Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/397

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0364/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, шүүгч Б.Ихтамир, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Иргэдийн төлөөлөгч ***,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  Г.Уянга,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ийн ***т холбогдох 2218000000396 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** овогт ***ийн *** /***/, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймгийн ***  гол суманд төрсөн, эрэгтэй, *** настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, ***ийн хамт *** аймгийн *** сумын *** багийн *** дугаар байрны подвальд түр оршин суух хаягтай /*** аймгийн *** гол сумын *** багийн *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж 5 жил 1 сарын хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж 3 жил 1 сарын хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 83 дугаартай магадлалаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн *** цагийн үед *** аймгийн *** сумын *** дугаар багт байрлах *** бааранд хувийн маргааны улмаас иргэн ***ыг хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн шарх, цээжний хөндий хий цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн мэдүүлсэн: ...Энэ асуудал бааранд болсон. Би хутгалсан хутгаа Титаникийн хашаанд хаясан. Миний буруу. гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000396 дугаартай хэргээс:

 

Улсын яллагч: ***ийг баривчлах байранд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/, хохирогчийн өвчний түүх /хавтаст хэргийн 16-28 дахь тал/, хохирогчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-31 дахь тал/, гэрч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/, гэрч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49 дэх тал/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 115-116 дахь тал/-ыг шинжлэн судлуулав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хохирогчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 33-34 дэх тал/, гэрч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/, гэрч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/, гэрч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлуулав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч ***ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн *** цагийн үед *** аймгийн *** сумын *** дугаар багт байрлах *** бааранд хувийн маргааны улмаас иргэн ***ыг хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн шарх, цээжний хөндий хий цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хохирогч нь сүүлд надтай уулзахдаа ажилгүй байсан хугацааны зардлыг нэхэмжлэх талаар ярьж байсан боловч шүүх хуралдаанд ирээгүй байх тул цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээх саналыг шүүхэд гаргаж байна.гэв.

 

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Д.Золзаяа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн *** цагийн үед *** аймгийн *** сумын *** дугаар багт байрлах *** бааранд хувийн маргааны улмаас иргэн ***ыг хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн шарх, цээжний хөндий хий цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хяналтын камерт үзлэг хийсэн тухай ...Бичлэгийг цааш үргэлжлүүлэн шүүхэд тухайн хоёр эрэгтэй хүн 22 цаг 29 минут 33 секундэд хүртэл хоорондоо зодолдож байгаад хоёр тийшээ салж камерын хянах орчинд харагдахгүй болох бөгөөд уг тухайн хоёр хүний зодолдож байх бичлэг нь нийт 00 минут 13 секундийн хугацаанд үргэлжилсэн болно... гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

Эд зүйл хүлээн авсан тухай ...Оролцогч ***ээс бор өнгийн иштэй эвхэгддэг 1 ширхэг хутгыг 13 цаг 40 минутад хураан авч тэмдэглэл үйлдэв. гэх тэмдэглэл /хаваст хэргийн 7 дахь тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай ...***ээс гаргаж өгсөн бор өнгийн эвхэгддэг жижиг хутганд үзлэг хийв.  Үзлэгээр уг хутга нь эвхэгдсэн байхдаа 9 см урттай, дэлгэхэд ажлын хэсэг 17.5 см нийт 16.5 см урттай, өргөн нь 1.8 см урагш нарийссан шовх үзүүртэй хутга байв. Хутганы ажлын хэсгийн үзүүр нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9, 10 дахь тал/,

 

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 04, 09 дүгээр сарын 20-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Барилгачдын баяр гээд хуучин барилга дээр хамт ажилладаг байсан ах нарын хамт Хараа голын эрэг дээр гурван ширхэг том савтай пиво уугаад 21 цагийн үед Дархан сум руу орж ирээд ОКнэртэй баар орчхоод баарнаас гараад Арбатын гудамж дээш өгсөөд харих гээд явж байсан санаж байна. Тэгээд хаана хэнтэй зодолдсоноо санахгүй байна. Миний нуруунд хутгалагдсан шарх байгаа. Өөр  гэмтэл байхгүй. гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 31-34 дэх тал/,

 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр *** аймгийн *** сумын *** дугаар багт байрлах *** бааранд зөөгчөөр ажиллаж байсан. 22 цаг 40 минутын үед бааранд үйлчлүүлж байсан шар өнгийн үстэй эмэгтэй, шар өнгийн яактай залуутай бүжиглэж байхад хажуугаас нь нэг эрэгтэй хүн шар үстэй эмэгтэйтэй бүжиглэж байсан эрэгтэйн араас цохиод авсан. Тэгээд тэр эрэгтэй баарны бүжгийн талбайд хэсэг маргалдаад зодолдоод өнгөрсөн. Би тэр үед тэр хоёр хүний хэн хаана, хэнийг хэдэн удаа юугаар цохисон талаар хараагүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

 

Гэрч ***ын мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: ...Би *** аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цагдаагийн ахлах дэслэгч ***ийн хамтаар явган эргүүлийн үүргийг 19 цагаас 02 цаг 30 минутын хооронд гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа *** сумын *** дугаар баг Арбатын гудамж орчимд хяналт тавьж байхад тус гудамжинд үйл ажиллагаа явуулдаг *** баарны урд талд үл таних эрэгтэй хүн явган хүний зам дээр бөгсөөрөө газар сууж байсан. Тэгээд явж очоод тухайн залуугаас юу болсон талаар тодруулахад надад хариулахдаа миний нуруу руу танихгүй хүн бааранд байхад хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би 103 руу дуудлага өгөөд эмч ***д хүлээлгэн өгсөн. Үүний дараа жижүүрийн бүрэлдэхүүн ирээд *** баарны камер шүүж байгаад намайг эргүүлийн машинтай явж ***ийг эрэн сурвалжлуулахад би ***ийн хамтаар явж байгаад Арбатын гудамжинд байрлалтай *** сумын *** дугаар сургуулийн урд талаас ***ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхад нь олж тогтоож жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн юм. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн: ...*** бид хоёр 23 цаг өнгөрөөд 00 цаг болох гэж байх үед Арбатын гудамжаар эргүүл шалгалт хийж явж байтал *** баарны урд зогсож байсан хүмүүс цадаа энд хүн хутгалуулчихсан байна гэж дуудахаар нь бид хоёр яваад очтол өөрийгөө *** гэж танилцуулсан эрэгтэй хүн нуруун тус газраа хутгалуулчихсан бага зэрэг цус гарсан байдалтай байсан. Би түүнээс болсон асуудлыг тодруулсан чинь эмэгтэй, эрэгтэй хоёр хүн надаас эхлээд тамхи асууж байгаад хажуугаар зөрөхдөө нуруу руу юмаар цохичих шиг болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнээс ямар хүмүүс байсан юм бэ, тэр хүмүүсийг таних уу, тэр хүмүүс хаанаас гарч ирсэн бэ гэж асуухад *** гэх хүн надад би тэр хүмүүсийг танихгүй. Тэр хоёр хүн *** баарнаас гарч ирсэн гэж хэлсэн. Ингээд би цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж бүрэлдэхүүн дуудсан. Мөн 103 руу залгаж түргэн дуудсан. Ингээд жижүүрийн бүрэлдэхүүн ирээд *** баарны камерыг шүүж үзээд хутгалсан хүн нь тэр хавиар архи уугаад яваад байдаг *** мөн байна гэж хэлсний дагуу дэд ахлагч *** бид хоёр ***ийг эрэн сурвалжилж байгаад 18-н автобусны буудлын ойролцоогоос олж жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай ...***ын биед цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн шарх, цээжний хөндий хий цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ***ын биед тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. ***ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

 

***ийн яллагдагчаар 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн орой 22 цагийн үед өөрийн танил *** гэх хүүхэнтэй *** сумын *** дугаар багт байдаг *** баарны үүдэнд тааралдсан. Тэгэхэд *** надад *** баар руу орж ганц хоёр пиво ууя гэж хэлэхээр нь ***тэй хамт ороод хоёр хоёр пиво уучхаад босоод бүжгийн талбай дээр бүжиглэж байтал нэг танихгүй залуу миний хөлөн дээр гишгээд байхаар нь би түүнд чи замаа хараад бүжиглээч гэсэн чинь тэр залуу шууд миний нүд рүү цохисон. Тэгэхээр нь би өөрийн халаасанд байсан эвхдэг хутгаа гаргаж ирээд тэр залуугийн зүүн хавираг хавьцаа хатгачхаад шууд тэр баарнаас гараад явсан. Би баарнаас гараад Өнгөт хороолол руу явж найз ***ийн гэрт очоод байж байтал над руу нэг хүн залгаад гараад ир гэхээр нь би гараад 15 дугаар сургуулийн хажуугаар явж байгаад эргүүлийн цагдаатай тааралдсан. Тухайн үед согтуу байсан болохоор хэн залгаад гарч явснаа мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/ болон хэрэгт авагдсан эд мөрийн баримт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. гэж дүгнэв.

 

Гэмтлийнхүнд зэрэгт учрах үедээ амь насанд аюултай гэмтэл хамаарах бөгөөд хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн шарх, цээжний хөндий хий цус хуралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т заасан хүнд гэмтлийн шалгуур шинжийг тус тус хангаж байна.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч ***ийн согтуурсан үедээ хохирогч ***ыг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна. 

Шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултайг ухамсарлаж, түүнийг хүсэж, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл учирсан хүнд хохирлын хооронд шалтгаант холбоотой байна.

Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болох ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийн зүйлчлэлийг зэвсэг хэрэглэж гэж хүндрүүлсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *** нь 340,600 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн байх тул шүүгдэгч ***ээс 340,790 төгрөг гаргуулж хохирогч *** аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод оршин суух хаягтай *** овогт ***ийн *** /РД: ***, утас: ***/-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: Шүүгдэгч *** овгийн ***ийн ***ийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээсэн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулж, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулж, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсаргуулах саналтай байна. Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа гаргасан тайлбартаа: Хохирол төлбөрийг төлөх талаар өмгөөлөгч миний бие ажлын 5 хоногийн хугацаанд төлүүлэх гэсэн боловч хохирлыг барагдуулж чадаагүй. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хохирогчийг яг хутгалж байсныг харсан гэрч болон камерын бичлэг байдаггүй. Шүүгдэгчийн эхнэр нь 6 сартай жирэмсэн хүн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна, мөн хохирогчийн зүй бус үйлдлээс болж энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байна. Иймд хуульд заасан хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү. гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч *** нь урьд 5 удаагийн ял шийтгүүлсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч ***т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад  зааснаар 5 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн цагдан хоригдсон 24 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 4 жил 11 сар 06 оногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч *** нь энэ хэрэгт 24 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овогт ***ийн ***ийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***т 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 24 хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс 340,790 төгрөг гаргуулж хохирогч *** аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод оршин суух хаягтай *** овогт ***ийн *** /РД: ***, утас: ***/-т олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР

 

 

                                                         ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР

 

                                                           

                                                         ШҮҮГЧ                                      З.ТӨМӨРХҮҮ