| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2024/0545/З |
| Дугаар | 221/МА2025/0091 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2025/0091
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х
Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01107-А/1265/2023 дугаартай захирамжийн Улаанбаатар хотын *** дүүргийн * дугаар хорооны нутагт Үйлдвэрийн төвийн бүс, **** гудамж ** тоот хаягт байрлах, Э-2205****** бүртгэлийн дугаартай, 12,147 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг “Г б” ХК-д шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 821 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, өмгөөлөгч Ц.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0545/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01107-А/1265/2023 дугаартай захирамжийн Улаанбаатар хотын *** дүүргийн * дугаар хорооны нутагт Үйлдвэрийн төвийн бүс, ***** гудамж ** тоот хаягт байрлах, Э-2205****** бүртгэлийн дугаартай, 12,147 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг “Г б” ХК-д шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 821 дүгээр шийдвэрээр: Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тус тус заасныг анхан шатны шүүх зөрчиж, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн үнэлэлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
Нэхэмжлэгч “Б” ХХК-иас хариуцагч нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны хуулийн шаардлагыг хангалгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрхийг зөрчсөн гэж маргасан байхад анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийг хэрэглэж, маргаан үйл баримт, хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр, Шүүхийн тухай хуулийг хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино”, 3.1.3-д ““газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн”, 35 дугаар зүйлийн 35.1.4-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 35.1.7-д “газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж тус тус зааснаар газар өмчлөгчийн эрхийг төр хэрэгжүүлэх буюу эрх бүхий төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр газар эзэмшигч нь уг эрхээ бусдад барьцаалж, шилжүүлэх эрхтэй болно.
Нэхэмжлэгчийн тухайд хуульд заасны дагуу 2014 онд “Г б”-аас зээл авахдаа газар эзэмших эрхээ барьцаалсан ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8476 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх хуудас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гарсны дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын хооронд “Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож, шилжүүлэх /үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах/гэрээ байгуулагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-д “төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
Гэтэл уг ажиллагаа дуусгавар болсон байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг “Г б” ХХК-д шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”-ийг хянаж, шалгаж тогтоох, үүргээ захиргааны байгууллага биелүүлэлгүйгээр хууль бус шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д “захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол” сонсох ажиллагаа хийхгүй буюу шүүхийн шийдвэрийг биелүүлж шилжүүлсэн гэж тайлбарласан боловч тухайн иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй, хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 20/5-431 дугаар тогтоолоор дуусгавар болсон байхад үүнээс хойш 3 жилийн дараа буюу 2023 онд гуравдагч этгээдийн хүсэлтэд хавсаргасан, уг албан бичиг нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн бөгөөд нийслэлийн Засаг даргад хаяглагдаагүй байна.
Мөн иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох үндэслэл болсон 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах агуулгатайгаас гадна уг гэрээний 2.1-д “... өр төлбөрт тооцож, дараах үл хөдлөх хөрөнгүүдийг банкны өмчлөлд шилжүүлнэ”, 2.6- д “Хариуцагч нь 2.2.1-д заасан хугацаандаа төгрөгийн төлбөрийг барагдуулсан тохиолдолд банкны зүгээс банкны өмчлөлд шилжүүлсэн, Үйлдвэрлэлийн зориулалттай барилга /Ү-2205****** ГД-000******/ *** дүүрэг, * дугаар хороо Дундгол ** тоотод орших 4660 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэн өгөх үүрэг хүлээнэ” гэж тус тус зааснаас харахад газар эзэмших эрхийг шилжүүлэх агуулга байхгүй зөвхөн барилгын өмчлөх эрхийг шилжүүлнэ гэсний дагуу 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хэргийн 6 дугаар талд авагдсан Эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаагaap тогтоогдсон.
Харин гуравдагч этгээдээс дээрх гэрээгээр газар эзэмших эрхийг шилжүүлэх шүүхийн шийдвэртэй, нэхэмжлэгч нь газрын төлбөрөө төлөхгүй байснаас тухайн 2020 ондоо шилжүүлэх боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь иргэний шүүхийн шийдвэрээр төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гүйцэтгэхээр заасан бөгөөд иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд дээр дурдсанаар талууд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон гэрээнд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлсэн, газар эзэмших эрхийг шууд шилжүүлэх гүйцэтгэх хуудасгүй байхад газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтээ 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан ч газар эзэмших эрхийн гэрчилгээ эх хувиараа Г банд байсны улмаас буцаагдаж, улмаар “Г б”-ны 2020 оны 01 дүгээр сарын 07-ны барьцаанд байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулахад татгалзах зүйлгүй гэсэн агуулга бүхий албан бичгийг гаргуулж, хуульд заасны дагуу газрын зөрчилд 5 сая төгрөгийн торгууль төлж, зөрчлөө арилган 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/205 дугаар захирамжаар газар эзэмших эрхээ сунгуулж, хуульд заасны газрын төлбөрөө татварын албанд үүссэн нэхэмжлэхийн дагуу төлж байсан ба энэ талаарх баримтаа шүүхэд гаргасан болно. Энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа аль хэдийн дуусгавар болсон, үүнээс хойш газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалсан бүртгэл хийгдсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01-05/6877 албан бичгээр хариу ирсэн ч уг албан бичигт сунгаснаас хойш маргаан бүхий акт гарах хүртэл хугацаанд барьцааны бүртгэл байсан эсэх нь тодорхойгүй байсан. Иймээс энэ талаар баримтыг гаргуулахаар 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагч талаас хүсэлт гаргасан, уг баримт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон эсэх, мөн барьцааны бүртгэлтэй байсан эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдол бүхий баримт байхад энэ талаарх баримтыг хэрэгт авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.
Нөгөөтээгүүр Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ эрх бүхий захиргааны байгууллагын буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрийг үндэслэн шууд газар эзэмших эрхийг шилжүүлэх талаар тусгайлсан зохицуулалт байхгүй тул захиргааны байгууллага зөвшөөрснөөс бусдыг хориглох зарчмын дагуу Газрын тухай хуульд зааснаар төрийн захиргааны байгууллага өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж байгаагийн хувьд газар эзэмших эрхийг зөвхөн мөн хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлэх ёстой.
Иймд хуулийн 38.2-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3-д “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.4-д “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт” гэж заасан баримтуудыг хавсаргасан тохиолдолд л газар эзэмших эрхийг шилжүүлэхээр байна.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх агуулгатай ч Газрын тухай хуульд зааснаар өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж буй төр буюу захиргааны байгууллага нь газар эзэмших эрхийг хуулийн дагуу шилжүүлэх боломжтой эсэхийг зөвхөн хуулийн 38 дугаар зүйлд заасныг үндэслэж, заавал шалгаж тогтоох ба энэ тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийн дагуу газрыг шилжүүлэхдээ бүхий нөхцөл байдлыг шалгаж тогтоох ёстой буюу дээр дурдсанаар нэхэмжлэгчээс газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргаагүй, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулаагүй, албан татвар хураамж төлсөн баримт байхгүй, үүнээс гадна нэхэмжлэгч нь эвлэрлийн гэрээнд зааснаар төлбөрөө учир үл хөдлөх эд хөрөнгөө буцаан шилжүүлэх эрхээ алдсантай холбогдуулан уг өмчлөгч болох “Г б” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг шилжүүлэн авах эрх үүсэх боломжтой боловч энэ нь шууд газар эзэмших эрхийг бүхэлд нь шилжүүлэн авах агуулга бүхий биш буюу газар эзэмших эрх шилжүүлэх эсэх нь эргэлзээтэй, гэрээнд зааснаар эзэмших эрхийг шилжүүлэх агуулга байхгүй, дээрх буцаан худалдан авах гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь хугацаандаа төлбөрөө төлсөн эсэх нь тодорхойгүй, шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичиг нь цаг хугацааны хувьд 3 жилийн өмнөх албан бичиг байгаа тохиолдолд заавал газар эзэмшигч болох нэхэмжлэгчээс энэ талаар тайлбар авч, газар эзэмшигч нь газраа бүхэлд нь эсхүл газрын зарим хэсгийг шилжүүлэх эсэхийг заавал тодруулж хянан шалгах үүрэгтэй байхад энэ үүргээ хэрэгжүүлж, нягтлан шалгалгүйгээр нэхэмжлэгчийн зөвшөөрөл авах хуулийн заалтыг зөрчиж, газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг хянан шалгалгүйгээр. Газрын тухай хуулийг хэрэглэж, хуулийн 38 дугаар зүйлд үндэслэл бүхий тайлбар өгөхгүйгээр Шүүхийн тухай хуулийг хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01107-А/1265/2023 дугаартай захирамжийн Улаанбаатар хотын *** дүүргийн * дугаар хорооны нутагт Үйлдвэрийн төвийн бүс, *** гудамж ** тоот хаягт байрлах, Э-2205****** бүртгэлийн дугаартай, 12 147 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг “Г б” ХК-д шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/283 дугаар захирамжаар “Б” ХХК-д *** дүүргийн * дугаар хороонд ноолуурын үйлдвэрийн зориулалттай 12 159 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/205 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж шийдвэрлэсэн байх бөгөөд маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/1265 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг “Г б” ХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
2.3. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас дээрх захирамжийг эс зөвшөөрч буй үндэслэлээ “... “Б” ХХК нь Э-2205****** бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийг “Г б” ХК-д шилжүүлэх гэрээг байгуулаагүй, нотариатаар баталгаажуулаагүй байхад нийслэлийн Засаг дарга 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01107-А/1256/2023 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг зөрчиж газар эзэмших эрхийг шилжүүлсэн...” гэж тайлбарлан маргасан ба анхан шатны шүүх “... Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2018/08476 дугаар Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар “Г б” ХК, “Б” ХХК-ийн хооронд байгуулсан Зээлийн гэрээний 17, 873,513,666 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаанд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 118 дугаар эвлэрлийн гэрээг үндэслэн баталгаажуулсан байна, ... захирамж нь шүүхийн шийдвэрийн нэг хэлбэр бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болж, уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа 2019 онд эхэлсэн бөгөөд уг ажиллагааны үргэлжлэл болж маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1265 дугаар захирамж гарсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна, ... хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны үргэлжлэл болон гарсан нийслэлийн Засаг даргын захирамж хуульд нийцсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан гэж үзэхээр байна, ... түүнээс бус шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ хүртэл тухайн газрыг шилжүүлэн өгөгч, шилжүүлэн авагч талууд хүсэлт гаргах байдлаар газрын эрхийг шилжүүлэх ёстой байсан гэж буруутгах үндэслэл болохгүй бөгөөд уг ажиллагааг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж байгаа энэ тохиолдолд хамаарахгүй, хариуцагч байгууллагаас заавал Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулах ёстой байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2.4. Хэдийгээр нэхэмжлэгчээс “... газар эзэмших эрхийг “Г б” ХК-д шилжүүлэх гэрээ байгуулаагүй нотариатаар баталгаажуулаагүй байхад Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг зөрчиж газар эзэмших эрхийг шилжүүлсэн, ... 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах агуулгатайгаа гадна уг гэрээний 2.6-д ... зааснаас харахад газар эзэмших эрхийг шилжүүлэх агуулга байхгүй зөвхөн барилгын өмчлөх эрхийг шилжүүлнэ гэсний дагуу 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн...” гэж тайлбарлан маргах боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Барьцаа хөрөнгийн зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээгээр няцаагдаж байна. Тодруулбал, тус гэрээнд нэхэмжлэгч “Б” ХХК нь 17 875 013 666.01 төгрөгийн өр төлбөрт тооцож *** дүүргийн * дугаар хороо, **** гудамж ** тоот 4660 м.кв ноолуур боловсруулах туршилтын үйлдвэр, *** дүүргийн * дугаар хороо, *** гудамж ** тоот 12159 м.кв 15 эзэмших эрхтэй газрын хамт “Г б” ХК-д шилжүүлэхээр тохиролцсон болох нь тогтоогдож байна.
2.5. Түүнчлэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд шилжүүлэхээр тохиролцсон дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг буцаан авах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч компани нь зээлийн гэрээний төлбөрийг төлөх хугацаа өнгөрсөн боловч төлөлт хийгдээгүй байгаа энэ тохиолдолд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу газар эзэмших эрхийг ийнхүү “Г б” ХК руу шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй төдийгүй энэхүү газар эзэмших эрхийг шилжүүлж буй харилцаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан талуудын хүсэлтээр газар эзэмших эрх шилжүүлэх харилцаанаас ялгаатай тул “...38 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж газар эзэмших эрх шилжүүлсэн” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих зарим хуулийн зохицуулалтыг баримтлахгүй орхигдуулсан, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсгүүдэд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг “Шүүхийн тухай хууль” гэж буруу бичсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлтүүдийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 821 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН