| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 109/2024/0017/З |
| Дугаар | 221/МА2025/0068 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2025/0068
Б.Э, Т.Б, Х.П,
Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б,
П.Б, П.Ц, Ц.С, Г.Б, Б.Б,
Т.Н, Б.Б нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.З, М.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Б.Э, Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Б, П.Ц, Ц.С, Г.Б, Б.Б, Т.Н, С.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, Х.П, Т.Н
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.З, М.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг
Хэргийн индекс: 109/2024/0017/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э, Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Б, П.Ц, Ц.С, Г.Б, Б.Б, Т.Н, Б.Б нараас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Б.Э, Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Б, П.Ц, Ц.С, Г.Б, Б.Б, Т.Н, С.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б-ээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн П.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн тул маргаан бүхий А/569 дүгээр захирамжийн хавсралтын 1-д бичигдсэн П.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож,
2 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.7, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э, Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Б, Ц.С, Г.Б, Б.Б, Т.Н, С.Б нараас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Б.Э, Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Б, Ц.С, Г.Б, Б.Б, Т.Н, С.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.З дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байх бөгөөд уг тогтоолын 10 дугаар хавсралтад Э сумын * дугаар багт иргэнд гэр орон сууцны хашааны зориулалтаар шинээр эзэмшүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоосон байна.
Дээрх Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Архангай аймгийн Засаг дарга 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаартай захирамжаар Архангай аймгийн Э сумын * дугаар багт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэр бүхий 71 иргэнд шинээр газар эзэмшүүлсний дотор Б.Э нарын нэр бүхий 15 нэхэмжлэгч багтсан байдаг.
Нэхэмжлэгч нар нь газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу газраа эзэмшиж, газрын төлбөрөө тухай бүрд нь төлж хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан.
Гэтэл Архангай аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг ноцтойгоор зөрчиж 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дүгээр захирамжийг гаргаж нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдалд хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг гаргах ёстой атал хэт нэг талыг барьж нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Үүнд:
Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаартай “Аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” тогтоол нь одоо болтол хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бөгөөд энэхүү тогтоолыг үндэслэж Архангай аймгийн Засаг дарга 2022 оны А/22 дугаартай захирамжаар Архангай аймгийн Э сумын * дугаар багт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэр бүхий иргэдэд шинээр газар эзэмшүүлсэн байхад анхан шатны шүүхээс “4.11 ... маргаан бүхий нөхцөлд дээрх ерөнхий төлөвлөгөө, уг төлөвлөгөөний батлагдсан хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчиж 2022 онд иргэдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь өөрөө харин хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ.
Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэдэд газар эзэмшүүлсэн байхад анхан шатны шүүхээс зөвхөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар тогтоолоор баталсан Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн гэж хэт нэг талыг барьж дүгнэлт хийгээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 13 дугаартай “Аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” тогтоол нь хууль зүйн хувьд одоо болтол хүчин төгөлдөр байгаа талаар шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс тайлбар гаргасан боловч шүүхээс дүгнэлт хийгээгүй.
Хэрэгт авагдсан 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт нь нотлох баримт цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж заасан.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна”, 10.3-д “Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж заасан байхад шинжээчийн тусгай мэдлэг, чадвартайг нотолсон баримт бичгийг хэрэгт хавсаргаагүй, тухайн хэрэгт шинжээчээр ажиллахад татгалзах үндэслэл байгаа эсэхийг урьдчилан тодруулаагүй, шинжээчид хуульд заасан эрх, үүрэг, худал дүгнэлт гаргавал хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж гарын үсэг зуруулаагүй байдаг.
Түүнчлэн 01 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д “эцэг /эх/, өөрийн нэр, боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн зэрэг, цол, албан тушаал зэрэг шинжээчийн талаарх мэдээлэл”, 18.1.9-д “шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэл” зэрэг Шинжээчийн дүгнэлтийн агуулгад тусгагдах зүйлс бичигдээгүй болно.
Тиймээс 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Шинжээчийн дүгнэлт нь нотлох баримт цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д заасны дагуу нотлох баримтаар үнэлэх боломжгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарласан боловч шүүх үүнийг анхаарч үзээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй тул Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. “... Анхан шатны шүүх “... Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үүний дагуу Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан байх бөгөөд уг ерөнхий болон хэсэгчилсэн /ерөнхий/ төлөвлөгөөнд нийцүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх учиртай. Гэтэл маргаан бүхий энэ нөхцөлд дээрх ерөнхий төлөвлөгөө, уг төлөвлөгөөний дагуу батлагдсан хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчиж 2022 онд иргэдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Учир нь Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 тоот тогтоолоор Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13 тоот тогтоолоор Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг, мөн хурлын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13 тоот тогтоолоор аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тус тус баталж, 2021 оны 13 тоот тогтоолын 10 дугаар хавсралтаар иргэнд гэр, орон сууцны хашааны зориулалтаар шинээр эзэмшүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоосны дотор Б.Э нарын нэр бүхий 15 иргэний эзэмшиж байсан газар багтсан байдаг.
Гэтэл шүүх нэхэмжлэгч иргэдийн байсан газар нь ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн гэж дүгнэлт хийхдээ зөвхөн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн болон 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн “... Нэр бүхий 15 иргэний эзэмшиж байсан газар нь Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний ногоон байгууламж, явган зам, авто зам, бусад төлөвлөсөн газартай дараах байдлаар давхцаж байна...” гэх дүгнэлтийг үндэслэл болгосон нь хууль бус байна.
Өөрөөр хэлбэл, дээрх шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий газруудыг Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй давхцаж гэж дүгнэснээс, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй давхацсан эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй. Гэтэл шүүх уг дүгнэлтийг үндэслэн “ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн /ерөнхий/ төлөвлөгөөг зөрчиж 2022 онд иргэдэд гаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ямар баримтыг үндэслэж хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчсөн гэж дүгнэсэн нь тодорхойгүй. Мөн шинжээчийн дүгнэлтийн зарим хэсэгт 15 иргэний газар, зарим хэсэгт 14 иргэний газар ерөнхий төлөвлөгөөтэй давхацсан мэтээр дүгнэлт ойлгомжгүй, нэг мөр ойлгогдохооргүй байна.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална”, Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна”, 10.3-д “Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж заасан.
Гэтэл шүүх шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шинжээчийн тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичгийг хэрэгт хавсаргаж баримтжуулаагүй зэргээр шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчиж олж авсан баримт байхад уг дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн гол үндэслэлээ болгосон. Хэрэгт “А с” ХХК-ийн тусгай зөвшөөрөл авагдсан нь дүгнэлт гаргасан Г.Г-ийн тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг биш юм.
Үүнээс гадна шүүхээс Цэцэрлэг хотын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь 2019 он батлагдсанаас хойш Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаар захирамж гарах хүртэл хугацаанд хэдэн удаа өөрчлөгдсөнийг тодруулахгүйгээр нэхэмжлэгч иргэдийн эзэмшиж байсан газар нь ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм. Харин энэхүү нөхцөл байдлыг тогтоосны дараа тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй нийцсэн эсэх, ингэж газар олгосон нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх учиртай.
Түүнчлэн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь шаардлагатай тохиолдолд тухайн цаг үеийн нөхцөл байдалд тохируулан өөрчлөх боломжтой баримт бичиг юм. Энэ талаар 2019 онд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний 32 дугаар хуудсанд ерөнхий төлөвлөгөөнд туссан газар зохион байгуулалтын бүсийг өөрчлөн зохион байгуулж болохоор тусгагдсан байдаг. Мөн шүүх хуралдааны явцад хариуцагч талаас Нэгдсэн эмнэлгийн барилга төлөвлөгөөнд тусгаснаас өөрчлөгдсөн талаар дурдаж байсныг шүүх анхаарч үзээгүй. Ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан нэг барилга байгууламжийн хэмжээ, байршил өөрчлөгдөхөд үүнийг дагаад хэд хэдэн төлөвлөлт өөрчлөгдөх боломжтой.
4.2. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 13 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтаар шинээр гэр бүлийн хамтын хэрэгцээнд эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг баталж, уг хавсралтад нэхэмжлэгч 15 иргэний газар багтсан.
Гэвч анхан шатны шүүхээс үүнтэй холбоотой ямар ч дүгнэлт хийгээгүй атлаа 2022 онд иргэдэд газар эзэмшүүлэхдээ ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Учир нь Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 13 дугаар тогтоол нь одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг тогтоолыг үндэслэн Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаар захирамж гарч, нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын үйлчлэл хүчинтэй хэвээр байгаа энэхүү тохиолдолд уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд гарсан Засаг даргын захирамжийг хууль зөрчсөн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй, шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч нараас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Б.Э, Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Б, П.Ц, Ц.С, Г.Б, Б.Б, Т.Н, С.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаар захирамжаар Э сумын * дугаар баг, Булганхангай болон Шинэ наран хороололд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Б.Э, Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Б нар багтсан, Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/709 дүгээр захирамжаар нэхэмжлэгч П.Ц-д газар эзэмшүүлсэн байх бөгөөд Э сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/220 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.С-т, сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Г.Б-д, сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/128 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б-д, сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/220 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т.Н-д, сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/47 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б-д тус тус газар эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
2.3. Маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг зөрчиж газар олгосон гэсэн үндэслэлээр аймгийн Засаг даргын 2022 оны А/22 дугаартай захирамжийн 25-71 дугаарт, 2022 оны А/709 дугаартай захирамжид тус тус бичигдсэн иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд дээрх захирамжуудын холбогдох хэсэг хүчингүй болсноор Э сумын Засаг даргын “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” 2023 оны А/121 дугаартай захирамжийн 13 дахь, 2023 оны А/128 дугаартай захирамжийн 2, 3 дахь, 2023 оны А/220 дугаартай захирамжийн 9, 10 дахь, 2024 оны А/01 дугаартай захирамжийн 3 дахь хэсгүүдээр тус тус шилжүүлсэн газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцжээ.
2.4. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ”, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр 9.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.1-д “хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус хуульчилсан бөгөөд Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, Цэцэрлэг хотын ерөнхий төлөвлөгөөг Цэцэрлэг хотын хот байгуулалтын үндсэн баримт бичиг болгож, аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон, харин тус хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг мөн аймгийн Засаг даргад үүрэг болгосон болох нь тогтоогдож байна.
2.5. Хэдийгээр Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг ийнхүү баталсан байх боловч уг Цэцэрлэг хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газрууд нь нэхэмжлэгч иргэдийн эзэмших эрх бүхий газруудтай аль хэсгээрээ, ямар хэмжээгээр, хэрхэн давхцаж буйг хүн тус бүрээр гаргаж, дүгнэлт өгөхгүйгээр “... ерөнхий төлөвлөгөө уг төлөвлөгөөний дагуу батлагдсан хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчиж 2022 онд иргэдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй...” гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцэхгүй.
2.6. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн, улмаар нэхэмжлэгч иргэдийн эзэмших эрх бүхий газар нь дээр дурдсан Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газартай хэрхэн, ямар хэмжээгээр давхацсан талаарх буюу маргаан бүхий актын үндэслэл болсон баримтуудыг хариуцагчаас өөрөөс нь гаргуулан авах нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна.
2.7. Нөгөөтээгүүр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална”, Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна”, 10.4-д “Энэ хуулийн 10.3-т заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээд энэ хуульд заасан журмын дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргана” гэж тус тус хуульчилсан. Гэтэл тус хэрэгт шинжээчээр томилогдсон “А” ХХК-ийн захирал Г.Г-д эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахгүйгээр Шүүх шинжилгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчиж шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдийн гомдол үндэслэлтэй.
2.8. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуульд заасан арга хэрэгслээр, холбогдох журмын дагуу цуглуулах үүргийг хэрэгжүүлэхээр байна.
2.9. Нэгэнт шинжээчид эрх, үүргийг урьдчилан сануулалгүйгээр дүгнэлт гаргуулсан болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх үндэслэлгүй төдийгүй уг шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож ийнхүү хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилд хамаарах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлжээ.
Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН