Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2021/0637

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЭХХК

Хариуцагч: Э ХК

Хариуцагч: Э ХК-ийн Үнэлгээний хороо

Нэхэмжлэлийн шаардлага: Э******* ХК-ийн зарласан Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТ/20******* дугаартай нээлттэй тендерийн багц №1-д /Нүдний шил/ Э******* ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, татгалзсан Э******* ХК-ийн Үнэлгээний хорооны 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 12/1320 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах, Э******* ХК-ийн зарласан Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТ/20******* дугаартай нээлттэй тендерийн багц №1-д /Нүдний шил/ Э******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагч Э******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагч Э******* ХК-ийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани "Э*******" ХК-иас зарласан Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТ/20******* дугаартай нээлттэй тендер шалгаруулалтын багц №1-д оролцсон. Тус тендерийг Захиалагчийн Үнэлгээний хороо хянан үзээд, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 12/1106 дугаар албан бичгээр манай компанийн тендерээс татгалзсан тухай хариу өгсөн.

Уг албан бичигт 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолтод 140.700 төгрөгийн өглөгтэй байгаа тул захиалагчийн тодорхойлсон чадавхын шаардлагыг хангаагүй гэж дүгнэсний эс зөвшөөрч, Төрийн болон орон нутгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан.

Сангийн яам нь гомдлыг хянаад 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 6/3933 тоот гомдол хянасан тухай албан бичгээр хариу мэдэгдсэн. Уг албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг захиалагчид мэдэгдсэн байдаг.

Гэтэл захиалагч Сангийн яамны гаргасан мэдэгдлийн дагуу тодруулалгүй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл гэх баримтыг авч, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 12/1320 тоот албан бичгээр татгалзсан хариуг нэхэмжлэгч компанид өгсөн. Захиалагчийн зүгээс эхний удаад зөвхөн нийгмийн даатгалын өртэй гэсэн шалтгаанаар Э******* ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан байдаг. Сангийн яамны мэдэгдлийн дараа дахин үнэлж, дахин татгалзсан албан бичиг ирүүлсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын лавлагаанд Э******* ХХК нь тендер нээсэн өдрөөс буюу 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2021 оны 5 дугаар сард 140,700 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгтэй гэж бичсэн байх тул өртэй байна гэж дүгнэн, дээжид ирүүлсэн шар өнгийн нүдний шил нь техникийн тодорхойлолтод заасан Нүдний шил нь хамар хэсэгтээ резин зөөлөвчтэй байна гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлтийг шинээр гаргаж ирүүлсэн.

Нэхэмжлэгч талаас анх удаа оролцож байгаа тендер биш тул бичиг баримтуудаа нарийн бүрдүүлж, зохих журмын дагуу тендерт оролцсон боловч Э******* ХХК-ийг нийгмийн даатгалын тодорхойлолтоор өртэй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хаан банканд 50******* тоот дансанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн нь байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталгаажуулсан тайлангийн актаар нотлогдоно. Мөн Нийгмийн даатгалын харьяа дүүргийн албаны албан бичигт Э******* ХХК-ийг нийгмийн даатгалын өргүй гэж тодорхойлсон.

Түүнчлэн тухайн цаг үед А700 загварын болон дүйцэхүйц шил байна гэж захиалагчийн зүгээс заасан байсан тул А700 загвараас илүү шил санал болгоход хамрын зөөлөвчгүй гэсэн шалтгаанаар Э******* ХХК-ийн санал болгосон тендерээс татгалзсан. Хамрын зөөлөвчтэй шар шил нь тухайн үед борлуулалтад орж ирээгүй байсан тул дараа оруулж ирнэ гэдгээ 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэлд дурдсан. Г ХХК нь манай компанитай мөн адил зөөлөвчгүй болон цагаан өнгийн шил нийлүүлсэн байхад үүнийг захиалагчийн зүгээс тэнцүүлсэн байна. Г ХХК нь шалгарсан тохиолдолд шар шил нийлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн байсан шиг Э******* ХХК нь мөн адил А802 загварын шилийг нийлүүлэх боломжтой гэдгээ мэдэгдэлдээ дурдсан байсан. Гэтэл санал болгосон шилээ үзүүлэх боломж олдолгүй өнөөдрийг хүрсэн. Г ХХК нь цагаан өнгөтэй бөгөөд зөөлөвчгүй шил санал болгож байхад дараа нь нийлүүлэх боломжтой гэж үзэж тендерт тэнцүүлсэн.

Э******* ХХК нь нийгмийн даатгалын өргүй гэдгийг гэрч асууж нотолсон гэж үзэж байна. Хамгаалалтын шар шилний хувьд тендерийн тодорхойлолтод А700 загвар болон түүнтэй дүйцэхүйц гэдгийг Э******* ХХК нь анзаарсан учир зориуд албан бичгээр загварт өөрчлөлт оруулан нийлүүлэх боломжтой гэдэг мэдэгдэл хүргүүлсэн. Мөн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн дүгнэлт нь техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичгүүдийг цаашид анхаарч үзнэ үү гэсэн утгатай байсан гэдгийг анхаарч үзнэ үү.

Манай компанид цаг хугацаа болон эдийн засгийн хувьд ихээхэн хохирол учирсан. Тендерийн баталгаа банканд байршуулсан хэвээрээ байгаа. Өнөөдрийн гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл Э******* ХХК нь ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй нь нотлогдсон гэж үзэж байна. Э******* ХХК-ийн зүгээс ямар нэгэн алдаа гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу дахин үнэлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Маргаан бүхий тендерт 13 байгууллага бичиг баримтаа бүрдүүлж, оролцсон. "Э*******" ХК-иас зарласан Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох тендерт Э******* ХХК нь оролцож, бичиг баримтуудаа ирүүлсэн. Баримт бичгүүдийг нь "Э*******" ХК-ийн Үнэлгээний хороо хянаж, эхний үнэлгээгээ хийгээд 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр үнэлгээний хуудсаа захиалагчид танилцуулахаар өгсөн байдаг. Тухайн үеийн үнэлгээний хуудсыг харвал Э******* ХХК-ийн ирүүлсэн тендерээс нийгмийн даатгалын 140,700 төгрөгийн өртэй байна гэсэн үндэслэлээр татгалзсан. Тендерт оролцсон Г ХХК, А******* ХХК-иудын дээж болон тендерийн баримт бичиг нь шаардлага хангаж байна гэсэн үндэслэлээр Тендерийн үнэлгээний хороо хэлэлцэж, хамгийн бага үнийн саналтай Г ХХК-ийг шалгаруулъя гэсэн саналтай дүгнэлт, зөвлөмжөө гаргаж, захиалагчид хүргүүлсэн. "Э*******" ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар нь тендерт шалгарсан оролцогчдын материалыг шалгаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу Тендерийн үнэлгээний хорооны ажлын үнэлгээ, дүгнэлттэй холбогдох хэсэг нь хууль, тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих ажиллагааг явуулсан. "Э*******" ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын хяналтын хуудсаар тендерт шалгарсан Г ХХК-ийн дээжид ирүүлсэн шил нь шар биш, цагаан өнгөтэй байгаа бөгөөд шалгарсан тохиолдолд шар өнгөтэйг нь нийлүүлэх боломжтой гэсэн байдлаар баримт ирүүлсэн байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шалгуурыг хангахгүй байна гэж үзсэний дагуу тухайн тендерийг захиалагчийн зүгээс Тендерийн үнэлгээний хороонд буцаан танилцуулсан.

Тендерийн үнэлгээний хороо нь тухайн дүгнэлттэй танилцаж, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зөвлөмж, дүгнэлтдээ өөрчлөлт оруулж, бүх тендерээс татгалзсан тухай шийдвэрийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргасан. Эхний тендер шалгаруулалтаар оролцогч 13 компаниас нэг ч тендерт шалгарах баримт бичиг ирсэнгүй гэсэн үндэслэлээр захиалагчийн хяналт явагдсан. Тендерийн үнэлгээний хороонд захиалагч нэгжээс ирүүлсэн тендерийн тодорхойлолт бүхий баримт бичигт шаардаж буй хамгаалалтын нүдний шар шилийг Ханнивелл брэндийн А700 загвартай болон түүнтэй дүйцэхүйц гэж заасан байтал тендерийн тодорхойлолтод хамартаа зөөлөвчтэй гэж заасан байгаа нь зөрчилтэй байна гэж Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар дүгнэлтдээ тодорхой дурдсан байсан. Дээжид ирүүлсэн нүдний шар шилнүүд нь хамар хэсэгтээ зөөлөвч резингүй байна гэсэн үндэслэлээр 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргасан шийдвэрийг Э******* ХХК нь хүлээн зөвшөөрөлгүй, Сангийн яаманд гомдол гаргасан.

Сангийн яамнаас нийгмийн даатгалын өртэй байна гэсэн дүгнэлтийг хүчингүй болгож, тухайн Э******* ХХК-ийн харьяа Нийгмийн даатгалын хэлтсээс тодруулга авсны үндсэн дээр дахин үнэлэхийг зөвлөж байна гэж дүгнэлтдээ дурдсан байсан. Үүний дагуу Тендерийн үнэлгээний хороо нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодруулга авсан ба тус архивын мэдээлэлд Э******* ХХК-ийг өр төлбөртэй талаар мэдээлэл ирснийг харгалзан, өртэй байна гэсэн шийдвэрээ дахин гаргасан буюу 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Э******* ХХК-ийн тендерээс татгалзсан хариуг гаргасан. Тендерийн үнэлгээний хорооны хурлаар зөвлөлдөж, гаргасан шийдвэрийг захиалагч хүлээн авч танилцан, эхний тендер амжилтгүй болсон тул дахин зарлах зөвлөмжийг гаргасан. Шүүхэд нэхэмжлэл ирүүлсэнтэй холбогдуулан тендер зарлах үйл ажиллагааг түр зогсоосон. Учир нь энэхүү тендер олон оролцогчтой бөгөөд тендерийн баталгаа мөнгийг банканд байршуулах зэрэг чирэгдэл үүсэх учир шүүхээс асуудлаа шийдвэрлүүлж дуусах хүртэл хугацаанд дахин зарлахгүй байх шийдвэрийг захиалагч гаргасан. Э******* ХХК-ийн тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэлд өр төлбөртэй гэж гарсныг захиалагчийн зүгээс зөв гэж үзэж байгаа.

Анхны зарласан тендер нь амжилтгүй болж, дахин зарлахыг хүлээж байх хугацаанд шүүхэд нэхэмжлэл ирсэн. Тендерийн үнэлгээний хорооны нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан хоёр үндэслэл нь үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Шар нүдний шилний тендерийн тодорхойлолтод А700 загвартай дүйцэхүйц гэж заахдаа хамрын зөөлөвчтэй байна гэж шаардсан нь алдаатай байна. Нэхэмжлэгчийн шинээр санал болгож байгаа шар шил болон тайлбартаа дурдаж байгаа мэдэгдлийг тендерийн баримт бичигтээ өгсөн байна. Шаардлагатай тохиолдолд захиалагчийн хүсэлт, шаардлагын дагуу загвар, өнгө, размерт өөрчлөлт оруулан, тендерт ирүүлсэн үнээр нь нийлүүлэх боломжтой болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн мэдэгдлийг Тендерийн үнэлгээний хороо харгалзан үзээгүй байна гэж үзэж байна. Мөн Сангийн яамнаас тендерийг хянаж, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүйд тооцож, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас тодорхойлолт ав гэж зөвлөсний дагуу тухайн Нийгмийн даатгалын хэлтэст хандаагүй байна. Энэ талаар Нийгмийн даатгалын хэлтэс болон Э******* ХХК-тай холбогдож тодруулах боломжтой нөхцөл байдал байсныг харгалзан үзээгүй байна. Ингэж тендер удааширч, одоогийн нөхцөл байдалд хүрсэн нь Тендерийн үнэлгээний хорооны хариуцлагагүй үйлдлээс болсон гэж захиалагчийн зүгээс үзэж байна. Захиалагчийн зүгээс Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газраар хяналт шалгалт мөн хийлгүүлсэн байдаг.

Гэрч нь Э******* ХХК-ийг 2021 оны 4 дүгээр сарын нийгмийн даатгалын төлбөрөө 2021 оны 5 дугаар сард нь төлсөн гэдгийг гэрчилж байна. Мөн төлбөр төлсөн баримт нь нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан. Мөн гэрч нь лавлагааны системд мэдээлэл нь өдөр болгон татагддаггүй, сараар татагддаг гэж тайлбарласан. Тендерийн үнэлгээний хорооны гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах нэг үндэслэл нь няцаагдаж байна.

Нэхэмжлэгч нь Үнэлгээний хорооны үнэлэлт, зөвлөмжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн тендерийг дахин үнэлэхийг даалгах шаардлага гаргаж байгаа нь бусад тендерт оролцогчдын эрх, ашиг хөндөгдөх нөхцөл байдал үүсэх учир дахин зарлагдах тендерт нэхэмжлэгч компани нь оролцох боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Э******* ХК-ийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ тендерт хоёр компани тэнцэж, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар хяналт тавихад тухайн хоёр компани нь бүх шаардлагаа хангасан боловч нүдний шар шил нь хамартаа зөөлөвчгүй гэсэн үндэслэлээр хасагдсан. Нэхэмжлэгч компанийг мөн адилхан нүдний шар шил нь зөөлөвчгүй гэсэн үндэслэлээр хассан. Шаардлага хангасан гэж үнэлэгдсэн бүх компаниуд нь хамартаа зөөлөвчгүй гэдэг үндэслэлээр хасагдсан. Хоёрдугаарт нүдний шар шилний зөөлөвчтэй загвар байдаг ба нэг л компани ийм шилийг санал болгосон. Энэ санал болгосон компани нь Ханнивелл брэндийн нийлүүлэгч компаниас нь албан ёсны борлуулах зөвшөөрлийг аваагүй гэсэн үндэслэлээр хасагдсан. Техникийн тодорхойлолтод заасны дагуу А700 загвар болон түүнтэй дүйцэхүйц шилийг оруулж ирэх боломж тендерт оролцогчдод байсан. Мөн оролцогч компаниуд нь тухайн үед тодруулга авах болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт хандах боломжтой байсан. Гуравдугаарт Сангийн яамны өгсөн зааварчилгааны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодруулга авахад Э******* ХХК нь өртэй гэж гарсан учир тус компанийг шаардлага хангаагүй гэж хассан.

Э******* ХХК-ийн харьяаллын дагуу Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүдтэй холбогдсон. Тодруулбал эхэндээ хаягийг нь буруу тодорхойлж, өөр дүүрэгтэй холбогдсон байсан. Албан ёсоор дахин харьяаллынх нь дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй утсаар холбогдоход тодорхойлолт өгдөггүй бөгөөд тодорхойлолт авах гэж байгаа бол Нийгмийн даатгалын ерөнхий газраас ав гэсэн чиглэл өгсөн.

Э******* ХХК нь нийгмийн даатгалын өртэй гэсэн үндэслэлээр хасагдсан ба өөр асуудалгүй байсан. Нөгөө шалгарсан хоёр компанийн нүдний шил нь хамрын зөөлөвчгүй байсан. Тухайн үед нүдний шилийг хурдан хугацаанд шалгаруулах шаардлагатай байсан тул Үнэлгээний хороо нь нүдний шилийг нь шаардлагад нийцсэн гэж үзэж, тендерт шалгаруулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газраас хамартаа зөөлөвчтэй шил шаардсан атлаа Г ХХК-ийг тендерт шалгаруулж байгаа нь буруу гэсэн зөвлөмж өгсөн. Энэ зөвлөмжийг болон уурхайн ажилчдын хэлж буйгаар заавал зөөлөвчтэй байх шаардлагатай юм байна гэж дүгнэсэн. Зөөлөвчгүй шилийг хамарт их ачаалал үүсгэж ядраадаг, мөн хамраа амраах гэж шилээ тайлж, аюулгүй байдал алдагддаг гэх мэт үнэлгээ дүгнэлтүүдийг харгалзан үзэж, Тендерийн үнэлгээний хороо нь дахин хуралдаж, тендерт шалгарсан байсан Г ХХК-ийн шийдвэрийг хүчингүй болгосон. Г ХХК, А******* ХХК, Э******* ХХК гэх гурван компанийн тухайд хамгийн өндөр үнийн саналтай нь Э******* ХХК байсан. Хамгийн хямд үнийн саналтай нь Г ХХК байсан. Ханнивелл брэндийн шилийг С******* ХХК нь Монгол Улсад албан ёсоор оруулж ирдэг ба тендерт оролцсон гурван компани нь гурвуулаа С******* ХХК-аас худалдан авах гэрээтэй байсан. С******* ХХК нь хамгийн эхэнд өөрсдөө шилээ санал болгосон боловч шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр мөн хасагдсан байдаг. Э******* ХХК нь хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендерийг ирүүлээгүй. Ижил нүдний шилний асуудлаар хасагдсан гурван компани байсан. Энэ гурван компаниас хамгийн өндөр үнийн саналтай нь Э******* ХХК байсан.

А700 загвар болон түүнтэй дүйцэхүйц гэж заасан. Зарим компани нь үүнийг мэдсэн учир А800 загварын шилийг хамт санал болгосон. Зарим нь А700 гэж ойлгож, тус загварыг авчирч, тендерээс хасагдсан. Техникийн тодорхойлолтыг буруу гэж үзэж болохгүй. Уг тодорхойлолтод дурдсаны дагуу хамгийн доод загвар нь А700 бөгөөд түүнээс дээшээ болон дүйцэхүйц шилийг санал болгоно уу гэж заасан байдаг. А700 нь хамгийн доод хязгаар байсан. Уг тендерт А700 загвараас дээш шилийг санал болгосон олон тендер ирүүлсэн.

Тендерийн үнэлгээний хороо нь цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлгээгээ хийсэн. Э******* ХХК-ийн дээжид ирүүлсэн хамгаалалтын нүдний шар шил нь хамрын зөөлөвчгүй байсан. Техникийн шаардлагын дагуу хамрын зөөлөвчтэй шилийг шаардсан. Ямар нэгэн давуу байдал бусад компанид олгоогүй. Хэрэв хамрын зөөлөвчгүй загварын шилийг тэнцүүлсэн тохиолдолд хамгийн бага үнийн саналтай буюу Г ХХК эсвэл А******* ХХК-иуд шалгарах боломжтой байсан. Э******* ХХК нь харьцуулсан хамгийн бага үнийн саналыг ирүүлээгүй. Шаардлага хангах нийлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн гээд шалгаруулах боломжгүй. Ирүүлсэн материал, бичиг баримтын хүрээнд үнэлгээг хийсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э******* ХХК нь Э******* ХК, Э******* ХК-ийн Үнэлгээний хороонд холбогдуулан Э******* ХК-ийн зарласан Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТ/20******* дугаартай нээлттэй тендерийн багц №1-д / Нүдний шил/ Э******* ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, татгалзсан Э******* ХК-ийн Үнэлгээний хорооны 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 12/1320 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах, Э******* ХК-ийн зарласан Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТ/20******* дугаартай нээлттэй тендерийн багц №1-д / Нүдний шил/ Э******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг ... төлсөн нь дансны хуулгаар батлагдаж байхад манай компанийг тендер нээх үед нийгмийн даатгалын шимтгэлийн 140,700 төгрөгийн өртэй гэж харъяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тодорхойлолт авалгүйгээр үнэлж байгаа Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн мэдэгдэл нь хууль бус. ... Үнэлгээний хороо нь дээжид өгсөн шар өнгийн нүдний шил нь техникийн тодорхойлолтод заасан хамар хэсэгтээ резинэн зөөлөвчтэй байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж өмнө гаргасан дүгнэлтэд дурдаагүй үндэслэлийг гаргаж байгаа нь бидний шударга өрсөлдөх нөхцөлийг хаасан, хуульд нийцэхгүй үйлдэл юм ... гэж, хариуцагч нар нь ...Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод 2021 оны 4 дүгээр сард 140,700 төгрөгийн нийгмийн даатгалын өртэй байсан тул захиалагчийн тогтоосон чадавхын шаардлагыг хангаагүй гэж үзэж, тендерээс татгалзсан мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн дээжид ирүүлсэн шар өнгийн нүдний шил нь техникийн тодорхойлолтод заасан хамар хэсэгтээ резинэн зөөлөвчтэй байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Э******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй ... гэж тодорхойлон маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг: Нэхэмжлэгчийн Э******* ХК-ийн зарласан Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТ/20******* дугаартай нээлттэй тендерийн багц №1-д /Нүдний шил/ Э******* ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, татгалзсан Э******* ХК-ийн Үнэлгээний хорооны 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 12/1320 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд :

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Э******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Үнэлгээний хороо байгуулах тухай А\61 дүгээр тушаалаар Э******* ХК-д Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл \ дуулга, нүдний шил\ нийлүүлэгчийг сонгох Үнэлгээний хороог байгуулсан, уг тушаалаар байгуулагдсан тендерийн Үнэлгээний хороо Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТ\20******* дугаартай багц 1 /Нүдний шил /тендерийг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зарлаж, нээлтийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нээсэн, тус тендерт И ХХК, Г ХХК,  с ХХК, А ХХК, Б гХХК, А т ХХК, Э  ХХК, Э ХХК, Т ХХК, С ХХК, П  ХХК, З ХХК, БХХК-иуд саналаа ирүүлсэн, Үнэлгээний хороо тендерт оролцогч Э******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзээд 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 140700 төргөгийн өглөгтэй байгаа тул захиалагчийн тогтоосон чадавхын шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр Э******* ХХК-ийн тендерээс татгалзсан, нэхэмжлэгчид ийнхүү татгалзсан үндэслэлээ 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 12\1106 дугаартай албан бичгээр мэдэгдсэн, уг шийдвэрт гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Сангийн яам хянаж үзээд тус компани 4 дүгээр сарын байдлаар 140700 төгрөгийн өртэй байгаа нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 12.1 ( ё )-ийн 3-д Харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар ирүүлэх, төлбөр хураамжийн үлдэгдэлгүй байх гэж заасан шаардлагыг хангаагүй гэж татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэж, тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийх-ийг 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 6-1\3933 дугаартай албан бичгээр Э******* ХК-д даалгасан, улмаар Үнэлгээний хороо 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дахин хуралдаж, Э******* ХХК болон П******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзээд дээрх 2 компаний тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэсэн үндэслэлээр тендер шалгаруулалтыг дахин зарлах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг ойлгоно , 27 дугаар зүйлийн 27.1-д Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ гээд 27.1.1-д энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, 27.1.2-т техникийн тодорхойлолт, 27.1.3-т техникийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага, 27.3-т Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлага нийцсэн тендер гэж үзнэ, 27.4-д Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, захиалагч уг тендерээс татгалзана гэж тус тус зааснаас үзэхэд тендерт оролцогч нь захиалагчаас тендерийн баримт бичигт заасан тендер шалгаруулалтын бүх нөхцөл, шаардлагыг нэгэн зэрэг хангасан баримт ирүүлсэн тохиолдолд шаардлагад нийцсэн гэж үнэлэгдэх, ийнхүү ирүүлээгүй тохиолдолд тухайн оролцогчийн ирүүлсэн тендерээс татгалзах хуулийн зохицуулалттай байна.

Энэхүү маргааны тохиолдлын хувьд нэхэмжлэгч Э******* ХХК нь 2021 оны 4 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийн өр 140700 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкин дахь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын дансанд төлсөн, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07 тоот тодорхойлолт, Хаан банкны шилжүүлэгийн баримт, гэрч Б.Б*******ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 12.1 ( ё )-ийн 3-д Харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт \тендер зарлагдсан өдрөөс хойшхи байдлаар ирүүлэх, төлбөр хураамжийн үлдэгдэлгүй байх\ гэж заасан шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн Сангийн яамны 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Гомдол хянасан тухай 6-1\3933 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, захиалагч Э******* ХК-д нэхэмжлэгч хуулийн этгээдийн нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгийг харьяалах нийгмийн даатгалын хэлтсээс тодруулахаар даалгасан байхад хариуцагч нь дээрх албан бичигт заасан тухайн хуулийн этгээдийн нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгийг харьяалах нийгмийн даатгалын хэлтсээс тодруулж няглахгүйгээр, тендерийн Үнэлгээний хорооны хурал хуралдсан өдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт Тодруулга хүсэх тухай 1/1285 дугаартай албан бичиг дахин явуулж, өмнө нь ирүүлсэн лавлагааг дахин авсан, улмаар дахин зарласан тендерт нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг дахин энэхүү үндэслэлээр тендерийн шаардлагад нийцээгүй гэж татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Худалдан авах ажиллагаанд ...өрсөлдөх тэгш боломжтой, ... хариуцлагатай байх зарчмыг баримтлана, 27 дугаар зүйлийн 27.1.3-д тендерийн баримт бичигт заасны дагуу нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ гэж тус тус заасныг зөрчжээ.

Мөн хариуцагч Э******* ХК болон Тендерийн үнэлгээний хороо нь нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзсан нэг үндэслэлээ ... Дээжид ирүүлсэн шар өнгийн нүдний шил нь техникийн тодорхойлолтод заасан хамар хэсэгтээ резинэн зөөлөвчтэй байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9-д техникийн тодорхойлолт гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг хэлэх-ээр, 11 дүгээр зүйлийн 11.1-д Захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ дараах шаардлыг хангасан байна гээд 11.1.1-д тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус зориулалт, эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн болон тухайн бараа, ажил, үйлчилгээ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ... шалгуур үзүүлэлтээр тодорхойлох, 11.1.3-д барааны тэмдэг, нэр, хэлбэр, маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй, 11.1.4-д энэ хуулийн 11.1.3-д заасан шаардлага, нөхцөлийг заах шаардлагатай бол түүний ард эсхүл түүнтэй дүйцэх гэсэн тодотгол хэрэглэх гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд захиалагч техникийн тодорхойлолтод худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тодорхой заах үүрэгтэй байх бөгөөд харин барааны тэмдэг, нэр, хэлбэр, маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй байх бөгөөд ийнхүү шаардлага, нөхцөлийг заах шаардлагатай бол түүний ард эсхүл түүнтэй дүйцэх гэсэн тодотгол хэрэглэх хуулийн зохицуулалттай байна.

Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТ/20******* дугаартай тендерийн Багц 1-д /Нүдний шил/ шалгаруулах тендерийн баримт бичгийн Хамгаалалтын шар шил техникийн тодорхойлолтын 1.4-д Honeywell A700 Amber Lens /Anti-Scratch/ маркын шил эсхүл дүйцэхүйц брендийн шил байна, Нүүрэнд зүүх уян хатан гуятай болон чихний ар хэсэг болон хамар хэсэгтээ зөөлөн резинтэй гэж үндсэн шаардлага заасан байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд нь захиалагчийн тодорхойлсон шар өнгийн нүдний шил нь Honeywell A700 Amber Lens маркын шил эсхүл дүйцэхүйц брэндийн шил байна гэж заасны дагуу Honeywell Millennia C Amber Lens маркын сайжруулсан загварыг нэмэлт тоноглол болох Flexicord тогтоогчтойгоор санал болгосон үйл баримт тогтоогдож байх ба хариуцагч нар энэхүү үйл баримттай маргахгүй байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд уг тендерийн тодорхойлолтод заасан Honeywell A700 Amber Lens /Anti-Scratch/ маркын шар өнгийн нүдний шил нь хамар хэсэгтээ резинэн зөөлөвчгүй болох нь тогтоогдож байх бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн болон 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Тендерийн үнэлгээний хорооны хурал дээр хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны гишүүд ... Honeywell брэндийн A700 шар өнгийн нүдний шил нь угаасаа хамарны зөөлөвчгүй байдаг юм байна. Бид техникийн тодорхойлолт боловсруулахдаа илүү бичсэн байна, ... компаний дотоод хяналтаас Honeywell A700 загварын шил нь техникийн тодорхойлолтод заасан хамар хэсэгтээ резинэн зөөлөвчгүй тул шаардлага хангахгүй байгаа талаар зөвлөмж өгч байсан... гэж тус тус тайлбарласнаас үзэхэд тухайн тохиолдолд техникийн тодорхойлолтыг буруу ойлгож, тендерийг үнэлснээ тус хорооны дарга, гишүүд зөвшөөрсөн атлаа Тендерийн үнэлгээ хороо 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дахин үнэлгээ хийхдээ мөн үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерийг Дээжид ирүүлсэн шар өнгийн нүдний шил нь техникийн тодорхойлолтод заасан хамар хэсэгтээ резинэн зөөлөвчтэй байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж, татгалзсан нь хуульд нийцээгүй байна. Түүнчлэн захиалагч болон Тендерийн үнэлгээний хорооны гишүүд Honeywell A700 Amber Lens маркын шил, эсхүл түүнтэй дүйцэхүйц гэж дээрх загварт байдаггүй шинжийг техникийн тодорхойлолтдоо зааж алдаа гаргажээ.

Тодруулбал захиалагч техникийн тодорхойлолт бэлтгэхдээ худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, шаардлага, нөхцөлийг зөв тодорхойлох үүрэгтэй, тендерт оролцогч нар захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу тендерийг боловсруулж саналаа ирүүлэх ёстой гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Э******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлсэн Э******* ХК-ийн шийдвэр / албан бичиг / нь хууль бус байх тул Э******* ХК-ийн зарласан Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТ/20******* дугаартай нээлттэй тендерийн багц №1-д / Нүдний шил / Э******* ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, татгалзсан Э******* ХК-ийн Үнэлгээний хорооны 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 12/1320 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох нь үндэслэлтэй байна.

Хоёр: Э******* ХК-ийн зарласан Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТ/20******* дугаартай нээлттэй тендерийн багц №1-д / Нүдний шил/ Э******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Э******* ХХК нь Э******* ХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан Э******* ХК-ийн зарласан Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТ/20******* дугаартай нээлттэй тендерийн багц №1-д / Нүдний шил / ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9-д Үнэлгээний хороо гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг ойлгоно, 46 дугаар зүйлийн 46.1-д Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна, 46.1.1-д энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах, 46.1.2-д үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах, 46.1.3-т үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, 47 дугаар зүйлийн 47.2-т Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна, 47.2.2-т тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх гэж тус тус заажээ.

           Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах зэрэг асуудал нь Үнэлгээний хороо болон захиалагчид хуулиар тусгайлан олгогдсон эрх хэмжээ, бүрэн эрхийн асуудал байх тул Э******* ХК-ийн зарласан Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТ/20******* дугаартай нээлттэй тендерийн багц №1-д / Нүдний шил/ ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

           Иймд дээрх үндэслэлүүдээр Э******* ХХК-ийн ирүүүсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлсэн Э******* ХК болон Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр / албан бичиг/ -ийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Э******* ХК-ийн зарласан Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТ/20******* дугаартай нээлттэй тендерийн багц №1-д /Нүдний шил/ Э******* ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, татгалзсан Э******* ХК-ийн Үнэлгээний хорооны 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 12/1320 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, харин нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Э******* ХК-ийн зарласан Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТ/20******* дугаартай нээлттэй тендерийн багц №1-д / Нүдний шил / Э******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.19, 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2, 27.1.3, 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Э******* ХК-ийн зарласан Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТ/20******* дугаартай нээлттэй тендерийн багц №1-д /Нүдний шил/ Э******* ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, татгалзсан Э******* ХК-ийн Үнэлгээний хорооны 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 12/1320 дугаар шийдвэрийг /тендерийн үнэлгээний хорооны шийдвэр/ бүхэлд нь хүчингүй болгож, харин үлдэх шаардлага болох Э******* ХК-ийн зарласан Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох ЭТТ/20******* дугаартай нээлттэй тендерийн багц №1-д /Нүдний шил/ Э******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э******* ХК-иас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э******* ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН