Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч Б.Жамсрандорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Батсайханы Жамсрандоржид холбогдох эрүүгийн 2221005330035 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Гүнцэнгэлэг” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Шарайд овогт Батсайханы Жамсрандорж /РД: ЖЛ 92051016/.

Шүүгдэгч Б.Жамсрандорж нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг “Хөөвөр” гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд согтуугаар “Тоёота Приус-20” маркийн 40-99 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, иргэн У.Өсөхбаярын эсгий гэрийг дайрч, хохирогч Д.Чимэдцэрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Жамсрандорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч Д.Чимэдцэрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орчим Цагаан-Овоо суманд төрсөн охин Мөрөнжаргалын гэрт нь очсон. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 10 цагийн орчимд гэртээ охин Мөрөнжаргалын хамт байсан. Дөнгөж босоод нүүр гараа угаачихаад ширээний хажууд сууж байтал гэнэт л түс хийгээд хүчтэй чимээ болоод явчихсан. Тэгээд юу ч мэдээгүй. Нэг сонссон охин Мөрөнжаргал бахираад “ээжийг аваач дээ” гээд байсан бөгөөд босох гэтэл миний дээрээс юм дарчихсан байсан. Би “намайг аваач дээ” гээд бахирсан. Тэгээд хүмүүс эд зүйлсийг холдуулж намайг гаргасан. Босох гэтэл хоёр хөл босож болохгүй байсан. Охин Мөрөнжаргал уйлчихсан, нүүр ам нь цус болсон байдалтай байсан. Охин бид хоёр эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд миний зүүн хөл гуя хэсгээрээ хугарсан байсан...” гэжээ. /хх-ийн 26-27/

Хохирогч Ч.Мөрөнжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед гэрт ээж аймгаас ирчихсэн байсан бөгөөд гэрийн зүүн урд талын ширээний хажууд ээж бид хоёр сууж байсан чинь гэнэт түс тас хийгээд явчихсан. Юу болсон талаар ухаарч амжаагүй. Нэг мэдсэн дээшээ харчихсан хэвтэж байсан. Босох гэж байтал хоёр хүүхэд “эгчээ босооч ээ, машин мөргөчихлөө” гэж хэлээд хоёр гараас минь татаж босгосон. Тэгээд босох гэсэн чинь толгой эргээд хамраас цус гараад байсан бөгөөд ээжийг “гараач ээ” гэж бахирсан. Тэгэхэд ойр хавийн хүмүүс ирсэн. Нэг хэсэг зогсож байгаад харсан чинь хар өнгийн машин байсан. Нэлээн сүүлд манай сумын Жамсрандорж машинаасаа нэлээн согтуу байдалтай бууж ирж байсан. Эмнэлэг, цагдаа ирээд ээж бид хоёрыг эмнэлэгт хүргэсэн. Тухайн үед гэрт ээж бид хоёроос өөр хүн байгаагүй, би хоёр өвдөгний тойг хэсэгт оёдол тавиулсан, баруун талын 3-р хавирга хугарсан, толгойны зөөлөн эд  гэмтсэн...” гэжээ. /хх-ийн 30-31/

Иргэний нэхэмжлэгч У.Өсөхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажил болох Заан-Өндөр хүнсний дэлгүүрт өглөө 10 цагийн орчимд очоод гал хийж үнсээ авчихаад гэр лүүгээ очиход манай гэрийг зүүн хойд талаас нь хар өнгийн 40-99 ДОА улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хамаад орчихсон байсан. Жолооч нь болох сумын иргэн Жамсрандорж согтуу байдалтай байсан бөгөөд ээж, эхнэр хоёрыг эмнэлэг рүү шууд аваад явсан. Эмнэлэгт очоод харахад эхнэрийн хоёр хөл язарчихсан, ээжийн зүүн хөл нь бүдүүн гуяараа хугарчихсан байсан...” гэжээ. /хх-ийн 34-35/

Насанд хүрээгүй гэрч Э.Бат-Эрдэнэ, Г.Энх-Ажнай нар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн хэрэг болдог айлын урд алхаад явж байтал айлын хойд талаас хар өнгийн машин хурдан гараад ирсэн. Тэгэхээр нь бид хоёр дотроо эргэх байж яасан ширүүн явж байгаа юм бэ гэж бодоод байтал тухайн машин гагнуурчин Өсөхөө ахын гэр рүү чиглээд ирэхээр нь хажуугаар нь өнгөрөх гэж  байгаа юм байна гэж бодтол шууд тэр айлын гэрийг зүүн хойд талаас нь мөргөж түрээд буйран дээрээс нь холдуулсан. Ингээд бид хоёр тухайн мөргүүлсэн айлыг зүс мэдэх бөгөөд айлд ихэр хоёр хүүхэд байдаг учир хүүхдүүд нь байж магадгүй гэж бодоод тухайн айл руу шууд гүйж очоод нэг эгчийг нь баруун урд талаар нь гаргаад нөгөө эгчийг зүүн урд хаяагаар нь гаргасан. Тэр үед мөн жолооч гэх нэг согтуу ах өөрийн жолоодож явсан хар өнгийн Тоёота Приус-20 машинаараа гэр дээгүүр гарах гээд байхаар нь би машинаас нь буулгаад эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандсан...” гэжээ. /хх-ийн 52-56/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн өвчний түүхээр гаргасан шүүх эмнэлгийн 16337 тоот дүгнэлтэд:

1. Д.Чимэдцэрэнгийн биед зүүн дунд чөмөгний доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 86-87/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 6079 тоот “Б.Жамсрандорж гэж хаягласан цусанд 3,0 промилли спирт илэрсэн. Цусан дахь 3,0 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 77-78/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 16336 тоот дүгнэлтэд:

1. Ч.Мөрөнжаргалын биед цээжний баруун талд 3-р хавирганы хугарал, баруун, зүүн өвдөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 82-83/

Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “...Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг “Хөөвөр” гэх газарт Б.Жамсрандорж нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 40-99 ДОА улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн  тээврийн хэрэгсэл жолоодон 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд У.Өсөхбаярын эсгий гэрийг мөргөж зам тээврийн осол гаргахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна...” гэх магадлагаа /хх-ийн 59/

Б.Жамсрандорж мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр оройхон цагийг нь сайн мэдэхгүй байна. Цагаан-Овоо сумын төв дээр ганцаараа өөрийн Приус-20 маркийн, 40-99 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад нутгийн залуу болох Нямжаргал, Соёмбо, Марина нартай таарсан. Тэр хэдтэй уулзаж сумын дэлгүүр орж 4 шил Экс архи авсан бөгөөд 2 шил нь 0,5 литр, 2 шил нь 0,75 литр байсан. Соёмбын гэр рүү очиж 2 шил 0,75 литрийн архийг бид 4 хувааж уусан. Үүний дараа шууд унтсан. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 25-ны өглөө 07 цаг өнгөрч байхад босоод машинд ороход 2 шил 0,5 литрийн архи байсан бөгөөд Нямжаргал хойшоо буулгаад өг гэхээр нь хөдлөөд явж байгаад Маринатай таарсан. Тэгэхэд Марина ард чинь архи байна ш дээ гэж хэлсэн бөгөөд бид гурав 2 шил архиа ууж дуусчихаад Нямжаргал, Марина хоёрыг сумын төвийн баруун хойно байдаг Заяа гэх айлд буулгаад буцаад хөдөлсөн чинь миний хоёр гарын шөрмөс татсан бөгөөд машиныхаа үрүүлийг барьж чадалгүй айл ойрхон байсан учир гэрийнх нь араас мөргөчихсөн. Машинаас буухад ойр орчмын хүмүүс гарч ирээд бужигналдаад байсан...” гэжээ. /хх-ийн 104-105/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13/

Ослын газрын схем зураглал /хх-ийн 14/

40-99 ДОА улсын дугаартай, Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 17/

Гэрч М.Ангирмаагийн мэдүүлэг /хх-ийн 40-42/

Гэрч Л.Туяагийн мэдүүлэг /хх-ийн 49-50/

Хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №ДЦ-22-76 тоот, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №ДЦ-23-35 тоот дүгнэлт /хх-ийн 64-69, 93-98/

Хохирол төлбөртэй холбоотойгоор Б.Жамсрандоржоос гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 123-125, 127-145, 222-227/

Б.Жамсрандоржийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 106/

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 108-109/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112/

Хохирогч Д.Чимэдцэрэнгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 231/

Иргэний нэхэмжлэгч У.Өсөхбаяр, хохирогч Ч.Мөрөнжаргал нарын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 233/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Шарайд овогт Батсайханы Жамсрандорж нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг “Хөөвөр” гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10 цагийн орчимд согтуугаар 40-99 ДОА улсын дугаартай, Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, мөн дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг зөрчсөнөөс  У.Өсөхбаярын эсгий гэрийг дайрч, хохирогч Д.Чимэдцэрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Ч.Мөрөнжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...архиа ууж дуусчихаад Нямжаргал, Марина хоёрыг сумын төвийн баруун хойно байдаг Заяа гэх айлд буулгаад буцаад хөдөлсөн чинь миний хоёр гарын шөрмөс татсан бөгөөд машиныхаа үрүүлийг барьж чадалгүй айл ойрхон байсан учир гэрийнх нь араас мөргөчихсөн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Д.Чимэдцэрэнгийн “...дөнгөж босоод нүүр гараа угаачихаад ширээний хажууд сууж байтал гэнэт л түс хийгээд хүчтэй чимээ болоод явчихсан. Тэгээд юу ч мэдээгүй. Нэг сонссон охин Мөрөнжаргал бахираад “ээжийг аваач дээ” гээд байсан бөгөөд босох гэтэл миний дээрээс юм дарчихсан байсан. Би “намайг аваач дээ” гээд бахирсан. Тэгээд хүмүүс эд зүйлсийг холдуулж намайг гаргасан. Босох гэтэл хоёр хөл босож болохгүй байсан. Охин Мөрөнжаргал уйлчихсан, нүүр ам нь цус болсон байдалтай байсан. Охин бид хоёр эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд миний зүүн хөл гуя хэсгээрээ хугарсан байсан...” гэх, хохирогч Ч.Мөрөнжаргалын “...гэрийн зүүн урд талын ширээний хажууд ээж бид хоёр сууж байсан чинь гэнэт түс тас хийгээд явчихсан. Юу болсон талаар ухаарч амжаагүй. Нэг мэдсэн дээшээ харчихсан хэвтэж байсан. Босох гэж байтал хоёр хүүхэд “эгчээ босооч ээ, машин мөргөчихлөө” гэж хэлээд хоёр гараас минь татаж босгосон. ...би хоёр өвдөгний тойг хэсэгт оёдол тавиулсан, баруун талын 3-р хавирга хугарсан, толгойны зөөлөн эд гэмтсэн...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч У.Өсөхбаярын “...2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажил болох Заан-Өндөр хүнсний дэлгүүрт өглөө 10 цагийн орчимд очоод гал хийж үнсээ авчихаад гэр лүүгээ очиход манай гэрийг зүүн хойд талаас нь хар өнгийн 40-99 ДОА улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хамаад орчихсон байсан. Жолооч нь болох сумын иргэн Жамсрандорж согтуу байдалтай байсан...” гэх, насанд хүрээгүй гэрч Э.Бат-Эрдэнэ, Г.Энх-Ажнай нарын “...тухайн машин гагнуурчин Өсөхөө ахын гэр рүү чиглээд ирэхээр нь хажуугаар нь өнгөрөх гэж байгаа юм байна гэж бодтол шууд тэр айлын гэрийг зүүн хойд талаас нь мөргөж түрээд буйран дээрээс нь холдуулсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16336, 16337 тоот, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 6079 тоот дүгнэлтүүд, мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн магадлагаа, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын газрын схем зураглал, 40-99 ДОА улсын дугаартай, Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №ДЦ-22-76 тоот, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №ДЦ-23-35 тоот дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Б.Жамсрандорж нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16336, 16337 тоот, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 6079 тоот дүгнэлтүүд, мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн магадлагаагаар тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Жамсрандоржид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Батсайханы Жамсрандоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Жамсрандорж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Жамсрандоржийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх зэргийг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Жамсрандоржийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Чимэдцэрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Ч.Мөрөнжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч У.Өсөхбаярт 4,392,800 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Жамсрандорж нь хохирогч Д.Чимэдцэрэнгийн нэхэмжилсэн 6,480,000 төгрөгийг, хохирогч Ч.Мөрөнжаргалын нэхэмжилсэн 1,093,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч У.Өсөхбаярт учирсан эд хөрөнгийн хохирлыг тус тус бүрэн төлж барагдуулан улмаар хохирогч Д.Чимэдцэрэн, Ч.Мөрөнжаргал, иргэний нэхэмжлэгч У.Өсөхбаяр нар нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн болох нь тэдгээрийн Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Жамсрандорж нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарайд овогт Батсайханы Жамсрандоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Батсайханы Жамсрандоржийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Жамсрандоржид тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Жамсрандоржид мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жамсрандоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Жамсрандорж нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Чимэдцэрэн, Ч.Мөрөнжаргал, иргэний нэхэмжлэгч У.Өсөхбаяр нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЛ 92051016  регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Жамсрандоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА