| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2023/0020/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/22 |
| Огноо | 2023-02-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Х.Г |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Бд холбогдох 2316000220012 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, ...-нд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ажиллаж байгаа, Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, О овогтой Н.Б.
Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Бг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 16-17 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... хашаанд байх гэртээ Г.Этэй “Д.П-г өмөөрлөө” гэх зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн сандал авч шидэн түүний гарыг нь оносны улмаас эрүүл мэндэд нь зүүн гарын шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Н.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 16-17 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... тоот хашаанд байх гэртээ, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Этэй “Д.П-г өмөөрлөө” гэх зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн маргалдаж, улмаар Г.Э лүү сандал авч шидэж зүүн гарын шуу ясны далд хугарал бүхий гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Дээрх үйл баримтын улмаас Г.Эийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр хохирол учирсан байх тул энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Н.Б гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Н.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Миний буруу. Өмнө нь мэдүүлэг өгсөн байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...Би хавар болохоор зам анги дээр ажилладаг. Одоогоор ажилгүй байна. Өнгөрсөн зун Дарханы зам дээр ажил хийж байгаад ирсэн. Энэ хэргээс болоод ажил хийх боломжгүй байсан. Надад хэцүү байна. Бид хоёр хамтран амьдрагч, Г.Э гэдэг хүн нөхрөөсөө салаад нагац эгчийндээ ирээд хэвтчихдэг. Манай хоёр хүүхдийг дарамтална, мөнгө төгрөгийг нь авна, хоол ундыг нь булааж иддэг. Тийм зүйлээс болсон. Надад үнэхээр хэцүү байна. ...Цагаан сар болоод мөн шүүх цагдаа гэж яваад ажил хийж чадсангүй. Шарга сумд айлын мал маллаж байхад байцаагч дуудаад хүрээд ирсэн. Би мөнгө төгрөгөө авч чадаагүй. Хавар болж байгаа учир хүний мал маллаж байгаад төлнө. Торгуулийн мөнгийг төлөхөд надад жаахан хугацаа олгож өгнө үү. Би 550.000 төгрөгийг ажил хийж мөнгө төгрөг олж хохирлоо барагдуулна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Г.Эийн мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн үед би хоёр охины хамт нагац эгч Пгийнд очиход П эгч хүүтэйгээ байсан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад П эгчийн нөхөр Н.Б ах гаднаас орж ирэхэд П эгч нөхөр рүүгээ чи наад шавхайгаа арч гэсэн чинь нөхөр нь П эгч рүү пизда минь, гуйлгачин минь гээд байхаар нь би Н.Б ах руу та яах гэж миний эгчийг хэл амаар доромжилж байдаг юм бэ? гэсэн чинь Н.Б ах над руу чи гараад зайл гээд салаавч өгөөд дайраад байсан. Тэгэхээр нь би Н.Б ахыг очоод цохиод авсан чинь Н.Б ах намайг заамдах гээд байхаар П эгч бид хоёрын голоор ороод салгасан. Тэгсэн чинь Н.Б ах гэрийн баруун талд байсан сандлыг над руу шидэхэд миний зүүн гарыг оносон. Н.Б ах би хөдөө явлаа гээд гараад явсан. Тэгээд 18 цагийн үед Н.Б ах буцаад ороод ирээд Н.Б ах над руу чи манайхаас зайл гээд дахин дахин дайраад байсан. Тэгээд гарч орж ирэх болгондоо намайг хэл амаар доромжлоод чи бол жингэр хүүхэн, чи зайл гээд дайраад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ29-рт/,
Гэрч Д.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай дүү Г.Э хоёр охины хамт манай нэг хүү бид нарыг гэртээ унд уух гээд сууж байхад ирсэн. Манай нөхөр Н.Б жоохон согтууруулах ундаа хэрэглэсэн гаднаас орж ирэхэд нь гутал нь шавхай болсон байхаар нь шалаа арч гэж хэлсэн чинь пизда минь өөрөө арч гээд над руу хэлсэн. Манай дүү Г.Э гэрийн баруун талд сандал дээр сууж байснаа босож ирээд манай нөхрийг чи миний эгчийг доромжиллоо гээд манай нөхөртэй гэрийн зүүн талд орны хажууд тэр хоёр барилцаад авахаар нь би голоор нь орж салгасан. Тэгээд манай нөхөр гэрийн баруун талаар тойрч явахдаа замдаа байсан сандлыг Г.Э рүү аваад шидсэн чинь сандал нь Г.Эийн гарыг цохисон. Тэгээд би Н.Бг гэрээсээ гаргаад хаалгаа түгжсэн. Тэгээд Г.Э гар өвдөөд байна гээд ёолоод байсан. Эмнэлэгт үзүүлж гарынх нь зургийг авахуулахад яс нь цуурсан байна гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг /ХХ31-рт/,
Насанд хүрээгүй гэрч А.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай ээж, Г.Э эгч түүний 2 охин бид нарыг байж байхад Н.Б ах ирсэн юм. Би чихэвч зүүчихсэн утсаар тоглож байхад Н.Б ах Г.Э эгчийг сандлаар цохисон гэж байсан. Г.Э эгч уйлаад гараа бариад байж байсан...” гэх мэдүүлэг /ХХ32-рт/,
Шинжээч Д.Даваахүүгийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан 25 дугаартай “1. Г.Эийн биед зүүн гарын шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой болно...” гэх дүгнэлт /ХХ36-37/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Уг гэмт хэргийн улмаас Г.Эийн эрүүл мэндэд хохирол учирсан боловч хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Н.Б уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Н.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Г.Э гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Н.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүний прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд, болон шүүгдэгчийн “...торгуулийн мөнгийг төлөхөд надад жаахан хугацаа олгож өгнө үү.” гэсэн саналыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандлыг буцаан авах хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Пд буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ончуул овгийн Нямгэрэлийн Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Бд мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Пд буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА