| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0051/э |
| Дугаар | 2023/ШЦТ/54 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч Т.Гантунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баягид овогт Тунгалагийн Гантунгалагт холбогдох эрүүгийн 2321000310051 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 26-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Баягид овогт Тунгалагийн Гантунгалаг /РД: ЖЛ 95052209/.
Шүүгдэгч Г.Гантунгалаг нь хохирогч Г.Энхзулд мал зарна гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд нийт 8 удаагийн гүйлгээгээр 1,900,000 төгрөгийг ХААН банкны өөрийн эзэмшлийн ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Гантунгалаг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Г.Энхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр танил Т.Гантунгалагаас идшинд нэг бяруу, нэг даага, нэг шүдлэн авахаар амаар тохиролцсон. Идшээ 10 дугаар сарын сүүлээр авах үедээ мөнгийг нь өгье гэж хэлэхэд Т.Гантунгалаг нь “мөнгөний хэрэг байна, урьдчилаад авъя” гэхээр нь “за тэгье” гээд би Гантунгалагийн ХААН банкин дахь ... тоот данс руу өөрийн ХААН банкин дахь ... тоот данснаас 100,000 төгрөг, 09 дүгээр сарын 08-нд 200,000 төгрөг, 09 дүгээр сарын 15-нд 250,000 төгрөг, 09 дүгээр сарын 22-нд 300,000 төгрөг, 09 дүгээр сарын 23-нд 50,000 төгрөг, 10 дугаар сарын 21-нд 600,000 төгрөг, 10 дугаар сарын 26-нд 200,000 төгрөг, 10 дугаар сарын 28-нд 200,000 төгрөг гээд нийт 1,900,000 төгрөг тус дансанд шилжүүлсэн. Тэгээд 10 дугаар сарын сүүлээр Гантунгалаг руу залгаж “идшээ одоо авъя” гэхэд “манай нөхрийн ах нас барсан тул хэд хоног хүлээчих” гэхээр нь би за гээд тасалсан. Дараа нь 11 дүгээр сарын 06-нд холбогдож “Яагаа вэ, хотоос идэш авах хүмүүс маань залгаад хотоос гарлаа гээд байна” гэж хэлэхэд “За, маргааш хариу өгье, нөхөр Шинээ малдаа явчихсан байна” гэж хэлээд тасалсан. Мөн 11 дүгээр сарын 15-нд ахин Гантунгалагтай утсаар холбогдоход “Өнөөдөр амжсангүй, маргааш аймаг идшийг чинь ачаад гарлаа” гэж хэлээд маргааш нь таг болохоор нь холбогдоход “Замдаа машин эвдрээд айлд хоносон” гэх зэргээр удаа дараа худлаа ярьж өдөр хоног авч одоог хүрсэн. ...Гантунгалаг надаас авсан мөнгөө бүрэн төлж барагдуулсан, би шүүх хуралд суух шаардлагагүй...” гэжээ. /хх-ийн 11-13/
Гэрч О.Шинэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би эхнэр 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг “Үхэр чулуут” гэх газар Памбага гэх хүний малыг маллаж амьдардаг. Манайх өөрийн гэсэн мал байхгүй...” гэжээ. /хх-ийн 24-25/
Гэрч Д.Очирпүрэв мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Гантунгалаг гэх хүнийг танина. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нөхөр Шинэбаярын хамт манай малыг маллаж байгаа. Манай мал дээр Гантунгалаг, Шинэбаяр нарын нэг ч мал байхгүй...” гэжээ. /хх-ийн 28-29/
Т.Гантунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр надад мөнгөний хэрэг гарсан тул танил Энхзул гэх хүнээс түр зээлээч гэж 100,000 төгрөг асуухад тэгье гээд миний ХААН банкин дахь ... тоот данс руу шилжүүлсэн. Маргааш нь буюу 09 дүгээр сарын 06-ны өдөр би мөн танил Энхзул руу фэйсбүүкийн чатаар “идэшний бяруу авахгүй биз, би зарна” гэж хэлэхэд өөдөөс би авъя гээд хоорондоо хэсэг чатлаад надаас нэг бяруу, нэг даага нийт 900,000 төгрөгөөр авахаар болж Энхзул миний ХААН банкны данс руу 09 дүгээр сарын 08-ны өдөр 200,000 төгрөг шилжүүлж бяруу болон даагаа 11 дүгээр сард авахаар болсон. Мөн 10 дугаар сарын эхээр Энхзул нь чатаар холбогдож “чи шүдлэн үхэр зарахгүй биз” гэхээр нь “зарна” гээд шүдлэн үхрийн зураг явуулсан. Тэгээд Энхзул тухайн үхрийн зургийг харчихаад “ахдаа хэлээд холбогдъё” гээд маргааш нь над руу “тухайн үхрийг ах зөвшөөрсөн” гээд бид хоёр шүдлэн үхрийг 1,000,000 төгрөгөөр тохиролцсон. Ингээд Энхзул миний данс руу 09 дүгээр сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 09 дүгээр сарын 08-ны өдөр 200,000 төгрөг, 10 дугаар сарын 21-ний өдөр 600,000 төгрөг, 09 дүгээр сарын 13-ны өдөр 250,000 төгрөг, 09 дүгээр сарын 15-ны өдөр 50,000 төгрөг, 09 дүгээр сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, 10 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөг, 11 дүгээр сарын 04-ний өдөр 200,000 төгрөг тус тус шилжүүлсэн. 11 дүгээр сарын 12-ны өдөр намайг Гурванзагал суманд айлын мал маллаж байх үед Энхзул миний гар утас руу залгаж “наймаа хийсэн идшээ авъя” гэхээр нь би “удахгүй өгнө” гээд утсаа тасалсан. Тэрнээс хойш Энхзул ойр ойрхон залгаж чат бичиж байсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан тул худлаа ярьж Энхзулд хоёр үхэр нэг бяруу өгнө гэж мөнгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан...” гэжээ. /хх-ийн 38-39/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/
ХААН банкин дахь депозит дансны баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 66-67/
Т.Гантунгалагийн ХААН банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 68-71/
Г.Энхзулын ХААН банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 46-49/
Г.Энхзул, Т.Гантунгалаг нарын хоорондоо харьцсан фэйсбүүкийн чатны хуулбар /хх-ийн 50-65/
Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42/
Т.Гантунгалаг нь эд хөрөнгөгүй тухай хураангуй лавлагаа /хх-ийн 43/
Т.Гантунгалагийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 41/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/
Хохирогч Г.Энхзулын Дорнод аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 77/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Баягид овогт Тунгалагийн Гантунгалаг нь цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Г.Энхзулд мал зарна гэж хуурч 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд нийт 8 удаагийн гүйлгээгээр 1,900,000 төгрөгийг ХААН банкин дахь өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Т.Гантунгалагийн “...тухайн үед надад мөнгөний хэрэг байсан тул худлаа ярьж Энхзулд хоёр үхэр нэг бяруу өгнө гэж мөнгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Г.Энхзулын “...Би 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр танил Т.Гантунгалагаас идшинд нэг бяруу, нэг даага, нэг шүдлэн авахаар амаар тохиролцсон. Идшээ 10 дугаар сарын сүүлээр авах үедээ мөнгийг нь өгье гэж хэлэхэд Т.Гантунгалаг нь “мөнгөний хэрэг байна, урьдчилаад авъя” гэхээр нь “за тэгье” гээд би Гантунгалагийн ХААН банкин дахь ... тоот данс руу өөрийн ХААН банкин дахь ... тоот данснаас ... нийт 1,900,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 10 дугаар сарын сүүлээр Гантунгалаг руу залгаж “идшээ одоо авъя” гэхэд “манай нөхрийн ах нас барсан тул хэд хоног хүлээчих” гэхээр нь би за гээд тасалсан. Дараа нь 11 дүгээр сарын 06-нд холбогдож “Яагаа вэ, хотоос идэш авах хүмүүс маань залгаад хотоос гарлаа гээд байна” гэж хэлэхэд “За, маргааш хариу өгье, нөхөр Шинээ малдаа явчихсан байна” гэж хэлээд тасалсан. Мөн 11 дүгээр сарын 15-нд ахин Гантунгалагтай утсаар холбогдоход “Өнөөдөр амжсангүй, маргааш аймаг идшийг чинь ачаад гарлаа” гэж хэлээд маргааш нь таг болохоор нь холбогдоход “Замдаа машин эвдрээд айлд хоносон” гэх зэргээр удаа дараа худлаа ярьж өдөр хоног авч одоог хүрсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Д.Очирпүрэв, О.Шинэбаяр нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ХААН банкин дахь депозит дансны баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, Г.Энхзул, Т.Гантунгалаг нарын ХААН банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Гантунгалаг нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс хуурч мэхлэх аргаар илээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Т.Гантунгалагт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Гантунгалагийг цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдыг хуурч эд хөрөнгийг шилжүүлж авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Гантунгалаг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Т.Гантунгалагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Гантунгалагийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Энхзул эд хөрөнгөөрөө хохирсон байх боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1,900,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Гантунгалаг нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т.Гантунгалаг нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баягид овогт Тунгалагийн Гантунгалагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдыг хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тунгалагийн Гантунгалагт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гантунгалаг нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т.Гантунгалаг нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Т.Гантунгалагийн ЖЛ 95052209 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Гантунгалагт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА