Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 600

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Чгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03378 дугаар шийдвэртэй, Б.Чгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т” ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ээлжийн амралтын олговор, нийгмийн даатгалын дэвтэр, диплом, 2017 оны 8 дугаар сарын цалин, илүү цагийн цалин хөлс, ажилгүйдлийн тэтгэмж зэргийг гаргуулах,

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Чгаас сургалтын төлбөр, ажлын хувцасны үнэ нийт 1 011 790 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Дарьсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ч 2016 оны 6 дугаар сард “Т” ХХК-ийн Сайн ломбардад зээлийн мэргэжилтэн гэх ажилд ажлын байрны зарын дагуу анкет бөглөж, ярилцлага өгч 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл өдрийн 6000 төгрөгийн цалинтай дагалдангаар ажиллаж эхэлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлийн мэргэжилтэнгээр ажиллаж байгаад 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 21 дүгээр хорооллын салбарын эрхлэгч албан тушаалд ажилласан. 2017 оны 8 дугаар сард жирэмсэн байсан бөгөөд ажлын хүнд нөхцөлд хатуу шаардлага, ажлын цаг хэтрүүлэн ажилладаг байдлаас болж ураг амьгүй болж 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эмнэлэгт мэс ажилбар хийлгэж ургыг авахуулсан. Гэтэл бие сул, өвчтэй, сайн тэнхэрч эдгэрээгүй байхад хүний нөөцийн ажилтан хагалгаанд орсныг мэдээд тус салбарт цаашид ажилуулахгүй гэсэн тул эмнэлэгт хэвтэж байхдаа 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр түүнтэй ярьж 8 дугаар сарын 17-ны өдрөөс ажилдаа ороод хэвийн ажиллая гэж гуйхад, чи хэд хоног амарч болно, оронд чинь өөр хүн ажилд орсон, амарч байгаад орж ирэхэд чинь өөр салбарт өмнө хийж байсан зээлийн мэргэжилтэн хийлгэхээр шийдвэрлэсэн гэсэн.

Салбарын эрхлэгчийн албан тушаалд ажиллаж байсан тул ээлжийн хуваартай байдаг үед 08:00-15:00 цаг хүртэл, өдөр 15:00-22:00 цаг хүртэл, мөн 1 өдөр бүтэн өглөө 08:00-22:00 цаг хүртэл 7 хоногийн 6 хоногт ээлжлэн ажиллаад 1 л өдөр амардаг байсан. Гэтэл ажил олгогч түүний санал, хүсэлт болон хөдөлмөрийн хуулийг харгалзахгүй үндэслэлгүй албан тушаал бууруулж, өөр салбарт ажиллуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч L30 салбартаа ажиллах хүсэлт гаргасан ч зээлийн мэргэжилтэнээр өөр салбарт ажилла, эсхүл хүсэлтээрээ ажлаас гарах хүсэлт бичиж өгөх талаар шаардсан тул Б.Ч аргагүй байдалд хүрч хүсэлтээ өгсөн.

Хуульд зааснаар нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авахаар ажлаас халсан тушаал, 2017 оны 8 сарын цалин, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, диплом зэргээ авна гэхэд хүний нөөцийн ажилтан ажлын хувцасны мөнгө 315 000 төгрөг, сургалтын мөнгө 550 000 төгрөгийг төлсний дараа ирж аваарай гэсэн байдаг. Б.Ч ажиллах хугацаандаа ажил олгогчийн санаачилгаар 6 өдөр ажиллаад 2 өдөр амрах байдлаар, өдөрт 11 цагаар буюу 09:00-20:00 цаг хүртэл сард 24 өдөр нийт 264 цагаар буюу хөдөлмөрийн гэрээнд зааснаас 1 сард 88 цаг илүү ажилладаг байсан.

Иймд Б.Чг ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоон, ажилд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх, ээлжийн амралтын олговор, нийгмийн даатгалын дэвтэр, диплом, 2017 оны 8 дугаар сарын болон илүү цагийн цалин хөлс, ажилгүйдлийн тэтгэмж түүнтэй адилтгах орлогыг гаргуулана уу гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ч тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулж 2016 оноос зээлийн мэргэжилтэн, салбарын эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүнээс хойш хүндэтгэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй тул түүний хүсэлтэд үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Хүсэлтээ өгөх хүртэл хугацаанд түүнийг ажлаас халсан болон ажил албан тушаалыг өөрчилсөн тушаал гаргаагүй бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түүний хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаагүй байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага худал бөгөөд ямар үндэслэл, нотлох баримтаар ажлаас халсан, албан тушаал бууруулсан гэж байгаа нь тогтоогдохгүй, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх хүртэл цалин, илүү цагийн хөлсөө авч, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлүүлсээр ирсэн, үүнтэй холбоотой баримт байна.

Манай байгууллага анх ажилд шинээр орж байгаа ажилтантай сургалтын гэрээ байгуулж, 260 цагийн багц сургалт орж мэдлэг, дадлага олгодог. Энэ сургалт нь хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагааны журмаас гадна санхүүгийн мэдлэг боловсрол олгох сургалт юм. Сургалтын гэрээгээр ажилтан 550 000 төгрөгөө хөдөлмөрийн гэрээ цуцалсан тохиолдолд сургагч талд төлөхөөр зохицуулсан тул Б.Ч үүнийг төлөх ёстой. Б.Чгийн гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани тогтвор суурьшилтай ажиллах чадварлаг боловсон хүчин бэлтгэхээр барьцаат зээлийн үйлчилгээний үйл ажиллагаанд шууд оролцуулах замаар үйлчилгээний ажлын мэдлэг, чадвар, арга барил эзэмшүүлж, чанартай, соёлтой үйлчилгээнд сургахын тулд шинээр ажилд орж буй ажилчидтай сургалтын гэрээ байгуулж тусгай сургалтад хамруулдаг. Энэ сургалт нь хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагааны журмаас тусдаа санхүүгийн мэдлэг боловсрол олгодог, зардал 550 000 төгрөг байдаг. Үүний дагуу 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 16/32 тоот сургалтын гэрээг Б.Чтай байгуулсан.

Нэхэмжлэгч нь “Т” ХХК-ийн Сайн ломбардад зээлийн мэргэжилтэнээр 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, салбарын эрхлэгчээр 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажилласан. Сургалтын гэрээний 4-т зааснаар 5 жилээс дээш хугацаанд тогтвортой ажиллаагүйгээс сургалтын зардлыг компани бүрэн хэмжээгээр даахгүй. Иймд сургалтын 550 000 төгрөгийг “Т” ХХК-д Б.Ч төлөх үүрэгтэй. Мөн тус компани үйлчилгээний байгууллага тул мэргэжилтэн, салбарын эрхлэгч нар ажлын дүрэмт хувцастай, үүнийг биеийн хэмжээнд тохируулан захиалж хийлгэдэг. Б.Чг ажилд ороход 461 790 төгрөгийн дүрэмт хувцас хүлээлгэн өгсөн, үнийг төлөөгүй байгаа тул сургалтын зардлын 550 000 төгрөг, ажлын дүрэмт хувцасны 461 790 төгрөг, нийт 1 011 790 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл гаргах болон шаардах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Учир нь сургалтын гэрээг “Тайгын булаг” ХХК-тай байгуулсан. Шүүхэд “Т” ХХК Б.Чд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан байна. “Т” ХХК Б.Ч нарын хооронд байгуулсан зээлийн мэргэжилтэн, салбарын эрхлэгчээр ажиллах хөдөлмөрийн гэрээнд “ажил олгогч нь ... ажилтанг үүргээ гүйцэтгэхэд нь зайлшгүй мэдвэл зохих мэргэжлийн зөвлөгөө, мэдээллээр хангаж, зааварчилгаа өгнө”, 2.6-д “ажил олгогч нь ажилтанг тогтвор сууршилтай ажиллуулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор мэргэжлийн болон эрх зүйн сургалтад хамруулж, сургалт явуулна” гэж заасан. Мэдлэг олгох, сургалт явуулах нь ажил олгогчийн үүрэг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар зүйлд “ажил олгогч нь сургалт зохион байгуулах, суралцах нөхцлөөр хангах үүрэгтэй” гэж заасан.

Гэтэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээгээр ажилтныг сургалтаар хангах үүрэгтэй атлаа сургалтын төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Сургалтын гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нэхэмжлэгч “Т” ХХК-д зээлийн мэргэжилтэн албан тушаалд дагалдангаар ажилласан байтал Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж сургалтын гэрээ байгуулсан. “Т” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, дагалдан эсхүл туршилтын хугацааны аль нь болохыг тодорхой болгож, 3 сараас хэтрүүлэхгүй хугацаа заах байтал өөр компани болох “Тайгын булаг” ХХК-тай сургалтын гэрээ байгуулан цалинжуулах, сургалтын төлбөр 550 000 төгрөг гэж заан тус компанид тогтвортой 5 жил ажиллах шаардлагатай гэж ажилтны ажил, хөдөлмөрөө чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлаж, хууль зөрчсөн хэлцэл хийж, өдрийн 6000 төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй сарын 132 000 төгрөгөөр цалинжуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхгүй хууль зөрчсөн байна.

Хариуцагч хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх нэрээр хувцасны мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн хувцас нь өөр газар өмсөх, цаашид ашиглах боломжгүй тул ажил олгогчоос зайлшгүй хувцас хэрэгслээр хангах нь үүрэг юм. Иймд 1 011 790 төгрөгийн сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Б.Чгийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоох, “Т” ХХК-ийн салбарын эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүйдлийн тэтгэмжтэй адилтгах орлого гаргуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар “Т” ХХК-иас 890 747 төгрөг, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дипломыг гаргуулан Б.Чд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 45 зүйлийн 45.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар Б.Чгаас 1 011 790 төгрөг гаргуулахыг хүссэн “Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхыг дурдаж, хариуцагч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй. “Т” ХХК ажилчдын цалин хөлсийг сар бүрийн 10, 25-ны өдөр олгодог ба 25-ны өдөр олгодог цалингаас татвар, шимтгэл болон урьдчилгаа авсан бол суутган гарт олгох цалинг олгодог байсан. Нэхэмжлэгчийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл бодогдсон цалин 330 837 төгрөг, харин 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 25-ны өдөр хүртэл бодогдсон цалин 640 321 төгрөг байсан. Иймд 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл бодогдсон цалин 971 158 төгрөг, үүнээс татвар, шимтгэл болон урьдчилгаа 96 000 төгрөгийг хасч тооцоход гарт олгох нь 697 637 төгрөг болсон. Үүнээс 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 330 837 төгрөг дансаар олгосон тул 366 801 төгрөгийг нэхэмжлэгчид олгох юм. Гэтэл нэхэмжлэгчид ээлжийн амралтын олговор болох 523 946 төгрөгийг олгоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт 366 801 төгрөг олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Ч нь “Т” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болон ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор зэргийг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, диплом, нийгмийн даатгалын дэвтэр, 2017 оны 8 дугаар сарын цалин, илүү цагийн хөлс, ажилгүйдлийн тэтгэмж түүнтэй адилтгах орлогыг гаргуулахаар нэхэмжилсэн боловч илүү цагийн хөлс гаргуулах шаардлагаас татгалзаж, хариуцагч тал сургалтын төлбөр, ажлын хувцасны үнэнд нийт 1 011 790 төгрөгийг сөрөг нэхэмжлэл гарган шаардаж, талууд харилцан маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Т” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 17/33 дугаар тушаалаар салбарын эрхлэгч Б.Чг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх27/

 

Дээрх тушаал нь нэхэмжлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ажил олгогч талд гаргасан ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтэд үндэслэсэн ба ажил олгогч тал хүсэлт гаргахыг шаардсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан болон ажилд эгүүлэн тогтоох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмж гаргуулахаар шаардсан боловч уг тэтгэмжийг авах эрхээ хэрэгжүүлэхийн тулд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй ба энэ талаар хариуцагчийн буруутай үйлдэл шалтгаалсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөв гэж үзлээ.

 

Мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажил хүлээлцсэн байх тул түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, диплом зэрэг бичиг баримтыг ажил олгогч тал нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх талаар маргаагүй байна.

 

Шүүх хариуцагчаас хэрэгт баримтаар ирүүлсэн нэхэмжлэгчийн цалингийн карт, ээлжийн амралтын тооцоолол, Худалдаа хөгжлийн банк дахь түүний нэрийн харилцах дансны хуулга гэх баримтуудад үндэслэн ээлжийн амралтын олговор 523 946 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны цалинд олгогдоогүй 366 801 төгрөг, нийт 890 747 төгрөгийг ажил огогчоос гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруу гэх үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, шүүх тооцооны алдаа гаргасан, бодогдсон нийт цалинд ээлжийн амралтын олговор тооцогдсан гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хариуцагч “Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн талаар болон уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл зөв болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 370 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                    Т.ТУЯА