| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2022/0355/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/406 |
| Огноо | 2022-12-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/406
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0355/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрсайхан,
Шүүгдэгч *** /Цахимаар оролцсон ба өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ын ***д холбогдох 2208016011249 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** овогт ***ын *** /РД: ***/, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, *** нарын хамт *** аймгийн *** сумын *** дүгээр багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймгийн шүүхийн *** оны *** дүгээр сарын ***ны өдрийн *** дугаартай шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
Дархан хот дахь сум дундын шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,
Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2б дахь хэсэгт зааснаар 23 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ялаар, Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай шүүхийн магадлалаар хугацааны өмнө тэнсэн сулласан 1 /нэг/ жил, 7 /долоон сар/, 6 /зургаа/ хоногийн хорих ялын зарим болох 1/нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 25 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай захирамжаар 19 жил 11 сар 26 хоногийн хорих ялыг бүрэн эдэлсэнд тооцож, сулласан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 08 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар хорих ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольж, нийт биечлэн эдлэх ялыг 11 жил 02 сар 02 хоногийн хорих ял оногдуулсан.
*** оны *** дугаар сарын ***-ний өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *** дугаартай захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан ***д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг 06 жил, 03 сар, 02 хоногийн хорих ялаар сольж, улмаар *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *** дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ***ыг эдлээгүй үлдсэн 05 жил 06 сар 12 хоногийн хорих ялыг өвчний учир ялаас чөлөөлсөн.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч *** нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр *** дүүргийн *** дүгээр хороо *** төвийн орчим хувийн маргааны улмаас иргэн ***ын нүүрэн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар, эрүүнд зүсэгдсэн шарх, баруун шанаа, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 19 цагийн үед *** аймгийн *** сумын *** дугаар багийн *** байрны *** тоотод иргэн ***ийг зодож эрүүл мэндэд нь доод уруулын зүүн доод хэсэгт, дээд доод уруулын салстад шархнууд, баруун нүдний зовхи, цээжний зүүн өмнө хэсэгт цус хуралт, зулайн хуйх, баруун сарвууны гадна, цээжний ар хэсэг, баруун хөлийн шилбэний өмнө зулгаралт, хоёр шүдний хөдөлгөөнтэй байдал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***мэдүүлэхдээ: “...Би Эрдэнэзул, Түвшин-Эрдэнэ нарын биед хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би одоо Улаанбаатар хотод хорт хавдрын улмаас эмчилгээ хийлгэж байгаа.” гэв.
Эрүүгийн 2208016011249 дугаартай хэргээс:
2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дуудлага мэдээлэл илтгэх хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/, хохирогч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дуудлага мэдээлэл илтгэх хуудас /хавтаст хэргийн 102 дахь тал/, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 103-107 дахь тал/, хохирогч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 110-111 дэх тал/, гэрч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 113 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 122-123 дахь тал/, яллагдагч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34, 141-142 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч ***ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч *** нь хохирогч ***, ***нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэв.
Шүүгдэгч *** нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч ***ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *** нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр *** дүүргийн *** дүгээр хороо *** төвийн орчим хувийн маргааны улмаас иргэн *** ын нүүрэн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар, эрүүнд зүсэгдсэн шарх, баруун шанаа, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 19 цагийн үед *** аймгийн *** сумын *** дугаар багийн *** байрны *** тоотод иргэн ***ийг зодож эрүүл мэндэд нь доод уруулын зүүн доод хэсэгт, дээд доод уруулын салстад шархнууд, баруун нүдний зовхи, цээжний зүүн өмнө хэсэгт цус хуралт, зулайн хуйх, баруун сарвууны гадна, цээжний ар хэсэг, баруун хөлийн шилбэний өмнө зулгаралт, хоёр шүдний хөдөлгөөнтэй байдал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Хохирогч ***ын мөрдөн байцаалтад 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “...2022 05 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн өдөр *** дүүргийн *** дүгээр хороо, *** төвийн орон нутаг руу явдаг автомашины зогсоол дээр байхад 20 цагийн үед ***ийн хамт байж байхад үл таних согтуу залуу архины шил бариад *** дээр яваад байсан бөгөөд ойр хавьд байсан хүмүүстэй муудалцаад маргалдаад хүмүүсийн машины хамар луу өшиглөөд яваад байсан ба миний машин дээр ирээд машинаа унтраа писда минь гэж согтуу агсам тавиад байхаар нь машиныхаа хаалгаар түлхсэн. Тэгтэл тэр үл таних согтуу залуу цаашаагаа эргээд барьж явсан архины шилээ хагалаад буцаад над дээр ирээд шууд гартаа барьсан архины шилээрээ миний нүүр рүү 2 удаа цохисон. Миний баруун хацар дээр зүсэгдсэн шарх, эрүүний дод талд зүсэгдсэн шарх байна. Миний биед гэмтэл учирсан.” мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 13-14 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6954 дугаартай “…***ын биед зүүн хацар, эрүүнд зүсэгдсэн шарх, баруун шанаа, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 103-107 дахь тал/
Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 19- ний өдрийн 11 цагийн орчимд *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр үйлчилгээний төв дээр танил хуурай ах ***тэй тааралдаад манай гэрт хоёр шил 0,75 граммын архи авч ороод хувааж уугаад сууж байсан. Тэгэхэд *** ахын гар утас руу нь ***ах залгахад манай гэрт байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй би байрныхаа гаднаас ***ыг тосож авахад *** ах нэг эмэгтэй хүнтэй хамт явж байсан. Тэгээд манайд орж ирэхээр нь би аяга шөлтэй хоол хийж өгсөн. Тэгээд нөгөө авсан архиа хувааж ууж дуусахад *** нэг шил архи аваад уусан. Тэгээд тухайн үед хэн хэн нь нэлээн согтоцгоосон ба *** тасраад унтаад өгсөн. Тэгээд би *** ахтай хамт манай гэрт орж ирсэн хүүхнийг би гэрээсээ хөөгөөд явуулсан. Ингээд орой 19 цагийн орчимд *** ах унтаж байгаад сэргээд босож ирснээ нөгөө хамт орж ирсэн хүүхнээ хаана байгааг асуухаар нь би тэр хүүхэн чинь өөрөө явлаа гэж хэлээд яваад өгсөн гэж хэлэхэд чи өөрийнхөө гэрээс хөөж явуулсан байна гэж надад уурлаад намайг учир зүггүй цохиж нүдээд толгой, цээж, хөл, гар, нүүр рүү өшиглөж, гараараа маш олон удаа цохиж зодсон. Тэгээд би арай гэж гэрээсээ зугтаагаад гарахад өөдөөс цагдаа нар хүрээд ирсэн. Миний биед учирсан гэмтлүүдийг Бөхбат учруулсан. Миний толгой хэвийн байгаа тул томограф авхуулах шаардлагагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110-111 дэх тал/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн. “...Би өнөөдөр ***ын амьдарч байгаа гэрт очсон. Намайг очих үед ***ын гэрийн хаалга онгорхой байдалтай байхаар нь гайхаад орсон чинь хүн байхгүй. Зурагт нь асаалттай. Плиткан дээр нь хоол буцалж байсан. Тэгэхээр нь зурагт, плиткыг нь унтаасан. Тэгсэн удалгүй гаднаас *** цагдаа нарын хамт гэртээ орж ирсэн. Тэгээд цагдаа нар юу болсон талаар асууж байгаад ***ыг эмнэлэгт очиж биеэ үзүүл гэж хэлсэн. Тэгээд ***ын байрны гадна гарч ирсэн чинь ***тай зодолдсон гээд Бөхбат гэж залуу байсан. ... ***ын баруун нүд нь жаахан хавдсан байсан. Бөхөө ч гэмтэл авсан зүйл харагдаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 113 дахь тал/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 543 дугаартай “...***ийн биед доод уруулын зүүн доод хэсэгт, дээд доод уруулын салстад шархнууд, баруун нүдний зовхи, цээжний зүүн өмнө хэсэгт цус хуралт, зулайн хуйх, баруун сарвууны гадна, цээжний ар хэсэг, баруун хөлийн шилбэний өмнө зулгаралт, 2 шүдний хөдөлгөөнтэй байдал тогтоогдлоо. ***ийн биед илэрсэн дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ***ийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 122-123 дахь тал/,
***ын яллагдагчаар 2022 оны 07 дугаар сарын 26, 08 дугаар сарын 03-ны өдөр тус тус мэдүүлсэн “...2022 оны 05 дугаар сарын 10-ны өдриин 20 цагийн *** дүүргийн *** дүгээр хороо *** төвийн орон нутаг руу явдаг автомашины зогсоол дээр явж байсан бөгөөд тухайн үед миний бие архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед нэг залуу машиндаа суучихсан машиных нь дуу нь надад чанга санагдаад тухайн залууд хандаад зүгээр зогсож байж машинаа унтраалдаа писда минь гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм архичин минь гээд машиныхаа хаалгаар намайг түлхсэн. Тэгэхээр нь би тухайн үед барьж явсан архины шилээ газар цохиж хаглаад уурандаа тухайн залуугийн нүүр рүү 2 удаа цохисон ба тухайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дүүгийн найз гэх *** над руу залгаад манай гэрт хүрээд ир гээд дуудсан. Тэгээд гэрт нь 12-13 цагийн үед очсон бөгөөд намайг очиход дөрвөн хүн архи уугаад сууж байсан. Нэрүүдийг нь сайн санахгүй байна. Тэгээд тухайн хүмүүстэй болон ***тэй архи ууж байгаад би согтоод унтаад өгсөн байсан ба эргээд сэрэхэд *** хажууд байсан ба өөдөөс томроод согтуу олон зүйл яриад байхаар нь миний уур хүрээд түүний нүүр рүү хэд хэдэн удаа цохиод толгойгоор нь шилэн хаалга мөргүүлээд цээж рүү нь мөн хэд хэдэн удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34, 141-142 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан зүүн хацар, эрүүнд зүсэгдсэн шарх, баруун шанаа, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий гэмтэл, хохирогч ***ийн эрүүл мэндэд доод уруулын зүүн доод хэсэгт, дээд доод уруулын салстад шархнууд, баруун нүдний зовхи, цээжний зүүн өмнө хэсэгт цус хуралт, зулайн хуйх, баруун сарвууны гадна, цээжний ар хэсэг, баруун хөлийн шилбэний өмнө зулгаралт, 2 шүдний хөдөлгөөнтэй байдал бүхий гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ***, *** нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийн хязгаарлалтыг шүүгдэгч ***ын оршин суугаа хаягаар тогтоох саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ***нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 6 удаа гэмт хэрэгт ял шийтгүүлсэн боловч эрүүгийн хариуцлагаа хүлээсэн байх тул энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүгдэгчийн эрүүл мэндийн хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч ***д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотоос гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялын бүсийг Улаанбаатар хотоос гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Нйислэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *** нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР