| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2023/0006/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/31 |
| Огноо | 2022-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Төгөлдөр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/31
2022 12 28 2023/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Ц.Төгөлдөр;
Шүүгдэгч: Н.М;
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Мөнхтулга;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке;
Хэргийн дугаар: ......................;
Шүүгдэгч Н.М регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, харилцааны менежер мэргэжилтэй, , ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт , урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Улсын Дээд шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 107 дугаартай тогтоолоор хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэг болгон өөрчилж 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр суллагдсан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/791 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 22/09 дугаар тогтоолоор эдэлж дууссан, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр)
Н.М нь 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны орчим хохирогч Д.Б-тай такси үйлчилгээний хөлснөөс болж маргалдаж, улмаар хохирогч Д.Б-н биед халдаж, эрүүл мэндэд нь дээд, доод уруулд шарх, эрүү, хүзүү, зүүн эгэмд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокуророос Н.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Д.Б-н биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 11603 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/, хохирогч Д.Б /хх-ийн 29-30, 31/, гэрч Д.А /хх-ийн 38-39/, гэрч С.Н /хх-ийн 115/ нарын мэдүүлэг, хохирлын баримт /хх-ийн 32/, Н.Мын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 60, 67-94, 97/, Н.Мын өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 100-113/, Н.Мын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 64-65/, хохирол төлсөн баримт /хх-ийн 126, 135/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Н.Мын өмнөх ялаа эдэлж дууссан талаарх баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.М нь 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны орчим иргэн Д.Б-тай такси үйлчилгээний хөлснөөс болж маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Д.Б-н /хх-ийн 29-30, 31/: “...2022 оны 08 дугаар сарын 20-ны орой 16-16 БНР улсын дугаартай хөх цэнхэр өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байгаад Дамбаас хүн авсан. Тэр хүнийг 20-21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Сүхбаатар дүүргийн шинэ байрны урд зогсож буулгасан. Тэр залуу таксины мөнгийг дутуу өгч, бид хоёр маргалдсан. Тэр залуу охиноо дагуулаад буугаад явчихаар нь би ардаас нь дагаж буугаад мөнгөө өгөхийг шаардахад намайг хүзүү хэсгээс гараараа боож арагш түлхээд машины баруун талын толь хэсэгт шахаж миний толгойн тус газар 4-5 удаа цохисон. Би цохиулаад газар унахад гэдэс рүү өшиглөсөн. Тэр залуу миний хүзүү хэсгээс боож машины зүүн талд шахсан байх үед хамт явсан охин нь уйлахад охиндоо хандаж “гэртээ ороод ээж, ахыгаа дууд” гэж хэлж байсан. Би босоод дахин нөгөө залуутай маргалдаж байхад охин нь үл таних эмэгтэй, эрэгтэйн хамт гарч ирсэн. ...Миний биед учирсан гэмтлийг такси барьсан залуу учруулсан. ...Н.М гэх залуу миний машины баруун талын толины гадна хэсгийг хугалж гэмтээсэн. Уг толинд үнэлгээ хийлгэхэд 185.000 төгрөгийн үнэлгээ гарсан. 130.000 төгрөгөөр толгойгоо томографикт харуулсан. Мөн 8.000 төгрөгөөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. Дээрээс нь нэмээд миний хүзүүнд зүүж явсан мөнгөн гинж ноцолдох үед тасраад уначихсан байсан. ... Мөнгөн гинжээ 200.000 төгрөгөөр үнэлж байна. Ингээд нийтдээ 523.000 төгрөгийг Н.М гэх хүнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Агийн /хх-ийн 38-39/: “...Би Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн НХЖХТ-ийн эргүүлийн офицер албан тушаалд үүрэг гүйцэтгэдэг ба 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Хүлэг 116” чиглэлд албан үүрэг гүйцэтгэж байх үед 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын Тамгын газрын гадна маргаан болсон гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу хэргийн газарт очиход таксины жолооч гэх Д.Б, үйлчлүүлсэн гэх Н.М, 2 иргэн байсан бөгөөд хоорондоо маргалдсаны улмаас Д.Б-н өмсөж явсан цамцных нь зах нь урагдаж сунасан, хүзүү орчмоор нь маажуулж урагдсан шархтай байсан ба үйлчлүүлсэн гэх Н.Мын хувьд ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх харагдаагүй бөгөөд хувцас нь ч гэсэн урагдаж сунасан зүйл ажиглагдаагүй. Эдгээр иргэд нь хоорондоо таксины мөнгөнөөс болж маргалдсан байдалтай байсан. Дуудлагаар очих үед Н.М болон Д.Б нарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс рүү дагуулан явж материалжуулан шалгасан...” гэх мэдүүлгээр,
Д.Б-н биед “дээд, доод уруулд шарх, эрүү, хүзүү, зүүн эгэмд зулгаралт” бүxий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 11603 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 15-16/,
Н.Мын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 64-65/: “...2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дамбадаржаад охины хамт явж байгаад 11 дүгээр хороолол орох гээд такси барьсан. Тэр үед “Приус” маркийн машинтай залуу зогссон бөгөөд машинд нь суугаад Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын гадаа хүргүүлсэн. Очоод “хэд гарсан бэ” гэж асуухад “7,2 км гарсан байна, 14.500 төгрөг өгчих” гэж тэр залуу надад хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө 1км-г 1500 төгрөгөөр бодоод 10.500 төгрөгийг тухайн залуугийн надад хэлсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд охиноо аваад буугаад явж байтал таксины жолооч залуу араас “чи яаж байна аа хөөе” гээд дуудсан. Эргээд харахад “чи мөнгөө дутуу хийчихсэн байна” гээд над дээр ирээд намайг шууд алгадаад авсан. Тэгээд бид хоёр заамдалцаад авсан ба буланд зууралдаад байж байхад манай охин уйлаад байсан ба хажуу грашнаас нэг ах гарч ирээд “хүүхэд чинь уйлаад байна, больцгоо” гэхээр нь бид 2 салсан. Тэр үед манай охин манаач ахын утаснаас эхнэр рүү залгаад эхнэрийг дуудсан байсан. Эхнэр ч удаагүй гадаа гарч ирсэн. Ингээд маргалдаад үл ойлголцоод тэр залуу цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй эргүүлийн цагдаа нар ирээд бид хоёрыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс рүү дагуулсан явсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Н.М нь Д.Быг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Н.Мын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Н.Мыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.М нь хохирогч Д.Б-н хохирол төлбөрт 523.000 төгрөгийг төлж барагдуулсан баримт хавтаст хэргийн 126, 135 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ