| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2017/03115/И |
| Дугаар | 1441 |
| Огноо | 2019-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 1441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.А -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.М -д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Талууд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буцаан төлөх нөхцөлтэйгөөр 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, баталгааг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хийж өгсөн байдаг. Мөн Д.М зээлийн гэрээ болон зээлийн гэрээний хавсралт, мөнгө хүлээлцсэн баримт баталгаа гэх баримтуудад өөрөө хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан. Хожим 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулахаас өмнө 2016 оны 12 дугаар сард банкнаас зээл авах үед 15,750,000 төгрөг бодитоор шилжүүлж авсан байдаг. Ингэхдээ Худалдаа хөгжлийн банк ХХК-д н.Ундармаа барааны үнэ гэх нэртэйгээр тушаалгасан боловч Н.А гаас анх авахдаа зээлийн мөнгөө над руу шилжүүлээч гэхэд нь наана чинь миний охин байгаа охиныхоо данс руу шилжүүлье гэж хэлээд охин руугаа шилжүүлэн охин нь явах гэхэд миний дүү дансанд тушаагаад өгөөч гэж хэлээд тушаалгаж, гарын үсэг зуруулсан байдаг. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг буцаан Д.М аас гэж төлсөн. Энэ тухай анхан шатны шүүх хуралдааны явцад 3,500,000 төгрөгийг н.Цэцэгмаа төлсөн, 500,000 төгрөгийг Д.Мөнжаргал төлсөн гэж хэлдэг. Хэдэн төгрөгийг хэн төлснөөс үл хамааран Д.М буцаан төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Ингээд үлдэх 26,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэж байна. Хэдийгээр талуудын хооронд дүр үзүүлэн хожим нь гэрээ байгуулсан боловч 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 30,000,000 төгрөг зээлсэн талаар тусгаж, тус мөнгийг бэлнээр хүлээн авсан гэх баримтыг үйлдсэн байгаа. Тухайн мөнгө бодит байдал дээрээ 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр н.Ундармаа гэх нэрээр Жи тайм компанийн 473018711 тоот дансанд шилжсэн байдаг. Энэ нь Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн орлогын ордероор тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч тал хэлэхдээ Д.М ын данс руу шилжүүлээд өгчихсөн бодит баримт байгаа гэж байгаа ч тийм баримт байхгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдүүлэгч нь зээлдүүлэгчид мөнгийг бодитоор шилжүүлсэн гэж үзэж, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх нэхэмжлэгч талын тайлбар хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Мөн шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон Улсын дээд шүүхийн тогтоолоор хэргийн оролцогч биш этгээдийн өгсөн 3,500,000 төгрөгийг хариуцагч төлсөн гэх дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтуудад нийцэхгүй байгаа талаар дүгнэсэн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг 4,000,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр бүрэн тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тогтоогдохгүй байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Д.М д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан боловч бодитоор мөнгө шилжээгүй, нэг ч төгрөг аваагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Мөнгө зээлдүүлсэн тухай гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу 30.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Бэлэн мөнгө хүлээн авсан тухай” баримтад “...Д.М нь 30.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болно” гэж дурдаад талууд гарын үсэг зурсан, мөн хариуцагч Д.М нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “Баталгаа гарах нь” гэх бичгээр “Н.А д өгөх 30.000.000 төгрөг хугацаа сунгаж, 2017 оны 6 дугаар сарын 15-ны дотор бүрэн барагдуулж дуусгана” гэж тус тус баримт үйлдсэн байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ХААН банкнаас зээл авч, уг зээлийн хүүг Д.М хариуцахаар тохиролцож, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр охин У.Ундармаагаар Д.М ын нэрийн өмнөөс Жи Тайм Корпорейшн ХХК-д 15.750.000 төгрөгийг шилжүүлсэн. Хаан банкны зээлийн хүү 11.500.000 төгрөг, бэлнээр 2.700.000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд уг мөнгийг нэгтгээд 30.000.000 төгрөг гэж тооцож, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч Д.М нь 2017 оны 01-ний 10-ны өдөр 4.000.000 шилжүүлсэн тул үлдэгдэл 26.000.000 төгрөгийг хариуцагч Д.М аас гаргуулахаар шаардсан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.
2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Мөнгө зээлдүүлсэн тухай гэрээ”-ний дагуу мөнгө бэлнээр шилжээгүй атлаа 30.000.000 төгрөг бэлнээр хүлээн авсан гэх агуулга бүхий 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Бэлэн мөнгө хүлээн авсан тухай” баримт үйлдсэн нь хуульд нийцэхгүй байна.
Жи тайм корпорейшн ХХК-д У.Ундармаа нь 15.750.000 төгрөгийг шилжүүлэхдээ 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 41 дэх тал/-ээр тогтоогдож байна.
У.Ундармаа нь хариуцагч Д.М ын нэрийн өмнөөс Жи тайм корпорейшн ХХК-д мөнгө шилжүүлсэн гэх боловч хавтаст хэргийн 35 дахь талд авагдсан Худалдаа хөгжлийн банкны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орлогын ордерт У.Ундармаа нь Жи тайм корпорейшн ХХК-д өөрийн нэрийн өмнөөс шилжүүлсэн болох нь нотлогдож байна.
Талуудын хооронд 15.750.000 төгрөгийг зээлийн харилцаа үүссэн болох нь баримтаар нотлогдохгүй, мөн Жи тайм корпорейшн ХХК-д У.Ундармаагийн шилжүүлсэн мөнгийг хариуцагч Д.М аас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Ж.Ууганбаатар, Н.А нар нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ХААН банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 25.000.000 төгрөгийг зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэйгээр бизнесийн зориулалтаар зээлсэн бөгөөд уг зээлийн хүүг хариуцагч Д.М аас шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Дээрхи зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөний хүүг Д.М төлөхөөр тохиролцсон, мөн Д.М д бэлнээр 2.700.000 төгрөг шилжүүлсэн үйл баримт баримтаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт Д.М аас 4.000.000 төгрөг шилжүүлсэн гэх боловч уг баримтад хариуцагч Д.М гарын үсэг зураагүй болох нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2449 тоот шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх хариуцагч Д.М аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26.000.000 төгрөг гаргуулах тухай Н.А гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
У.Ундармаа нь бусдад шилжүүлсэн гэх 15.750.000 төгрөгийг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Д.М аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.А гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.