| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0024/э |
| Дугаар | 2023/ШЦТ/35 |
| Огноо | 2023-01-26 |
| Зүйл хэсэг | 24.7.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Ганчимэг
Хохирогч Д.Батжаргал, Ц.Бүрэнтогтох, Ш.Жамсран
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч Ж.Саруул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаангууд овогт Жаргалангийн Саруулд холбогдох эрүүгийн 2221001690479 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, нөхөр, 3-7 насны хоёр хүүхдийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын 3 дугаар баг, “Билүүт” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Цагаангууд овогт Жаргалангийн Саруул /РД: ЖЕ 00231903/.
Шүүгдэгч Ж.Саруул нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 3 дугаар багийн нутаг “Лүүтийн хөндий” гэх газарт Бонго-3 маркийн 85-45 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явах үед тээврийн хэрэгслийн суудлын доод талын карданы утсанд богино холболт үүсэж хялбар шатах материалд халалт өгсний улмаас хээрийн түймэр гарч, байгаль экологид 364,123,822 (гурван зуун жаран дөрвөн сая нэг зуун хорин гурван мянга найман зуун хорин хоёр) төгрөгийн хохирол, бусдад 102,957,500 (нэг зуун хоёр сая есөн зуун тавин долоон мянга таван зуу) төгрөгийн буюу нийт 467,081,322 (дөрвөн зуун жаран долоон сая наян нэгэн мянга гурван зуун хорин хоёр) төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Саруул шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дашбалбар сум орох замд машины доод талаас гэнэт гал гарсан. Би гал гарах үед унтраах гэж оролдсон ч салхи хүчтэй байсан учраас унтрааж чадаагүй. Тухайн үед ойр хавийн айлын олон хүмүүс байсан ч салхи хүчтэй байсан тул түймэр гарсан” гэв.
Хохирогч Д.Батжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Надад нийт 47,307,500 төгрөгийн хохирол учирсан. Хөрөнгийн үнэлгээний байгууллагаар хашаа хорооны хохирол 30,057,500 төгрөгөөр, малын хохирол 17,250,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Би хашаа хорооны хохирол 30,057,500 төгрөгийн хохирлын талаар Саруултай тохиролцож түүнээс 15,000,000 төгрөг авсан. Энэ хохирлын үлдэгдэл мөнгийг нэхэмжлэхгүй. Харин малын хохирлыг малаар нь Саруулаас авахаар тохиролцсон байсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй учраас шүүгдэгчээс малын хохирлыг үнэлгээгээр тогтоогдсон 17,250,000 төгрөгөөр нэхэмжилж байна. Хашаа, эд зүйлийн үлдэгдэл хохирол 15,057,500 төгрөгийг хоорондоо ярьж тохиролцсон тул нэхэмжлэхгүй...” гэв.
Хохирогч Ш.Жамсран шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гал түймэр гарсны улмаас миний 6000 боодол өвс шатсан. Одоогийн байдлаар хохирол төлбөр аваагүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлбөрийг багасгаж төлөхөөр Саруултай харилцан тохиролцсон байсан боловч дахин холбогдоогүй, төлөөгүй учраас үнэлгээгээр тогтоогдсон 18,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Хохирогч Ц.Бүрэнтогтох шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Чойбалсан суманд хадланд гарсан. Гал түймэр гарсны улмаас өвс маань шатсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 8,000,000 төгрөгийг хохирол төлбөрт авахаар Саруултай харилцан тохиролцсон байсан боловч Саруул нь түүнээс хойш гар утсаа аваагүй, надтай холбогдоогүй учраас үнэлгээгээр тогтоогдсон 12,000,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн орчим би өөрийн гэртээ байхад хойд талаас 20 орчим км-ын зайтай түймрийн утаа маш ихээр гарч байхаар нь би эхнэр 2 малчны хамт өөрийн малаа “Бортгойтын нуур” руу шахаж тогтоосон. Тэгж байтал Гурванзагал сумаас 10 орчим хүмүүс ирэхэд түймэр хойноосоо орж ирээд эхэлж адууны том хашаа шатаж эхлэхээр нь би ирсэн хүмүүсийн хамт хойд талын үхрийн хашааг хамгаалж холбоотой байсан шополыг салгаж байхад урд саравч, үнээний хашаа, өвсний хашаа пүнз бүгд гал авалцаж шатсан...” гэжээ. /1-р хх-ийн 152-153, 197-199/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Бүрэнтогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр намайг аймагт байхад Онцгой байдлын албанд ажилладаг танил маань “таны хадлан бэлтгэсэн газарт хээрийн түймэр гарсан байна” гэж хэлэхээр нь би шууд өөрийн машинтай Чойбалсан сум руу гарч үлдэгдэл 4,000 боодол өвсөн дээр очиход миний өвс хээрийн түймрийн улмаас шатчихсан байсан...” гэжээ. /1-р хх-ийн 156-157/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Чогдон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би эхнэр хүүхдийн хамт Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр багт байрлах хаваржаа болох “Тарвагат” гэх газар байсан. Манай хаваржаанаас өвөлжөө хүртэл ойролцоогоор 30 гаран км байдаг. Тухайн үед би хаваржаан дээрээ байхад манайхаас зүүн хойшоо түймрийн утаа харагдаад байхаар нь би өөрийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүү Мандах, бэр Анударийн хамт өөрийн өвөлжөө рүү очиход өвөлжөөний саравч болон хашаа шатаад эхэлж байхаар нь би хүүгийн хамт унтраах гээд цохиур болон хүрзээр шороо цацахад их салхитай байсан тул саравчны орой хэсэгт гал орчихсон болохоор унтрааж чадаагүй шатаасан. ...Одоогоор 100 ширхэг шопол, 50 ширхэг шургааг, 50 ширхэг 3-ын банз тус тус шатсан нийт 3,300,000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ. /1-р хх-ийн 160-161, 203-204/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Жамсран мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 15-наас Чойбалсан сумын “Лам шувууны хоолой” гэх газар хадланд 10 дугаар сарын 25-ныг хүртэл гарч нийт 8,000 боодол өвс бэлтгэн тухайн үедээ 2,000 боодол өвсийг нь борлуулж, үлдэгдэл 6,000 боодол өвсийг хадсан газраа нуруулдаж орхисон. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн сумын 2 дугаар багт өөрийн гэртээ байж байхад миний гар утас руу хамт хадланд зэргэлдээ гардаг найз Бүрэнтогтох залгаж “манай 2 өвс түймэрт шатсан байна” гэж хэлэхээр нь би 04 дүгээр сарын 18-ны өдөр аймгаас гарч өөрийн өвс байсан газар болох Чойбалсан сумын “Лам шувууны хоолой” гэх газарт очиход миний хадсан өвс шатсан байсан. Тэгээд би Чойбалсан сумын Засаг даргын тамгын газарт хохирлоо нэхэмжлэхээр хүсэлт гаргасан...” гэжээ. /1-р хх-ийн 165-166/
Иргэний нэхэмжлэгч Н.Наран-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дашбалбар сумын 3 дугаар баг “Лүүтийн хөндий” гэх газраас түймэр гарч Гурванзагал сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн. Уг түймрийг унтраахад Гурванзагал сумын Засаг даргын тамгын газраас бензин шатахуунд А80 407 литр, А92 688 литр, дизель түлш 255 литр нийт 3,762,571 төгрөгийн шатахуун зарцуулсан. Хоол хүнсэнд 1,172,000 төгрөг, 3 ширхэг үлээгч аппарат шатсан 955,900 төгрөг, түймэрт нийт 106 иргэн, 17 автомашин, 9 мотоцикл оролцсон. Гурванзагал сумын Засаг даргын тамгын газраас түймрийг унтраахад зарцуулсан нийт 5,890,471 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн түймрийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд заагдсан үнэлгээгээр нэхэмжлэх болно...” гэжээ. /1-р хх-ийн 178-181/
Иргэний нэхэмжлэгч Ю.Мөнхтөмөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дашбалбар сумын 3 дугаар баг “Лүүтийн хөндий” гэх газраас гарсан хээрийн түймрийн улмаас манай суманд /түймэр унтраахад/ нийт 890,558 төгрөгийн хохирол учирсан. ...иргэн Ж.Саруул нь төлбөрөө төлж барагдуулсан...” гэжээ. /1-р хх-ийн 184-185/
Иргэний нэхэмжлэгч А.Дэлгэрмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дашбалбар сумын 3 дугаар баг “Лүүтийн хөндий” гэх газраас гарсан хээрийн түймэр манай сумын 4 дүгээр баг “Хөх нуур” багийн нутгаар дайран өнгөрсөн. Уг түймрийг унтраахад Чойбалсан сумын Засаг даргын тамгын газраас бензин шатахуунд А92 333 литр, А80 295 литр, дизель түлш 223 литр, тосоль болон масло 37 литр нийт 2,678,820 төгрөгийн шатахуун зарцуулсан. Хоол хүнсэнд 600,500 төгрөг, түймэр унтраахад ажилласан 35 хүний цалин хөлс 1,522,500 төгрөг, аж ахуйн зардал /ажлын бээлий 40 ширхэг, маск 50 ширхэг/ нийт 115,000 төгрөг, түймэрт нэрвэгдсэн талбайд судалгаа явуулахад бензин болон хүн хүчний цалин хөлс нийт 128,200 төгрөг, түймэр унтраахад Истана маркийн тээврийн хэрэгслийг 300,000 төгрөгөөр хөлсөлсөн. Засаг даргын тамгын газрын дансанд бүртгэлтэй “Хөх нуур” багийн хуц ухны шатсан хашаа 4,000,000 төгрөг буюу нийт 9,345,020 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн түймрийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтэд заагдсан үнэлгээгээр нэхэмжлэх болно...” гэжээ. /1-р хх-ийн 188-193/
Гэрч Ж.Соёлмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...жолоо барьж явсан Саруул хэлэхдээ “хааз авахаа больчихлоо, самбар дээр чек, аккумлятор, маслын гэрлүүд асчихлаа” гээд дүү Жавхлантөгсийг буугаад харчих гээд мөн өөрөө машинаас буугаад “бүгдээрээ машинаас буугаарай, доороос утаа гал гарч байна” гэж хэлээд хашхирахаар нь бид хэд бууж харахад утаа маш ихээр гарч байгаад гал гарахаар нь бид хэд сандарч тэвдэхэд машины доороос цог баруун урд хуурай өвсөн дээр унахаар нь Саруул өмсөж явсан дээлээ тайлаад дээгүүр нь нөмөргөөд, гар утсаа аваад ойр байх толгодын орой руу сүлжээ хайж сумын төв рүү дуудлага өгөх гээд гүйсэн...” гэжээ. /1-р хх-ийн 210-211/
Гэрч Т.Наранмандах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чойбалсан сумын Засаг даргын тамгын газарт хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хариуцлагатай жижүүрт томилогдон ажиллаж байна. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дашбалбар сумаас гарсан хээрийн түймэр Гурванзагал сумын нутаг дэвсгэрээр дамжин манай сумын 4 дүгээр баг “Чингис балл” гэх газрын зүүн урд талаар бэлчээрийг шатааж ертөнцийн зүгээр урд зүг рүү явсан бөгөөд салхи ширүүсч нурамнаас гал гарсан гэж Засаг даргын тамгын газрын дарга утсаар мэдэгдсэн. Тэгээд удалгүй Онцгой байдлын газрын 7058101 дугаарын утаснаас холбогдож хээрийн түймрийн мэдээ авахад “Чингис балл” гэх газар хээрийн түймэр гарсан гэж хэлсэн нь Дашбалбар сумын түймэр унтраагүй үргэлжилж явж байсныг мэдэлгүй мэдэгдсэн...” гэжээ. /1-р хх-ийн 214-215/
Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 046/13 дугаартай дүгнэлтэд:
1. Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, оролцогч нарын мэдүүлэгтэй танилцахад иргэн Ж.Саруулын Бонго-3 маркийн 85-45 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн суудлын доод талын карданы утсанд богино холболт үүсэж хялбар шатах материалд халалт өгч гал түймэр гарсан байх магадлалтай. Дорнод аймгийн Дашбалбар сумын 3 дугаар баг “Чух” багийн нутаг “Лүүтийн хөндий” гэх газар Бонго-3 маркийн 85-45 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан газраас анх хээрийн түймэр гарсан байна.
2. Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, оролцогч нарын мэдүүлэгтэй танилцахад иргэн Саруулын жолоодон явсан Бонго-3 маркийн 85-45 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын суудлын доод талаас гал түймэр анх гарсан байна.
3. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, Зөрчлийн тухай хуулийн 5.14.1 дэх заалтыг зөрчсөн байна гэжээ. /2-р хх-ийн 20-21/
Ж.Саруул мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 11 цагийн орчим би өөрийн гэр болох Дашбалбар сумын 3 дугаар баг “Билүүт” гэх газраас сумын төв орохоор нөхөр Насандоржийн Бонго-3 маркийн 85-45 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр өөрийн төрсөн дүү Жавхлантөгс, хөрш Соёлмаа, түүний хоёр хүүхдийн хамт гэрээсээ хөдөлсөн. Гэрээсээ баруун чигт сумын төв орох тод замаар 30 гаруй километрийн зайд явж байхад машин гэнэт хааз авахаа болиод хянах самбараа харахад самбарын чек, аккумлятор, маслын гэрлүүд асчихаар нь шууд тоормос дараад зогсоод өөрийн дүү Жавхлантөгсийг “буугаад аккумляторыг нь харчих, аккумлятор нь хөндийрсөн байх” гэж хэлээд мөн би өөрөө машинаас буухад миний суудлын доороос гал асаж байхаар нь би сандраад “гал гарч байна, бүгдээрээ машинаас буугаарай” гэж хэлээд хүмүүсийг буулгаад машинаа тойроод харахад машины доороос гал маш ихээр гарч машины урд тал руу цог үсрээд хуурай өвс рүү унаад шатахаар нь би өмсөж байсан дээлээ тайлаад дээгүүр нь дараад хүн дуудъя гээд ойр байсан толгодын орой руу өөрийн гар утсаа барьж гүйгээд сүлжээтэй газар гараад 3 дугаар багийн Засаг дарга Бямбасүрэн рүү залгаж “миний унаж явсан машинаас гал гарч түймэр гарчихлаа” гэж дуудлага өгөөд таслахад удалгүй над руу сумын гал түймрийн жижүүр байна гэж ярихаар нь би “Халтар ахын баруун хойно миний машинаас гал гарч түймэр гарчихлаа” гэж дуудлага өгөөд мөн ойр хавийн айл руу залгаж хэл дуулгасан. Тэгээд машин руугаа харахад машины кабин шатаж мөн машинаас урагшаа түймэр гараад дээшээ өгсөж шатаж байсан...” гэжээ. /2-р хх-ийн 45-47/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 19/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 20-26/
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийн зураглал, түймэр унтраахад гарсан шатахууны болон бусад зардлын тооцоо /1-р хх-ийн 27-29, 30-32, 39-44, 46/
Дорнод аймгийн Гурванзагал сумын тал хээрийн түймэрт шатаж үхсэн малыг устгасан тухай 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 тоот акт /1-р хх-ийн 45/
Д.Батжаргалын малын хашааны тойм зураг /1-р хх-ийн 47/
Дорнод аймгийн Гурванзагал сумын Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тогтоосон акт /1-р хх-ийн 48-50/
Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд гарсан түймрийн шатсан талбайн зураглал /1-р хх-ийн 62/
Дорнод аймгийн Гурванзагал суманд гарсан гал түймрийг унтраах ажилд зарцуулсан зардлын тооцоо /1-р хх-ийн 81-143/
Дорнод аймгийн Чойбалсан сумын хээрийн түймрээс учирсан хохирлын акт /1-р хх-ийн 144-150/
Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/104 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Дашбалбар сумын 3 дугаар багийн нутаг, “Лүүтийн хөндий” гэх газарт хээрийн түймэр гарсан 140.588 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ /1-р хх-ийн 220, 221-224/
“ДАМНО” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ДЦ-22-49, ДЦ-22-50, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ДЦ-22-56, ДЦ-22-57, ДЦ-22-58, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ДЦ-22-61 тоот дүгнэлтүүд /1-р хх-ийн 234-238, 244-247, 2-р хх-ийн 2-5, 10-13, 26-30, 34-37/
Дашбалбар сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 49-51/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 48/
Ж.Саруулын иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 52/
Хохирол төлсөн талаарх баримтууд /2-р хх-ийн 53-54/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн Дорнод аймгийн Дашбалбар сумын 3-р багийн Засаг даргын малын шилжилт хөдөлгөөн хязгаарласан тухай тодорхойлолт /1 хуудас/, Ж.Саруулын хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ж.Саруулд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчин, иргэн, улсад хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Цагаангууд овогт Жаргалангийн Саруул нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 3 дугаар багийн нутаг “Лүүтийн хөндий” гэх газарт 85-45 ДОР улсын дугаартай, Bongo-3 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үед түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийн суудлын доод талын карданы утсанд богино холболт үүсэж хялбар шатах материалд халалт өгсний улмаас хээрийн түймэр гарч, байгаль орчинд 364,123,822 төгрөгийн, бусдад 97,833,549 төгрөгийн, нийт 461,957,371 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Саруулын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...машин гэнэт хааз авахаа болиод хянах самбараа харахад самбарын чек, аккумлятор, маслын гэрлүүд асчихаар нь шууд тоормос дараад зогсоод өөрийн дүү Жавхлантөгсийг “буугаад аккумляторыг нь харчих, аккумлятор нь хөндийрсөн байх” гэж хэлээд мөн би өөрөө машинаас буухад миний суудлын доороос гал асаж байхаар нь би сандраад “гал гарч байна, бүгдээрээ машинаас буугаарай” гэж хэлээд хүмүүсийг буулгаад машинаа тойроод харахад машины доороос гал маш ихээр гарч машины урд тал руу цог үсрээд хуурай өвс рүү унаад шатаж эхэлсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Д.Батжаргалын “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн орчим намайг өөрийн гэртээ байхад хойд талаас 20 орчим км-ын зайтай түймрийн утаа маш ихээр гарч байхаар нь би эхнэр 2 малчны хамт өөрийн малаа “Бортгойтын нуур” руу шахаж тогтоосон. Тэгж байтал Гурванзагал сумаас 10 орчим хүмүүс ирэхэд түймэр хойноосоо орж ирээд эхэлж адууны том хашаа шатаж эхлэхээр нь би ирсэн хүмүүсийн хамт хойд талын үхрийн хашааг хамгаалж холбоотой байсан шополыг салгаж байхад урд саравч, үнээний хашаа, өвсний хашаа пүнз бүгд гал авалцаж шатсан...” гэх, хохирогч Ш.Чогдонгийн “...хаваржаан дээрээ байхад манайхаас зүүн хойшоо түймрийн утаа харагдаад байхаар нь би өөрийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүү Мандах, бэр Анударийн хамт өөрийн өвөлжөө рүү очиход өвөлжөөний саравч болон хашаа шатаад эхэлж байхаар нь би хүүгийн хамт унтраах гээд цохиур болон хүрзээр шороо цацахад их салхитай байсан тул саравчны орой хэсэгт гал орчихсон болохоор унтрааж чадаагүй шатаасан...” гэх, хохирогч Ц.Бүрэнтогтохын “...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр намайг аймагт байхад Онцгой байдлын албанд ажилладаг танил маань “таны хадлан бэлтгэсэн газарт хээрийн түймэр гарсан байна” гэж хэлэхээр нь би шууд өөрийн машинтай Чойбалсан сум руу гарч үлдэгдэл 4,000 боодол өвсөн дээр очиход миний өвс хээрийн түймрийн улмаас шатчихсан байсан...” гэх, хохирогч Ш.Жамсрангийн “...6,000 боодол өвсийг хадсан газраа нуруулдаж орхисон. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн сумын 2 дугаар багт өөрийн гэртээ байхад миний гар утас руу хамт хадланд зэргэлдээ гардаг найз Бүрэнтогтох залгаж “манай 2 өвс түймэрт шатсан байна” гэж хэлэхээр нь би 04 дүгээр сарын 18-ны өдөр аймгаас гарч өөрийн өвс байсан газар болох Чойбалсан сумын “Лам шувууны хоолой” гэх газарт очиход миний хадсан өвс шатсан байсан...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Ж.Соёлмаагийн “...жолоо барьж явсан Саруул хэлэхдээ “хааз авахаа больчихлоо, самбар дээр чек, аккумлятор, маслын гэрлүүд асчихлаа” гээд дүү Жавхлантөгсийг буугаад харчих гээд мөн өөрөө машинаас буугаад “бүгдээрээ машинаас буугаарай, доороос утаа гал гарч байна” гэж хэлээд хашхирахаар нь бид хэд бууж харахад утаа маш ихээр гарч байгаад гал гарахаар нь бид хэд сандарч тэвдэхэд машины доороос цог баруун урд хуурай өвсөн дээр унахаар нь Саруул өмсөж явсан дээлээ тайлаад дээгүүр нь нөмөргөөд, гар утсаа аваад ойр байх толгодын орой руу сүлжээ хайж сумын төв рүү дуудлага өгөх гээд гүйсэн...” гэх, гэрч Т.Наранмандахын “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дашбалбар сумаас гарсан хээрийн түймэр Гурванзагал сумын нутаг дэвсгэрээр дамжин манай сумын 4 дүгээр баг “Чингис балл” гэх газрын зүүн урд талаар бэлчээрийг шатааж ертөнцийн зүгээр урд зүг рүү явсан бөгөөд салхи ширүүсч нурамнаас гал гарсан гэж Засаг даргын тамгын газрын дарга утсаар мэдэгдсэн. Тэгээд удалгүй Онцгой байдлын газрын 7058101 дугаарын утаснаас холбогдож хээрийн түймрийн мэдээ авахад “Чингис балл” гэх газар хээрийн түймэр гарсан гэж хэлсэн нь Дашбалбар сумын түймэр унтраагүй үргэлжилж явж байсныг мэдэлгүй мэдэгдсэн...” гэх мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Ю.Мөнхтөмөр, А.Дэлгэрмаа, Н.Наран-Эрдэнэ нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 046/13 дугаартай дүгнэлт, Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийн зураглал, Дорнод аймгийн Гурванзагал сумын Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тогтоосон акт, Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд гарсан түймрийн шатсан талбайн зураглал, Дорнод аймгийн Чойбалсан сумын хээрийн түймрээс учирсан хохирлын акт, байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/104 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Дашбалбар сумын 3 дугаар багийн нутаг, “Лүүтийн хөндий” гэх газарт хээрийн түймэр гарсан 140.588 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, “ДАМНО” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ДЦ-22-49, ДЦ-22-50, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ДЦ-22-56, ДЦ-22-57, ДЦ-22-58, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ДЦ-22-61 тоот дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Саруул нь хүрээлэн байгаа орчны эсрэг хээрийн түймэр тавих гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас байгаль орчинд 364,123,822 төгрөгийн, бусдад 97,833,549 төгрөгийн, нийт 461,957,371 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Саруул, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болно.
Түүнчлэн шүүгдэгч Ж.Саруул нь хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангаагүйгээс карданы утсанд богино холболт үүсэж хялбар шатах материалд халалт өгсний улмаас тээврийн хэрэгсэл шатаж, улмаар Дорнод аймгийн Дашбалбар, Чойбалсан, Гурванзагал сумдын нутаг дэвсгэрийг хамарсан 140588 га талбайд хээрийн түймэр гарч байгаль орчинд 364,123,822 төгрөгийн хохирол,
бусдад буюу хохирогч Д.Батжаргалд 47,307,500 төгрөгийн, хохирогч Ш.Чогдонд 4,400,000 төгрөгийн, хохирогч Ц.Бүрэнтогтоход 12,000,000 төгрөгийн, хохирогч Ш.Жамсранд 18,000,000 төгрөгийн буюу иргэдэд нийт 81,707,500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,
мөн түймрийг унтраахад Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын тамгын газраас 890,558 төгрөг, Чойбалсан сумын Засаг даргын тамгын газраас 9,345,020 төгрөг, Гурванзагал сумын Засаг даргын тамгын газраас 5,890,471 төгрөг тус тус зарцуулж нийт 16,126,049 төгрөгийн зардал гарч уг гэмт хэргийг улмаас бүгд 461,957,371 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 046/13 дугаартай дүгнэлт, байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/104 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Дашбалбар сумын 3 дугаар багийн нутаг, “Лүүтийн хөндий” гэх газарт хээрийн түймэр гарсан 140.588 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, “ДАМНО” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ДЦ-22-49, ДЦ-22-50, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ДЦ-22-56, ДЦ-22-57, ДЦ-22-58, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ДЦ-22-61 тоот дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Иймд шүүгдэгч Ж.Саруулд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Жаргалангийн Саруулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч 461,957,371 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.
Шүүгдэгч Ж.Саруул нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Түүний хувийн байдлын тухайд тэрээр 23 настай, эмэгтэй, нөхөр, 3-7 насны хоёр хүүхдийн хамт Дорнод аймгийн Дашбалбар суманд мал маллаж амьдардаг, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болно.
Шүүгдэгч Ж.Саруулын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүхээс шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 35,526,347 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тухайн нөхцөлд шүүгдэгчийн зүгээс гал түймрийг унтраах, багасгах талаар бололцоотой бүх арга хэмжээг авсан, хуурайшилт ихтэй газарт түймрийн талбай ихсэхэд салхины хүч нөлөөлсөн нөхцөл байдал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Ж.Саруулд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү...” гэх санал хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан шүүгдэгч Жаргалангийн Саруулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах” асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах эрх хэмжээг шүүхэд олгожээ. Мөн түүнчлэн шүүгдэгч Ж.Саруулд холбогдох эрүүгийн хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар мэргэжлийн хөрөнгийн үнэлгээний байгууллагууд шинжээчийн дүгнэлт гаргасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “байгаль орчинд учирсан хохирлыг хэлэлцэхгүй орхиж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас Дорнод аймгийн Дашбалбар, Чойбалсан, Гурванзагал сумдын нутаг дэвсгэрийг хамарсан 140588 га талбайд хээрийн түймэр гарч байгаль орчинд 364,123,822 төгрөгийн хохирол учирсан байхаас гадна түймрийг унтраахад Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын тамгын газраас 890,558 төгрөгийг, Чойбалсан сумын Засаг даргын тамгын газраас 9,345,020 төгрөгийг, Гурванзагал сумын Засаг даргын тамгын газраас 5,890,471 төгрөгийг тус тус зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч Ж.Саруул нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гал түймрийг унтраахад гарсан зардалд Дорнод аймгийн Дашбалбар, Чойбалсан, Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжилсэн 16,126,049 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь банкны мөнгөн шилжүүлгийн баримт /2-р хх-ийн 53-54/, Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын тамгын газрын даргын тодорхойлолт, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ю.Мөнхтөмөр, А.Дэлгэрмаа, Н.Наран-Эрдэнэ нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Батжаргал, Ш.Чогдон, Ц.Бүрэнтогтох, Ш.Жамсран нарт эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хохирогч нарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан мэдүүлэг, “ДАМНО” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ж.Саруулаас хохирогч Ш.Чогдонд учирсан 4,400,000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн төлж барагдуулжээ.
Түймрийн улмаас хохирогч Д.Батжаргалын мал болон эд хөрөнгө шатаж, хөрөнгийн үнэлгээний байгууллагын шинжээчийн дүгнэлтээр түүний хашаа эд зүйл 30,057,500 төгрөгөөр, малын үнэлгээ 17,250,000 төгрөгөөр тус тус үнэлэгдэж түүнд нийт 47,307,500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд шүүх хуралдаанд хохирол төлбөртэй холбоотойгоор хохирогч Д.Батжаргал “...Саруултай тохиролцож хашаа, эд зүйлийн хохиролд 15,000,000 төгрөгийг авсан тул үлдэгдэл хохирол 15,057,500 төгрөгийг нэхэмжлэхгүй. Харин малын хохирлыг малаар нь Саруулаас авахаар тохиролцсон байсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй учраас шүүгдэгчээс малын хохирлыг үнэлгээгээр тогтоогдсон 17,250,000 төгрөгөөр нэхэмжилж байна...” гэж, шүүгдэгч Ж.Саруул нь “...миний хувьд Д.Батжаргалд хашаа хорооны хохиролд 15,000,000 төгрөгийг төлсөн. Малд учирсан хохирлыг малаар нь өгөхөөр тохиролцсон боловч Дашбалбар суманд цэцэг өвчин гарсантай холбоотойгоор малын хөл хорио тогтоосон учраас малаа өгч чадаагүй...” гэж тус тус мэдүүлжээ. Хохирогч Д.Батжаргал нь шүүгдэгч Ж.Саруулаас хашаа, эд зүйлд учирсан 30,057,500 төгрөгийн хохиролд 15,000,000 төгрөгийг авч, үлдэгдэл хохирлыг нэхэмжлэхгүй гэж байх тул шүүгдэгч Ж.Саруулаас төлж барагдуулаагүй хохирол болох малын үнэ 17,250,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Батжаргалд олгохоор тогтоолоо.
Харин энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бүрэнтогтохын 4,000 боодол өвс, хохирогч Ш.Жамсрангийн 6,000 боодол өвс тус тус шатаж хөрөнгийн үнэлгээний байгууллагаар нэг боодол өвсийг 3000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 10-13, 34-37/ гарсан байх бөгөөд шүүгдэгч Ж.Саруул нь хохирогч Ц.Бүрэнтогтох, Ш.Жамсран нарт учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул түүнээс 6000 боодол өвсний үнэд 18,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Жамсранд, 4000 боодол өвсний үнэд 12,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Бүрэнтогтоход тус тус олгох нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч Ж.Саруулаас 47,250,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Батжаргалд 17,250,000 төгрөгийг, хохирогч Ц.Бүрэнтогтоход 12,000,000 төгрөгийг, хохирогч Ш.Жамсранд 18,000,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Саруулын үйлдсэн хээрийн түймэр тавьсан гэмт хэргийн улмаас Дорнод аймгийн Дашбалбар, Чойбалсан, Гурванзагал сумдын нутаг дэвсгэрийг хамарсан 140588 га талбай шатаж, байгаль орчинд 364,123,822 төгрөгийн хохирол учирсан болох нь байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/104 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Дашбалбар сумын 3 дугаар багийн нутаг, “Лүүтийн хөндий” гэх газарт хээрийн түймэр гарсан 140.588 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээгээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ж.Саруул нь шүүх хуралдаанд байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн.
Гэвч шүүх гэм хорын хохирлыг гаргуулахдаа Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж, мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж тус тус зааснаар гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээ, эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж гэм хорын хэмжээг багасгаж болохоор хуульчлагджээ.
Хэргийн үйл байдлыг дүгнэж үзвэл шүүгдэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл шатсанаас гал гарсан, түүнчлэн гал түймрийг унтраах, багасгах талаар шүүгдэгчээс бололцоотой бүх арга хэмжээг авсан, хэт хуурайшилт ихтэй газарт салхины хүч их байсан нь түймрийн талбай ихсэж, хохирлын хэр хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн мөн шүүгдэгч нь нөхөр, 3-7 насны хоёр хүүхдийн хамт Дорнод аймгийн Дашбалбар суманд мал маллаж амьдардаг нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Дашбалбар сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтууд, байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/104 тоот “...Хээрийн түймэр гарсан шалтгаан нь автомашинаас гал алдсан байна. Хээрийн түймэр гарахад хүргэсэн нөхцөл нь тухайн автомашины нөхцөл болон хэт хуурайшилтаас болсон. Хээрийн түймрийн талбай ихсэхэд салхины нөлөө шууд хамааралтай...” гэх дүгнэлт, гэрч Ж.Соёлмаагийн “Саруул өмсөж явсан дээлээ тайлаад дээгүүр нь нөмөргөөд, гар утсаа аваад ойр байх толгодын орой руу сүлжээ хайж сумын төв рүү дуудлага өгөх гээд гүйсэн. ...тухайн үед салхи хойноос урагшаа чиглэлтэй салхилж байсан...” гэх, шүүгдэгч Ж.Саруулын шүүх хуралдаанд гаргасан “...Би гал гарах үед унтраах гэж оролдсон ч салхи хүчтэй байсан учраас унтрааж чадаагүй. Тухайн үед ойр хавийн айлын олон хүмүүс байсан ч салхи хүчтэй байсан тул түймэр гарсан...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.2, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар шүүгдэгч Ж.Саруулын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээ, эд хөрөнгийн байдал, гэм хор учирсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан байгаль орчинд учирсан хохирлын 364,123,822 төгрөгийг багасган 10 хувь болох 36,412,382.20 төгрөгийг шүүгдэгч Ж.Саруулаас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэлээ.
Шүүх хэргийн нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж тогтоох ба улсын яллагчийн яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг “байгаль экологид 364,123,822 төгрөгийн хохирол, бусдад 102,957,500 төгрөгийн буюу нийт 467,081,322 төгрөгийн” гэж үзэн техникийн буюу тоо тооцооллын шинжтэй алдаа гаргасныг зөвтгөх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байх тул шүүхээс шүүгдэгч Ж.Саруулын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг “Дорнод аймгийн Дашбалбар, Чойбалсан, Гурванзагал сумдын нутаг дэвсгэрийг хамарсан 140588 га талбайд хээрийн түймэр гарч байгаль орчинд 364,123,822 төгрөгийн хохирол, бусдад буюу хохирогч Д.Батжаргалд 47,307,500 төгрөгийн, хохирогч Ш.Чогдонд 4,400,000 төгрөгийн, хохирогч Ц.Бүрэнтогтоход 12,000,000 төгрөгийн, хохирогч Ш.Жамсранд 18,000,000 төгрөгийн буюу иргэдэд нийт 81,707,500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, мөн түймрийг унтраахад Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын тамгын газраас 890,558 төгрөг, Чойбалсан сумын Засаг даргын тамгын газраас 9,345,020 төгрөг, Гурванзагал сумын Засаг даргын тамгын газраас 5,890,471 төгрөг тус тус зарцуулж нийт 16,126,049 төгрөгийн зардал гарч уг гэмт хэргийг улмаас бүгд 461,957,371 төгрөгийн буюу их хэмжээний хохирол” гэж зөвтгөж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.Саруул нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаангууд овогт Жаргалангийн Саруулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч 461,957,371 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жаргалангийн Саруулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Саруулд тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Саруулд мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч Ж.Саруулаас 47,250,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр баг Рашаант гэх газар оршин суух Шарнууд овогт Даваагийн Батжаргал /РД: ЖД 74061578/-д 17,250,000 /арван долоон сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 12-32 тоотод оршин суух Халх овогт Цэрэннадмидын Бүрэнтогтох /РД: ЖЭ 76010973/-д 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Хэрлэнгийн 3-6 тоотод оршин суух Дүгэр овогт Ширнэнгийн Жамсран /РД: ЖБ 63030275/-д 18,000,000 /арван найман сая/ төгрөгийг тус тус олгохоор тогтоосугай.
6. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.2, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар шүүгдэгч Ж.Саруулаас гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 36,412,382.20 /гучин зургаан сая дөрвөн зуун арван хоёр мянга гурван зуун наян хоёр төгрөг хорин мөнгө/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.Саруул нь цагдан хоригдоогүй, хохирогч Ш.Чогдонд 4,400,000 төгрөгийг, түймрийг унтраахад гарсан зардалд Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын тамгын газарт 890,856 төгрөгийг, Чойбалсан сумын Засаг даргын тамгын газарт 9,345,020 төгрөгийг, Гурванзагал сумын Засаг даргын тамгын газарт 5,890,471 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЕ 00231903 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Саруулд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА