| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0171/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/266 |
| Огноо | 2023-03-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Чанцалням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/266
2023 03 02 2023/ШЦТ/266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
Улсын яллагч С.Чанцалням,
Хохирогч Д.О,
Шүүгдэгч Ч.С,нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.С,д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2208032751847 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, ........ суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, хүүхэд, дүү нарын хамт, ................д оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, с.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.С,нь :
1. 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Э.М,д Оюу Толгой ХХК-д ажилд оруулж өгнө гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 1.690.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
2. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Н, д Оюу Толгой ХХК-д ажилд оруулж өгнө гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 1.357.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
3. 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Д.О, т Оюу Толгой ХХК-д ажилд оруулж өгнө гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 595.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
4. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хохирогч Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Б.М,т Оюу Толгой ХХК-д ажилд оруулж өгнө гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 910.000 төгрөгийн хохирол учруулж залилсан
5. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Од Оюу Толгой ХХК-д ажилд оруулж өгнө гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 306.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
6. 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Б.О*** Оюу Толгой ХХК-д ажилд оруулж өгнө гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2.605.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
7. 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Л.а, т Оюу Толгой ХХК-д ажилд оруулж өгнө гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 3.999.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Ч.С,:
1.1. 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Э.М,эс 1.690.000 төгрөгийг “Оюу Толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож авсан болох нь :
- хохирогч Э.М, ийн “...2022 оны 05 дугаар сарын сүүлээр манай ээж Бямбасүрэн дээр үсээ засуулсан С, гэх эмэгтэй ээжтэй ярилцаад би Өмнөговь аймагт Оюу толгойд хөдөлмөр хамгаалалтын менежер ажилтай, хүмүүс ажилд авах гэж байгаа, таньд ажилд оруулах хүн байна уу гэсэн тухай ээж хэлэхээр нь С, гэх эмэгтэйтэй утсаар холбогдоход 5.800.000 төгрөгийн цалинтай хүний нөөцийн мэргэжилтний ажилд оруулна, би өөрөө болон манай нөхөр хамт ажилдаг гэхээр нь итгээд уг ажилд орохоор сонирхсон ба сургалтын төвийн хөлс, хүмүүсийг хоолонд оруулах, ажлын хувцасны мөнгө, ахисан түвшний сургалтын мөнгө, шинжилгээ, зугаалга, хоол хүнс, даатгал гэх мэтийн зардал гэх мэтээр 2022.05.22-ны өдрөөс 2022.07.06-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 1.690.000 төгрөгөө залилуулсан...Ээж Бямбасүрэнгээр өгүүлсэн нийт 460.000 төгрөг ээжид өгсөн миний мөнгө, ээж хохирогчоор оролцохгүй...Би С, гэх эмэгтэйтэй нийт биеэр 2 удаа уулзсан, уулзах үедээ надад өөрийгөө “Оюу толгой” ХХК-д ажилдаг, ажилд оруулж өгнө гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14, 11-12-р тал/,
- гэрч Ч.Б, гийн...Би үсчин хийдэг ба 2022 оны 05 дугаар сард Ч.С,гэх эмэгтэй үсээ засуулж байгаад танилцсан, өөрийгөө Оюу толгойн уурхайд хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтнээр ажилладаг, сургалт явуулаад хүн ажилд авдаг гэж хэлээд, таньд оруулах хүн байвал оруулаад өгч болно, сард 5.000.000 төгрөгийн цалинтай ажилд оруулж өгч чадна гэхээр нь би охиноосоо асууя гээд охиндоо хэлэхэд Сувд-Эрдэнэтэй уулзсан ба ажилд найдвартай оруулж өгнө гээд манай охиныг ажлаас нь гаргасан. Би С, гэх эмэгтэйд бэлнээр 300.000 төгрөг, сүүлд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн данснаас 00000 дугаартай данс руу 160.000 төгрөг шилжүүлсэн...Охин бид 2-оос нийт 1.810.000 төгрөг авсан...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20 дахь тал/,
- гэрч Ч.Б, гийн эзэмшлийн Хаан банкны 00000 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-109/,
- хохирогч Д.М*****ийн эзэмшлийн Хаан банкны **** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-112-116/,
- Хаан банкны ****, 00000 тоот данснуудын дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл: нийт 1.300.000 төгрөг /1хх-105-106/,
- шүүгдэгч Ч.С, “...2022 оны 05 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 5 шард байрлах үсчний газар үсээ засуулж байхдаа Бямбасүрэн эгчтэй танилцсан ба өөрийгөө Оюу Толгой ХХК-д хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер ажилтай гэж худлаа хэлээд түүний охин Э.М, ийг Оюу Толгой ХХК -д ажилд оруулж өгнө гэж Б**** эгчээс бэлнээр 300.000 төгрөг, дансаар 1.300.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөгийг авсан...Надад дансаа ашиглуулсан Э.Ванчигдорж нар намайг бусдаас мөнгө авч байгааг мэдээгүй, намайг гуйсан болохоор дансаа ашиглуулсан. Данс руу нь орсон мөнгийг би өөрөө авч хэрэглэсэн...гэх мэдүүлэг /1хх-190-191/ зэрэг нотлох баримтуудаар,
1.2. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Н, гээс “Оюу Толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 1.357.000 төгрөг авсан болох нь :
- хохирогч Х.Н, н...2022 оны 04 дүгээр сард С, гэх өөрийгөө “Оюу толгой”-н гүний уурхайд хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтнээр ажилладаг гэж танилцуулж, өндөр цалинтай ажилд оруулж өгнө гэсний дагуу өөрийн төрсөн ах Г****ийн данснаас 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 1.357.000 төгрөг дансаар шилжүүлж залилуулсан гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 207, 209 дэх тал/,
- гэрч Х.Дагийсүрэнгийн...2022 оны 04 дүгээр сард таксинд явж байгаад Ч.С,гэх эмэгтэйг Гандангийн автобусны буудал дээрээс аваад Дарь эх рүү хүргэж өгсөн ба өөрийгөө Оюу Толгойд гүний уурхайд ажилд хүн авах гэж байгаа, хөдөлмөр аюулгүй байдлын ажилтнаар ажилладаг гэхээр нь би дүү Х.Н, н дугаарыг ажилд орж магадгүй гээд өгсөн...Нэргүй рүү сүүлд С, гэх эмэгтэй залгаад ажилд оруулах боломжтой гээд нийт 2.000.000 орчим төгрөг залилж авсан тул дүү цагдаад өргөдөл гаргасан. С, гэх эмэгтэй Оюу толгойд ажилладаггүй юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 213 дахь тал/,
- гэрч Х.Г***ийн “...Миний төрсөн дүү Х.Н, нь миний дор ажилладаг байсан болохоор цалингаа аваад С, гэх хүний данс руу Оюу Толгой ХХК-д оруулж өгнө гэсний дагуу мөнгөө шууд миний 0000 дугаартай, Хаан банкны данснаас С, гэх хүний данс руу хийлгэдэг байсан...”гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 215-216 дахь тал/,
- гэрч Ч.Б, гийн...Миний 00000 дугаартай данс руу 2022 оны 05 дугаар сарын 17-ны Өдөр 0000 дугаартай данснаас 300.000 төгрөгийн орлого орсон ба уг мөнгийг Ч.С,над дээр үсэндээ хими хийлгэж байгаад миний данс руу мөнгө хийлгээд авъя гээд хими хийсэн 50.000 төгрөгөө аваад үлдсэн 250.000 төгрөгийг 0000дугаартай данс руу шилжүүлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хуудас 218 дахь тал/,
- Хаан банкны 0000 тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл: шилжүүлсэн мөнгөний дүн 1.357.000 төгрөг /1 дэх хавтаст хэргийн 239-240 дэх тал/,
- хохирогч Х.Н, н мөнгө шилжүүлэхдээ ашигласан гэх Х.Г****ийн эзэмшлийн Хаан банкны 0000 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 243-249 дэх тал/
- шүүгдэгч Ч.С, ...2022 оны 05 дугаар сард такси барьж явж байгаад таксины жолооч ахад өөрийгөө Оюу Толгой ХХК-д хөдөлмөр аюулгүй байдлын инженерээр ажилладаг гэж худлаа хэлээд өндөр цалинтай ажилд зуучилж өгч чадна гэж түүний дүү Х.Н, гэх хүнтэй уулзаж 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт дансаар 1.357.000 төгрөгийг авсан. Надад дансаа ашиглуулсан хүмүүс нь намайг гуйсан болохоор дансаа ашиглуулсан. Данс руу нь орсон мөнгийг би өөрөө авч хэрэглэсэн...гэх мэдүүлэг /2хх-25-26/ зэрэг нотлох баримтуудаар,
1.3. 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Д.О, аас “Оюу Толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 595.000 төгрөгийг авсан болох нь :
- хохирогч Д.О, ын“...Миний төрсөн дүү Отгонжаргал 2022 оны 05 дугаар сарын сүүлээр надтай утсаар яриад Ч.С,гэх эмэгтэйтэй саяхан танилцсан, өөрийгөө “Оюу толгой” ХХК-д Хөдөлмөр хамгааллын мэргэжилтнээр ажилладаг, сарын 6.000.000 төгрөгийн цалинтай дампын операторчоор ажилд оруулж өгч чадна гэж байна гэхээр нь надад боломжийн санагдаад Ч.Сувд- Эрдэнэ гэх эмэгтэйтэй утсаар ярьсан, зөвшөөрсөн. Ч.С,надад надаас гадна дахиад сул орон тоо байна гэхээр нь би өөрийн дотны найз Б.М,т энэ тухай хэлэхэд бас зөвшөөрсөн. Би Ч.С,гэх эмэгтэйд өөрийн “000000" дугаартай данснаас 3 удаагийн гүйлгээгээр 595.000 төгрөг шилжүүлж өгсөн...Сувд-Эрдэнээс “чи худлаа хуураад байгаа юм биш үү” гэхэд миний бүх бичиг баримт ажил дээр байгаа, би ковид тусаад амарчихсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
- хохирогч Д.О, ын эзэмшлийн Хаан банкны 000000 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 52-59 дэх тал/,
- Хаан банкны 000000 тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл...нийт шилжүүлсэн дүн 595.000 төгрөг...”гэх /2 дахь хавтаст хэргийн 49 дэх тал/,
- шүүгдэгч Ч.С, ...О, гэх хүнтэй танилцаад, “Оюу Толгой” ХХК-д хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтнээр ажилладаг, өндөр цалинтай ажилд оруулж өгнө гэж хэлээд 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт дансаар 595.000 төгрөгийг авсан. Надад дансаа ашиглуулсан хүмүүс нь намайг гуйсан болохоор дансаа ашиглуулсан. Данс руу нь орсон мөнгийг би өөрөө авч хэрэглэсэн гэх мэдүүлэг /2хх-71/ зэрэг нотлох баримтуудаар,
1.4. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Б.М,аас “Оюу Толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 910.000 төгрөгийг авсан болох нь :
- хохирогч Б.М,ын...2022 оны 06 дугаар сарын эхээр манай найз О, Оюу толгой ХХК-д Хөдөлмөр хамгаалалтын мэргэжилтнээр ажилдаг С, гэх эмэгтэйтэй өөрийн төрсөн дүү Отгонжаргалаар дамжуулж танилцсан, сарын 6.000.000 төгрөгийн цалинтай дампын операторчоор ажилд оруулж өгнө гэж байна, би сонирхоод орох гэж байна гэхээр нь би С, гэх эмэгтэйтэй утсаар холбогдож ярих үед өөрийгөө Оюу толгойд ажилдаг, найдвартай сарын 6.000.000 төгрөгийн цалинтай дампын операторчоор ажилд оруулж өгнө гэхээр нь би дамп барьж чадахгүй гэхэд очоод сургалтанд хамруулаад ажиллуулдаг цалингаа авна гэхээр нь зөвшөөрсөн. Би С, гэх эмэгтэйтэй биеэр 3-4 удаа уулзсан, надаас С, 910.000 төгрөгийг өөр өөр дансаар шилжүүлж авсан. Сүүлд ажилд оруулж өгнө гэсэн хугацаанд ажилд оруулахгүй удаад байхаар нь очиж уулзаад Сувд-Эрдэнээс чи худлаа хуураад байгаа юм биш үү, Оюу толгойд ажилладаг гэх нотлох баримт байна уу гэж асуухад надад одоо үзүүлэх зүйлгүй, миний бүх бичиг баримт ажил дээр байгаа, ковид тусаад амарчихсан байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг / 2 дахь хавтаст хэргийн 80-82 дахь тал/,
- хохирогч Б.М,ын эзэмшлийн Хаан банкны 5019479473 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 88-91 дэх тал/,
- Хаан банкны 5019479473 тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл“...нийт шилжүүлсэн мөнгөн дүн 910.000 төгрөг...”/2 дахь хавтаст хэргийн 85 дахь тал/,
- шүүгдэгчийн...Би О, гэх хүнээр дамжуулж Б.М,тай танилцаад, өөрийгөө Оюу Толгой ХХК-д хөдөлмөр хамгааллын мэргэжилтнээр ажилладаг, Оюу Толгой ХХК-д өндөр цалинтай дампын операторчоор ажилд оруулж өгч чадна гэж хэлээд 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд дансаар 910.000 төгрөг шилжүүлж авсан. Надад дансаа ашиглуулсан хүмүүс нь намайг гуйсан тул дансаа ашиглуулсан, данс руу нь орсон мөнгийг би өөрөө авч хэрэглэсэн гэх мэдүүлэг /2 хх-101 / зэрэг нотлох баримтуудаар,
1.5. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Оаас “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 306.000 төгрөгийг авсан болох нь ;
- хохирогч Д.Оын “...Би 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр над руу утсаар залгаад гэр цэвэрлэх үйлчилгээ авъя гэхээр нь өдрийн 80.000 төгрөгөөр гэр цэвэрлэнэ гэж хэлтэл тэгье гээд 5 шарын тэнд надаар гэрээ цэвэрлүүлсэн. Тэгээд ярилцаж байтал та ингэж байхаар Оюу толгойд орооч эгчээ, орчихвол цалин өндөр авна, таньдаг хүн байгаа таныг оруулаад өгье гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа над руу залгаад гэрээ цэвэрлүүлье гэхээр нь би найз Отгонжаргалтай хамт очиж Сувд-Эрдэнийн гэрийг нь цэвэрлэсэн. Тэгэхэд С, бид хоёрыг сарын 5.000.000 төгрөгийн цалинтай тогоочоор Оюу толгой ХХК-д оруулж өгье, 350.000 төгрөг өгчихвөл болно гээд байсан. Тэгээд тэр өдрийнхөө маргааш нь манай найз Отгонжаргал 300.000 төгрөг шилжүүлсэн...“5173113250” дугаартай данс руу 46.000 төгрөг шилжүүлж өгсөн, “5237037605” дугаартай данс руу 3 удаагийн гүйлгээгээр 260.000 төгрөг шилжүүлэн өгсөн.../2 дахь хавтаст хэргийн 110-112 дахь тал/...Би нийтдээ 606.000 төгрөгөөр хохирсон, 300.000 төгрөгийг тусад нь шилжүүлсэн тухай мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- хохирогч Д.Оын эзэмшлийн Хаан банкны 5029242056 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 118-122 дахь тал/,
- Хаан банкны **** тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл: шилжүүлсэн нийт 306.000 төгрөг /2 дахь хавтаст хэргийн 115 дахь тал/,
- хохирогч Д.Оын эзэмшлийн Хаан банкны 5029242056 тоот данснаас 2022.06.08-ны өдөр О.Энхчимэгийн дансаар 300.000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх-119/,
- шүүгдэгчийн...Д.Оаар гэр цэвэрлүүлж байгаад танилцсан ба би өөрийгөө Оюу Толгой ХХК-д хөдөлмөр хамгааллын мэргэжилтнээр ажилладаг гэж хэлээд Оюу Толгой ХХК-д өндөр цалинтай ажилд оруулж өгнө гэж дансаар 306.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Надад дансаа ашиглуулсан Ванчиндорж, Энхчимэг нар нь ямар учиртай намайг бусдаас мөнгө авч байгааг мэдээгүй, намайг гуйсан болохоор дансаа ашиглуулсан. Данс руу нь орсон мөнгийг би өөрөө авч хэрэглэсэн.../2хх-137/...нэмж 300.000 төгрөг авсанаа зөвшөөрч байна гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,
1.6. 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Оаас “Оюу Толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2.605.000 төгрөгийг авсан болох нь :
- хохирогч Б.Оын“...2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүрэг төрсөн эгчийнхээ гэрт байж байтал эгчийн найз Д.О гэх гэр цэвэрлэх ажил байна гэхээр нь уулзаад 5 шар орж, С, гэх хүүхний гэрийг нь цэвэрлэж байтал өөрийгөө Оюу толгойд ХАБ-ын инженер хийдэг гэсэн ба би картаа хаячихаж, манай нөхөр над руу мөнгө шилжүүлэх гэсэн юм чи дансаа өгчих гэхээр нь би дансаа өгтөл миний 5900298031 дугаарын данс руу 5017584956 гэсэн данснаас 340.000 төгрөг шилжүүлсэн, би картаа өгтөл дэлгүүрээс 14.800 төгрөгөөр эд зүйл аваад, АТМ-с 325.000 төгрөг бэлнээр авсан. Ч.С,д итгээд өөрийн “****” дугаартай данснаасаа 8 удаагийн гүйлгээгээр 1.175.000 төгрөг “00000 " дугаартай данс руу, нөхрийнхөө “5064287448” дугаартай данснаас 8 удаагийн гүйлгээгээр 1.430.000 төгрөг 00000 , ****, ****, ***** дугаартай данснууд руу шилжүүлсэн өгсөн ба нийт 2.605.000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг, /2 дахь хавтаст хэргийн 146-149 дэх тал/,
- гэрч М.Н****ийн...**** дугаартай данс минийх ба Ч.С,эгчид 2-с 3 удаа дансаа өгч ашиглуулж байсан. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна...”гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 155 дахь тал/,
- хохирогч Б.Оын эзэмшлийн Хаан банкны **** тоот дансны болон мөнгө шилжүүлэхдээ ашигласан гэх Ц.Т****ын эзэмшлийн Хаан банкны **** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 165-171 дэх тал/,
- Хаан банкны **** болон **** тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл: шилжүүлсэн нийт 2.605.000 төгрөг /2 дахь хавтаст хэргийн 162 дахь тал/,
- шүүгдэгчийн...Б.О нь манай гэрт дуудлагаар гэр цэвэрлэхээр ирээд танилцсан, өөрийгөө Оюу Толгой ХХК-д хөдөлмөр хамгааллын мэргэжилтнээр ажилладаг, өндөр цалинтай ажилд оруулж өгч чадна гэж хэлсэн ба өндөр цалинтай ажилд оруулахаар Б.Оаас дансаар нийт 2.605.000 төгрөгийг шилжүүлж авсан. Надад дансаа ашиглуулсан В***, Н***, Э***, Н**** нар нь намайг гуйсан болохоор дансаа ашиглуулсан. Данс руу нь орсон мөнгийг би өөрөө авч хэрэглэсэн гэх мэдүүлэг /2 хх-178/ зэрэг нотлох баримтуудаар,
1.7. 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Л.а, аас “Оюу Толгой ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 3.999.000 төгрөгийг авсан болох нь :
- хохирогч Л.а, ын “...Манай эхнэр Энхжаргалтай 2021 онд 05 дугаар сард хамт дасгал хийдэг байсан Ч.С,гэх эмэгтэй манай эхнэрт өөрийгөө “Оюу толгой” ХХК-д өмнө хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтнээр ажилдаг байсан, үндсэн ажилтнаар өндөр цалинтай дампийн операторчийг ажилд оруулж өгч чадна гэсний дагуу эхнэр бид хоёр ярилцаад Ч.С,гэх эмэгтэйгээр зуучлуулж ажилд орох зорилгоор нийт 10 удаагийн гүйлгээгээр эхнэр П.Э***ын “*****” гэсэн дугаартай данснаас 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн хооронд 3.999.000 төгрөг шилжүүлж залилуулсан ба намайг ажилд оруулж өгөөгүй...”гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 187-188 дахь тал/,
- гэрч П.Э****ын“...Би 2021 оны 05 дугаар сард 7 буудлын тэнд дасгалын клубт явдаг байж байтал манай клубт Ч.С,3 хоног яваад тэрнээс хойш таньдаг болсон ба өөрийгөө Оюу Толгой ХХК-д ажилладаг байж байгаад гарсан, танай нөхрийг Оюу Толгойд ажилд оруулаад өгье гэхээр нь би итгэсэн ба анх 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5032881280 гэсэн данснаас 1.600.000 төгрөг өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш хэд хэдэн удаа баахан данс өгөөд мөнгө хийлгэсэн ба ойролцоогоор нийт 4.000.000 орчим төгрөг өгсөн, өөрийн **** дугаартай данснаасаа ****, ****, **** гэсэн дугаартай данснууд руу шилжүүлэн өгсөн...”гэх мэдүүлэг, /2 дахь хавтаст хэргийн 190-192, 194 дэх тал/,
- хохирогч Л.а, ын мөнгө шилжүүлэхдээ ашигласан гэх П.Э****ын эзэмшлийн Хаан банкны ****7 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /2 дахь хавтаст хэргийн 202-227 дахь тал/,
- Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл: шилжүүлсэн нийт 3.999.000 төгрөг...” гэх /2 дахь хавтаст хэргийн 199 дэх тал/,
- шүүгдэгчийн...Чингэлтэй дүүрэгт байдаг дасгалын клубт П.Э*** гэх хүнтэй анх танилцсан. Өөрийгөө Оюу Толгой ХХК-д хөдөлмөр хамгааллын инженерээр ажилладаг гэж хэлээд нөхрийг нь Оюу Толгой ХХК-д өндөр цалинтай дампаны операторчоор ажилд оруулж өгнө гэж 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд дансаар 3.999.000 төгрөг шилжүүлж авсан. Надад дансаа ашиглуулсан В***, Б*** нар нь намайг гуйсан болохоор дансаа ашиглуулсан. Данс руу нь орсон мөнгийг би өөрөө авч хэрэглэсэн гэх мэдүүлэг /2хх-239/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, нотлох баримтын эх сурвалжид зөрүү үүсээгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
2. Тус шүүгдэгчийн үйлдсэн “залилах” гэмт хэргийн субьектив, обьектив шинж хангагдсан бөгөөд зүйлчлэл зөв болохыг дараах үндэслэлээр тодотгов.
2.2.1. Шүүгдэгч Ч.С,нь залилах гэм буруугийн санаатай хэлбэр, шунахай сэдэлт зорилгын хүрээнд “Оюу Толгой” ХХК-д огт ажиллаж байгаагүй буюу ямар нэгэн бүрэн эрх, харилцаа хамааралгүй атлаа тус компанид ажилд оруулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж буюу хохирогч нарт бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр худал хэлэн хуурах аргаар хохирогч нарыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь эргэлзээгүй тогтоогдсон байна.
2.2.2. Хохирогч Д.Од учирсан нийт хохирол 606.000 төгрөг байтал 306.000 төгрөг гэж буруу тооцсон болох нь тухайн хохирогч, шүүгдэгч нараас шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон холбогдох дансны хуулгын баримтаар илэрсэн ба энэ нь тухайн залилах хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
2.2.3. Шүүгдэгчийн үйлдсэн залилах 7 удаагийн гэмт үйлдлүүд нь залилах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний хохирлын хэмжээ болох “50.000.000 төгрөг хүртэлх” шинжийг хангасан, түүнчлэн нэг төрлийн буюу залилах гэмт хэргийг давтан үйлдсэнийг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр хуульчлаагүй, тухайн залилах хэд хэдэн удаагийн гэмт үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үйл баримтыг хангалтгүй цуглуулсан буюу ял сонсгож ирүүлээгүй байхаас гадна залилах гэмт үйлдэл тус бүрт ял шийтгэл оногдуулах зохицуулалтгүй байх тул шүүгдэгчийн үйлдсэн залилах 7 удаагийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “үргэлжилсэн нэг гэмт хэрэгт” тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг буруутгах боломжгүй.
2.3. Шүүгдэгчийн үйлдсэн тухайн залилах гэмт хэрэгт бусад этгээд хамтран оролцсон гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь залилах 7 удаагийн гэмт үйлдэл хийхдээ гагцхүү өөрөө гардан үйлдсэн, шүүгдэгч нь зарим хохирогч нарыг залилахдаа мөнгийг бэлнээр, өөрийн дансаар авахаас гадна өөрийн найз, танил, хамаарал бүхий хүмүүсийн дансанд шилжүүлж авсан байх боловч тухайн дансаа ашиглуулсан хүмүүс тухайн мөнгийг шүүгдэгчид буцаан өгсөн бөгөөд залилах гэмт хэрэгт хамтран оролцоогүй болох нь тэдний гэрчээр өгсөн мэдүүлэг, тухайлбал, гэрч Э.В*** /1хх-22-23/, Ц.Болорцэцэг /1 хх-49, 2хх-43/, О.Э*** /1хх-54/, Н.Хонгорзул /1хх-75/, Б.Н*** /1хх-77, 2хх-38/, Б.О*** /1хх-82/, гэрч М.Нарантуяа /1хх-84-85/, М.Ц*** /1хх-228/, Д.О /1хх-39/, М.Н*** /2хх-155/, О.Булган-Эрдэнэ /2хх-196/ нарын болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтын эх сурвалжаар илэрхийлэгдсэн байна.
2.4. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /1хх-189-191, 2хх-24-26, 70-71, 100-101, 136-137, 177-178, 238-239, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх ба шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч Ч.С,залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3. Хохирол, хор уршиг :
Хэрэгт авагдсан баримтаар, тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.М,д 1.690.000 төгрөг, Х.Н, д 1.357.000 төгрөг, Д.О, т 595.000 төгрөг, Б.М,т 910.000 төгрөг, Д.Од 606.000 төгрөг, Б.Од 2.605.000 төгрөг, Л.а, т 3.999.000 төгрөг тус тус төлөгдөх үндэслэлтэй байх тул шүүгдэгчээс нийт 11.762.000 төгрөгийг гаргуулж, тухайн нэр бүхий хохирогч нарт олгуулахаар байна.
Яллах дүгнэлтэд, Д.Од учирсан хохирлыг 306.000 төгрөг гэж буруу тооцсон нь тогтоогдсон тул шүүгдэгчээс гаргуулах хохиролд нэмж тооцон нэг мөр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч нь Сүхбаатар дүүрэгт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөрөнгө орлогогүй, бамбай булчирхайн өвчтэй, бага насны хүүхэдтэй гэх болон түүний амьдрал ахуй, бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан /1хх-84-85, 153, 165, 167, 169-171, 175-180, 190-191, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн эрүүл мэнд, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С,эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зорчих эрхийг хязгаарлах ялд багтааж хэрэглэх тодорхой төрөл, хэлбэр”-үүдийг тусгайлан заасан, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зорчих эрхийг хязгаарлах ялыг зөвхөн ерөнхий нэршил”-ээр нь ерөнхийлөн заасан байх тул зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заавал журамлаж, тухайн ялын төрөл, хэлбэрийг нэг мөр тусгайлан зааж оногдуулах үндэслэлтэй болохыг тэмдэглэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ч.С,залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С,эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С,д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс нийт 11.762.000 төгрөг гаргуулж, хохирогч Э.М,д 1.690.000 төгрөг, хохирогч Х.Н, д 1.357.000 төгрөг, хохирогч Д.О, т 595.000 төгрөг, хохирогч Б.М,т 910.000 төгрөг, хохирогч Д.Од 606.000 төгрөг, хохирогч Б.Од 2.605.000 төгрөг, хохирогч Л.а, т 3.999.000 төгрөгийг тус тус олгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.С,д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР