| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 183/2019/01106/И |
| Дугаар | 183/ШШ2019/01562 |
| Огноо | 2019-07-04 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2019/01562
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж,шүүгч Д.Мөнхцэцэг, Д.Энхцэцэг нарын бүрэлдхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- Ё. Г-ийн нэхэмжлэлтэй,
төрөөс гэм хорын хохиролд 60.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ё.Г , түүний өмгөөлөгч Б.Э, төрийг төлөөлж Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нас 55 настай, өрх толгойлон 4 хүүхдийн хамт амьдардаг. Мөн 6 настай үрчилж авсан хүүхдийн хамт түрээсийн байранд 89 настай ээжийгээ өөрийн асрамжиндаа авч амьдарч байгаа. Одоо амьдарч байгаа байр маань ... тоот түрээсийн байранд амьдардаг. Түр оршин суух хаяггүй учир охиныхоо хаягт хаягийн бүртгэл хийгдсэн байгаа. Хүсэлт гаргасан шалтгаан нь би .... эмнэлэгт 21 жил ажилласан бөгөөд ажлын хамт олон маань ар гэрийн гачигдалтай байдлыг минь харгалзан үзэж хурлаар хэлэлцэж квотын байранд оруулахаар шийдвэрлэсэн. Тухайн үед байрны урьдчилгаа төлөх төлбөргүй, банкны зээл хаагдсан хэцүү үе таарсан тул найз А дамжуулан квотын байраа Ц гэх хүнд зарахаар тохиролцоо хийгдсэн. Миний охин, хүү хоёрыг гадаадад сургуульд явуулахаар тохиролцоо хийгдэж, квотын байрыг шилжүүлэх болсон. Ц нь хятадад амьдардаг, хятад хэлтэй хүн байгаад манай хүүхдүүдийг тэнд гэртээ байлгаад цааш нь сургуульд явуулахаар байсан боловч охины паспорт алга болсны дараа Ц г гадаад паспорт зардаг болохыг мэдэж, иймэрхүү нөхцөл байдлын улмаас залилангийн хэрэгт хобогдон шалгагдах болсон. Ц бидний дунд байгуулсан гэрээ өөрчилсөн байсныг мэдээд шалгаад өгөөч гэснээр өөрөө шалгагдаж гэмт хэрэгт холбогдон Баянзүрх дүүргийн шүүхийн 2013-05-13-ны өдрийн 228 дугаар шийтэх тогтоолоор 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай магадлалаар цагаатгагдан суллагдсан.
Тэр үед би 44 сая төгрөгний хэрэгт холбогдож, 120 хоног цагдан хоригдсон. Энэ хугацаанд сэтгэл санааны маш их дарамттай байсан. Ингэж шалгагдаж байх хугацаандаа хүүхдүүдийнхээ байдаг бүх эд зүйлийг зарж, бид гудамжинд гарах болсон. Тухайн үед би 2-р төв эмнэлэгт ерөнхийлөгчийн сувилагчаар ажиллаж байхад залилангийн хэрэгт холбогдсон, олон дахин чөлөө өгч чадахгүй гээд ажлаас халсан. Хэрэгт холбогдох үед би 49 настай байгаад ажлаас халагдсан учир тэтгэврээ тогтоолгож чадаагүй. Ингэж сэтгэл санааны дарамтанд орж, цагдан хоригдсон зэргээс болж эрүүл мэнд муудаж, эмчилгээ хийлгээд элэгний С вирустэй гарсан. Тиймээс 2012 оны 10 сарын 20-ны өдрөөс 2013 оны 2 сарын 7-ны өдөр хүртэлх 78 хоног, 2013 оны 5 сарын 13-ны өдрөөс 2013 оны 6 сарын 25-ны өдрийг хүртэл 43 хоног нийтдээ 121 хоног цагдан хоригдсон тул эдийн бус хохиролд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр тооцон цагдан хоригдсон хоногийн төлбөрт 23.232.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 36.768.000 төгрөг, нийтдээ 60.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 498.4-т зааснаар гаргуулж өгнө үү. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон Засгийн газрын тогтоол гараагүй, Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооны хурлын тогтоол гарсан байдаг. Нийт шаардлага болох 60.000.000 төгрөгт байрны түрээсийн төлбөр, ажилгүй байсан хугацааны төлбөрийн шаардлага гаргаагүй, зөвхөн цагдан хоригдсон хоног, сэтгэл санааны хохирол зэргийг шаардаж байна гэв.
Төрийг төлөөлж оролцсон прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г нь байраа худалдана гэж гэрээ байгуулаад урьдчилгаа 24 сая төгрөгийг төлүүлээд дараа нь мөнгөө төлсний дараа байрыг түрээслэж байя гэж ороод байрны гэрчилгээг өөр хүний нэрээр гаргуулж авсан үйлдэлд гэрээгээр халхавчлах зорилготой залилангийн гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн 148.4-д зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхээс 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэсэн байдаг. Гэмт хэргийн шинжтэй гомдлыг цагдаагийн байгууллага шалгасан, гэрчийн мэдүүлгээр гэрээгээр халхавчлах зорилготой гээд анхан шатны шүүхээс худалдах худалдан авах гэрээгээ биелүүлээгүй гэж үзсэн байдаг. Энд би маргахгүй. Харин нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнд төрийг төлөөлөн оролцож байгаа учир тайлбар хэлье. Цагдан хоригдсон болох нь тогтоогдож байна. Г г 2013 оны 03-р сарын 18-ны өдрийн тушаалаар ажлаас нь халсан байдаг.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын гурван талт хэлэлцээрт ажлын цагийн үнэлгээг 1042.85 төгрөг гэж тогтоосон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулинд заасан өдөрт 8 цагаас илүүгүй хугацаагаар ажиллах тул 1 өдрийн ажлын хөлс 9242.80 төгрөг болж байна. 192.000 төгрөг нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ. Тэгэхээр 1 сарыг хөлсийг цагдан хоригдсон 1 хоногоор тооцож нэхэмжжилж байгаа нь буруу. Хүн хоногт 8 цагаас илүүгүй хугацаагаар ажиллах учраас хоногийн хөлсийг цагдан хоригдсон хоногоор тооцон гаргах нь үндэслэлтэй байна. Сэтгэл санааны хохирлын талаар хуулинд тодорхой заагаагүй. Гэхдээ Улсын дээд шүүхийн 45 дугаартай тогтоолд гэмт хэргийн хүнд хөнгөн, хэргийн нөхцөл байдлыг харгалзан тогтоохоор тайлбарласан тул төрийн нэрийн өмнөөс оролцож байгаа прокурорын хувьд сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд цагдан хоригдсон хоногийн 1.106.278 төгрөгийг нэмж нэхэмжлэлийн шаардлагаас нийт 6.106.278 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, нэхэмжлэгч талын болон прокурорын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Г нь шүүх хураладанд хууль бусаар яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсоны хохиролд 23.232.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 36.768.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан шаардсан /1-2/.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...улсад 21 жил ажиллаад хамт олны хурлаар хөнгөлттэй үнээр байранд орохоор шийдвэрлэсэн боловч байрны урьдчилгаа төлөх боломжгүй байснаар найз А ээр дамжуулан квотын байраа Ц гэх хүнд зарахаар тохиролцон гэрээ хийсний төлөө залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдон шалгагдан Баянзүрх дүүргийн шүүхийн 2013-05-13-ны өдрийн 228 дугаар шийтэх тогтоолоор 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж цагдан хоригдож Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай магадлалаар цагаатгагдан суллагдсан. Хэрэгт холбогдсон шалтгаанаар ажлаасаа халагдаж сэтгэл санааны болон эдийн засгийн хүнд дарамтанд орж эрүүл мэндээр хохирсон тул цагдан хоригдсон 122 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр тооцож 23.232.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 36.768.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөгийг төрөөс гаргуулна...” гэж тайлбарласан.
Төрийг төлөөлж ... прокурор “...гэмт хэргийн шинжтэй гомдлыг цагдаагийн байгууллага шалгасан, Г нь байраа худалдана гэж гэрээ байгуулаад урьдчилгаа 24 сая төгрөгийг төлүүлсний дараа байрыг түрээслэж байхаар байранд орж байрны гэрчилгээг өөр хүний нэрээр гаргуулж авсан үйлдэлд гэрээгээр халхавчлах зорилготой залилангийн гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн 148.4-д зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхээс 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс цагаатгасан байдаг. Цагдан хоригдсон болох нь тогтоогдож байна. Г г 2013 оны 03-р сарын 18-ны өдрийн тушаалаар ажлаас нь халсан байдаг тул сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг, цагдан хоригдсон хоногт 1.106.278 төгрөг, нийт 6.106.278 төгрөгийг хангах үндэслэлтэй...” гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч Ё.Г нь Хан-Уул дүүргийн 4-р хороо, яармаг, наадамчдын зам гудамж 605-р байрны 4 тоотод оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, ... хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-109/ зэргээр нотлогдож байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 6-д заасны дагуу хүсэлтээ оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” тул нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.
Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” болно.
Түүнчлэн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /хх-14/ гаргасан бөгөөд мөн зүйлийн 3-т заасан хугацаанд гаргасан болох нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай Ё.Г г цагаатгасан магадлалаар тогтоогдож байна /хх-10-12/.
Ё.Г нь өөрийгөө төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх эрхийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн итгэмжлэлээр Б.Э ад нэг жилийн хугацаатай олгосноор /хх-14/ түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаж, өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгчөөр Б.Э оролцуулахаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна /хх-73, 74/.
Нэхэмжлэгч Ё.Г г Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцон эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, улмаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэнээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 228 дугаартай ...Ё.Г г бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01 хоногийн хорих ялаар шийтгэсэн шийтгэх тогтоолыг /хх-183-193/ Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар магадлалаар /хх-10-12/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар Ё.Г д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ё.Г г цагаатгаж шийдвэрлэжээ.
Ийнхүү нэхэмжлэгч Ё.Г д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан магадлал гарч хүчин төгөлдөр болсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлыг арилгуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ё.Г дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 122 хоног цагдан хоригдсон болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/585 дугаартай албан бичиг /хх-202/,
гэмт хэрэгт шалгагдсаны улмаас Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн дотрын тасагт 21 жил 9 сар ажилласан сувилагчийн ажлаас чөлөөлөгдсөн болох нь тус эмнэлгийн ерөнхий захиралын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 51 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаал /хх-39/, хүний нөөцийн албаны 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 5/391 дугаартай тодорхойлолт /хх-37/, цалингийн тодорхойлолт /хх-38/, шүүхийн шийтгэх тогтоол, магадлал зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т “хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж заасан тул нэхэмжлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Эрүүгийн гэмт хэргийг шалгаж, тогтоох, яллагдагчаар татах, баривчлах, цагдан хорих арга хэмжээ авах, ял шийтгэх, ялыг эдлүүлэх эрх бүхий байгууллагын ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэдий ч тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд түүний эрх зөрчигдсөн гэж үзэж, эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын ажиллагаа зохих ёсоор явагдсан хэдий ч тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй.
Ё.Г нь хөдөлмөрийн гэрээний дагуу тогтмол цалин хөлстэй ажил хөдөлмөр эрхэлж, цалин авдаг байсан болох нь Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн ерөнхий захиралын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 51 дугаартай тушаал, хүний нөөцийн албаны 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 5/391 дугаартай тодорхойлолт, 0415233 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргээр нотлогдож байх тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ё.Г гийн 0415233 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарын 2-3 дугаар хуудсанд 2011, 2012 оны, 4-р хуудсанд 2013 оны 3-5 дугаар сард цалин авсан талаарх бичилт хийгдсэн /хх-171/ байх боловч 2013 оны бичилтэд баталгаажуулалт хийгдээгүй, энэ хугацаанд нэхэмжлэгч өөр байгууллагад ажилласан талаараа тайлбарлаж нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг нотлох баримтаар гаргасан /хх-40/.
Иймд нэхэмжлэгч Ё.Г г 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх тул 2012 оны 12, 11, 10 дугаар саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дунджийг тооцоход 1.685.940 + 526.509 + 903.147 = 3.115.596 : 3 сар = 1.038.532 төгрөг байх бөгөөд ажлын 21,5 хоногт хувааж, 48.304 төгрөгийг цагдан хоригдсон 122 хоногоор тооцон 5.893.088 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч эд хөрөнгийн бус хохирол буюу сэтгэл санааны хохиролд 36.768.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1-д “эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана” гэж,
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан боловч нэхэмжлэгч Ё.Г өөрийн нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны буюу эдийн бус хохирлыг 36.768.000 төгрөгөөр үнэлж, шаардсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсэн эрхийг сэргээх зорилготой байна” гэж зааснаар эдийн болон эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлснөөр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх тул нэхэмжлэгч Ё.Г гийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан эрх зөрчигдсөн өдрөөс сэргээх буюу энэ өдрийг хүртэлх хугацаанд эдийн бус гэм хорыг төрөөс мөнгөөр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д “эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтад бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд нь бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирлыг барагдуулснаас үл хамааран эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг хүлээнэ гэж заажээ.
Дээрх тохиолдолд Ё.Г г 2012 оноос хүнд гэмт хэрэг үйлдэж бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж шалгасан, цагдан хорьсон тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч нь Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн дотрийн тасагт сувилагчаар ажиллаж байсан зэрэг нөхцөл байдлаас нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээг төрийн эрх бүхий албан тушаалтнууд тараасан гэж үзэхээр байна. Учир нь Ё.Г г цагаатгаснаар албан тушаалтны дээрх ажиллагаа нь хууль бус болох нь нотлогдсон буюу бодит байдалд нийцээгүй байх тул эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр тооцох нь зүйтэй ба Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т “гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж заасан зохицуулалтад нийцүүлж, түүнчлэн нэхэмжлэгчийн сэтгэл санааны гэм хорыг өөрийн үнэлэмжээр илэрхийлэх эрхтэй тул түүний холбогдон шалгагдсан хэрэг, ажил хөдөлмөр эрхэлж байсан, цагдан хоригдсон байдал, түүнд сонсгосон болон оногдуулсан ялын хэмжээ зэргийг харгалзан сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэгчийн үнэлсэн хэмжээгээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр эдийн бус гэм хорын хохиролд 36.768.000 төгрөг, хууль бус ажиллагааны улмаас цагдан хоригдсоны хохиролд 5.893.088 төгрөг, нийт 42.661.088 төгрөгийг төрөөс Ё.Г д нөхөн төлснөөр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгдэнэ гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуульд зааснаар чөлөөлөгддөг болохыг дурдав.
Тус шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч, төрийг төлөөлж оролцсон прокурор иргэдийн төлөөлөгчийн эзгүйд нь шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дүгээр зүйлийн 100.8-д заасанд нийцүүлэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг тус тус баримтлан гэм хорын хохиролд 42.661.088 /дөчин хоёр сая зургаан зуун жаран нэгэн мянга наян найман/ төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж, Боржигон овогт Ё.Г -д олгож, шаардлагаас үлдэх 17.338.912 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зохигчид давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ
ШҮҮГЧИД Д.МӨНХЦЭЦЭГ
Д.ЭНХЦЭЦЭГ