Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/413

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0391/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч *** /Өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *** дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ийн ***т холбогдох 2218000000453 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** овогт ***ийн *** /РД: ***/, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, зурагчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, ***ийн хамт ***аймгийн *** сумын *** дугаар багийн ***тоотод оршин суух хаягтай, урьд

Улаанбаатар төмөр замын тусгай шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жил хорих ял,

Төмөр замын шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял,

Дархан-Уул аймгийн шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125.2, 123.2-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,

Дархан-Уул аймгийн шүүхийн *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125.2, 123.2, 131.2-д зааснаар нийт 4 жил 11 сар 15 хоног хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** оны *** дүгээр сарын ***-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 145.2-д зааснаар 4 жил хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар 2 баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан.

 

 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны шөнө 00 цагийн үед *** аймгийн *** сумын *** дугаар багт байрлах *** захаас шинэ *** руу явах замд суусан таксинаас Самсунг Галакси Эс-21 ультра 5жи загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч ***д 4.100.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ “...Би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна.гэв.

 

Эрүүгийн 2218000000453 дугаартай хэргээс:

 

Хавтаст хэргээс хохирогч ***ы мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дахь тал/, “Капитал Зууч” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, “Мобиком корпораци” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4/9216 албан бичиг /хавтаст хэргийн 38 дахь тал/ дугаар хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч ***ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: ...Шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны шөнө ***ы гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж, ашигласан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.гэв.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч ***ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны шөнө 00 цагийн үед *** аймгийн *** сумын *** дугаар багт байрлах *** захаас шинэ *** руу явах замд суусан таксинаас Самсунг Галакси Эс-21 ультра 5жи загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч ***д 4.100.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч ***ны мөрдөн байцаалтад 2022 оны 10 дугаар сарын 06, 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус мэдүүлсэн ...Би 2022 оны 10 дугаар сарын 02-ны орой *** суманд үйл ажиллагаа явуулдаг *** бааранд ороод танихгүй хоёр эмэгтэй хүнтэй танилцаад нэг ширээнд хамт сууж байгаад 23:50 минутын үед баар хаагаад гарч байсан. Би нөгөө хамт сууж байсан хоёр эмэгтэй хүнтэй үүд рү гараад хувцасны өлгүүр рүү гараад хувцасны өлгүүрээс куртикээ аваад нэг эмэгтэйтэй хамт бие засах өрөө рүү орсон. Тэр хооронд нөгөө эмэгтэй хүн гараад явсан. Тэгээд араас нь бид хоёр гарсан. Тэгээд баарны гадна хэсэг сууж байгаад таксинд суугаад явсан. Би таксинд сууснаас хойш юм санахгүй байна. Би нэлээн согтолттой байсан. Тэгээд шөнө 02 цаг 30 минутад гар утас түрийвчээ алга болсноо мэдээд такси барьж ирээд цагдаад мэдэгдсэн.Миний гар утас бааранд ороход байсан. Тэгээд куртикнийхээ дээд халаасанд түрийвчтэйгээ хамт хийсэн байсан. Бааранд ороод гар утсаа нэг удаа гаргаж ирээд харчхаад буцааж хийсэн. Би Самсунг Эс 21 ультра 5 жи маркийн утсаар 7 сарын өмнө Мобикомоос 4,099,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утасны ар нь хар өнгөтэй 5 ширхэг камертай, нүүр нь хар өнгөтэй шилэн наалттай, саарал өнгийн хамгаалалтын гэртэй байсан. Би гар утсаа хүлээн авсан. Мөн уг гар утастай хамт гээгдүүлсэн бор өнгийн арьсан түрийвч болон иргэний үнэмлэх, банкны виза карт зэргийг *** гэх хүнээс нэхэмжлэхгүй. Учир нь би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир суусан таксинд унагасан эсхүл өөр газар гээгдүүлсэн байж ч магадгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 16 дахь тал/,

 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн ...Би 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дүүгийнхээ хамт *** суманд үйл ажиллагаа явуулдаг *** бааранд орж үйлчлүүлж байхад бид хоёрын ширээн дээр нэг танихгүй залуу ганцаараа ирээд би та хоёртой хамт суугаад гурвуулаа танилцъя гээд манай ширээнд суусан. Тэгээд бид хоёр бүжгийн талбай дээр хэсэг бүжиглэхэд тэр залуу хамт бүжиглэж байгаад 23:50 цагт баар хаагаад хүмүүс гарсан. Бид хоёр баараас гарч байхад нөгөө залуу бид хоёрыг дагаад гарсан. Тэгээд би үүдэнд бие засах газар орсон хойгуур манай дүү гараад такси аваад намайг хүлээж байсан. Тэгээд би үүдэнд би нөгөө залуутай хамт гараад дүүгийнхээ авчирсан таксинд хамт суугаад явсан. Таксинд явж байхад нөгөө залуу бид хоёртой хойд талд нь суугаад машины шал руу болон миний хувцас руу бөөлжсөн. Тэр үед таксины жолооч уурлаад нөгөө залууг буу гээд байсан. Тэгж явж байгаад *** сумын *** дугаар баг *** дугаар байрны гадна таксинаас буугаад бид хоёр гэр рүүгээ орсон. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн ...2022 оны 10 дугаар сарын эхээр байсан санагдаж байна. *** надад гар утас олсон гэж хэлээгүй. Хүнээс авсан юм гэж ярьж байсан. Би ямар маркийн гар утас гэдгийг нь мэдэхгүй байна. *** өөрийн ашигладаг *** дугаар болон миний ашигладаг *** дугаарыг хийж асааж байсан. Миний хувьд уг утсыг ашигласан зүйл байгаагүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ...Самсунг галакси эс-21 ультра 5 жи маркийн евро загварын гар утас /шинэвтэр/ 1ш, Tomy брэндийн хар өнгийн арьсан түрийвч /хэрэглэж байсан/ 1ш, Хаан банкны виза карт /алтан/ 1ш, иргэний цахим үнэмлэх 1ш зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 4375000=00 /Дөрвөн зуун далан таван мянга/ төгрөг байна. гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

Эд зүйл хураан авсан тухай ...Иргэн ***аас /***/ хар өнгийн нүүртэй ар тал нь хар өнгийн дээрээ Самсунг гэх бичигтэй 3 том 2 жижиг камертай хар өнгийн хамгаалалтын гэртэй IMEI1- ***, IMEI2- *** гар утсыг хураан авав гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 39 дэх тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай ...Хар өнгийн нүүртэй ар тал нь хар өнгийн дээрээ Самсунг гэх бичигтэй 3 том, 2 жижиг камертай гадуураа хар өнгийн хамгаалалтын гэртэй, IMEI1- ***, IMEI2- *** гар утсыг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 50 минутад хохирогч ***д хүлээлгэн өгөв. гэх тэмдэглэл /хавтаст хэргийн  40 дэх тал/,

 

***ын яллагдагчаар 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны10 дугаар сарын 02-ны өдөр шөнө 00 цагийн үед хуучин *** захын урдаас таксинд суугаад шинэ ***д байх *** хүртэл яваад буусан. Би одоо ямар таксинд суусан гэдгээ санахгүй байна. Приус 20 маркийн машин байсан гэдгийг мэдэж байна. Тухайн үед би архи дарс уугаагүй эрүүл байсан. Мөн таксинд суухдаа арын суудал дээр нь суусан юм. Уг таксинд надаас өөр хүн суугаагүй. Би ганцаараа явж байсан. Ингээд явж байхад  миний суусан суудлын хажуу талд хар өнгийн Самсунг маркийн гар утас байсан. Би уг утас байгааг нь суудал дээр сууж байхад миний гарт мэдэгдэхээр нь л аваад буусан. Өөр эд зүйл байсан эсэхийг хараагүй. Би уг гар утсыг авснаас хойш хоёр өдрийн дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *** зах дээр байдаг гар утасны засвар үйлчилгээ хийдэг танихгүй хүн дээр очиж кодыг нь гаргуулсан. Кодыг нь гаргуулахдаа манай хүүхэд миний гар утсыг кодлоод би кодоо мартсан байна гэж хэлээд проматлуулан эхнэр ***ийн нэр дээр байдаг *** дугаарын сим картыг хийж ашигласан. Манай эхнэр *** уг гар утсыг намайг олсон гэдгийг мэдэхгүй. Юун утас юм гэхээр нь би хүнээс авсан юм гэж л хэлсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд хуулийн мэдлэг байхгүй учраас утсыг ашигласан. Уг гар утсыг цагдаагийн алба хаагч хураан авсан. Одоо надад байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ***ын иргэн ***ны гээгдүүлсэн Самсунг Галакси Эс-21 ультра 5жи загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн амар хялбар аргаар амьдрах гэсэн сэдэлтийн улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *** эд зүйлээ хүлээн авсан, нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаараа мэдэгдсэн тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 3 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 7 удаа гэмт хэрэгт ял шийтгүүлсэн боловч эрүүгийн хариуцлагаа хүлээсэн байх тул энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч ***т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3.Шүүгдэгч ***т шүүхээс оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *** нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдсугай. 

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР