Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 128/шш2021/0758

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э” ХХК   

Хариуцагч: З Г

Хариуцагч: Т Х А А Г

Нэхэмжлэлийн шаардлага: “Э” ХХК  -тай “Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологи”-ийн  үйлдвэр барьж, хотын хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх барих, өмчлөх, ашиглах шууд гэрээ байгуулах тогтоол гаргаагүй Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “Э” ХХК  -тай “ Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологи”-ийн  үйлдвэр барьж, хотын хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх барих, өмчлөх, ашиглах шууд гэрээ байгуулах тогтоол гаргахыг Засгийн газарт даалгах, тогтоолын дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газрыг “Э” ХХК-тай концессын шууд гэрээ байгуулахыг даалгах”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, М.Ж, хариуцагч  Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, иргэдийн төлөөлөгч Г.Дүгэрсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Намуунтөгөлдөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК   нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай 3**  дугаар тогтоолын хавсралтын 44-т Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологи-ийн үйлдвэр Барьж-өмчлөх-ашиглах зориулалт бүхий уралдаант шалгаруулалт явуулахаар концессын зүйл батлагдсан. Тус тогтоолын дагуу манай компанийн зүгээс Концессын хуулийн дагуу Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл-ийг Монгол орны цаг уур, газар зүйн байрлалын онцлогт тохирсон техник, технологийн шийдлийн дагуу хэрэгжүүлэхээр дэлхийд хог хаягдал боловсруулах технологиор тэргүүлэгч Австри улсын Эрчим хүчний агентлагтай хамтран тухайн төслийг бүрэн хийж хэрэгжүүлэхэд бэлэн болгосон.Бидний зүгээс бэлэн болгосон Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл-ийг бодит байдалд хэрэгжүүлж, Монгол Улсыг орчны бохирдлоос салгаж, хог хаягдлыг дахин боловсруулах замаар эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор төрийн байгууллагуудад төслөө танилцуулж эхэлсэн.

Мөн тухайн төслийг Оюуны Өмчийн Газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 69 дүгээр тушаалаар улсын бүртгэлд бүртгэж, Улаанбаатар хотод хаягдал ашиглан эрчим хүч үйлдвэрлэх шийдэл нэртэй Зохиогчийн эрхийн 6817 дугаар гэрчилгээг Э ХХК-д олгосон. Зохиогчийн эрхийн гэрчилгээгээр баталгаажсан төслөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/, Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргад тус тус танилцуулсан бөгөөд холбогдох салбарын сайд, Нийслэлийн Засаг дарга нараас тус тус дэмжсэн.

Тодруулбал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/7230 тоот албан бичгээр, Эрчим хүчний сайдаас 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн а/720 тоот албан бичгээр, Нийслэлийн Засаг даргаас 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/724 тоот албан бичгээр тус тус Аж үйлдвэрийн сайдад /тухайн үеийн/ хандаж Э ХХК-ийн Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл-ийг Монгол орны цаг уур, уур амьсгалын онцлогт тохирсон техник технологийн шийдлийн дагуу хэрэгжүүлэхээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохиогчийн эрхийн гэрчилгээ авсныг үндэслэн Концессын хуулийн дагуу уг төслийг шууд гэрээ байгуулах шугамаар хэрэгжүүлэх асуудлыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд оруулан шийдвэрлүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн.

Түүнчлэн бидний төслийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд, Нийслэлийн Засаг даргаас бүрэн дэмжиж байгаагаа удаа дараа албан бичгээр бидэнд илэрхийлж байсан. Үүний дагуу З Г  Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх асуудлыг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа дахин хэлэлцэж Засгийн газрын 2015 оны12 дугаар сарын 14-ний өдрийн 4**  дугаар тогтоолоор Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3**  дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж 441 гэх заалтыг нэмж Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологи-ийн үйлдвэр барьж хотын хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах зориулалтаар концессын гэрээ шууд байгуулахаар тогтоосон.

Засгийн газрын тогтоолыг шууд хэрэгжүүлэгч Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаанд манай компанийн зүгээс хүндэтгэлтэй хандаж бидний төслийг шууд гэрээ байгуулах замаар дэмжиж ажиллах байх гэж итгэлтэй хүлээж байсан боловч тус газраас удаа дараа сонгон шалгаруулалт зарлаж байсан бөгөөд тус сонгон шалгаруулалтад нь ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгж шалгараагүй.

Нэгэнт сонгон шалгаруулалтад ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгж оролцож, шалгараагүй тул манай компанийн зүгээс Үндэсний хөгжлийн газарт 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 88 тоот албан бичгээр хандаж шууд гэрээ байгуулах замаар концессыг хэрэгжүүлэх эрх олгохыг хүссэн боловч Үндэсний хөгжлийн газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/3737 тоот албан бичгээр уг төслийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн хуулийн этгээдтэй концессын шууд гэрээний хэлэлцээрийг хийхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэх хариу ирүүлсэн.

Гэвч тус байгуулагдсан гэх ажлын хэсэг нь одоог хүртэл манай компанитай холбогдоогүй байгаа бөгөөд тухайн төсөлд зайлшгүй шаардлагатай Оюуны өмчийн гэрчилгээтэй, төрийн шат шатны байгууллага нь бүрэн дэмжсээр ирсэн манай компанийн төслийг огт хүлээн авахгүй, хэрэгжүүлэх шууд гэрээ байгуулах эрх олгохгүй зориуд удаашруулж, шууд гэрээ байгуулахаас татгалзсан үйлдэл гаргаж байгаад бидний зүгээс гомдолтой байна. Иймд Концессын шууд гэрээ байгуулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, концессын шууд гэрээ байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” 3**  дугаар тогтоолын 44 дүгээрт  “Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологийн үйлдвэр барьж, хотын хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх, барих, өмчлөх, ашиглах зориулалт бүхий уралдаант шалгаруулалт явуулахаар концессын зүйл батлагдсан. Тухайн тогтоолын дагуу Концессын хуулийг баримтлан хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төслийг Монгол Улсын цаг уур, газар зүйн байршлын онцлогт тохирсон техник технологийн тэргүүлэгч компани Австри Улсын эрчим хүчний агентлагтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байсан. “Э” ХХК-ийн  зүгээс хог хаягдлыг дахин боловсруулах төслийг бодитоор хэрэгжүүлье, Монгол Улсын орчны бохирдлоос салгаж, хог хаягдлыг дахин боловсруулах замаар эрчим хүч үйлдвэрлэе гэсэн зорилгоор төрийн байгууллагуудад тухайн Австри Улсын эрчим хүчний байгууллагатай хамтран боловсруулж буй төслөө танилцуулж эхэлсэн. Уг төслөө Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 69 дүгээр тушаалаар улсын бүртгэлд бүртгэж, 6817 дугаар зохиогчийн эрхийн гэрчилгээг "Э" ХХК-д олгосон. Тухайн зохиогчийн эрхийн гэрчилгээгээр баталгаажсан төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам , Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргад тус тус танилцуулсан. Төслийг концессын зүйл болгон батлуулах, шууд гэрээ байгуулах замаар Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой гэсэн агуулгаар танилцуулж эхэлсэн. Төрийн байгууллага, сайд, Улаанбаатар хотын захирагч нар тухайн танилцуулж байсан төслийг бүгд дэмжиж байсан бөгөөд дэмжиж байсныг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан.

Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “Концессыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд байгаа тохиолдолд шууд гэрээ байгуулах аргаар концессыг олгож болно” гэж заасан. Уг заалтыг баримтлан “...шууд гэрээ байгуулах дүгнэлтийг эрх бүхий этгээд гаргаж, Засгийн газарт хүргүүлнэ” гэсний дагуу "Э" ХХК нь Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн Засаг дарга, холбогдох яамдад санал хүргүүлсэн. Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар оюуны үнэт зүйлтэй холбоотой эрхийн гэрчилгээгээр баталгаажсан төсөл хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа тул концессын шууд гэрээ байгуулах замаар тухайн төслийг хэрэгжүүлэх гэсэн байдлаар санал тавьсан. Тухайн саналыг үндэслэн Үндэсний хөгжлийн газар болон холбогдох яамдаас Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар оруулж, концессын жагсаалтад оруулсан. Концессын жагсаалтад оруулсны дагуу “Э” ХХК-д концессын шууд гэрээ байгуулахтай холбоотой тогтоол гарна гэсэн байдлаар үйл ажиллагаа явж байсан. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын 70 дугаар хуралдаанд холбогдох байгууллагууд “Э” ХХК-ийн  саналыг дэмжиж, дүгнэлтээ гаргаж, танилцуулсан. Мөн хуралдаанд шууд концессын гэрээ байгуулах боломжтой, оюуны өмчийн эрх нь нэгдмэл сонирхолтой этгээдэд байгаа талаар болон “Э” ХХК-тай  холбоотой дүгнэлтийг холбогдох байгууллагууд гаргасан байгаа тухай хэлэлцсэн.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд уг дүгнэлт, тайлбарыг Д.Э, тус газрын ахлах референт Э.С нар гаргасан. Энэ хуралдаанаас тогтоол гарсан бөгөөд тогтоол нь Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу “Э” ХХК-тай  шууд гэрээ байгуулах эрхийг холбогдох байгууллагад олгох ёстой байсан. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 4**  дугаар тогтоол гарсан. Тухайн тогтоолоор 44заалтыг нэмж, концессын зүйлд өөрчлөлт оруулсан. Энэ үйлдлийг зөв гэж үзэж байна. Гэтэл концессын жагсаалтад оруулсны дараа тухайн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас шууд гэрээ байгуулах үйлдлийг хийгээгүй, холбогдох тогтоолыг гаргаагүй нь хууль бус гэж үзэж байна. Тиймээс “Э” ХХК-тай  хамтран хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологийн үйлдвэр барьж, хотын хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх, барих, өмчлөх, ашиглах, шууд гэрээ байгуулах тогтоол гаргаагүй Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “Э” ХХК-тай  хамтран хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологийн үйлдвэр барьж, хотын хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх, барих, өмчлөх, ашиглах, шууд гэрээ байгуулах тогтоол гаргахыг З Г т даалгах, тогтоолын дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газрыг “Э” ХХК-тай  концессын шууд гэрээ байгуулахыг тус тус даалгуулахыг хүсэж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн асуудалтай холбогдуулан Эрчим хүчний яамтай эрчим хүч боловсруулах үйлдвэрлэх, түүнийг зарахтай холбоотой тусгай зөвшөөрлүүдийг авсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Шууд гэрээ байгуулж, цаашид эрчим хүч болон хог хаягдлыг боловсруулан эрчим хүчийг зарна гэсэн байдлаар Эрчим хүчний яамтай хэлэлцээр хийгдэж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан тул нэхэмжлэгч “Э” ХХК-д хохиролтой нөхцөл байдал үүссэн.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар ямар дүгнэлт, танилцуулга орсныг тодруулах, хуралдааны тэмдэглэлийг үзэх шаардлагатай гэж үзэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасан. Монгол Улсын Засгийн газрын тэмдэглэлд шүүх үзлэг хийсэн. Үзлэг хийхэд хуралдааны тэмдэглэлийн хавсралтад зөвхөн нэхэмжлэгч “Э” ХХК-ийн  Австри Улсын эрчим хүчний агентлагтай хамтарсан төслийн танилцуулга, дүгнэлтүүд байсан буюу уг асуудлыг хэлэлцсэн байдаг. Үндэсний хөгжлийн газар болон холбогдох байгууллагууд санал, дүгнэлтээ гаргасан. Концессын хэлэлцээр хийгдээгүй, гэрээ байгуулагдаагүй гэж хариуцагч тал тайлбарлаж, Концессын тухай хуулийн 15 дугаар зүйлийг дурдаж байна. Энэ нь уралдаант шалгаруулалттай холбоотойгоор концессын гэрээ хийхэд ач холбогдолтой зохицуулалт юм. Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд байгаа тохиолдолд шууд гэрээ байгуулах боломжтой гэж үзэж байна. Үндэсний хөгжлийн газар болон холбогдох яамдаас дүгнэлт гарсан. Монгол Улсын Засгийн газрын 70 дугаар хуралдаанд юуны талаар хэлэлцсэнийг тодруулсан. Уг 70 дугаар хуралдаанд зөвхөн концессын зүйлийн жагсаалтыг батлаагүй бөгөөд тэмдэглэлээс үзвэл “Э” ХХК-ийн  хог хаягдлыг боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэлэлцэж, бүгд дэмжсэн байна. Тухайн тогтоолын 44 дэх заалтад яг ижил нэртэй төсөл байдаг. Иймд 44 болон 441 дэх заалтуудыг яагаад нэмсэн гэдэг шалтгааныг тодруулах шаардлагатай. 441 дэх заалтыг  “Э” ХХК-тай  шууд гэрээ байгуулахаар нэмсэн гэж үзэж байна. Өмнөх шүүх хуралдаанд уг концессын жагсаалтад 44, 441, 442 гэсэн гурван заалт орсон нь гурвуулаа ижил нэртэй байхад яагаад сонгон шалгаруулах гээд байгааг тодруулахаар хариуцагчаас асуухад  441 нь “Э” ХХК-тай  холбоотой байсан бөгөөд 442 дахь заалт яагаад нэмсэн гэвэл өөр бусад компанитай холбоотой шууд гэрээ байгуулахаар тусгасан заалтууд юм байна гэж тодруулсан.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд үзлэг хийсэн. Уг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар тухайн маргаан бүхий асуудлыг сайд Д.Э танилцуулсан байдаг. Танилцуулахдаа “...Уг үйлдвэр нь европын стандартын шаардлага хангасан эко шийдэлтэй, 130000 тонн хог хаягдлыг боловсруулах хүчин чадалтай бөгөөд хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэх боломжтой байхаар тусгасан байна. Мөн техник эдийн засгийн үндэслэлд 32000 мегабайт цахилгаан дулаан үйлдвэрлэнэ. Төслийн өртөг нь урьдчилсан байдлаар 115,000,000 евро буюу улсаас санхүүгийн дэмжлэг  шаардахгүй байхаар тусгасан байна” гэсэн тайлбарыг дурдсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хог хаягдлыг өөрсдөө ашиглах тул энэ асуудлыг шийдвэрлэе гэж тухайн “Э” ХХК-тай  шууд гэрээ байгуулахтай холбоотой асуудлыг энэ хуралдаанаар шийдвэрлэсэн. Санал, дүгнэлттэй танилцсан байгаа тул З Г  нь “Э” ХХК-тай  шууд гэрээ байгуулахтай холбоотой тогтоол гаргах нь зөв гэж үзэж байна. Үндэсний хөгжлийн газартай холбогдон шууд гэрээ байгуулах үйл ажиллагааг үргэлжлүүлье гэж мэдэгдэхэд хариуд нь “Засгийн газраас “Э” ХХК-тай  гэрээ байгуулахыг даалгасан тогтоол гаргах ёстой байдаг бөгөөд уг тогтоол байхгүй тул “Э” ХХК-тай  холбогдох боломжгүй” гэж тайлбарладаг. Иймд “Э” ХХК-тай  шууд гэрээ байгуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэж, үйл ажиллагаа цааш үргэлжилнэ гэж үзэж байна. Жагсаалтын 441 заалт нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын дүгнэлтийг үндэслэсэн байгаа боловч “Э” ХХК-тай  холбогдох тогтоолыг гаргаснаар үйл ажиллагаа үргэлжилнэ гэж үзэж байна. Хариуцагч Т Х А А Г  нь “Засгийн газрын тогтоолыг үзвэл шууд гэрээ байгуулна гэсэн тул ямар нэгэн компанитай шууд гэрээ байгуулах асуудлыг дур мэдэн шийдвэрлэх боломжгүй” гэсэн тайлбарыг өгдөг. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч “Э” ХХК-ийн  төсөл, хөтөлбөр хэрэгжих боломж нээгдэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ршүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан: “Э” ХХК  -ийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгч “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д “Хог хаягдал боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг нэмж баталсан үйл ажиллагааг шууд концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох үйл ажиллагаа гэж үзэн, Засгийн газрыг эс үйлдэхүй гаргасан гэж нэхэмжлэл гаргажээ.

Концессын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газар 2015 оны 4**  дугаар тогтоолоор “Хог хаягдал боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д нэмэлтээр оруулсан.

Үүний дараа тухайн жагсаалтад орсон төслийн “концессын гэрээ байгуулах эрх олгох”-доо Засгийн газар Концессын тухай хуулийн 19 дүгээр заалтыг баримтлах ёстой бөгөөд энэ нь “19.1.Энэ хуулийн 15.3, 17.2, 18.5, 18.6-д заасны дагуу ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Засгийн газар гэрээ байгуулах зөвшөөрлийг эрх бүхий этгээдэд олгоно” гэж заасан. Концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тухайн нэг этгээдтэй концессын гэрээний хэлэлцээрийг хийж, гэрээ байгуулах дүгнэлт гарган Засгийн газарт хүргүүлэх ёстой.

 “Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу концессын зүйлийн жагсаалтыг баталдаг. Концессын зүйлийн жагсаалтыг батлахдаа тус хуулийн 15 дугаар зүйл, 17 дугаар зүйл, 18 дугаар зүйлд заасан шаардлага, нөхцөлүүдийг хангадаг. Үүний дагуу концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт орсон. “Шууд гэрээ байгуулах төрлөөр явуулна” гэж Монгол Улсын Засгийн газрын тогтоолд буюу концессын зүйлийн жагсаалтад тусгасан нь “Э” ХХК-тай  шууд гэрээ байгуулна гэсэн ойлголт биш юм. Концессын тухай хуульд шууд гэрээг хэрхэн байгуулах болон гэрээ байгуулах эрхийг хэрхэн олгох талаар зохицуулалт байдаг. З Г  нь хуралдааны зарчмаар шийдвэр гаргадаг. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын гаргах шийдвэрийг урьдчилан эрх бүхий байгууллага буюу концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын  дүгнэлтийг урьдчилан гаргуулахаар буюу компанийн нэрийг нэр цохон нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. “Шууд гэрээ” гэж тусгасан нь “Э” ХХК-тай  ямар нэгэн байдлаар гэрээ, хэлэлцээр хийх ёстой гэсэн үг биш. Гэрээ хэлэлцээр хийхэд шаардлага хангаж байгаа эсэх талаар эрх бүхий байгууллага нь санал, дүгнэлт гаргаж, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг. Энэхүү хуралдаанд танилцуулсны дагуу гишүүдээс холбогдох асуулт, саналыг тодруулж, эцсийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гэрээ байгуулах эрх олгох эсэхийг шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай. Гэтэл ямар нэгэн байдлаар гэрээ хэлэлцээр хийгдээгүй, эрх бүхий этгээдийн санал, дүгнэлт гараагүй байхад Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг урьдчилан гаргуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь хангагдах боломжгүй гэж үзэж байгаа.

Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан концессын зүйлсийн жагсаалтыг нэмэх, батлах асуудлыг хэлэлцэхдээ мөн адил санал, дүгнэлттэй танилцуулж, концессын зүйлд аливаа өөрчлөлтийг оруулдаг зохицуулалттай. Концессын зүйлийг ямар зорилгоор, ямар шаардлага, нөхцөлийн хүрээнд нэмэх гэж байгаа талаар санал, дүгнэлтийг хуралдаанд танилцуулж, жагсаалтыг баталдаг. Санал, дүгнэлттэй холбоотойгоор концессын зүйлд өөрчлөлт орж, энэхүү төсөл нь нэмэгдсэн. Концессын тухай хуульд концессын зүйлийн жагсаалт батлагдсаны дараа дахин процессын зохицуулалттай байдаг. Гэрээ байгуулах, эрх олгох тогтоол гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Заавал эрх бүхий этгээд буюу концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тухайн сонирхогч этгээдтэй гэрээнд юуг тусгах талаар хэлэлцээр хийдэг. Гэрээнд юуг тусгах талаар гэдэг нь хэдийн жилийн дотор барьж байгуулах, ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийх, төр болон хэрэгжүүлэгч талын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг, гэрээг байгуулах болон цуцлахдаа яах вэ гэдэг талаар, концессын гэрээний төлбөр төлөх эсэх талаар олон асуудлыг тодорхой болгож, дүгнэлт гардаг. Сонирхогч этгээдийн эрх, үүрэгтэй холбоотой асуудал тодорхойгүйгээр шууд гэрээ байгуулах эрх олгох ямар ч боломжгүй байдаг. Энэ талаар хуульд тодорхой заасан байдаг. Дээр дурдсан асуудлууд нь тодорхой болоогүй тул З Г т шууд гэрээ байгуулах тогтоол гаргахыг даалгах нь ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. З Г  нь сонирхогч этгээдийн эрх, үүрэг тодорхой бус байхад шууд гэрээ байгуулах эрх олгох боломж байдаггүй. Хамгийн эхэнд сонирхогч этгээд нь гэрээнд юу тусгагдах талаар концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандаж, тухайн байгууллага нь үүнд холбогдох тооцоо, судалгааг хийж, боломжтой санал мөн эсэх талаар үнэлж, холбогдох дүгнэлт гаргадаг. Хэлэлцээрт орно гэдэг нь талууд гэрээгээр ямар эрх, үүрэгтэйгээр оролцож, ямар боломж, нөхцөлийн хүрээнд уг гэрээ хийгдэх талаар танилцуулдаг. Нэхэмжлэгч тал нь  гэрээний хэлэлцээрт огт ороогүй” гэжээ.

Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т Х А А Г т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ талаар шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбартаа тодорхой дурдсан. “Э” ХХК-тай  эрх бүхий этгээд буюу концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ямар нэгэн байдлаар концессын гэрээ, хэлэлцээр хийгээгүй. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд ямар компанитай шууд гэрээ байгуулах үндэслэл үүссэн байгаа эсэх талаар Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу дүгнэлт гаргах шаардлагатай, хоёрдугаарт “Э” ХХК  нь концессын гэрээний хэлэлцээрт орж, концессын гэрээний зөвшөөрөл Засгийн газраас хүсэхдээ ямар компанитай ямар гэрээ хийх талаар тодорхой танилцуулах шаардлагатай байдаг. Гэтэл “Э” ХХК-тай  шууд гэрээ байгуулах дүгнэлт гараагүй, концессын гэрээний хэлэлцээрт ороогүй учир Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд уг асуудал танилцуулагдаагүй. Иймд Монгол Улсын Засгийн газраас концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох боломжгүй бөгөөд концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “Э” ХХК-тай  концессын гэрээ байгуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл эхний урьдчилсан шатны хэлэлцээрт ороогүй, концессын гэрээний төсөл гараагүй зэрэг хуульд заасан үйл ажиллагаа огт явагдаагүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад шинээр төсөл нэмэлтээр оруулах тухай танилцуулгад концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь “Э” ХХК-д холбогдох санал, дүгнэлтийг гаргасан гэж тайлбарлаж байна. Энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг боловсруулан хүргүүлж байна гэж хүргүүлсэн байна. Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай асуудал нь уг танилцуулгад дурдагдаагүй. Танилцуулгад оруулах төслийн нэрийг дурдаж, эдгээрийг Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлтээр оруулах Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төсөл гэж дурдагдсан байна. Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2-т тус тус зааснаас үзвэл Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батлах болон концессын гэрээ байгуулах эрх олгох асуудал нь тусдаа хуулийн зохицуулалттай байна. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх журмын дагуу асуудал болгон тус тусдаа санал, дүгнэлттэйгээр танилцуулагддаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь Засгийн газрын 3**  дугаар тогтоолоор баталсан жагсаалтад хог хаягдлыг дахин боловсруулах  төслийг нэмсэн асуудлыг концессын гэрээ байгуулах эрх олгохтой нэг процессоор явагдах ёстой мэт ойлгож, тайлбарлаж байна. Тусдаа өөр асуудал байгаа талаар тодруулах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “ Эрэл ” ХХК нь тус шүүхэд  З Г , Т Х А А Г т холбогдуулан “Э” ХХК  -тай “Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологи”-ийн  үйлдвэр барьж, хотын хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх барих, өмчлөх, ашиглах шууд гэрээ байгуулах тогтоол гаргаагүй Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,  “Э” ХХК  -тай “Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологи”-ийн  үйлдвэр барьж, хотын хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх барих, өмчлөх, ашиглах шууд гэрээ байгуулах тогтоол гаргахыг Засгийн газарт даалгах, тогтоолын дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газрыг “Э” ХХК-тай концессын шууд гэрээ байгуулахыг даалгах”  шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК   нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3**  дугаар тогтоолын хавсралтын 44-т “Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологи”-ийн үйлдвэр барьж, хотын хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх ... концессын зүйлийг баталсан. Тус тогтоолын дагуу манай компани ... “Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх” төслийг Австри улсын Эрчим хүчний агентлагтай хамтран хийж хэрэгжүүлэхэд бэлэн болсон. ... Зохиогчийн эрхийн гэрчилгээгээр баталгаажсан төслөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн засаг даргад танилцуулсан бөгөөд холбогдох салбарын сайд, Нийслэлийн Засаг дарга бүгд дэмжсэн. ...Манай компанийн хүсэлтийн дагуу танилцуулга,  төсөл, дүгнэлтийг Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн. Засгийн газрын хуралдаанаас тогтоол гарган, Концессын  тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу “ Эрэл” ХХК-тай шууд гэрээ байгуулах эрхийг холбогдох байгууллагад олгох байтал  “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 4**  дугаар тогтоол гаргаж, тухайн асуудлаар “Э” ХХК  -тай шууд гэрээ байгуулах асуудлыг орхигдуулан шийдвэрлэсэн. ...Засгийн газар шууд гэрээ байгуулах тогтоол гаргахгүй эс үйлдэхүй  гаргаж байна ...”  гэж, хариуцагч нь “Засгийн газар нь төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах, концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох эрхтэй бөгөөд эдгээр нь тус тусдаа явагдах үйл ажиллагаа юм. ... Эрх бүхий этгээд болон “ Эрэл” ХХК-ийн хооронд концессын гэрээний хэлэлцээр хийгдээгүй, гэрээ байгуулах дүгнэлт гараагүй  ... нөхцөлд Засгийн газар гэрээ байгуулах зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргах боломжгүй. ... Засгийн газарт концессын гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа нь Засгийн газрын шийдвэр гаргах эрхийг хязгаарласан үйлдэл. ... Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад 441... нэмэлтээр оруулсан нь концессын шууд гэрээ байгуулах эрх олгогдсон гэж үзэх үндэслэлгүй. ... Концессын гэрээ байгуулах эрх олгох нь Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах бөгөөд концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь концессын гэрээний хэлэлцээрийг хийх, гэрээ байгуулах дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулан гэрээ байгуулах зөвшөөрөл авдаг ... “ гэж тодорхойлон маргажээ.

            Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “ Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” 3**  дугаар тогтоолын хавсралтын 44-д “Нийслэл хот болон 21 аймагт “ Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологи”- ийн үйлдвэр барьж, хотын хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх / зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах зориулалт бүхий / дэд бүтцийн “ концессын зүйлийг баталж, уг концессын гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээг уралдаант шалгаруулалтын аргаар явуулахаар шийдвэрлэсэн, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай“  4**  дугаар тогтоолоор дээрх 2013 оны 3**  дугаар тогтоолд 441 гэсэн хэсэг нэмж, “Улаанбаатар хотод “Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологи”- ийн үйлдвэр барьж, хотын хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх / зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах зориулалт бүхий /  концессын зүйлийг баталж, шууд гэрээ байгуулах аргаар концессыг олгох  өөрчлөлтийг оруулжээ.

 Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “концесс” гэж төрийн, эсхүл орон нутгийн өөрийн өмчийн хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрхийг ойлгоно” гэж, 3.1.3-т “концессын гэрээ”  гэж концессыг хэрэгжүүлэхээр эрх бүхий этгээд, концесс эзэмшигч нарын хооронд бичгээр байгуулсан гэрээг хэлнэ” гэж, 3.1.7-д “эрх бүхий этгээд” гэж төрийн өмчийн концессын зүйлийн хувьд концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг  ... ойлгоно “ гэж, 17 дугаар зүйлийн 17.2-т “Шууд гэрээ байгуулах дүгнэлтийг эрх бүхий этгээд гаргаж, Засгийн газар, эсхүл аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д “ Энэ хуулийн ... 17.2-т ... заасны дагуу ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Засгийн газар гэрээ байгуулах зөвшөөрлийг эрх бүхий этгээдэд олгоно” гэж, 19.4-т “ Засгийн газар ... концессын гэрээ байгуулахыг дэмжээгүй бол хэлэлцээрийг дахин хийх эсэх, эсхүл уралдаант шалгаруулалтыг дахин явуулах эсэх шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж  тус тус зааснаас үзэхэд шууд гэрээ байгуулах дүгнэлтийг эрх бүхий этгээд гаргахаар, Засгийн газар эрх бүхий этгээдийн дүгнэлтийг үндэслэн концессын шууд гэрээ байгуулах зөвшөөрлийг олгохоор, концессын гэрээг  эрх бүхий этгээд,  концесс эзэмшигч нарын хооронд бичгээр байгуулахаар, Засгийн газар концессын гэрээ байгуулахыг дэмжээгүй бол хэлэлцээрийг дахин хийх, уралдаант шалгаруулалтыг дахин явуулах эсэх шийдвэрийн аль нэгийг гаргахаар тусгайлан нарийвчлан зохицуулжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Э” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаар албан бичгээр “ ... шууд гэрээ байгуулах нөхцөл хуулийн хүрээнд бүрдсэн ... тул Үндэсний хөгжлийн газартай шууд гэрээ байгуулах  ...” хүсэлтийг хүргүүлж байсан, Үндэсний хөгжлийн газрын 2019 оны 12 дугаар сарны 01/3737 дугаар албан бичгээр “ ... Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санал болгосон тус төслийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн хуулийн этгээдтэй концессын шууд гэрээний хэлэлцээрийг хийхээр ... ажлын хэсэг байгуулан ажиллаж байна” гэсэн хариуг хүргүүлж байсан боловч концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Үндэсний хөгжлийн газартай / тухайн үеийн/ болон “Э” ХХК  -ийн хооронд  концессын гэрээний хэлэлцээр хийгдээгүй, Үндэсний хөгжлийн газраас “Э” ХХК  -тай шууд гэрээ байгуулах дүгнэлтийг гаргаж байгаагүй, хариуцагч нь дээрх төслийг хэрэгжүүлэхээр аливаа хуулийн этгээдтэй концессын гэрээ байгуулаагүй  болох нь тогтоогджээ. 

Нэхэмжлэгч “Э” ХХК   нь “ ... шууд гэрээ байгуулах замаар тухайн төслийг хэрэгжүүлэх ... санал тавьсан. Тухайн саналыг үндэслэн Үндэсний хөгжлийн газар болон холбогдох яамдаас Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэн  концессын жагсаалтад өөрчлөлт орсон. Монгол Улсын Засгийн хуралдааны тэмдэглэл, санал, дүгнэлтээс үзэхэд жагсаалтын 441 дэх заалтыг “ Эрэл” ХХК-тай шууд гэрээ байгуулж, хог хаягдлыг өндөр хэд боловсруулах технологийн үйлдвэр барих зорилгоор оруулсан ... “ гэж тайлбарлан маргаж байх боловч Засгийн газрын хуралдаанд Хөрөнгө оруулалтын газраас танилцуулсан танилцуулга, Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн  01/3552, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын  2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 01/7250, Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2015 оны 3 дугаар сарын 17-ний өдрийн “ Хүсэлт уламжлах тухай ” а/720, Нийслэлийн засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 10-ний өдрийн “ Хүсэлт гаргах тухай“ 01/724 дугаар албан бичгүүдийг  нэхэмжлэгч “ Эрэл” ХХК-тай  дээрх концессын гэрээг шууд байгуулахаар ирүүлсэн эрх бүхий байгууллагын дүгнэлт гэж үзэхгүй, мөн  “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д “Хог хаягдал боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг нэмэлтээр оруулсан болон концессын гэрээг шууд байгуулахаар тусгасныг Засгийн газраас эрх бүхий этгээдэд концессын  гэрээ байгуулах зөвшөөрлийг олгосон, концесс олгох шийдвэр гаргасан  гэж үзэх үндэслэлгүй байна. 

 Учир нь Концессын тухай хуулийн  15 дугаар зүйлийн 15.1-д  “Эрх бүхий этгээд оролцогчтой концессын ... гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ”, 15.2-т “ Энэ хуулийн 15.1-д заасан хэлэлцээр хийхэд дараах журмыг баримтална”,  15.3-д “ эрх бүхий этгээд хэлэлцээрийн үр дүнд гэрээний нөхцөлийг хамгийн сайн харилцан тохирсон нэг оролцогчтой гэрээ байгуулах дүгнэлт гарган ажлын  таван өдөрт багтаан Засгийн газарт хүргүүлнэ” гэж зааснаас үзэхэд  хууль тогтоогч нь концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийх, хэлэлцээрийн үр дүнд гэрээ байгуулах дүгнэлт гаргах процессыг тусгайлан заасан, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар дээрх дүгнэлтийг үндэслэн концесс олгох шийдвэр гаргаж, концессын гэрээ байгуулах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагад олгох нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал байна.

Иймд нэхэмжлэгчийн “... Монгол Улсын Засгийн хуралдааны тэмдэглэл, санал, дүгнэлтээс үзэхэд жагсаалтын 441  дэх заалтыг “ Эрэл” ХХК-тай шууд гэрээ байгуулж, хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологийн үйлдвэр барих зорилгоор оруулсан ... “Э” ХХК  -тай шууд гэрээ байгуулах асуудлыг орхигдуулан шийдвэрлэсэн ...” гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар “Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох бөгөөд энэхүү маргааны тохиолдолд хариуцагч Монгол Улсын  Засгийн газар нь “эс үйлдэхүй гаргасан” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч “ Эрэл” ХХК нь тухайн төслийн  концессын зүйл болон  концесс олгох шийдвэр гаргах , концессын гэрээ байгуулах зөвшөөрлийг олгохтой холбоотойгоор З Г т хандаж, өргөдөл, гомдол гаргаж байгаагүй, З Г  нь  хуульд заасан урьдчилсан нөхцөлийг хангахгүйгээр концессын гэрээг шууд байгуулах шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй  юм.

Мөн Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.11, 15 дугаар зүйлийн 15.3, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар хариуцагч Т Х А А Г  нь концессын гэрээ байгуулах, шууд гэрээ байгуулах дүгнэлт гаргах бүрэн эрхтэй хэдий ч Засгийн газраас гэрээ байгуулах шийдвэр гаргаагүй, концессын гэрээ байгуулах зөвшөөрлийг олгоогүй тохиолдолд хуульд заасан урьдчилсан нөхцөлийг зөрчиж, “Э” ХХК  -тай  концессын шууд гэрээ байгуулах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “ хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “...шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимтай нийцэхгүй.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “ ...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах...” гэж тус тус зааснаас үзэхэд “эс үйлдэхүй “ нь хууль бус болох нь тогтоогдсон, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн буюу хуулийн дээрх 2 нөхцөл зэрэг хангагдсан  тохиолдолд захиргааны акт гаргахыг даалгах хуулийн зохицуулалтай байна. Хариуцагч нараас  захиргааны акт гаргахаас татгалзсан, гаргахгүй байгаа  “эс үйлдэхүй” гаргасан болох нь  тогтоогдохгүй байх тул  захиргааны акт гаргахыг даалгах, нэхэмжлэгч хуулийн этгээдтэй концессын шууд гэрээ байгуулахыг даалгах хууль зүйн  боломжгүй. 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Монгол Улсын Засгийн газрыг “Э” ХХК  -тай “Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологи”-ийн  үйлдвэр барьж, хотын хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх барих, өмчлөх, ашиглах шууд гэрээ байгуулах тогтоол гаргаагүй, Төрийн худалдан авах ажиллагааны газрыг концессын шууд гэрээ байгуулаагүй  гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй  байх  тул  нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь  хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.12, 17 дугаар зүйлийн  17.2, 19 дүгээр зүйлийн 19.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3  -т заасныг тус тус баримтлан “Э” ХХК  -ийн З Г , Т Х А А Г т холбогдуулан гаргасан  “Э” ХХК  -тай “Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологи”-ийн  үйлдвэр барьж, хотын хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх барих, өмчлөх, ашиглах шууд гэрээ байгуулах тогтоол гаргаагүй Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “Э” ХХК  -тай “ Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологи”-ийн  үйлдвэр барьж, хотын хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх барих, өмчлөх, ашиглах шууд гэрээ байгуулах тогтоол гаргахыг Засгийн газарт даалгах, тогтоолын дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газрыг “ Э ” ХХК-тай концессын шууд гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч

шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.БАТСҮРЭН