Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1070

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Б.Дэлгэрмаа,

          хохирогч М.Батцэцэг,

          шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч С.Болдбаатар,

          нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

         

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч С.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Бд холбогдох ................ дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.Б, 1982 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, .................... зогсоолын манаач ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, ................................. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.........................../,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 220 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт хорих ялын хэмжээг 3 жил хорих ялаар тогтоож, 2004 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,  

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Д.Б нь 2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 00:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хан-Уул дүүргийн уулзварын замд “Ниссан санни” загварын 87-85 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д “...Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, ...зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Батцэцэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Дашзэвэгийн Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1903005730277 дугаартай хэрэгт хураагдаж ирсэн Дашзэвэгийн Д.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №1217781 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б /РД:УК82041516/, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 55 дугаар байрны 00 тоотод оршин суух хаягтай/-гаас 94,438 /ерэн дөрвөн мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөг гаргуулан хохирогч М.Батцэцэг /РД: АЮ87080208, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 32-118 тоотод оршин/-т олгож, хохирогч М.Батцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч С.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 560 тоот шийтгэх эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал: 1.2-т гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч М.Батцэцэгт шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, хохирлоо төлсөн, хохирлоо төлөхөө илэрхийлсэн.

2. 2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул Таурын урд зам дээр Д.Б нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн.

3. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, хохирогч М.Батцэцэг, гэрч Ө.Сэндэрмаа болон шүүгдэгч Д.Б нарын мэдүүлэгт ...Тухайн өдөр бороо шивэрч, хальтиргаа ихтэй... гэх мэдүүлгүүдээс үзэхэд Д.Б нь нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн.

4. Шүүгдэгч Д.Б нь мөрдөн байцаалтын явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, мөрдөн байцаалтын явцад нотлох баримтыг цуглуулахдаа хэтэрхий яллах талыг барьсан байна.

5. Шүүгдэгч Д.Б нь хөгжлийн 70%-ийн бэрхшээлтэй, одоогийн байдлаар эрүүл мэндийн байдал их муудаж байгаа, шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй ял оногдуулсан байна.

Иймд шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн 7.1-т зааснаар ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн зан байдал...” зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар хэргийг тэнсэж өгнө үү. 94.000 төгрөгийг төлж барагдуулсан. ... гэв.

 

Хохирогч М.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ажлаа тараад явж байхдаа осолд орсон. Тэгээд эгэмний хагалгаанд ороод Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэж хэвтсэн. Дахин мэс засалд орж, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Миний хувьд гомдолтой байна. ... гэв.

 

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд шийдвэр гаргасан. Мөрдөн байцаалтын шатанд 200.000 төгрөг, шүүхийн шатанд 400.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч төлсөн. Анхан шатны шүүхээс 94.438 төгрөг төлүүлэхээр шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлагыг хангаагүй, хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж байгаа бол энэ зүйлд заасан дүгнэлт, тайлбар хэлэх эрхтэй” гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх эдгээр заалтуудыг агуулгад нийцүүлэн хуулийг хэрэгжүүлээгүйгээс шүүгдэгчийн Үндсэн хуульд заасан “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” эрх зөрчигдсөн байна гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Д.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр” гаргаагүй буюу энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Д.Бг мэтгэлцүүлэх бололцоогоор хангалгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан хэргийн бодит байдлыг тогтоох буюу мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зөрчлийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч С.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Д.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.ЗОРИГ

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ