Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 116

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж,
Улсын яллагч: П.Ганбаатар
    Шүүгдэгч: Н.Батмөнх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Лхамсүрэн нарыг оролцуулан  нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Алтан ураг овогт Наянтайн Батмөнхөд холбогдох 201603000326 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хэлэлцэхэд 
            
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1953 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Архангай аймгийн Ихтамир сумын 5 дугаар баг, Тайхар хорооллын 01-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Алтан ураг овогт Наянтайн Батмөнх РД:/АГ53100612/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Яллагдагч Н.Батмөнх нь Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Таван тээг гэх газар 2016 оны 07 дугаарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн 48-53 АРХ улсын дугаартай Шкода Пэлиса маркийн авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт  заасан ...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна... мөн дүрмийн 2.3-б дэх хэсэгт заасан “Жолооч хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж өөрийн эхнэр Б.Чулуунцэцэгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
                          
ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

201603000326 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын үед:

          Хохирогч Б.Энхтамирын өгсөн:

...Тухайн үед манай аав Н.Батмөнх нь талийгаач ээж Чулуунцэцэг, манай хамааны ах болох Хүрэлбаатар нарын хамтаар Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Таван тээг гэх газар 2016 оны 07 дугаарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн 48-53 АРХ улсын дугаартай Шкода Пэлиса маркийн авто машинтай зүүнээсээ баруун тийш чиглэлтэй явж байгаад зам тээврийн осол гарган онхолдсоны улмаас миний төрсөн ээж болох Чулуунцэцэг нас барсан. ...Осол болох үед хажууд нь байгаагүй учраас хэр хурдтай, хэрхэн явж байсан талаар мэдэхгүй байна. Би тухайн өдөр аавынд очсон юм. Манай аав ээж тухайн өдөр Ихтамир сумын Борт баг руу аавын хамаатангууд дээр очихоор явсан. ...Манай Батмөнх аав архи дарс уугаад байддаггүй. Нойр булчирхай, ходоод гэдэсний хагалгаанд 3-4 жилийн өмнө орсон учраас архи  дарс уух боломжгүй юм. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би гомдолгүй. Манай талийгаач ээж архаг хууч өвчтэй хүн байсан. Өөрөө хэвтэрт байсан. Харваад 2 жил болчихсон хүн байсан. Нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/

Гэрч Я.Хүрэлбаатарын өгсөн: 

... 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын баруун талд Батмөнх, Чулуунцэцэг нарын хамт Батмөнхийн эзэмшлийн автомашинтай явж байгаад зам тээврийн осолд орсон. Би уг автомашины  зүүн хойд талын суудалд буюу жолоочийн ард талд сууж явсан ба зүүн хойд талын дугуй хагарах шиг “пад” гээд чимээ гарсан. Ингээд л автомашин дайвалзаад замын хажуу руу орж онхолдсон. Яг хэдэн удаа хөрвөөсөн талаар мэдэхгүй байна.  Талийгаач Чулуунцэцэг амьсгаатай байсан. Батмөнх ах ухаан алдсан байж байгаад сэргэх шиг болсон. Би хараагүй хүн учраас ямар байдалтай байсан талаар хэлж мэдэхгүй байна. Батмөнх ах архи ундааны зүйл хэрэглээгүй байсан. Осол гарах үед ямар хурдтай явсан талаар хараагүй болохоороо мэддэхгүй байна. Тормоз гишгэх завдал болоогүй байх. Би сайн мэдэхгүй байна. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 24-28 хуудас/

    Н.Батмөнхийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: 

    ... Би 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн 48-53 АРХ улсын дугаартай Шкода маркийн автомашинтаар Хүрэлбаатар, өөрийн эхнэр /талийгаач/ Чулуунцэцэг нарын хамтаар Архангай аймгийн Эрдэнэтолгой багийн Таван тээг гэх газар  Ихтамир сумын төвөөс баруун тийш чиглэлтэй замын хөдөлгөөнд оролцож яваад замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гаргасан. Би ойролцоогоор 30-40 км/цаг хурдтай явж байсан. Би архи дарс уугаад байдаггүй. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Талийгаач Чулуунцэцэг автомашины баруун урд талын суудалд өөрөөр хэлбэл жолоочийн эсрэг талын суудалд сууж явсан. Харин Хүрэлбаатар автомашины арын суудалд сууж явсан. Бид нар суудлын даруулга бүсээ бүслээгүй явсан. Ямар ч байсан мурилзаад эсрэг урсгал руу орсон ба буцааж дараад хүчрээгүй. Сүүлд нь сонсоход зүүн хойд дугуй хагарсан байсан гэж сонссон. Би машинаа өөрийнхөө явж байсан урсгал руу оруулах гээд тормоз гишгэхдээ хугацаа алдсан асуудал бий. Далан руу тонгойж байх үед тормоз барьж мэдэгдээгүй. Учир нь дугуй хөндийрсөн байсан байх. Жолооны хүрдтэйгээ ноцолдоод асфальтан зам дээр байх үед нь тормоз гишгээгүй. Миний машины зүүн хойд талын дугуй л муу байсан. Бусад зүйлсийн хувьд бол миний автомашин бүрэн бүтэн байсан. Би зам тээврийн осолд ороод ухаангүй Архангай аймгийн эмнэлэгт ирээд 10-аад хоночихоод Улаанбаатар хот орж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн. Би хүү Энхтамираа өөрийн эзэмшлийн автомашиныг хог дээр хаячих гээд хаяулсан байсан ба тухайн авто машины бүх зүйлийг нь хүмүүс тоноод авчихсан байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 53-56, 58-59 хуудас/ 

    Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6, хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9, 15 хуудас/, зам тээврийн ослын акт /хх-ийн 10-11 хуудас/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14 хуудас/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-32 хуудас/, Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34, 41 хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37, 39 хуудас/, Автотээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын оношлогч инженер М.Энхбатын дүгнэлт /хх-ийн 43 хуудас/, Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 4211 тоот тодорхойлолт /хх-ийн 63 хуудас/, Архангай аймгийн Ихтамир сумын нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт /хх-ийн 64 хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-66 хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан: хохирогч Б.Энхтамирын мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/, гэрч Я.Хүрэлбаатарын мэдүүлэг /хх-ийн 24-28 хуудас/,  шүүгдэгч Н.Батмөнхийн мэдүүлэг /хх-ийн 53-56, 58-59 хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6, хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9, 15 хуудас/, зам тээврийн ослын акт /хх-ийн 10-11 хуудас/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14 хуудас/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-32 хуудас/, Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34, 41 хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37, 39 хуудас/, Автотээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын оношлогч инженер М.Энхбатын дүгнэлт /хх-ийн 43 хуудас/, Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 4211 тоот тодорхойлолт /хх-ийн 63 хуудас/, Архангай аймгийн Ихтамир сумын нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт /хх-ийн 64 хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-66 хуудас/ зэрэг  хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Н.Батмөнх нь Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Таван тээг гэх газар 2016 оны 07 дугаарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн 48-53 АРХ улсын дугаартай Шкода Пэлиса маркийн авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт  заасан ...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаснаас Б.Чулуунцэцэгийн амь насыг хохирсон болох нь нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, заалт тохирсон байх тул шүүгдэгч Н.Батмөнхийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Батмөнх нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх ба түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв. 

Шүүгдэгч Н.Батмөнхийг уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнийг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйл үгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 
 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Алтан ураг овогт Наянтайн Батмөнхийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батмөнхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай. 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Батмөнхөд оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

    4. Шүүгдэгч Н.Батмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй болохыг дурдсугай.

    5. Хэрэгт хураан авсан Н.Батмөнхийн 754564 дугаартай А,B ангилалын жолооны үнэмлэхийг Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батмөнхөд оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батмөнхөд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэж тоолсугай.   

8. Шийтгэх тогтоол уншиж танилцуулсанаар хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9.  Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Батмөнхөд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй 
 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ОДХҮҮ