Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/220

 

 

2023           03          01                                 2023/ШЦТ/220

 

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан би,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор Г.Цогтгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лид холбогдох эрүүгийн 2202006790471 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эмээ, эгч, дүү нарын хамт .............оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чавдартай, ............

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Б.Л нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн орчимд өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9- тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу цэвэр жин нь 17.6 грамм түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналын прокурор Г.Цогтгэрэлээс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 30 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2202006790471 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч Г.Цогтгэрэлээс: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,  

Шүүгдэгч Б.Лоос: “Гэм буруугийн талаар маргахгүй, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно” гэв.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Л нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн орчимд өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9- тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу цэвэр жин нь 17.6 грамм түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эргүүлийн офицер Н.Цэрэнбатын илтгэх хуудсыг (хавтаст хэргийн 6-14 дүгээр тал),

-Б.Лийн биед үзлэг хийж, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-19 дүгээр тал),

-Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

-Эд мөрийн баримтад үзлэг хийж эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 22-25 дугаар тал),

-Гэрч Н.Цн “...2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст жижүүрийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад оройн 20 цаг 51 минутад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 32-ын тойргийн Номин худалдааны төвөөс бараа хулгайлж байсан хүнийг барьсан гэх дуудлага мэдээлэл 90645599 гэсэн дугаараас ирсэн. Дуудлагын дагуу Номин худалдааны төвд очиход Номин худалдааны төвийн ажилчид нэг эрэгтэйг барьсан зогсож байсан. Тухайн хүний регистр болон овог нэрийг асуухад нэрээ Батжаргалын Л гэж хэлээд регистрээ хэлэхдээ дугаарыг нь 1 тоогоор зөрүүлж хэлээд байсан. Тэгээд уг этгээдээс архи үнэртэж байсан учир Гүнт эрүүлжүүлэх саатуулах байр луу авч явсан. Гүнт 20-д хүлээлгэж өгөх явцад уг хүний биеэс цэнхэр өнгийн гялгар ууттай, гялгар цаасанд боолттой зүйл гарч ирсэн. Гүнт-20-ын ажилчид уг этгээдээс “чи эндээс татсан уу” гэхэд “би татаагүй, өөртөө тариа хийсэн” гэж хэлсэн. Тэгээд согтуурлын зэргийг нь шалгахад 3 бүхэл гарч ирсэн. Тэгээд Гүнт-20-оос жижүүр лүү яриад “энэ цэнхэр өнгийн ууттай зүйл нь мансууруулах төрлийн бодис байж магадгүй байна” гэж хэлсэн. Тэрний дагуу хар тамхины тест тавихаар хэлтэс рүү авчирсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “...1.Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон таггүй хуванцар сав, зиплок гялгар ууттай дотроо шингэн зүйлтэй бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон, доод хэсэгтээ цоолсон тагтай хуванцар сав, “AL2896856” гэсэн дугаартай хуйлсан 20 төгрөгтийн мөнгөн дэвсгэрт, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 18,9 грамм, цэвэр жин нь 17.6 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 17.2 грамм болов. 3. 4. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон таггүй хуванцар сав, зиплок гялгар ууттай дотроо шингэн зүйлтэй бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон, доод хэсэгтээ цоолсон тагтай хуванцар сав, “AL2896856” гэсэн дугаартай хуйлсан 20 төгрөгтийн мөнгөн дэвсгэрт, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас тус бүрээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд илэрсэн дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно... гэх 5444 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 43-47 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “...1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Л 21 н/эр 2022.10.27” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б.Л 21 н/эр 2022.10.27” гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно... гэх 5445 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 51-53 дугаар тал),

-Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн “1.Б.Л нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, шинж үгүй байна... 2.Б.Л нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна. ...4.Б.Л нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх 1181 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 55 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Б.Лид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан байна.  

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.

Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Л нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар биедээ авч явсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Б.Лийн биед үзлэг хийж, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-19 дүгээр тал), Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал), Эд мөрийн баримтад үзлэг хийж эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 22-25 дугаар тал), гэрч Н.Цэрэнбатын “...2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст жижүүрийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад оройн 20 цаг 51 минутад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 32-ын тойргийн Номин худалдааны төвөөс бараа хулгайлж байсан хүнийг барьсан гэх дуудлага мэдээлэл 90645599 гэсэн дугаараас ирсэн. Дуудлагын дагуу Номин худалдааны төвд очиход Номин худалдааны төвийн ажилчид нэг эрэгтэйг барьсан зогсож байсан. Тухайн хүний регистр болон овог нэрийг асуухад нэрээ Батжаргалын Л гэж хэлээд регистрээ хэлэхдээ дугаарыг нь 1 тоогоор зөрүүлж хэлээд байсан. Тэгээд уг этгээдээс архи үнэртэж байсан учир Гүнт эрүүлжүүлэх саатуулах байр луу авч явсан. Гүнт 20-д хүлээлгэж өгөх явцад уг хүний биеэс цэнхэр өнгийн гялгар ууттай, гялгар цаасанд боолттой зүйл гарч ирсэн. Гүнт-20-ын ажилчид уг этгээдээс “чи эндээс татсан уу” гэхэд “би татаагүй, өөртөө тариа хийсэн” гэж хэлсэн. Тэгээд согтуурлын зэргийг нь шалгахад 3 бүхэл гарч ирсэн. Тэгээд Гүнт-20-оос жижүүр лүү яриад “энэ цэнхэр өнгийн ууттай зүйл нь мансууруулах төрлийн бодис байж магадгүй байна” гэж хэлсэн. Тэрний дагуу хар тамхины тест тавихаар хэлтэс рүү авчирсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал) зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл, сэтгэцэд нөлөөт бодис буюу цэвэр жин нь 17.6 грамм түүхий эдийг бусдад худалдаалах зорилгоор хадгалж явсан гэх, мөн шүүгдэгч хэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “тухайн өвсийг түүж авсан” гэж мэдүүлдэг боловч энэхүү нөхцөл байдлууд аль алин нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Тус гэмт хэрэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг биедээ авч явах нь хууль бус болохыг ойлгож ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг тул гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. 

Иймд шүүгдэгч Б.Лийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Тус гэмт хэрэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авснаар, мөн хадгалж байсан идэвхтэй үйлдэл таслан зогсоогдсон үеэс төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Лийн хувийн байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг гаргасан бол, шүүгдэгч эцсийн үгэндээ “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэж хэлсэн болно.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Тиймээс шүүгдэгч Б.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч Б.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бохирлогдсон вояаж гэсэн бичиглэлтэй хуванцар сав 2 ширхэг, хуйлсан 20 төгрөг бүхий мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 1 ширхэг, цэнхэр өнгийн гялгар уут, цаасны хамт 30,9 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сээрийн борнууд ургийн овогт Батжаргалын Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лийг 1 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Лид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бохирлогдсон вояаж гэсэн бичиглэлтэй хуванцар сав 2 ширхэг, хуйлсан 20 төгрөг бүхий мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 1 ширхэг, цэнхэр өнгийн гялгар уут, цаасны хамт 30,9 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН