Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 599

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Зын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/03087 дугаар шийдвэртэй, Д.Зын нэхэмжлэлтэй, хариуцагч “К” ХХК, “М” ХХК-д холбогдох, хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ануу,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К” ХХК нь “М” ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус компанитай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулахдаа “М” ХХК нь 44 А, Б, В, Г байрны зоорийн давхрын авто зогсоол тус бүрээр өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд энэхүү улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж, “К” ХХК нь захиалагч Д.З миний хөрөнгөөр баригдаж, захиалагч нь эзэмшиж, ашиглаж эхэлсэн автозогсоолыг мэдсээр атлаа хууль зөрчиж, зээлийн харилцаанд огт хамааралгүй иргэн миний эд хөрөнгийг надад огт мэдэгдэлгүйгээр барьцаалсан байна.

Иймд Д.З миний бие “К” ХХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан дээрх Зээлийн барьцааны гэрээнээс миний өмчлөлийн авто зогсоолуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөх нэхэмжпэл гаргаж байна. 2008 оны 2 дугаар сарын 29-ний өдөр “М” ХХК-тай 101 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй Вlue Sку хотхоны 44В байрны зоорийн давхар 66, 67 тоот авто зогсоолыг захиалан бариулж, тооцоог бүрэн барагдуулж, тус компаниас өмчлөх эрхийг хууль ёсоор өөрийн нэр дээр бүртгүүлэхийг шаардсаар ирсэн ч уг үүргээ биелүүлээгүй тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүх 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/01537 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. ”М” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д зааснаар захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зөрчиж, миний хөрөнгө оруулалтаар бий болсон авто зогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй байхад өмчлөх эрхийн улсын бүртгэлийг өөрийн нэр дээр хийлгэснээр 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “К” ХХК-д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлий 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг зөрчсөн.

Харин “К” ХХК-ийн хувьд Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4-т заасныг зөрчиж барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр, миний эрх ашгийг зөрчсөн хэлцэл байгуулсан. “М” ХХК, “К” ХХК-ийн хооронд 2008 онд анх гэрээ байгуулагдсан гэж байгаа ч барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцаа хүчин төгөлдөр болохоор хуульд заасан ба гэрээг 2010 онд бүртгэлд бүртгүүлсэн тул энэ үеэс барьцаа хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэтэл 2010 онд барьцааны эрх үүсэхээс өмнө 2008 оны 7 дугаар сард нэхэмжлэгч төлбөрөө бүрэн төлж,  өмчлөгч болсон байна. Хэлцлийн зарим хэсгийг хүчингүй болгосноор хэлцэл бүхэлдээ хүчингүй болохгүй тул хариуцагч банкны шаардах эрх бусад хэсгээр хүчинтэй.

Иймд “М” ХХК, “К” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээний 44В дугаар байрны зоорийн давхарт байрлах, иргэн Д.Зийн өмчлөлийн 66, 67 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.З нь 2008 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Вlue Sку хотхон 44В байрны зоорийн давхарт байрлах 66, 67 тоот 2 зогсоолыг захиалж, тооцоог бүрэн барагдуулснаар эзэмшиж ашиглаж байгаа. Нэгэнт авто зогсоолууд Д.Зын өмч болсон тул өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэлийг манай компани хүлээн зөвшөөрч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/01537 дугаар захирамжаар баталгаауулсан. Тус компани Вlue Sку хотхоныг 2007 оноос эхлэн барьж 2010 оны 10 дугаар сард ашиглалтад оруулсан, үүнийг барихын тулд “М” ХХК болон түүнд хамаарах 10 компани “К” ХХК-иас нийт 15 000 000 000 орчим төгрөгийн зээл авч, орон сууцнуудыг худалдан борлуулах замаар барагдуулахаар тохиролцож борлуулсан орлого, үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөрт шилжүүлэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 27 000 000 000 орчим төгрөгийг төлсөн.

Бид “К” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээг байгуулж, 205 авто зогсоолыг барьцаалахаар тусгасан ч тухайн үед үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ байгуулагдаагүй, зөвхөн захирал Б.Батхүүгийн өмчлөлийн орон сууц, гражийг барьцаалж, дараа нь 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ хийж, 1 560 966 000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлөх хуваарь баталж, 205 зогсоолыг нийтэд нь барьцаалсан хэвээр байсан. “К” ХХК-ийн шаардлагаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот гэрээг шинэчлэн авто зогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээг компанийн нэр дээр бүртгүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалах явцад 66, 67 тоот зогсоолыг Д.Зт мэдэгдээгүй барьцаалсныг бүрэн хүлээн зөвшөөрч байна.

“К” ХХК нь дээрх зогсоолуудыг барьцаалахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байх, эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичих гэснийг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгалгүй зээл олгосон. Зогсоолуудыг барьцаанд бүртгүүлэх үед буюу 2010 оны 9 дүгээр сард 90 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан, 2009 оны 12 дугаар сараас иргэд нь эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд Д.З нэгэн адил авто зогсоолоо ашиглаж байсан.

Иймд нэхэмжлэгчийн “М” ХХК болон “К” ХХК-тай 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн барьцааны гэрээний 44В дугаар байрны зоорийн давхарт байрлах авто зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч “К” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К” нь “М” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Т07/141 тоот Зээл, барьцааны гэрээ байгуулж, 1 400 000 ам.долларыг жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын сууц, газар, дэд бүтцийн хамт, 205 авто зогсоол, 3 өрөө орон сууц, барилгын материалын үлдэгдэл зэргийг барьцаалсан. 2010 оны 5 дугаар сарны 13-ны өдөр “М” компанийн өмчлөлд 44А,Б,В,Г байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоог Зээлийн барьцааны гэрээгээр 1-205 тоот авто зогсоол тус бүрийг барьцаалсан. Барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болно. Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн баръцааны гэрээг бүртгэлийн байгууллагад буртгүүлж баталгаажуулсан, энэ тохиолдолд гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Кны хувьд Барьцааны гэрээг 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан журмаар бүртгүүлсэн нь хууль зөрчөөгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрийн хөрөнгөөр баригдсан үл хөдлөх хөрөнгийг “М” компани нь Ктай барьцааны гэрээ байгуулахдаа хууль ёсны өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй гэжээ. Авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр “М” ХХК 2007 оны 8 дугаар сарын 20, 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэй, 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэй бүртгэгдэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын буртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна, 18 дугаар зүйлийн 18.1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуулъд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авна гэсний дагуу өмчлөх эрхийн 000104090, 000104091 тоот гэрчилгээ авсан.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т ...үл хөдлөх хөрөнгө бол улсын буртгэлийн гэрчилгээ...-г хувийн хэрэгт нь хавсаргаж бүрдүүлбэрт тусгана гэж зааснаар банк нь барьцаа хөрөнгийн гэрчилгээг шалгаснаар дээрх зээлийг олгох үндэслэл болдог. Барьцаалах үед барилгын өмчлөгч гэдгээ нотолж авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжүүлэх зөвшөөрөл гэх баримтуудыг зээлдэгч гаргасан тул өмчлөгч биш гэж үзэх боломжгүй. Д.Зын хувьд 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн захирамжаар өмчлөгчөөр тогтоогдсон бол “М” ХХК 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 66, 67 тоот зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авсан, “К”  2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч болох “М” ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, Д.З барьцааны эрхээс хойно шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон нь “К” нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүйг харуулах ба улсын комисс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан К, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ТО7/141 тоот зээлийн барьцааны гэрээний хавсралтын эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014127, Ү-22060114128 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан, 44АБВГ байрны зоорийн давхрын 66,67 тоот авто зогсоол буюу нэхэмжлэгч Д.Зын хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч К, “М” ХХК-д даалгаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422 097 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас нийт 422 097 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх үнийг төлснөөр үүсэх тухай Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасныг шүүх хэрэглэсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж байгаа боловч мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх үнийг төлснөөр үүссэн хэмээн  хуулийг буруу тайлбарласан. Энэ зохицуулалт нь үл хөдлөх хөрөнгөтэй огт холбоогүй, лизинг бүхий харилцаанд зориулагдсан зохицуулалт юм. Нэхэмжлэгч нь “М” ХХК-тай 101 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээг 2008 оны 2 дугаар сарын 29-ний өдөр байгуулж, шүүгчийн 102/ШШ2016/01537 захирамжаар 66, 67 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоогдсон. Гэтэл шүүх “Д.З үнийг төлсөн 2008 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс тухайн авто зогсоолын хувьд өмчлөгчийн эрх үүссэн гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан. Д.З, “М” ХХК-тай хийсэн гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд түүний өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үүсэх тусгай зохицуулалттай учир үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх үүснэ гэж тайлбарлах нь буруу. Хэргийн үйл баримтаас “М” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 205 авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авсан, “К” нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч “М” ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

Харин нэхэмжлэгч Д.З дээрх барьцааны эрхээс хойш шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон нь “К” тухайн үед зохих ёсны этгээдэд мэдэгдэх нөхцөл бүрдээгүй, Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь уг эрхийг гэрчлэх хууль ёсны баримт бөгөөд банкны зээлийн үйл ажиллагаанд үл хөдлөх хөрөнгө барьцаалж буй тохиолдолд уг хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хувийн хэрэгт заавал бүрдүүлэх шаардлага байдаг. Банк уг шаардлагыг биелүүлж, хууль ёсны баримт бичгийн үндэслэн барьцаалсан. Улсын бүртгэл ил тод байх, улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх зарчимтай бөгөөд “М” ХХК болон иргэдийн хооронд тохиролцсон хэлцлийг мэдэх боломжгүй юм. Шүүх Кны хувьд зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгө гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэлцэл болсон гэж тайлбарлах нь хуулийн үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч “М” ХХК-ийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн бол “К” ХХК-ийг хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн тухай дүгнэлт хийгээгүй атлаа зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгө гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхолыг зөрчсөн хэлцэл болсон гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргааны зүйл, түүнд хамаарах нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч “М” ХХК, “К” ХХК-д холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнээс өөрт холбогдох хэсгийн заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч “М” ХХК хүлээн зөвшөөрч, хариуцагч “К” ХХК бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч “М” ХХК, нэхэмжлэгч Д.З нар 2008 оны 2 дугаар сарын 29-ний өдөр орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах 101 тоот гэрээг байгуулж, ажил гүйцэтгэгч тал нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй “Blue sky” хотхоны 44В байрны 66, 67 тоот авто зогсоолыг 2008 оны 3 дугаар улиралд барьж, ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, захиалагч Д.З 16 000 ам.долларыг шилжүүлэхээр харилцан тохиролцож, төлбөрийг 2008 оны 7 дугаар сарын 08-ны өдөр бүрэн төлж барагдуулсан үйл баримт тогтоогдсон байна. /хх7-10/

 

 Нэхэмжлэгч Д.З тухайн хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хариуцагч “М” ХХК-д холбогдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/01537 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх 11/

 

Анхан шатны шүүх, талууд шилжүүлж байгаа “эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэх агуулга бүхий Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасныг мөн хуулийн бусад зүйл, заалтуудтай холболгүйгээр буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Хариуцагч “М” ХХК нь маргааны зүйл болох\ Зайсан 44 дүгээр байрны авто зогсоолын зориулалттай тус бүр нь 18 м.кв талбай бүхий 66, 67 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж, 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 000104090, 000104091 дугаарын гэрчилгээ авсан нь хэрэгт баримтаар авагджээ. /хх 63,64/ 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Капитал банк” ХХК-тай тус компани Зээлийн барьцааны гэрээг байгуулж зээлийн үүргийн гүйцэтгэлд тухайн хаягт байрлах 1-205 дугаарын авто зогсоолыг нэг бүрчлэн зааж барьцаалсан ба үүнд 66,67 дугаар зогсоолууд хамрагдсан байна. /хх 66-72/

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4-т зааснаар зээлдүүлэгч нь барьцаалж байгаа эд хөрөнгийн эзэмшил ашиглалтыг бодитоор шалгах үүрэгтэй байдаг. Барьцааны гэрээ байгуулах үед тухайн барилга байгууламжийг улсын комисс хүлээн аваагүй байсан. 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Барилга ашиглалтад оруулах улсын комисс №01/01/2011 тоот актаар хүлээн авсан байна. /хх61-62/ Гэтэл ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээн аваагүй тохиолдолд тодорхой этгээдийн эзэмшилд байгаа эсэхийг барьцаалагч тал шалгах үүрэгтэй байсан гэж үзэх боломжгүй.

 

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэх бөгөөд мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох талаар зохицуулсан.

 

Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой барьцааны эрхийг олж авч буй хариуцагч “К” ХХК нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдтэй барьцааны гэрээ байгуулсныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

 

Энэ агуулгаар үзвэл хариуцагч “К” ХХК-ийн хувьд 2010 оны 5 сард эрх бүхий байгууллагад хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн “М” ХХК-тай барьцааны гэрээг байгуулах эрхтэй тул нэхэмжлэгчээс уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, барьцаанаас чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 112 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих тухай зохицуулалт нь улсын бүртгэл үнэн зөв байх хуулийн дээрх заалтыг үгүйсгэхгүй. Харин өмчлөх эрх шилжихтэй холбоотой үр дагавар, эрсдэл шилжихтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх улсын бүртгэл үнэн зөв гэж үзэх зарчмыг үгүйсгэх агуулгаар тайлбарласан нь буруу болжээ.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч “К” ХХК нь “М” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй “Blue sky” хотхоны 44В байрны 66, 67 тоот авто зогсоолын улсын бүртгэлд үндэслэн барьцааны гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл буюу хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/03087 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “К” ХХК, “М” ХХК нарт холбогдох, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай Д.Зын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/03087 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлгүй тул “К” ХХК, “М” ХХК нарт холбогдох, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Д.Зын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “К” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422 097 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                    Т.ТУЯА