| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2019/01553/И |
| Дугаар | 1578 |
| Огноо | 2019-07-23 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 1578
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б Д ХХК -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г П ХХК - д холбогдох
Талбайн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 245.048.670 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, Л.Ганчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 12-1-т байрлах, 8 давхарын 801 тоот болон 803 тоот, нийт 142 м.кв талбайг хариуцагч компанид 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаатай талбай түрээсийн гэрээ байгуулсан.
Ингээд түрээслэгч талын хүсэлтээр гэрээг дараах хугацаагаар сунгасан. Үүнд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хавсралтаар 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, дараа нь 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1 жилийн хугацаатай сунгасан. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хавсралтаар 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан. Сүүлд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай сунгасан. Сунгахдаа түрээсийн төлбөрийн үнийн дүн дээш өөрчлөгдөж байсан. Ингээд талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн төлбөрийг баталгаажуулахаар хариуцагч болон нэхэмжлэгч компанийн захирал, нягтлангууд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Тус актаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 163,365,780 төгрөгийн үндсэн төлбөртэй байна гэж тооцоо нийлсэн. Тооцоо нийлснээс хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар түрээсийн төлбөр төлөөгүй. Шаардахад ямар нэгэн байдлаар шалтаг хэлж төлдөггүй.
Ингээд тооцоо нийлж баталгаажуулснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 119 хоног байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу өдрийн 0,5 хувийн хүү буюу өдөрт 820 төгрөг төлөхөөр байгаа. Ингээд тооцоход 97 сая төгрөг болж байгаа. Иргэний хуульд нийцүүлж, үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алдангаа тооцож, 240,048,670 төгрөгийг төлбөртэй байгаа. Өнөөдрийн байдлаар хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаа гардаж авсан байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж байгаа. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ” гэв.
Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б Д ХХК нь хариуцагч Г П ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд163,365,780 төгрөг, алданги 81,682,890 төгрөг нийт 245,048,670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ямар нэгэн хариу тайлбар гаргаагүй байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 12/1-д байрлах ДиБи төвийн 8 давхарт байрлах 801 тоот, 803 тоот, нийт 142 м.кв талбай түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулжээ.
Дээрхи гэрээг 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус тус нэг жилээр сунгаж, төлбөрийг шинэчлэн тогтоосон байна.
Г П ХХК нь аж ажуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор уг талбайг түрээслэсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулсан гэж үзэв.
Талууд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа” үйлдэж, 163,365,780 төгрөгийн төлбөртэй болохыг баталгаажуулсан болох нь баримтаар нотлогдож байна. /хх-ийн 25 дахь тал/
Иймд хариуцагч Г П ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, талуудын хоорон байгуулсан гэрээний 4.1 (b)-д “Түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцно” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш алданги шаардаж байгаа” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.
2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 163,365,780 төгрөгөөс хоногийн 0,5 хувиар тооцоход нэг хоногийн алданги 816,828 төгрөг ба шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 119 хоногоор тооцоход 97,202,532 төргөр болж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасанд нийцүүлэн 81,682,890 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Г П ХХК-иас 245,048,670 төгрөг гаргуулж, нэхмэжлэгч Б Д ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Г П ХХК-ийн төлөөлөгчийн 9999-5788 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч Г П ХХК-ийн төлөөлөгчид 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч Г П ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хариуцагч Г П ХХК-иас 245,048,670 төгрөг гаргуулж, нэхмэжлэгч Б Д ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,383,194 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,383,194 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.