| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2019/00110/И |
| Дугаар | 1485 |
| Огноо | 2019-07-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 1485
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О О Г ХХК -д холбогдох,
Комацу РС 750-6 маркийн 9029 УН улсын дугаартай эксковаторыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Анастасия, хариуцагчийн өмгөөлөгч Г.Урантогос, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч нь Уудам мандал ХХК-тай худалдах худалдан авах гэрээ хийж, экскаватор худалдаж авсан. Гэрээндээ Өмнөговь аймгийн Мандал суманд байрлах Олон овоотын уурхайгаас авна гэж тохирсон. Үүнээс хойш нэхэмжлэгч тус экскаваторыг авахаар очсон боловч янз бүрийн шалтгаан хэлж өгдөггүй. Мөн цагдаа дагуулж очих гэсэн боловч цагдаа ийм асуудалд очихгүй, иргэний маргаан байна гэж хэлдэг. Мөн миний бие О О Г ХХК-ийн Тусгаар тогтнолын ордон дахь албан өрөөнд очиж экскаваторыг өгнө үү гэх хүсэлт өгсөн боловч өгдөггүй. Иймд экскаваторыг О О Г ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2018 оны 09 дүгээр сард О О Г ХХК-д хандсан. Түүнээс өмнө нэг ч удаа хандаж байгаагүй. Хандахдаа н.Дашдэмбэрэл гэх хүний нэр дээрх гэрчилгээ авч ирээд Ш.М би эзэмшигч мөн гэж хэлэхэд нь эргэлзээ төрсөн. Мөн энэ талаар залгаж асуусан. Тэгтэл Жунрон гэх хүн энэ миний өмчлөлийн экскаватор шүү дээ. Яагаад өөр хүнд өгөх гэж байгаа юм бэ гэж маргаан үүссэн. Тиймээс бид талуудад хүлээлгэж өгөх боломжгүй байна, асуудлаа хуулийн дагуу шийдвэрлүүл гэж явуулсан. Нэхэмжлэгчийн үзүүлсэн гэрээнд БНХАУ-ын иргэнийг төлөөлж н.Рэнцэндорж гэх хүний гарын үсэг байдаг. н.Рэнцэндорж гарын үсэг зурах этгээд биш учир худалдах худалдан авах гэрээг хууль бус гэж үзээд Ш.М гэх хүнд хүлээлгэж өгөх боломжгүй байсан” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Экскаватор нь анх Уудам мандал ХХК-д шилжсэн баримт хэрэгт авагдсан. 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу экскаватор нэг ширхэг, тэсэлгээний өрөмний авто машин шилжүүлэхээр болж, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Уудам мандал ХХК-д тус төхөөрөмжүүдийг хүлээлгэж өгсөн. Өнөөдрийг хүртэл экскаваторыг авч явахгүй О О Г ХХК-д хадгалагдаж байгаа. Гэтэл Ш.М гэх хүн 5 жилийн дараа гарч ирээд экскаваторыг миний өмчлөлийнх гэж хандсан байдаг. Нэхэмжлэгчийн бичиг баримтыг харахад Уудам мандал ХХК-тай гэрээ байгуулаагүй, н.Дашдэмбэрэл гэх хүнтэй байгуулсан байдаг. Тиймээс өгөх боломжгүй байна гээд хариуцагчийн зүгээс авто машиныг хүлээлгэж өгөөгүй. Өөрөө нэхэмжлэлийн шаардлагадаа 10 сая төгрөгөөр өгсөн гэж бичсэн байдаг. Сүүлд өгсөн гэрээнд 348 сая төгрөгөөр бэлнээр авсан гэж бичсэн байдаг.
Хуулийн этгээдийн бүртгэлээс Уудам мандал компанийн лавлагаа авахад 3 гишүүнтэй байдаг. Хоёр нь БНХАУ-ын иргэн, нэг нь Монгол улсын иргэн байгаа. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь БНХАУ-ын иргэн Ян Мин Жан гэх иргэн байгаа. Олон овоот ХХК болон Уудам мандал ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээнд БНХАУ-ын иргэн Ян Мин Жан компаниа төлөөлж гарын үсэг зурсан байдаг. Харин Ш.М Уудам мандал ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний гарын үсэг зөрүүтэй байгаа.
Тухайн үед манай зүгээс шүүх хуралдаанд хүсэлт гаргаж, бүртгэлд бүртгэгдсэн бичиг баримт ямар үндэслэлээр шилжсэнийг шалгуулъя гэхэд нэгэнт бүртгэлд бүртгэгдсэн бол шаардлагагүй гэж үзээд хүлээж аваагүй. Үүнийг ярьж байгаа шалтгаан нь 5, 6 жил өнгөрсөн байхад гэнэт 5 жилийн дараа нэг хүн гарч ирээд авъя гэж байгааг ойлгохгүй байна. Жинхэнэ өмчлөгчөөс бид хариуцан хадгалж байгаа төлбөрөө нэхэмжлэх болно” гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.М нь хариуцагч О О Г ХХК-д холбогдуулан комацу РС 750-6 маркийн 9029 УН улсын дугаартай эксковаторыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О О Г ХХК нь комацу РС 750-6 маркийн 9029 УН улсын дугаартай эксковаторыг хэнд хүлээлгэн өгөх нь тодорхойгүй байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь “Комацу РС 750-6 маркийн 9029 УН улсын дугаартай эксковаторыг 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Уудам мандал ХХК-иас худалдаж авсан ба хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн нэр дээр шилжүүлэх боломжгүй байсан, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тээврийн хэрэгслийг гэрчилгээг өөрийн нэр дээр авсан. О О Г ХХК-д очиж эксковаторыг авахаар шаардсан боловч өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч нь “...Уудам мандал ХХК-д 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 400.000.000 төгрөгт тооцож эксковаторыг өгөхөөр тохиролцсон. Үүнээс хойш 5 жил өнгөрч байхад аваагүй. Энд тэндээс эзэн нь гэж гарч ирээд байсан болохоор хэлцэл хийсэн талдаа шилжүүлэх нь зүйтэй гэж бодсон” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заажээ.
Нэхэмжлэгч Ш.М нь Уудам мандал ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Комацу РС 750-6 маркийн эксковаторыг 348.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн нэр дээр бүртгүүлж, 02197281 дугаартай гэрчилгээ авсан болох нь баримтаар нотлогдож байна.
Хууль ёсны өмчлөгч Ш.М нь бусдын хууль бус эзэмшлээс Комацу РС 750-6 маркийн 9029 УН улсын дугаартай эксковаторыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.
Хариуцагч нь Комацу РС 750-6 маркийн 9029 УН улсын дугаартай эксковаторыг О О Г ХХК нь өмчлөх эрхтэй гэж маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд хариуцагч О О Г ХХК-ийн хууль бус эзэмшлээс Комацу РС 750-6 маркийн 9029 УН улсын дугаартай эксковаторыг чөлөөлж, нэхэмжлэгч Ш.М д шилжүүлэхийг хариуцагчид О О Г ХХК-д даалгах нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч О О Г ХХК-ийн хууль бус эзэмшлээс Комацу РС 750-6 маркийн 9029 УН улсын дугаартай эксковаторыг чөлөөлж, нэхэмжлэгч Ш.М д шилжүүлэхийг хариуцагчид О О Г ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг, болон илүү төлсөн 104,750 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.