Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/396

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0376/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Гэрч ***

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ч.Булган нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** овогт ***ийн *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000397 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** овогт ***ийн *** /РД: ***/, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, ***т хөгжимчин ажилтай, ам бүл ***, *** аймгийн *** сумын *** дугаар багийн *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадваргүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр *** аймгийн *** сумын *** дугаар багийн *** дугаар байрны *** тоот гэртээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ***ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:                                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 09-ий өдөр манай гэрт *** бид хоёр согтолтын зэрэгтэй байсан. Орой болоод би маргааш нь тоглолттой болоод нөгөө өрөөндөө ор засаад унтсан. Өглөө босоод ирэхэд цонхны тавцан болон буузны жигнүүр дээр өвснүүд тавьсан байсан. Би сэтгэцэд нөлөөлөх өвс ургамал гэж мэдээгүй. Энэ юу юм бэ гэж ***аас асуухад чамайг унтаж байх хойгуур шөнө түүгээд хатаасан гэж хэлсэн. Өглөө ажилтай болохоор яараад яваад өгсөн. Хууль сайн мэдэхгүйгээс болоод ийм хэрэгт холбогдчихлоо. Үнэхээр миний буруу. Манай хуурай эгч 10-ны өдөр намайг шагнал авлаа гээд хүрээд ир гэж дуудсан. ***тай хамт очсон. Тэнд очоод ганц хоёр пиво уугаад тэндээ унтаж амрахаар болсон. Үүрийн 5 цагт *** залгаад уулзмаар байна, хаана байгаа юм гэсэн. Би Батальонд байна гэхэд яваад очъё гэсэн. Тэгэхээр нь Хийморь дэлгүүрийн тэнд хүрээд ир, би уруудаад очъё гэж хэлсэн. *** төвөөс найзтайгаа машинтай ирсэн байсан. Тэгээд манайх руу явсан. 6 цагт нэг хүнтэй утсаар яриад том пиво аваад гэрт орж уухаар болсон. Гэрт ороход өвс ургамлууд нь байсан. *** надаас энэ юу юм бэ, чи ийм зүйл хэрэглэдэг байсан юм уу гээд асуусан. Би ийм зүйл хэрэглэдэггүй, манай найз *** намайг унтаж байх хойгуур түүж хэрэглэсэн гэж үнэнээ хэлсэн. Гэтэл цагдаад дуудлага өгч барьж өгнө гээд дуудлага өгсөн. Би хэрэглэдэггүй гаргаад хаячихъя гээд цэнхэр уутанд хийгээд байрны ар талын хогийн цэг дээр хаясан. Тун удалгүй 2 цагдаа орж ирсэн. *** утсаараа зураг дараад бичлэг хийгээд байсан. Би ийшээ гаргаж хаясан гэдгээ хэлсэн. Өмнө хэрэглэж үзээгүй. Зурагтаар үүнээс болоод хэрэгт холбогдож байна гэх мэдээллийг харж байсан. Өглөө нь татаагүй. Би түрүүлээд унтсан. Намайг шөнө унтаж байхад босоод ирээ гэж дуудсан. Тэгээд намайг эндээс нэг сорчих тэгээд унтаад амарчих гэсэн. Би 2 сорсон. Байцаалт өгөх гэхэд миний уусан юм гараагүй байсан болохоор намайг эрүүл болохоор байцаалт авна гэж хэлээд маргааш нь авсан. *** манайд ажилд орно гээд надтай хамт манай ажил руу 09 цагт очдог байсан. Тэгээд тэр цагдаад *** 09 цаг гээд ажил дээр ирчихсэн байна гээд ажил дээр очиход ирээгүй байсан. Цагдаа намайг чи утас руу нь мессеж бичээд уулзъя гээд хэлчих гэсэн. Тэгээд би холбоо барьж өгсөн. Гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Намайг үнэхээр уучлаарай. Болчимгүй асуудлаас болж ийм хэрэгт холбогдчихлоо. Дахиж ийм алдаа гаргахгүй гэдгээ амлаж байна. Үнэхээр уучлаарай.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч *** мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 09-ий өдөр чатаар ***той харилцсан. *** 10-ны өдөр шагнал авахаар болсон гэсэн. Тэгээд ***той уулзаж очихоор болсон. Орой нь гэрт нь очсон. *** жаахан уусан байсан болохоор түрүүлээд унтсан. Би 09-нөөс 10-ны өдрийг шилжих шөнө нойр хүрэхгүй болохоор Анагаахын тийшээ явж өвс түүгээд ирсэн. Намайг түүж ирэхийг *** мэдээгүй, унтаж байсан. Гэрт нь ороод буузны жигнүүр дээр талыг нь халаагаад хатаасан. Хатааснаа хэрэглэж байгаад ***д татуулсан. *** татсан болоод унтсан. Маргааш нь *** шагналаа авсан. Орой нь хуурай эгч нь гэртээ тэмдэглэе гээд дуудсан. Бид хоёр хамт очсон. Ууж идэж байгаад тэндээ 10-ны орой хоноод 11-ий үүрээр хуучин үерхэж байсан найз нь дуудсаар байгаад аваад явсан. Би тэндээ унтаж байгаад гэр лүүгээ явсан. ***той холбогдох гэхээр утас нь холбогдохгүй байгаад байсан. 1-2 хоногийн дараа над руу залгаад хаана байна гэсэн. Би гэртээ байна гэж хэлсэн. Тэгтэл “***” буудлын доор байдаг Хаан банк дээр хүрээд ир гэсэн. Иртэл хоёр цагдаатай байсан. Өмнө хамт хэрэглэж байсан удаа байхгүй. Би 09 дүгээр сарын 04-ий өдөр жаахан түүгээд түүсэн өвсөө өөрөө хэрэглээд дууссан. 09 дүгээр сарын 09-ий өдөр би өөрөө түүж бэлтгэж *** гэрт оруулж ирсэн. Ийм зүйл болно гэж бодоогүй. ***с зөвшөөрөл аваагүй, үлдэгдэл өвсөө үлдээчхээд яваад өгсөн. Би болохоор бэлтгэчхээд түрүүлээд татсан. ***д болохоор жаахан татуулсан. Өглөө нь жаахан татаж байгаад явсан. Тухайн өдөр би жаахан хэрэглээд явсан.” гэв.

 

Эрүүгийн 2218000000397 дугаартай хэргээс:

 

Улсын яллагч: Хавтаст хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-10 дахь тал/, гэрч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-13 дахь тал/, гэрч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/, гэрч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 73 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ий өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31-33 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ий өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-40 дэх тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2022 оны 10 дугаар сарын 19-ий өдрийн *** дугаартай магадалгаа зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэрч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/, ял шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 57 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, *** сумын *** дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 71 дэх тал/, ****ийн үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 72 дахь тал/, бакалаврын дипломын хуулбар /хавтаст хэргийн 74 дэх тал/, *** засаг даргын жуух бичгийн хуулбар /хавтаст хэргийн 75 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлуулав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч *** холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч *** нь 2022 оны 09 дүгээр сарын 11-ий өдөр *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** дугаар байрны *** тоот гэртээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай өвс гэх нэршилтэй цэвэр жин нь нийт 286.1984 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодис өв/ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн оршин суух *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** дугаар байрны *** тоотод ***ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.” гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган тайлбартаа: “Манай үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруу дээр маргаан байхгүй. Гэмт хэрэг гарах шалтгаан нь *** өөрт нь хэлэлгүйгээр гэрт нь өвс ургамал түүж оруулж ирснээс үүссэн гэж үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр *** аймгийн *** сумын *** дугаар багийн *** дугаар байрны *** тоот гэртээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ***ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-10 дахь тал/,

 

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11, 13 дахь тал/,

 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “... 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 06 цаг өнгөрч байхад найз *** над руу залгаад уулзах уу гэхээр нь би уулзъя гэхэд надад *** сумын *** дугаар багт байрлах Батлионы Хийморь нэртэй хүнсний дэлгүүрийн хажууханд байна гэсэн. Тэгэхээр нь би *** найз *** гэх найзтайгаа Хийморь дэлгүүрийн урд талаас очиж аваад “Од” нэртэй зочид буудлын гадаа ирсэн. Тэгээд орж пиво авах гэснээ больж хүн рүү залгаад нэг пиво аваад *** сумын *** дугаар баг *** дугаар байрны *** тоотод *** гэрт орсон чинь баахан өвс хатаагаад тавьчихсан бүх цонх нь онгорхой байсан. Мөн намайг бие засах гээд нойлын өрөө рүү нь орсон хойгуур нөгөө өвсөө нуугаад байсан. Тэгэхээр нь би чи юу хэрэглээд байгаа юм бэ гэсэн чинь нуугаад байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Цагдаа дуудах хойгуур *** хатааж байсан өвсөө уутанд хийгээд аваад гарсан. Тэгээд хаячхаад ирлээ гэж надад хэлсэн. Тэгтэл цагдаа нар орж ирсэн.  *** гэрт намайг ороход жижиг өрөөний цонхон дээр жигнүүрт хийгээр хатаагаад тавьчихсан мөн гал тогооны өрөөнд плитк дээр жигнүүрт хийгээд тавьчихсан байсан. Надад яаж хатааж байсан бичлэг байгаа. Би утсан дээрээ хийгээд авсан. Хэсэг өвс нь зурагтын тавиур дээр төмөр таваг дээр дэлгэсэн байсан. Тэр өвснүүдээ хамаад цэнхэр торонд хийгээд хаях гээд гараад гүйсэн. Би ***г 10 хоногийн өмнөөс таньдаг болсон. *** өөрөө миний хойноос залгаад уулзах уу гээд гүйгээд байдаг залуу юм. Тэрнээс бид хоёр ямар нэг садан төрлийн харилцаа холбоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр болон 07-ны өдрүүдэд миний бие *** сумын *** дугаар баг *** хотхоны цаад талаас буюу Батлион тал руу чиглэлд өвс буюу мансууруулах төрлийн бодис түүсэн. Тухайн газрыг би урьд өмнө нь айл руу явж байхдаа хараад энд ургаж байсныг нь мэдэж авсан. Би урьд өмнө нь гадаадад байхдаа гадаад найзуудтайгаа хэрэглэж үзэж байсан болохоор тухайн өвс гэх мансууруулах бодисыг таньж мэддэг болсон. *** бид хоёр хар багийн найзууд. Нэг нэгнийхээ гэрээр дуртай үедээ орж гараад явж байдаг найзууд. Тэгээд *** *** цол авсан өдөр бид хоёр  гэрт нь байж байсан. *** архи уучихсан байдалтай байж байсан. Тэгээд би шөнө 00 цагийн үед Батлион руу явж өвсөө түүчхээд өвсөө *** гэрт авчраад цонхон дээр нь хатаасан. Тэгээд өглөө *** сэрээд чи түүгээд аваад ирсэн юм уу гэж асуухаар нь тиймээ гэж хэлэхэд татах уу гэж би ***ос асуухад яасан ч яахав гээд өөрөө хүлээн зөвшөөрөөд жижиг ундааны саванд гаанс хэлбэрээр бэлтгэж байгаад *** бид хоёр миний түүсэн өвсийг татаж мансуурсан. Өвс татаад хөгжим сонсоод илүү тод мэдрэгдэж ямар нэгэн зүйл бодоход энгийн үеэс илүү дээр мэдрэгдэх зэргээр мэдрэгддэг юм аа. Өвсөө түүчхээд тэр дор нь *** гэрийн цонхон дээр хатаасан юмаа. *** намайг гэрт нь өвс хатааж байхад ямар нэгэн байдлаар эсэргүүцсэн үйлдэл гаргаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4650 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. *** *** гэж хаягласан шээсний тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл тус бүр шинжилгээнд тэнцэнэ.

*** дугаартай гомдол б/дээж, ургамал *** гэж хаягласан 1-4 гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад хамаарна. 1 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 0,2гр, 2 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1,0 гр, 3 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн цэвэр жин 0,0984 гр, 4 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 284,9гр тус тус байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 37-38, 39-40 дэх тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №53/22 дугаартай “...*** овогтой *** нь одоогийн байдлаар сэтгэцийн хувьд эрүүл болно. *** овогтой *** нь одоогийн байдлаар сэтгэцийн хувьд эрүүл ба хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгах, үнэн зөв мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай болно. *** овогтой *** нь одоогийн байдлаар сэтгэцийн хувьд эрүүл тул эмчилгээ шаардлагагүй.” гэх магадалгаа /хавтаст хэргийн 45 дахь тал/,

 

*** яллагдагчаар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн орой 23 цагийн үед *** гэх залуу бид хоёр манайд хонохоор болоод би жижиг өрөөнд ороод унтсан. *** том өрөөнд унтахаар үлдсэн. Тэгээд намайг унтаж байхад *** сэрээгээд намайг нойлын өрөө рүү дагуулж ороод тугалган цаасан дээр түрхсэн зүйл шатаагаад энүүгээр сор гэхээр нь би хоёр сорсон. Тухайн үед би нэлээн согтуу байдалтай байсан. Тэгээд би нөгөө өрөөндөө ороод унтаад өгсөн. Өглөө сэрээд ажилдаа явах гэж байсан чинь цонхны тавцан дээр ургамал авчраад *** хатаачихсан байсан. Тэгэхээр нь би энэ юу юм бэ гэж асуусан чинь би чамайг унтаж байхад шөнө 01-02 цагийн үе Батлионы тэндээс түүсэн гэж надад хэлсэн. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандаагүй. Энэ юу юм бэ гэж ***аас асуухад өвс ургамал гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цуг ажил руу явчхаад тоглолтдоо орчхоод шагналаа авчхаад ажил дуусаад ууж идээд Батлион руу *** бид хоёр таньдаг эгчийнд нь очиж пиво уугаад тэндээ хонох бодолтой байсан чинь *** гэх эмэгтэй найз над руу үүрээр 05-06 цагийн үед залгаад уулзъя гэж хэлсэн. Тэгээд *** машинтай ирээд намайг аваад манай гэрийн тийшээ ирээд нэг пиво аваад манайд орж уухаар болоод манай гэр рүү *** цонхон дээр байсан өвсийг хараад чи ийм зүйл хэрэглэдэг болоо юу гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн.  Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. *** сумын *** дугаар баг *** дугаар байрны *** тоот *** өрөө байрыг 2018 оноос хойш би өмчилж байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримт болон шинжлэн судалсан эд мөрийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис гэдэг нь хүнийг донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөө үзүүлэх үйлчлэлтэй Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөлөх бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг хэлнэ.

Хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах гэдэг нь уг түүхий эдийг санаатайгаар, хууль бусаар орон байр, тусгай зориулалтын байр, саванд агуулах, биедээ авч явахыг,

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангасан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нууцаар хэрэглэх орчныг бүрдүүлэх зорилгоор хүн байнга, түр амьдрахад зориулагдсан орон сууц, орчин нөхцөл зэргээр хангасан үйлдлийг  тус тус  ойлгоно.

Дээрх сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай бодист хамаарах бөгөөд Монгол Улс “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хууль бус эргэлийн эсрэг Нэгдсэн Үндэсний  байгууллагын конвенцэд 2001 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэгдэн орсныг соёрхон баталжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ***д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэрэг нь бусдад хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах саналтай байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Шүүгдэгч *** нь үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч ойлгож ирсэн. Хувийн байдлын хувьд 10 жил гаруй тогтвортой ажиллаж, үүний үр шимд соёлын тэргүүний ажилтнаар шагнуулсан, аав нь мөрдөн байцаах ажиллагааны үеэс байнга хамт байж, хараа хяналт тавьдаг, өөрөө мөн дахин ийм зүйл хэрэглэхгүй гэдгээ хэлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн 6.5 дугаар зүйлийн 1.5 дах хэсэгт заасан өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тийм учраас дээрх хувийн байдлыг болон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж гэмт хэрэг тус бүрд нь зорчих эрх хязгаарлах ялын доод хэмжээ оногдуулж өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь *** нь урьд шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж түүнд зорчих эрх хязгаарлах ял шийтгэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч ***д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй  болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 286,1984 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл, мөнгөлөг цаас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ийн *** хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4.Шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялын бүсийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *** нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 286,1984 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл, мөнгөлөг цаас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай. 

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР