн олгуулах, үүссэн хохирол 19472736 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулах”-аар маргасан.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 920 дугаар шийдвэрийн:
“1 дэх заалтаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Х*******гийн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0176 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.6-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан 2005 оны 12 дугаар сарын 37247 төгрөгийн цалин үүсгэж тэтгэвэр бодсон, 2001-2003 онуудын шимтгэл төлөлтийг мэдээллийн баазаасаа устгасан, 2003-2005 оны шимтгэл төлөлтийг 2018 оны 11 сард нөхөн мэдээллийн санд оруулсан үйлдэл, 59661 төгрөгийн цалин орлогыг нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлснөөр тайлагнасныг нийгмийн даатгалаас баталгаажуулаагүйг хууль бус болохыг тогтоолгох, 1990-2000 онуудыг ажилласнаар тооцох, нөхөн төлүүлэх хуулийн дагуу 1990 оны 1, 2 дугаар саруудыг ажилласан жилд оруулан тооцох, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс тооцон тэтгэвэр олгох хуулийн заалтыг хэрэглээгүй 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэврийг олгосон ба 1 сар 8 хоногийн тэтгэврийг нөхөн олгуулах, үүссэн хохирол 19472736 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэсэн.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Х.Х******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. “...2024 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр шүүгчийн 128/ШЗ2024/7627 дугаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах захирамжийн шаардлагад нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн өгсөн. Гэтэл шүүгч өмнөх өгсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хуулийн заалтыг үндэслэсэн нь буруу гэж үзэж байна.
3.2.0176 тоот актыг гаргахдаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1 дэх заалтыг үндэслэсэн нь хуулийн заалтыг буруу газар буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Уг хуулийн заалт нь өмчийн олон хэлбэрийн орлогоос хамаарч хөдөлмөрийн гэрээгээр цалинждаг аж ахуй нэгж, хуулийн этгээдэд орлогоо нууж, цалингаа бууруулдаг түгээмэл санхүүгийн зөрчилд тавигддаг актад үйлчилдэг хуулийн заалт. Татвараас аж ахуй нэгж, байгууллагад хяналт шалгалтаар бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээнд гэсэн зардалд ихээхэн гардаг зөрчил. Нийгмийн даатгал нь татварын албанаас хөндлөнгийн мэдээллээр авч орлогоо бүрдүүлдэг бас нэг хэлбэр гэдгийг хэлмээр байна.
Миний хувьд орлого нуусан зөрчил биш. Нийгмийн даатгалын тухай хуулийн 2-г-д “хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн...”, 2-е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас зохих хувиар бодож... санд төлнө” гэсэн хуулийн заалтыг үндэслэн гарах ёстой байсан. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1-ийг үндэслэн акт үйлдсэн нь харин ч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эерэг нөлөөлөл бүхий, ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны акт гэж үзэхээргүй байгаа юм. Татварын алба нь төсвөөс санхүүждэг, Төрийн албаны тухай хуулиар цалингийн шатлалаар цалинждаг төсвийн байгууллага.
Актад 1086240 төгрөгийн орлогыг хаанаас үндэслэж гаргасан тухай бичээгүй байна. Ер нь бүхэлдээ энэ акт нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргасан актад тавигдах хуулийн стандарт шаардлагыг хангасан акт биш гэж харж байна. Татварын алба ийм акт гаргадаггүй. Актад хуулийн заалтаа бичсэн байгаа ч К17 кодоор жирэмсний амралтын хугацааны шимтгэл төлсөн болгож оруулсан нь хууль ёсны гэж үзэх үү.
...Шүүгч шийдвэртээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1 дэх заалтаар гарсан актыг ашиг сонирхолыг хөндөөгүй, эерэг нөлөө үзүүлсэн ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны акт гэж үзжээ. Хэрвээ би аль нэг хувийн хэвшлийн /төсвийн бус/ хөдөлмөрийн гэрээгээр цалингаа авдаг, орлогоос хамаарч цалинждаг аж ахуй нэгжид ажиллаж байсан бол дээрх актыг зөв гарсан гэж үзэхээр байгаа.
Учир нь төрийн байгууллага буюу нийгмийн даатгал нь ажил олгогчийн орлогоо нуух зорилгоор шийтгэл төлөх үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн зөрчлийг илрүүлсэн даатгуулагч миний эрх ашгийг хамгаалсан акт мөн гэж ойлгоно. 0176 тоот актыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 2-г, 2-е заалтаар гарахад миний тэтгэврийг тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх байсныг үгүйсгэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцэж байна.
2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд цаг хугацааны явцад нийгмийн даатгалын байгууллага хууль зөрчин ажилласан жилийг 596.000 төгрөгийн орлого ногдох шимтгэл баталгаажуулаагүй цалинг хассан, дур мэдэн хий цалин үүсгэсэн, 2 хуваасан хууль бус акт гарсан, архивын лавлагааг өөрчилсөн, мэдээллийн баазаасаа төлсөн шимтгэлийг устгасан зэрэг хууль бус үйлдлүүд нь тодорхой ил болж эхэлсэн. Актыг шүүгч тэтгэвэр тогтоолгох явцдаа мэдсэн гэдгийг тайлбарлаж бичээгүй байна. Тухайн үеийн гомдол хүсэлтүүдийг ирүүлж харах хэрэгтэй болов уу.
3.3. 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өгсөн нэхэмжлэлээ шинээр үүссэн нөхцөлийн улмаас гэж гаргасан. Учир нь өмнөх 948 дугаар шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага бөгөөд үндэслэлүүд нь, хариуцагч нь ч өөр юм. Гэтэл шүүгч 948 дугаар шүүхийн шийдвэр нь өнөөдрийн нэхэмжлэлийн үндэслэлүүдийг хэрэгсэхгүй /бүхэлд нь/ болгосон нь хүчин төгөлдөр гэж үзсэнийг эсэргүүцэж байна. Шүүх хуралд нэхэмжлэлийн үндэслэлүүдийг авч хэлэлцээгүйд гомдолтой байна.
2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өргөдлөө анх Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газарт өгсөн. Гэтэл хуулиар олгогдсон 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх тэтгэврийг олгоогүй. Үүнд шүүгч өөр хуулийн заалтыг бичиж хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас миний өгсөн гомдолд арифметик үйлдлээр нь шалгаж зөв тэтгэвэр бодогдсон байна гэсэн хариуг шүүгч хуульд нийцсэн гэж үзсэнийг эсэргүүцэж байна.
Нэхэмжлэлд бичсэн үндэслэлүүд нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 1.2-т заасан “даатгуулагчид учирсан хохирол” гэдэгт тогтоогдвол зохих тэтгэвэр бага хэмжээгээр тогтоогдох, даатгуулагчид учирсан эдийн хохирлыг ойлгоно гэснийг үндэслэн нийт 19472736 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулахаар нэхэмжилсэн болно.
Хариуцагч талаас итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эхний хуралд эмч дуудаж хуралд оролцох боломжгүй байна гэсээр хойшилсон. 2 дахь хуралд оролцохоос татгалзсан гэсэн шалтгаанаар оролцоогүй. Шүүгч төрийн байгууллагын давуу талд үйлчилж байгааг хэлэх нь зүйтэй байх” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Шийдвэрт маргаан бүхий захиргааны акт болох Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн “Шимтгэл, алдангийг нөхөн төлүүлэх тухай” 176 дугаар актын үйлчлэлийг “…нэхэмжлэгчид чиглээгүй, түүний эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй…” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, өөрөөр хэлбэл уг актаар ногдуулсан 157505 төгрөгийн шимтгэл, 78752 төгрөгийн алданги, нийт 236257 төгрөгийг нөхөн төлүүлэх “үүрэг”-ийг нэхэмжлэгчид бус харин тус дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б*******д хүлээлгэсэн, тухайлбал актад “…даатгуулагч Х.Х*******гийн хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн ажлаас халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундажаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь даатгуулагчийг ажилдаа эргэн орсноос хойш нэг сарын дотор төлнө гэснийг зөрчиж нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй зөрчил илрэв…” гэж дүгнэжээ.
Шийдвэрт энэ талаар болон актын үндэслэл болгосон хуулийн зүйл, заалт, тогтоолын зохицуулалтыг дэлгэрэнгүй дурдсан төдийгүй улсын байцаагчийн энэхүү актыг нэхэмжлэгчийн тэтгэврийг доод т*******гээр тогтоох үндэслэл болсон гэж үзэж хүчингүй болгох боломжгүй.
Учир нь процессийн хувьд уг актад хамаарах буруутай этгээд болох ажил олгогчид холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй энэ тохиолдолд, мөн хууль хэрэглээний хувьд даатгуулагчийн ажлаас халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундажийг буруу тооцсон байх тохиолдолд ч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөвхөн актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй.
Харин ч эсрэгээрээ ажил олгогчид даатгуулагчийн буюу нэхэмжлэгчийн ажлаас хууль бусаар халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ийнхүү нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн хугацаа нь нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгосон дараалсан 60 сард хамаарсан байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Х.Х*******гийн хууль бусаар ажлаас халагдсан хугацааны цалин орлогыг тодорхойлохдоо нэхэмжлэлд дурдсанчилан “…урьд авч байсан цалин, түүнтэй адилтгах орлогын дундажаар бус жирэмсэний амралтын хугацаагаар дундаж цалинг тодорхойлсон…” гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Актад үндэслэсэн Монгол Улсын Засгийн газрын 1994 оны “Журам батлах тухай” 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам"-ын 2.е/-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундажаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө” гэж заасан, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1/5578, 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1/4358 дугаар албан бичигт “…Х.Х*******гийн хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос нөхөн төлүүлэхдээ түүний нэг сарын дундаж цалинг 90520 төгрөгөөр тогтоож тухайн дүнгээр нөхөн тайлагнасан гэсэн хариуг Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс тус тус ирүүлсэн…” гэжээ.
Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргын 2005 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр тушаалаар Х.Х*******г 2005 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс өр хариуцсан татварын улсын байцаагчаар томилохдоо албан тушаалын цалинг ТЗ-6 зэрэглэлээр 68000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 5 хувь, мөнгөн урамшуулал 17.5 хувиар 11631 төгрөгөөр тус тус цалинжуулахаар шийдвэрлэснийг тооцож үзэхэд нийт 83031 төгрөг, “Цалин шинэчилэн тогтоох тухай” мөн оны 10 дугаар сарын 84 дүгээр тушаалаар албан тушаалын цалинг ТЗ-6 зэрэглэлээр 78700 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 10 хувь, мөнгөн урамшуулал 17.5 хувиар 11631 тус тус цалинжуулахаар шийдвэрлэснийг мөн тооцож үзэхэд нийт 94266 төгрөг байх бөгөөд дээрх журамд даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын “дундаж”-аас нийгмийн даатгалын шимтгэлийг тооцохоор заасантай харьцуулахад 90520 төгрөгөөр тогтоосныг буруутгах үндэслэлгүй.
Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2005 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 94 дүгээр тушаалаар Х.Х*******г ажлаас халахаас өмнө түүний цалинг дээрхээс өөрөөр дахин нэмэгдүүлээгүй, үүнээс өмнө хэлтсийн даргын 2005 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 13 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн албан тушаалын цалингийн хэмжээг 6 сарын хугацаагаар 20 хувь бууруулсан болох нь 94 дүгээр тушаалд тусгагдсан, мөн сарын 16-ны өдрийн 20 дугаар тушаалаар Х.Х*******гийн өөрийнх нь хүсэлтийн дагуу 2005 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 3 сарын цалингүй чөлөө олгож, харин 13 дугаар тушаалын дагуу хийх суутгалыг ажилд орсон хугацаанаас эхлэн тооцохыг нягтланд даалгасан зэргээс үзэхэд ажлаас хууль бусаар халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өмнөх хугацаанд авч байсан цалин хөлснөөс тооцон 90520 төгрөгөөр дундажлаж бодсоныг зөвхөн “…мэдээллийн санд жирэмсэний амралтын хугацаатай байх үеийн буюу К7 кодоор оруулсан” гэх үндэслэлээр цалинг бууруулж тооцсон гэж дүгнэхгүй.
Давж заалдах гомдолд “…актад 1086240 төгрөгийг хаанаас үндэслэж гаргасан тухай бичээгүй…” гэх боловч нэхэмжлэгч нь ажлаас хууль бусаар халагдсан 2005 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс ажилд буцаж томилогдсон 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан нийт 12 сарын цалин хөлсийг сарын 90520 төгрөгөөр үржүүлж гаргасан дүн байна.
Хууль зүйн хувьд актын нэг үндэслэл болсон Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг зохицуулсан 20 дугаар зүйлийн 1.1-ийг төрийн байгууллага, төрийн албанд хэрэглэж болохгүй гэсэн агуулгатай давж заалдах гомдол ойлгомжгүй, өөрөөр хэлбэл ажил олгогч нь төр, хувийн хэвшлийн аль нь байхаас үл хамаарч нэгэнт даатгуулагчийн шимтгэлийг дутуу төлж хууль зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тэрхүү дутуу төлсөн шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлж, мөн алданги ногдуулах болохыг хуульд тодорхой заасан, үүнээс гадна Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5/-д төр, аж ахуйн нэгж, байгууллагаас “хууль бусаар ажлаас халагдсан хугацаа”-ны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох зохицуулалтыг давхар үндэслэсэн байх тул “Шимтгэл, алдангийг нөхөн төлүүлэх тухай” актад давж заалдах гомдолд дурдсанчилан холбогдох хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.
Харин Нийгмийн даатгалын тухай хуульд /1994 оны/ 2-ын “г”, “е” гэсэн заалт байхгүй болохыг тэмдэглэв.
2.Нэхэмжлэлийн 2005 оны 12 дугаар сарын 37247 төгрөгийн цалин үүсгэж тэтгэвэр бодсон, шимтгэл төлөлтийг мэдээллийн баазаас устгасан, нөхөн оруулсан, зарим шимтгэл төлсөн тайлагналыг баталгаажуулаагүй, 1990 оны 1, 2 дугаар сарыг ажилласан жилд оруулан тооцох, 1 сар 8 хоногийн тэтгэврийг нөхөн олгуулах, үүссэн хохирол 19472736 төгрөг гаргуулах тухай шаардлага нь агуулгаараа 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тогтоолгосон тэтгэврийн хэмжээтэй, түүнийг хэрхэн тооцсонтой, үүнээс хохирол үүссэн эсэхтэй холбоотой байх бөгөөд энэ талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 948 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр Х.Х*******гийн гаргасан “тэтгэврийг хуульд нийцүүлэн тогтоогоогүйг шүүхээр тогтоолгох, үүссэн хохирол 3922900 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас нөхөн гаргуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн тэтгэврийг хэрхэн тогтоосон болох, тэр нь холбогдох хуульд нийцсэн талаар дүгнэсэн байна.
Тухайн үед “…2005 оны 12 дугаар сард огт цалин байхгүй байхад 37000 төгрөгийн цалинг зохиомлоор оруулсан, нийгмийн даатгалын хэлтэс манай ажлын газраас өгсөн нөхөн тайланг авахгүй 2 сар болсон…” гэх зэргээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсоны дагуу шийдвэрт “…нэхэмжлэгчийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар /тухайн үед хүчин төгөлдөр байсан 5 жилээр буюу дараалсан 60 сараар/ тооцож нэхэмжлэгчид хариу өгсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу тооцсон тооцоолол нь өмнө сонгож тогтоолгосон сарын дундаж цалингаас буурч байгаа болох нь тогтоогдож байна…” гэжээ.
Харин нэхэмжлэлийн “…2001-2003 оны шимтгэл төлөлтийг мэдээллийн баазаас устгасан, 2003-2005 оны шимтгэл төлөлтийг 2018 оны 11 дүгээр сард нөхөн мэдээллийн санд оруулсан үйлдэл, 59661 төгрөгийн цалин орлогыг нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлснөөр тайлагнасныг нийгмийн даатгалаас баталгаажуулаагүйг хууль бус болохыг тогтоолгох, 1990-2000 онуудыг ажилласнаар тооцох, нөхөн төлүүлэх хуулийн дагуу 1990 оны 1, 2 дугаар саруудыг ажилласан жилд оруулан тооцох, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс тооцон тэтгэвэр олгох хуулийн заалтыг хэрэглээгүй 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс тэтгэврийг олгосон ба 1 сар 8 хоногийн тэтгэврийг нөхөн олгуулах, үүссэн хохирол 19472736 төгрөгийг гаргуулах” шаардлагын тухайд энэ агуулгаараа үгчлэн тусгагдаагүй ч эдгээр нь бүхэлдээ тэтгэврийг буруу бодсон гэх үндэслэлүүдэд хамаарах, магадгүй буруу бодсон, тооцсон байх тохиолдолд үүссэн хохиролтой холбоотой байх бөгөөд нэгэнт нэхэмжлэгч Х.Х*******гийн тэтгэврийг хуульд нийцүүлэн бодсон, буруу бодсоноос учирсан хохирол үүсээгүй болохыг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу эдгээр шаардлагаар үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шийдлийн хувьд зөв.
Учир нь хуулийн дээрх заалтад “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, …хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр …байгаа” тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан, иймд нэхэмжлэгчийн тэтгэвэрийг хэрхэн тооцож олгосон талаарх хариуцагчийн үйл ажиллагаа, энэ талаарх нэхэмжлэлийн үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.
3.Х.Х*******гээс 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлагадаа улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах бус харин хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон, шүүгчийн 2024 оны 8224 дүгээр захирамжаар энэхүү шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 11 дүгээр сарын 4-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа бичгээр тодруулахдаа өөрчлөөгүй, мөн шүүх хуралдааны үед ч уг шаардлагаа дэмжиж байсан болох нь хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байхад шийдвэрийн удиртгал болон тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг өөрөөр буюу “…актыг хүчингүй болгуулах…” гэж зөрүүтэй бичсэн нь давж заалдах шатны шүүхээс шийдвэрт энэ талаар зөвтгөсөн өөрчлөлт оруулах үндэслэлийг бий болгохоос бус нэхэмжлэлийн шаардлагыг хангах үр дагаварт хүргэхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 920 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “…хүчингүй болгуулах…” гэснийг “хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Х*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН