Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/200

 

 

 

 

 

 

    2023         03            14                                        2023/ШЦТ/200

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Б.Тэгшбаяр,

Шүүгдэгч: ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***гийн ***ид холбогдох эрүүгийн 2205024892546 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** оны 8 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** махны бэлтгэгч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суудаг, урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр биелүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 779 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр биелүүлсэн,

*** овогт ***гийн ***/РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ***нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод байрлах байшингийн онгорхой цонхоор гараа оруулан хохирогч ***ийн эзэмшлийн “Dell” загварын нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ***нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод байрлах байшингийн онгорхой цонхоор гараа оруулан хохирогч ***ийн эзэмшлийн “Dell” загварын нөтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.***ийн “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй…”  гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205024892546  дугаартай хэргээс:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн хохирогчоор өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн *** хороо, *** тоотод байрлах гэрээсээ 10 цаг өнгөрөөд гарсан. Гадуур ажил амжуулаад гэртээ 16 цаг өнгөрч байхад ирсэн. Хаалгаа онгойлгоод гэртээ орсон чинь миний цонхны харалдаа орон дээр тавьсан байсан Dell маркийн саарал өнгийн нөүтбүүк алга болсон байсан. Би гарахдаа тухайн өрөөний цонхоо онгорхой орхисон ба тэр цонхоор орж ирээд авсан байсан. Өөр алдагдсан зүйл байгаагүй. Би алдсан гэх нөүтбүүкээ 2018 онд компьютер ланд худалдааны төвөөс 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би тухай алдсан нөүтбүүкэнд үнэлгээ гаргуулахад 750.000 төгрөгөөр үнэлсэн. Би өөрт учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ы гэрчээр өгсөн “...Би 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр фэйсбүүк дээр нөүтбүүк зарна гэсэн зарын дагуу тухайн хүний *** овогтой ***гэх хаягаар холбогдсон. Уг хүн хорооллын Минж плаза худалдааны төв дээр ирээд үзэж болно гэсэн. Зарах гэж байгаа нөүтбүүк нь Dell маркийн саарал өнгөтэй байсан. Би тухайн хүн дээр ирээд уг нөүтбүүкийг үзсэн. 20-25 орчим насны нэг залуу “Би энд ажилладаг юм” гээд  ресторан лоунж руу заасан. Тэгээд тухайн нөүтбүүкийн гадна талын үзэмж нь муу байсан учраас “Жоохон хямдхан зарвал авъя” гэсэн. Тухайн хүн “230.000 төгрөгөөр ав” гэхээр нь өөрийн *** тоот данснаас тухайн хүний *** тоот данс руу шилжүүлсэн. Тухайн нөүтбүүкний гадна талын корпус, батерей зэргийг солиулах гээд компьютер ланд дээр очоод үзсэн чинь сэлбэг нь их үнэтэй байсан. Тэгэхээр нь Б1 давхарт байрлах компьютер засварчинд тухайн өдөр буюу 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 235.000 төгрөгөөр зарсан. Тухайн хүн миний данс руу *** тоот данснаас мөнгө шилжүүлсэн байсан. Би тухайн нөүтбүүкийг хөдөө байдаг дүү Уянгад өгч явуулах байсан. Жоохон үзэмж муутай болохоор нь зарсан. Би тухайн хүн хулгайн эд зүйл надад зарсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн TXY-922/4244 дугаартай шинжээчийн “...“Dell” загварын нөүтбүүкийг 750.000 төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт /хх-ийн 45-48 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01/248 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 4 гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэх 4 гэж дугаарласан гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд МN0000СБД02533 дугаараар бүртгэгдсэн ***гийн ***/РД:***/-н зүүн гарын алганы хээний дардастай тохирч байна. Гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 56-63 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.***ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 94 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч ***нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод байрлах байшингийн онгорхой цонхоор гараа оруулан хохирогч ***ийн эзэмшлийн “Dell” загварын нөтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэх дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч ***ы мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн TXY-922/4244 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01/248 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Харин хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд  “Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах” гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, ...үйлдвэрлэлийн эд хөрөнгө агуулах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж /тээшний хэсэг/ зэргийг хамруулан ойлгохоор бол “Тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэдэгт гэмт этгээд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтрэн орсныг ойлгоно.

 

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн шинжийг хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.***ийг хулгайлах гэмт хэргийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.***ид холбогдох гэмт хэргийн үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар шалгавал зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ***нь гэмт хэргийн улмаас хохирогч ***өд нийт 750.000 төгрөгийн хохирол учруулсан ба энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

 

Шүүгдэгч ***нь хохирогч ***өд 750.000 /долоон зуун тавин мянга/-н төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэргийн 45-48 дугаар талд авагдсан “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх ба хохирол төлөгдөөгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***оос 750.000 /долоон зуун тавин мянга/-н төгрөгийг гаргуулан хохирогч ***өд олгуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:        

Шүүгдэгч ***нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.***ид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, 6.5 дугаар зүйлд  заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 14 хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.***ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***гийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.***ид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***ийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Ц.***ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***оос 750.000 /долоон зуун тавин мянга/-н төгрөгийг гаргуулан хохирогч ***өд олгосугай.  

 

7. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.***ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ