| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2023/0014/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/36 |
| Огноо | 2023-01-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/36
2023 01 03 2023/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Б.Н, П.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул нарыг оролцуулан эрүүгийн 2209006602389 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Б.Н,
2. Шүүгдэгч: П.Б нар нь:
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Б.Н, П.Б нар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Монголын Залуучуудын холбооны байрны орчим хохирогч Б.Н-д түүний нөхөр, ах нарын хамт “Солонгос улсын мульт виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 9.000.000 төгрөгийг залилан авсан,
Б.Н нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Монголын Залуучуудын холбооны байрны орчим хохирогч Г.М-д “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 3.000.000 төгрөгийг залилан авсан,
2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Монголын Залуучуудын холбооны байрны орчим хохирогч Н.Ө-ад “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 3.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: ... Би гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: ... Би гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Н-гийн мэдүүлэг / 1хх 13-14 /, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус тус Б.Н-, Б.Н нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хуулбар / 1хх 19, 21 /, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтын хуулбар / 1хх 24-26 /, гэрч Б.Т-ийн мэдүүлэг / 1хх 37-38 /, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын Б/90 дугаартай тушаалаар Б-г томилсон болон гарсан тушаалын хуулбар / 1хх 40, 46 /, гэрч Б.Б-ын мэдүүлэг / 1хх 61 /, гэрч Д.Б-ын мэдүүлэг / 1хх 59 /, хохирогч Г.М-ийн мэдүүлэг / 1хх 234 /, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтын хуулбар / 1хх 239 /, хохирогч Б.Н.Ө-ын мэдүүлэг / 2хх 7 /, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Н.Р, Б.Н нарын хороонд байгуулсан зээлийн гэрээний хуулбар / 2хх 10-11 /, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн мөнгө шилжүүлсэн баримт / хх 12 /, яллагдагч Б.Н-ийн мэдүүлэг / 1хх 190 /, яллагдагч П.Б-ын мэдүүлэг / 2хх 20 /, хохирогч Б.Н-, Г.М-, Н.Ө нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт / 2хх 37, 38, 40 /, Б.Н, П.Б нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт / 2хх 26, 35 /, шүүгдэгч нар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 2хх 22, 31 / зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н, П.Б нар бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Монголын Залуучуудын холбооны байрны орчим хохирогч Б.Н-д түүний нөхөр, ах нарын хамт “Солонгос улсын мульт виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 9.000.000 төгрөгийг залилан авсан,
Б.Н нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Монголын Залуучуудын холбооны байрны орчим хохирогч Г.М-д “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 3.000.000 төгрөгийг залилан авсан,
2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Монголын Залуучуудын холбооны байрны орчим хохирогч Н.Ө-ад “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 3.000.000 төгрөгийг залилан авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б.Н-гийн / 1хх 13-14 / “...Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Монголын залуучуудын холбоо дээр очиж Монголын залуучуудын холбооны санхүү хариуцсан хүн гэх Б.Н-тэй өөрийн нөхөр Г-ын хамт уулзсан. Тэгэхэд тэрээр “Солонгос улсын визэнд оруулж өгнө. 5 жилийн хугацаатай мульти виз даруулж өгч болно. Манай найз Б гэх хүн нь Солонгосын элчинд ажилладаг хүн байгаа. Одоо 5 жил ажиллаад ажлаасаа бууж байгаа. Нийт 41 хүн болчихсон байгаа” гэж хэлсэн. Ингээд би тухайн өдрөө Залуучуудын холбооны ойролцоо байх нотариатын газар зээлийн гэрээг Б.Н-тэй байгуулсан. Үүний дараа 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нөхөр Г-ын хаан банкны ... дугаарын данснаас Б.Нийн Хас банкны ... дугаарын данс руу 3 удаагийн гүйлгээгээр 9.000.000 төгрөг шилжүүлсэн. Уг 9.000.000 төгрөг нь миний бие Б.Н-, нөхөр Ганбаатар, ах Ганболд нарын мөнгө байсан. Б.Н үүний дараа дахиж над руу холбогдож өөр Солонгос улс руу явуулах хүн байна уу? гэж асуухаар нь би 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирээд дахин "Зээлийн гэрээ"-г залуучуудын холбооны 1 давхарт байх нотариат дээр байгуулж өөрийн хамаатны Төгөлдөр, Азжаргал нарын гэрээг байгуулж 6.000.000 төгрөгийг нөхрийнхөө данснаас дахин Б.Н-ийн данс руу шилжүүлж өгсөн. Дээрх гэрээнүүдэд заасан хугацаагаар 3 сарын хугацаатайгаар байгуулсан бөгөөд Б.Н хэлэхдээ “2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүх хүний виз гарчихсан Солонгос улс руу нисчихсэн байна” гэж хэлж байсан. Ингээд одоог хүртэл виз гарсан зүйл байхгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна.
Анх Нүүдэлчин монголчууд гэх фейсбүүк хуудас дээр Б гэх хүн “Мульти виз гаргана. 6.000.000 төгрөг урьдчилгаа 50 хувь” гэсэн зар байршуулсан байсан. Энэ хүнтэй уулзаж байгаагүй бөгөөд анх энэ хүн нь Б.Н-тэй холбож өгсөн. ...Нөхөр Г болон манай хамаатнууд болох Ганболд, Төгөлдөр, Азжаргал нарын виз гаргуулахаар өгсөн 15.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” мэдүүлгээр,
2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус тус Б.Н-, Б.Н нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хуулбар / 1хх 19, 21 /
Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтын хуулбар / 1хх 24-26 /
Гэрч Б.Т-ийн / 1хх 37-38 / “...Миний бие Монголын Залуучуудын холбоонд 2021 оны 07 дугаар сард нягтлангаар ажилд орсон бөгөөд Б.Н нь манай захиргаа удирдлагын газрын даргаар ажилладаг. П.Б нь мөн газарт мэргэжилтэн хийж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа 2021 оны 11 дүгээр сард гарсан. Б.Н, П.Б хоёр надаас 1-2 удаа 100-150 мянган төгрөг зээлээд буцаагаад өгч байсан. Намайг ажилд орсноос хойш Баттулга гэж хүн ажиллаж байгаагүй...” мэдүүлгээр
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын Б/90 дугаартай тушаалаар Б-ыг томилсон болон гарсан тушаалын хуулбар / 1хх 40, 46 /
Гэрч Б.Б-ын / 1хх 61 / “...Би одоогоор "..." ХХК-ний захирал ажилтай. Б.Н гэх хүнийг зүс мэднэ. Би Монголын залуучуудын холбоонд 2012 оноос 2014 оны хооронд тэргүүлэгч албан тушаалд ажиллаж байсан ба тухайн үед Б.Н нь Монголын залуучуудын холбоонд мөн ажилладаг байсан. Яг юу хийдэг байсан эсэх талаар нь бол мэдэхгүй байна. Хурал зөвлөгөөн дээр бичиг цаас бариад явж байгаа харагддаг байсан. Өөр ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Би тухайн хүнийг зүс мэдэхээс өөр сайн танихгүй. Одоо ажиллаж байгаа эсэх талаар нь сайн мэдэхгүй байна. Ийм яриа Б.Н бид хоёрын дунд болж байгаагүй. Би 2012-2014 оны хооронд Гадаадын иргэн харьяатын газарт тамгын хэлтсийн дарга, Зөвшөөрөл бүртгэлийн газрын даргын ажил албан тушаалд ажиллаж байсан. Зөвшөөрөл бүртгэлийн хэлтэс нь Гадаадын иргэдэд Монгол улсад оршин суух зөвшөөрөл олгох чиг үүрэгтэй ажилладаг. Би Б.Н-тэй ...-нд ажиллаж байх хугацаанаас хойш бол уулзаагүй. Ямар нэгэн визний талаар яриа гараагүй. Би тэр хүнээс ямар нэгэн мөнгө төгрөг авч байгаагүй...” мэдүүлгээр,
Гэрч Д.Б-гын / 1хх 59 / “...Би М-ын удирдах зөвлөлийн гишүүнээр 2022 оны 05 дугаар сараас эхлэн томилогдсон. Тэрнээс өмнө ажиллаж байгаагүй. Би гадаадын иргэн харьяатын газарт 2012 оноос 2016 оны хооронд мэргэжилтнээр ажиллаж байсан. Би Б.Н гэх хүмүүсийг огт танихгүй...” мэдүүлгээр,
Хохирогч Г.М-ийн / 1хх 234 / “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Гүнсмаа гэх Солонгост хараар ажил хийдэг эгч маань фейсбүүкээс зар харсан талаараа надад хэлээд намайг П.Б гэх хүнтэй утсаар яриулсан. Улмаар Б.Н гэх хүнтэй намайг П.Б холбож өгсний дагуу би Б.Н-тэй 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Залуучуудын Холбооны гадна талд уулзахад "Солонгос улс руу мульти виз гаргаж өгнө. Визийг 3 сарын хугацаанд гаргах бөгөөд эцсийн хугацаа 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гарна. Б гэх Консулын газарт ажилдаг хүн байгаа. Энэ хүн бүх ажлыг хариуцаж хийнэ” гэж хэлж надтай Зээлийн гэрээ байгуулж, урьдчилгаа 3.000.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 3.000.000 төгрөгийг виз гарсны дараа өгнө" гэж хэлсэн. Би 3.000.000 төгрөгийг Б.Н-ийн данс руу шууд шилжүүлсэн. Гэрээг надтай хамт явах гэж байсан Очироо ах миний өмнөөс хийсэн. Тухайн үед миний гадаад паспортыг Б.Н авч үлдсэн. Гэтэл 2022 он гарсан бөгөөд ямар нэг хэл сураггүй өнөөдрийг хүрсэн. Баттулга гэх хүн рүү бид нартай хамт байхдаа Б.Н залгахад утсаа авдаггүй бөгөөд “Хуралтай байгаа гэж байна" гэж хэлээд хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй мессеж үзүүлдэг болсон. Баттулга гэх хүнтэй уулзаж байгаагүй...” мэдүүлгээр,
Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтын хуулбар / 1хх 239 /
Хохирогч Б.Н.Ө-ын / 2хх 7 / “...Үеэл эгч болох Гүнсмаа нь Солонгост хараар ажил хийдэг бөгөөд фейсбүүкээс зар харсан талаараа надад хэлж, Б.Н гэх хүнтэй намайг холбож өгч хамаатны дүү Г.М-, ах Рэнцэн-Очир нарын хамт 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Залуучуудын холбооны гадна Б.Н-тэй уулзахад “Солонгос улс руу мульти виз гаргаж оны өмнө 10 хүн Солонгос улс руу явуулах гэж байгаа. Уг визийг 3 сарын хугацаанд гаргах бөгөөд эцсийн хугацаа 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гарна. Б гэх Бүгд Найрамдах Солонгос улсын Монгол дахь элчинд ажилладаг хүн байгаа. Энэ хүн бүх ажлыг хариуцаж хийнэ” гэж хэлээд надтай Зээлийн гэрээ байгуулж, урьдчилгаа 3.000.000 төгрөгийг авч, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг виз гарсны дараа өгнө" гэж хэлсэн. Г.М- бид хоёр хөдөө ажилладаг тул ямар нэгэн асуудал гарахад ах Рэнцэн-Очирыг өөрсдийнхөө өмнөөс уулзуулах зорилгоор түүнийг өөрсдийнхөө өмнөөс гэрээг Б.Н-тэй хийлгүүлж миний 3.000.000 төгрөгийг Б.Нийн данс руу Рэнцэн-Очирын данснаас шууд шилжүүлсэн. Мөнгө авсан даруйдаа Г.М- бид хоёрын гадаад паспортыг Б.Н авч үлдсэн. Гэтэл 2022 он гарсан бөгөөд ямар нэг хэл сураггүй өнөөдрийг хүрсэн...” мэдүүлгээр,
2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Н.Р, Б.Н нарын хороонд байгуулсан зээлийн гэрээний хуулбар / 2хх 10-11 /
2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн мөнгө шилжүүлсэн баримт / хх 12 /
Яллагдагч Б.Н-ийн / 1хх 190 / “...П.Б надад хандаж “Би Солонгос улсад амьдарч байгаад хар даруулаад ирсэн. Энийг янзлах дахин виз гаргах талаар туслах хүн байна уу” гэж асуухаар нь “Би ямар ч байсан хүнээс асуугаад үзье” гэж хэлсэн. Тэгээд би хуучин холбоонд ажиллаж байсан бас Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг байсан Баттулга гэх хүнтэй холбогдоод энэ талаар асуухад наад хүний чинь харын хугацаа дуусаж байгаа юм байна гэж хэлсэн. Тэгээд хөлс нь 4.500.000 төгрөг, урьдчилгаанд 2.000.000 төгрөг өгөх ёстой гэхээр нь П.Б-т хэлээд зөвшөөрөөд 1.400.000 төгрөг өгсөн. Би дээр нь 600.000 төгрөг нэмээд цааш нь өгсөн. П.Б бид 2 дахиад хэдэн хүн олж өгөөд дундаас нь ашиг авахаар ярилцсан. Ингээд танил талын хүрээгээр Солонгос улс руу виз гаргуулах хүмүүс хайж нийтдээ 7 хүнээс 21.000.000 төгрөг П.Б бид хоёр гэрээ байгуулж авсан. Үүнээс П.Б 3.500.000 төгрөг авсан. Үлдсэн мөнгийг би хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Виз гаргуулахаар Баттулгад тухайн мөнгөнөөс өгч чадаагүй. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлгээр,
Яллагдагч П.Б-ын / 2хх 20 / “...Б.Н дахиад виз гаргуулах хүн байна уу. Бааз үүсэхгүй байна. 10 орчим хүн дутаад байна гэхээр нь яаралтай хүн олох зорилгоор фэйсбүүк дээр Солонгос улсад амьдардаг Монголчуудын зарын групп дээр “Мульти виз гаргах боломж байна” гэсэн утга агуулга бүхий зар оруулсан ба удалгүй Солонгос улсад амьдардаг манай ээж залгаад ямар учиртай зар оруулаад байгаа юм. Наадахаа устга гэхээр нь зараа устгасан. Тэгсэн хэд хэдэн хүмүүс зар хараад холбогдсон. Тэр дундаас Dema Dema нэртэй хаягаас “Тийм аргаар ирсэн болдог юм байна лээ. Дүүгийнхээ визийг мэдүүлэх гэсэн юм” гэхээр нь Б.Н-тэй холбож өгсөн. Тэгээд тэр хүнд өөрийгөө хамаатан гэж хэлээрэй гэж хэлсэн. Би нэг хүн тус бүрээс 500.000 төгрөг авахаар Б.Н-тэй тохирсон. Тэгээд би бүртгүүлсэн 7 хүнээс тус бүр 500.000 төгрөг буюу нийт 3.500.000 төгрөг авсан. Тэгээд Б.Нийн виз гаргана гэдэг асуудал нь худлаа болоод мөнгө өгсөн хүмүүс нь цагдаад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н, П.Б нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Н, П.Б нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “Солонгос улсын мульти виз гаргаж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч П.Б-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Н, П.Б нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Н, П.Б нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Н-, Г.М-, Н.Ө нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч П.Бт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Н, П.Б нар нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Н-, Г.М-, Н.Ө нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт / 2хх 37, 38, 40 / гаргасан тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Б.Н, П.Б нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр тус тус гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдгээрийн хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Н, П.Б нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хууль ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр, шүүгдэгч П.Б-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Н, П.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Н, П.Б нар нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.
5. Б.Н, П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Н, П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ