Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/391

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0368/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч *** /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** овогт ***ын *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000426 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** овогт ***ын *** /РД: ***/, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, ***ийн хамт *** аймгийн *** сумын *** дугаар багийн *** дүгээр хорооллын *** дүгээр байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *** хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шөнийн *** цагийн үед *** аймгийн *** сумын *** дугаар багт байрлах *** дугаар байрны гадна Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, дэд ахлагч ***ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн мэдүүлсэн: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000426 дугаартай хэргээс:

 

Хохирогч ***ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын *** дугаар багт хуваарийн дагуу эргүүлийн үүргийг цагдаагийн ахлах ахлагч ***тай гүйцэтгэж байсан. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байхад 5 дугаар баг ***  дугаар байрны гадна саравчинд 2 хүн архи пиво уугаад орилоод байхаар нь очиж шалгасан. Тэр газарт очиход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Тэгэхээр нь тэр хоёр хүнд хуулийн заалт тайлбарлаад та нар оршин суугч нарыг амраах хэрэгтэй байна гэж хэлсэн. Хуульд юу гэж заасан тэр зүйлээр арга хэмжээ авна гэж хэлсэн. Тэгтэл архи уж байсан өөрийгөө *** гэж хэлсэн залуу босож ирээд бид хоёрыг явуул гэсэн. Тэгэхээр нь бид хоёр явуулах боломж байхгүй. Гаргасан зөрчил дээр чинь арга хэмжээ авна. Төв цагдаа орно гэж хэлсэн. Тэгтэл би чамайг ална шүү мангар бацаан минь гээд өөдөөс орилоод дайраад байсан. Тэгтэл хажууд нь байсан настай эгч тэр залуугийн хадам ээж нь байсан юм байна лээ. Эхнэрийг нь дуудсан. Эхнэр нь гарч ирсэн чинь тэр согтуу залуу бүр бид хоёр руу орилоод дайраад байсан. Тэгж байснаа миний нүүр хэсэг рүү хоёр удаа баруун гараараа цохисон. Тэгтэл хадам ээж, эхнэр хоёр нь намайг зуураад авсан. Хадам ээж нь согтолт маш ихтэй байсан. Тэгээд би тэр залууг сандал дээр гавлаад суулгасан. Хадам ээж нь хажуу талд нь ирээд суусан. Тэгтэл тэр согтуу эмэгтэй сандал дээрээс унах гээд байхаар нь мөрнөөс нь татаж босгосон. Тэгтэл охин нь чи манай ээжийг үстээд байна гэж хэлээд над руу дайраад байсан. Удалгүй манай жижүүрийн машин ирээд машинд суулгаад цагдаа дээр авчирсан. Миний нүүр хэсэгт хоёр удаа *** гэх хүн цохиж авснаас болж толгой жаахан өвдөж байна. Намайг мөргөж байхдаа хамрын доод хэсэгт урсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

 

Гэрч *** хэрэг бүртгэлтэд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хуваарийн дагуу *** аймаг *** сумын *** дугаар баг  *** дугаар байрны орчимд эргүүлийн үүрэг цагдаагийн дэд ахлагч ***ын хамт гүйцэтгэж байсан. Тэгтэл *** дугаар байрны саравчинд 2 согтуу хүн орилоод байхаар нь очоод хууль ёсны шаардлага тавьсан чинь манай хамтрагч руу *** гэх хүн дайрсан байгаа. Тэгээд салгах гэтэл юм хэлж амжаагүй байхад *** гэх хүн хоёр удаа ***ын нүүрэн тус газар нь цохиод авсан. Тэгэхээр нь би салгаад цагдаагийн газар руу залгаад жижүүрийн машин дуудаж цагдаагийн газар авчирч эрүүлжүүлсэн байгаа. Өөр зүйл болоогүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

Гэрч ***ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: ...Би 10 дугаар сарын 06-ны шөнө *** цагийн үед байхаа би гэртээ хүүхдээ харж байсан чинь манай ээж *** манай нөхөр *** нар гадаа архи уугаад саадан дотор сууж байсан. Тэгтэл эргүүлийн хоёр цагдаа цаанаас нь ирж байгаа харагдсан. Тэгээд хэсэг байж байгаад хартал манай ээж орилоод байхаар нь гараад би ээж нөхөр хоёроо аваад гэртээ орж болох уу гээд эхлээд гуйсан. Тэгтэл манай нөхөр цагдаа нартай маргаад байсан. Тэгээд манай нөхөр согтуу чи хөгшин хүнийг яагаад байгаа юм бэ гэсэн. Тэгээд хоёр согтуу хүн цагдаа нартай маргаад нөгөө хоёр цагдаа нь шаардлага тавиад чи цагдаа нарын өөдөөс хэрүүл хийгээд байна гэж нэг цагдаа хэлсэн. Тэгтэл манай ээж би хүргэн хүүгээ та нарт өгч явуулахгүй гээд нэг цагдааг нь тэврээд авсан чинь тэр залуу цагдаа нь түлхээд авсан. Тэгсэн чинь манай нөхөр нөгөө хоёр цагдааг чи яагаад хөгшин хүн түлхдэг юм бэ гээд манай нөхөр цагдааг мөрлөх гээд босож ирээд хий мөрлөсөн. Би ээжийг тэр үед газар унасан байсан болохоор нь босгоод сандал суулгах гээд туслаач гэж цагдаа нарт хэлсэн чинь залуу цагдаа нь манай ээжийг үснээс нь татаад босгоод ирсэн. Тэгээд би  тэр үед уурлаад цагдаа нар руу хараалын үг хэлсэн. Манай ээжийг зөөлөн өргөөд босгож болох байсан. Тэгтэл манай нөхөр *** нэг залуу цагдаа нь гавлах гээд байсан. Тэгэхээр нь би нөхрөө аваад гэртээ орж болох уу гэж дахиж гуйсан. Тэгтэл намайг дөхөөд очсон чинь намайг түлхээд унагаасан. гэх мэдүүлэг /хавтаст мэдүүлэг 25 дахь тал/,

 

Гэрч ***ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай хүргэн байсан *** намайг уулзах хэрэгтэй байна гэж утсаар надтай яриад бид хоёр *** сумын *** дугаар баг Арбатад байрлах нэрийг нь мэдэхгүй пабад орж уулзсан. Бид хоёр уулзаад хоол идээд нэг 0,75 литрийн архи авч уусан. Тэр архийг бид хоёр уусан. Манай хүргэн *** болон бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэнд л орж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Манай хүргэн манай охиноос салаад нэг жил гаруй болж байгаа. Дундаасаа нэг охинтой. Хүргэн байсан *** бид хоёр пабад ууж байсан архиа арай дуусаагүй байсан чинь паб хаах цаг болчихлоо гэж хэлээд бид хоёрыг гаргасан. Хоолоо идэж дуусаагүй байсан бөгөөд саванд хийлгээд ууж байсан архиа болон ширээн дээр байсан лаазтай ундаагаа аваад гарсан. Манай гэр болохоор тэр пабын ард байдаг болохоор гэрийн үүдний саравч дотор орж суугаад 5-10 мин болсон. Манай хүргэн намайг оруулж өгчхөөд явъя. Маргааш охинтойгоо уулзъя гэж яриад байж байсан чинь хоёр цагдаагийн алба хаагч ирээд юу хийж суугаа юм бэ гэхээр нь би гэр лүүгээ заагаад одоо ингээд гэртээ орлоо манай гэр энд байдаг юм гэж цонх руугаа заасан. Би согтуу байсан болохоор яг нарийн санахгүй байна. Ямар ч гэсэн намайг түлхээд унагаасан чинь манай хүргэн яаж байгаа юм бэ гээд орилсон. Тэгээд хүргэнийг авч явах гээд байхаар нь үгүй намайг аваад яв гээд би орилсон. Тэгж байхдаа би охиноо дуудсан гэсэн. Цагдаа нар манай хүргэн *** аваад явсан. Би тэндээ үлдээд гэртээ орчхоод араас нь цагдаагийн газар дээр ирсэн гэсэн. Цагдаа намайг түлхсэн юм шиг санагдаад байгаа юм. Тэгээд унах үед миний зүүн хөлийн шагай хэсгээр эвгүй болсон. Өөрөөр гэмтэл учирсан зүйлгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай ...***ын биед дээд уруул орчимд зулгаралт тогтоогдлоо. Дээрхи зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг зулгаралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 34-35 дах тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай ...***ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай ...***ийн биед зүүн хөлийн шагай орчмын зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрхи зөөлөн эдийн няцрал нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг зөөлөн эдийн няцрал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

 

***ийн яллагдагчаар 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 10 дугаар сарын 05-ны орой салсан эхнэрийн ээж болох ***тэй хамт пабад орж нэг шил архи уугаад дуусаагүй байсан чинь хаах цаг болоод бид хоёр гарсан. Тэгээд хадам ээжийн гэрийн гадна байх сааданд хадам ээж бид хоёр сууж байсан чинь хоёр цагдаа ирээд наанаа ууж идэж болохгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь за одоо орлоо. Энэ хоёр давхарт харагдаж байгаа гэрэл манай гэр байгаа юм орлоо гэж хэлсэн. Намайг аймар согтуу чамайг авч явж эрүүлжүүлэх шаардлагатай байна гээд нэг цагдаа хэлэхээр нь би гэр ойрхон байна. Уучлаарай би ингээд орлоо гээд зөндөө олон удаа хэлсэн. Тэр цагдаа ч намайг авч явна гээд байсан. Тэгж байтал хадам ээж миний урдуур ороод намайг аваад явчих гээд дундуур нь ороод зогссон чинь ээжийг түлхээд унагаахаар нь би уурлаад өөрийн мэдэлгүй тэр цагдааг цохисон. Тэгээд намайг бариад авахаар нь за би өөрөө гавлуулъя гэж хэлээд гавлуулсан. Намайг цагдаагийн машинд суулгаад цагдаа дээр ач ирээд шууд эрүүлжүүлэх байранд хийсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *** хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *** өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *** хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 18 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хохирогч *** нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд мэдэгдсэн тул энэ  тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт ***ын *** хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 18 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.    

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР