Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2321000000045 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дорнод *******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* 3-11б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарнууд овогт ******* *******. /РД: /.

Шүүгдэгч ******* ******* нь Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “” зочид буудлын зүүн урд талын авто замын хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 00 цаг 30 минутын үед хохирогч *******тай үл ойлголцон маргалдаж, нүүрэн тус газарт нь мөргөх, гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие тухайн өдөр эхнэрээ авах гээд зам дагуу алхаж явсан. 26 дугаар байшингийн урд замаар алхаж байтал миний машиныг үл таних эрэгтэй хүн жолоодож явсан. Би машиныг зогсоож, хаалгыг нь онгойлгож машинаа авах гэхэд намайг зам дээр хаяад зугтсан. Би такси бариад хойноос нь дагах үед станцын хойно буудлын зүүн талд байрлах мухар гудамж руу орсон. Гэтэл тэр мухар гудамжны цаанаас надтай зөрж нэг эрэгтэй хүн хар хурдаараа гүйж гарч ирэхэд нэг жижиг машин зогссон ба тэр хүн шууд машинд суусан. Би миний машиныг жолоодож явсан хүн байж магадгүй гэж бодоод очиж “чи миний машиныг жолоодож явсан хүн мөн үү” гэж асуусан. Гэтэл ******* намайг хаяад явахын оронд шууд заамдаж аваад мөргөсөн. Хэрвээ би *******ийг заамдаж байсан бол намайг мөргөх ямар ч боломжгүй. Намайг заамдсан гараас нь би барьж байсан. Намайг мөргөж цохих үед нь би зугтааж, утсаар цагдаагийн газар руу ярьж байх үед дахин хөөж ирээд зодсон. Тэр үед нь би явган хүний замаар буудлын зүг зугтсан. Хойноос гүйж ирээд намайг хавирч унагаагаад 2-3 удаа өшиглөж зодсон. ...Би мөрдөн шалгах ажиллагааны үед нэхэмжилж буй хохирол төлбөрийнхөө талаар мэдүүлэгтээ тусгасан. Гэхдээ энэ хохирол төлбөрийг ******* төлөөгүй учир эмчилгээгээ хийлгээд дараа нь иргэний журмаар нэхэмжилнэ...” гэв. 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн залуу толгой хэсгээрээ миний уруул хэсэгт мөргөж, дараагаар нь гараараа нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. ...Цагдаад дуудлага өгч байхад тухайн залуу араас хөөж ирээд дахин намайг газарт унагааж нүүр хэсэгт өшиглөж цохисон...” гэжээ. /хх-ийн 9-13/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний машинд сууж явсан залуу замын хойно машинд суух гэж байсан залуу руу очоод шууд л заамдалцаад авсан. Би тэр хоёрыг юуны талаар ярилцсан талаар мэдэхгүй. ...Миний машинаас хамгийн эхэнд буух үедээ биед ил харагдах гэмтэл шарх байхгүй, зүгээр байсан. Харин замын хойно явж байсан залууд цохиулснаас болж миний машинд буцаж суух үед түүний ам хэсгээс нь цус гоожсон байдалтай байсан...” гэжээ. /хх-ийн 17-18/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг гэртээ орж ирээд байтал шөнө 02 цагийн орчимд манай нөхөр “чамаас болж ийм зүйл боллоо, эмнэлгээр явж байгаад ирлээ” гээд уруул нь сэтэрсэн байдалтай орж ирсэн...” гэжээ. /хх-ийн 19-20/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 55 тоот дүгнэлтэд:

1. *******ын биед дээд уруулын шарх, 11, 12, 21, 22-р шүдний сулрал, доод уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

3. Дээд уруулын шарх, 11, 12, 21, 22-р шүдний сулрал гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уруулын дотор салстын цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 30-31/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...нэг үл таних залуу тухайн машинаас бууж ирээд миний сууж байсан машины хаалгыг онгойлгон тухайн машинаас намайг заамдаж чирж гаргаад надад хандаж “миний машин хаана байна” гэх зэргээр хэлээд миний энгэрээс зуурч заамдаад байхаар нь би түүний гарыг нь тавиулах гэсэн боловч намайг хөлөөр минь хавирч газарт унагаасан. Энэ үйлдлийнх нь хариуд би босож тухайн залуугийн нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон үйл явдал болсон. Би гэх залуугийн нүүр хэсэгт мөргөж дараа нь газар унагаасан...” гэжээ. /хх-ийн 37-38/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-6/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28/

*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ болон шүүх хуралдаанд хохирогчоос шинээр гаргасан түүний амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр төлсөн баримт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч  Шарнууд овогт ******* ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 00 цаг 30 минутын үед Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт байрлах “” зочид буудлын зүүн урд талд хохирогч *******тай үл ойлголцон маргалдаж, нүүрэн тус газарт нь мөргөх, гараараа цохих зэргээр зодож түүний биед дээд уруулын шарх, 11, 12, 21, 22-р шүдний сулрал, доод уруулын дотор салстын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...нэг үл таних залуу тухайн машинаас бууж ирээд миний сууж байсан машины хаалгыг онгойлгон тухайн машинаас намайг заамдаж чирж гаргаад надад хандаж “миний машин хаана байна” гэх зэргээр хэлээд миний энгэрээс зуурч заамдаад байхаар нь би түүний гарыг нь тавиулах гэсэн боловч намайг хөлөөр минь хавирч газарт унагаасан. Энэ үйлдлийнх нь хариуд би босож тухайн залуугийн нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон үйл явдал болсон. Би гэх залуугийн нүүр хэсэгт мөргөж дараа нь газар унагаасан...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ын “...тухайн залуу толгой хэсгээрээ миний уруул хэсэгт мөргөж, дараагаар нь гараараа нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. ...Цагдаад дуудлага өгч байхад тухайн залуу араас хөөж ирээд дахин намайг газарт унагааж нүүр хэсэгт өшиглөж цохисон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ийн “...миний машинд сууж явсан залуу замын хойно машинд суух гэж байсан залуу руу очоод шууд л заамдалцаад авсан. Би тэр хоёрыг юуны талаар ярилцсан талаар мэдэхгүй. ...Миний машинаас хамгийн эхэнд буух үедээ биед ил харагдах гэмтэл шарх байхгүй, зүгээр байсан. Харин замын хойно явж байсан залууд цохиулснаас болж миний машинд буцаж суух үед түүний ам хэсгээс нь цус гоожсон байдалтай байсан...” гэх, гэрч ын “...намайг гэртээ орж ирээд байтал шөнө 02 цагийн орчимд манай нөхөр “чамаас болж ийм зүйл боллоо, эмнэлгээр явж байгаад ирлээ” гээд уруул нь сэтэрсэн байдалтай орж ирсэн...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 55 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 55 тоот “...*******ын биед дээд уруулын шарх, 11, 12, 21, 22-р шүдний сулрал, доод уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээд уруулын шарх, 11, 12, 21, 22-р шүдний сулрал гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд хохирол төлбөртэй холбоотойгоор “...би өөрийн биед учирсан гэмтэлд эмчилгээ хийлгэнэ, одоогоор эмчилгээ хийлгэж амжаагүй учраас баримтаа бүрдүүлээгүй байна. Иймд цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх тул мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжилж байсан хохирол болох 33,000 төгрөгийг одоо нэхэмжлэхгүй, дараа нь хохирлоо нэхэмжлэхдээ нийлүүлээд иргэний журмаар нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэж мэдүүлж байх тул хохирогчийг хүсэлтийг хүлээн авч, энэхүү шүүх хуралдаанаар хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь гэмт хэрийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА