Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00011

 

 

        Д.М-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Х.Г-т холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/01248 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Д.М-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х.Г-т холбогдох,

“Зээлийн төлбөр 3.100.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч Х.Г-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.М нь 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Х.Г-т зээлийн гэрээ байгуулалгүй 4.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн ба тус өдрөө зээлдүүлэгч миний бие уг мөнгийг бэлнээр нь хүлээлгэн өгч мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн болно. Гэтэл зээлдэгч Х.Г нь 2 сарын дотор зээлээ төлөх үүргээ биелүүлэхгүй өдийг хүрсэн юм. Уг хугацаанд 2016 оны 09 дүгээр сард 400.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сард 500.000 төгрөг тус бүр өгч байсан боловч үлдэгдэл мөнгөө өгөхгүй байгаа тул зээлийн гэрээний үндсэн төлбөрт 3.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа намайг 1,000,000 төгрөгний ногоо авсан гэж тайлбар гаргасан байна. Нэхэмжлэлд дурьдсанаар 2016 оны 09 дүгээр сард 400,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сард 500.000 төгрөг тус бүр авсан бөгөөд ямар нэгэн байдлаар 1.000.000 төгрөгийн ногоо аваагүй юм. Мөн хариуцагч нь 200.000 төгрөгийг надад өгсөн мэтээр бичсэн байна. 2017 оны 06 дугаар сард 300.000 төгрөгөөр 99033728 дугаарыг зарж 200.000 төгрөгийг Х.Г-т дахин зээлүүлсэн байтал өөрөө надад өгсөн мэтээр ор үндэслэлгүй зүйл бичсэн байна. Дээр дурьдсан 200,000 төгрөг нь энэхүү зээлийн гэрээтэй ямар ч холбоогүй мөнгө юм. Энэ мэтээр хариуцагч нь ямар үндэслэлгүй хариу тайлбар гаргасан байна. Иймээс зээлийн гэрээний үндсэн төлбөрт 3.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн М нь хоёр удаа 500 гаруй мянган төгрөгийн хүү авсан, нэг удаа 200.000 төгрөгийг тэр дор нь өгсөн боловч 2 сарын дараа авсангүй гэж гүтгэж дахин авсан. Хэл амаар балай, тэнэг, мангар болсон гэх мэтчилэнгээр байнга доромжилж хүн болгон, намайг таньдаг болгонд наадах чинь балай болчихсон гэх мэтчилэн доромжилж хүнээс мөнгө авах гэж байсан чинь надад өртэй гэж янз янзаар хэлж өгүүлээгүй. Би гэмтсэн нь үнэн. Одоо хүртэл шийдээгүй. Тагтнаас унасан гэсэн хуурамчаар гаргаж байгаад би арга барагдаад ахиж бичиж өгөөд хорьж шийтгэхийг шаардаж байгаа. Иймэрхүү хүний амьдралд садаа учруулж доромжилж байгаа элий балай гэсэн олон үг цацдаг худал хуурмагаар амьдарч байгаа хүнд мөнгө өгөх шаардлагагүй гэж бодож байна. Энэ хүн эхлээд зөв байж сур. 4.000.000 төгрөг авсан. Хоёр удаа 550.000 төгрөгний хүү төлж, өгсөн 1 сая төгрөгөнд бэлнээр зарах ногоо авч бэлэн мөнгө авсан. 200.000 төгрөг авангуут аваагүй гэж хүн гэмтсэнээр далимдуулж худлаа ярьж ахин авсан. Ахиад 100.000 төгрөгийн ногоо авсан. Ийм учир хүнийг хэл амаар доромжилж, худал, үнэн юм ярьдаг, хүнтэй харьцах чадваргүй худал хуурмагаар дүүрэн, хүнийг гүтгэдэг хүнд надад өглөг байхгүй гэж бодож байна. Доромжлуулж нэр төрөө сэргээнэ. Ийм учир ямар ч мөнгө төлөхгүй гэж бодож байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/01248 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Гээс 3.040.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64.550 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Гээс 63.590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Г давж заалдсан гомдолдоо:

2016 оны 08-11 дүгээр сард 4.000.000 төгрөг хүүтэй өгсөн, тэгээд 9 дүгээр сард хүүнд 500.000 төгрөг, 10 дугаар сард 500.000 төгрөг авсан. Би дараагийн сараас эхлээд хүү өгч чадахгүйгээ мэдэж чиний мөнгөнөөс бололцоогоор хасуулъя гэж хэлсэн. Тэгсэн чинь охинд мөнгө хэрэгтэй байна хүү хэрэгт орчихсон гэж цувуулж авсаар 300.000 төгрөг болсон, Цагаан сараар мөнгө хэрэгтэй болонгуут 2.000.000 төгрөг аваад 4 дүгээр сард мөнгийг буцааж өгөх гээд өөрт байгаагаа цувуулаад 200.000 төгрөг дутангуут Эрдэнэт үйлдвэрт ажилладаг эгчээс авахаар тохиролцож Төгөл дэлгүүрийн тэнд хүлээж байтал М тааралдаад би чамд өглөө хүнээс мөнгөө авангуутаа өгөөрэй гэсэн тэгээд авч өгчихөөд өглөө хот явна гэсэн болохоор хүнээс өдрийн мөнгө авахаар ярьсан байсан учир маргааш авч өгөөд хот явсан. Түүнээс хойш 2-3 сар юу ч яриагүй байж байгаад гэнэт 2.000.000 төгрөг яриад авах ёстой гэхээр нь би наймаа хийж байгаа юм чинь би чамд дахиад өгье өмнөх мөнгөнөөсөө хасаарай гээд данс руу нь шилжүүлсэн. Хавар 10 тонн төмсөө хүмүүст бөөндөж эхэлсэн чинь өрөндөө өгөөрэй гэж байгаад 1.000.000 төгрөгийн төмс бусад ногоонууд авсан. Тэгэхээр одоо надад бололцоо муу байна. Энэ хүнд би 1.410.000 төгрөг төлнө. Сар сар 50.000 төгрөгөөр цувуулж төлнө. 1.630.000 төгрөг зөвшөөрөхгүй байна гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан  байна.

Нэхэмжлэгч Д.М зээл 3.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч Х.Г зээлийг төлсөн тул ямар ч мөнгө төлөхгүй гэж маргажээ.

Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Х.Г-ээс 3.040.000 төгрөг гаргуулж, үлдэх 60.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасантай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талууд зээл 4.000.000 төгрөгний талаар маргаагүй ба хариуцагч Х.Г нь зээлийн төлбөрт тооцож нийт 960.000 төгрөг /400.0+500.0+40.0+20.0=960.000/ төлсөн болох нь тогтоогдсон байна.

Хариуцагч Х.Г зээлийн төлбөрт тооцож ногоо, бэлэн мөнгө өгсөн гэж тайлбарлаж байх боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй татгалзлал, түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, зээл төлбөр төлсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх нотлох чиг үүргийг хариуцагчид хүлээлгэж зээлийн үлдэгдэл 3040.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэнг буруу гэж үзэх боломжгүй юм.

Иймд хариуцагч Х.Гийн гаргасан “...зээлийн төлбөрт 1.410.000 төгрөгийг цувуулж өгнө ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/01248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Х.Гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.190 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

 

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ