| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/00380/и |
| Дугаар | 183/ШШ2019/01256 |
| Огноо | 2019-05-31 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 183/ШШ2019/01256
| 2019 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 183/ШШ2019/01256 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М /РД:/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н ХХК-д холбогдох
Ажилласан хугацааны цалин 2 546 799 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.М миний бие 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс тус компанийн захирал Ж.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу үндсэн ажилчнаар орж ажиллаж байгаа бөгөөд ажиллаж байх хугацаанд хадөлмөрийн гэрээнд заагдсан сарын цалинг дутуу өгч байсан тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилласан хугацааны олгогдоогүй цалинг 2 546 799 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн С.Мгийн цалингийн тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж үзэхэд иргэн С.М нь Н ХХК-тай 2018.02.08-ны өдрийн 5 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, менежерийн албан тушаалд томилогдон ажилласан байна. Ажиллах хугацаандаа цалин дутуу авсан мөн нэхэмжлэлийн шаардлага нь зохих хөдөлмөрийн хууль болон компанийн дотоод журмын дагуу ажлаас чөлөөлөгдсөн хугацаа хүртэл ажлын тайлангаа гаргаж өгөөгүй, хариуцсан ажлаа хүлээлгэж өгөөгүй зэрэг шалтгаан байгаа тул компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.М 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилласан хугацааны олгогдоогүй цалин 2 546 799 төгрөг гаргуулахаар хариуцагч НХХК-иас шаардаж, 2018.02-2018.06 сар хүртэл 327 000 төгрөг, 2018.07 сард үндсэн цалин 1 200 000 төгрөг болж нэмэгдсэн бөгөөд 2018.10 дугаар сар хүртэл нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэгт ногдох цалинг дутуу олгосон гэж үндэслэлээ тайлбарлаж байна.
Хариуцагч НХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд цалинг тухай бүрд олгож байсан, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж, компанийн дотоод журмын дагуу ажлаас чөлөөлөгдсөн хугацаа хүртэлх ажлын тайлангаа гаргаж өгөөгүй, хариуцсан ажлаа хүлээлгэж өгөөгүй, цалингийн хэмжээг нэмээгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч С.М нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл НХХК-ний менежерийн ажил албан тушаалд ажилласан болох нь хөдөлмөрийн гэрээ, 2018.10.16-ны өдрийн 11 дугаар ажлаас халах тухай тушаал зэргээр нотлогдох ба хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр байдал, ажиллаж байсан болон ажлаас халсан үйл баримтад зохигч маргаангүй.
Харин ажилтны цалингийн хэмжээ 800 000 төгрөгөөс 1 200 000 төгрөг болж өссөн эсэх, ажилласан хугацааны цалинг олговол зохих хэмжээгээр олгосон эсэх талаар маргаантай байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэхээр, 49 дүгээр зүйлийн 49.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговорыг мөнгөн хэлбэрээр олгохоор тус тус зааснаас үзэхэд ажилтны цалин хөлсийг ажил олгогч тогтоосон хугацаанд зохих ёсоор олгох үүрэгтэй.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т “Ажил олгогч нь нийт ажилтны цалин хөлсний хэлбэр, хэмжээг хамтын гэрээний дагуу өөрчилсөн тухай шийдвэрийг мөрдөж эхлэхээс 10, түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулахаар заасан ба энэ үүрэг мөн ажил олгогчид хамаарахаар байна.
Талуудын хооронд 2018.02.08-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр ажилтан С.М НХХК-ний менежерийн ажил албан тушаалд нэг сарын 800 000 төгрөгийн цалинтай, ажил олгогч сард 2 удаа цалинг хувааж олгохоор тохиролцсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч цалингийн хэмжээ нэмэгдээгүй, хөдөлмөрийн гэрээнд зааснаар цалинг олгож байсан гэж, нэхэмжлэгч 2018 оны 7 дугаар сард цалин нэмэгдэж 1 200 000 төгрөг болсон, цалинг олговол зохих хэмжээнээс дутуу олгосон гэж маргасан боловч хэн аль нь тайлбараа баримтаар нотлоогүй тул шүүх, талуудын маргаантай үйл баримтыг тодруулах зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас нэхэмжлэгч С.Мгийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар баримт, ажилтанд цалин олгосон тухай цалингийн хүснэгт болон санхүүгийн баримт, НХХК-ийн итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэл бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ, ажилтан С.Мг ажилд томилсон тушаал, цалин нэмэгдүүлсэн тушаал байгаа бол уг тушаал зэрэг баримтыг гаргуулахаар шаардсан.
Дээрх шүүгчийн захирамжийн дагуу ажлаас халах тухай тушаал, цалингийн тооцооны хүснэгт, хөдөлмөрийн гэрээ, анкет зэрэг баримтыг ирүүлж бусад баримт байхгүй тул гаргаж боломжгүй гэсэн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019.05.14-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд цалингийн тооцооны хүснэгт нь хариуцагчийн санхүүгийн тамга тэмдгээр баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасанд нийцэхгүй гэж үзэх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.
Иймд ажилтны цалинг зохих ёсоор олгосон гэж маргаж байгаа тохиолдолд уг тайлбараа нотлох үүрэг хариуцагчид хамаарах тул хариуцагчийн татгалзал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнээд, нэхэмжлэгчээс ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтонд 2018 оны 8 дугаар сараас цалинг 1 200 000 төгрөгөөр тооцсоныг үндэслэн нээхмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэлээсээ татгалзсан тул шүүх, 2019.05.29-ний өдөр хариуцагчид шүүхийн мэдэгдэх хуудсаар, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргаар тус тус шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг дурдсан хүсэлт сэлт ирүүлээгүй тул хариуцагчийг хэргийн баримттай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан гэж үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцэх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 55 700 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.6, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч НХХК /РД:/-иас 2 546 799 /хоёр сая таван зуун дөчин зургаан мянга долоон зуун ерэн есөн/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М /РД:/-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55 700 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан С.Мд олгож, хариуцагч НХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 55 700 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ