Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2025/0093

 

Э.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Э.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Э.Б-д олгогдсон Г-2204****** тоот газрын улсын бүртгэл, Э.Б-д олгосон Ү-2201****** дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Э.Б-д олгосон Ү-22010***** дугаартай 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгож, Д.Х-д олгосон Г-2204****** тоот газрын улсын бүртгэл, Д.Х-д олгосон Ү-2201****** дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Д.Х-д олгосон Ү-22010***** дугаартай 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 873 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2022/0197/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Г-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Э.Б-д олгогдсон Г-2204****** тоот газрын улсын бүртгэл, Э.Б-д олгосон Ү-2201****** дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Э.Б-д олгосон Ү-22010***** дугаартай 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгож, Д.Х-д олгосон Г-2204****** тоот газрын улсын бүртгэл, Д.Х-д олгосон Ү-2201****** дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Д.Х-д олгосон Ү-22010***** дугаартай 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 873 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “... 3.1. н.Б гэгч этгээд миний бичиг баримтыг хулгайлж дээрэмдэж аваад, нотариат дээр очиж хууль бус аргаар өвлөх бичиг баримт хийлгээд Улсын бүртгэлд уг хууль бус бичиг баримтаар өмчлөгчөөр бүртгэл хийлгэсэн байдаг.

            Энэ үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх хэсэгт зааснаар хууль бус захиргааны актад тооцогдох ба улмаар хууль бус актын үндэслэл болгосон бусад акт бүгд хүчингүй болох хуультай.

            3.2. Маргаан бүхий объектыг Э.Г би барьсан ба өнөөдрийг хүртэл би тухайн объектыг ашиглаж, амьдарч хамгаалж байгаа ба хууль бусаар гэрчилгээ авсан этгээдүүдэд эзэмшүүлэлгүй хадгалан хамгаалж байгаа болно.

            3.3. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх заалтын ерөнхий зохицуулалт нь захиргааны байгууллагын акт гаргах үндэслэл болсон баримт нь хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийхээс Э.Г нь бусдад худалдах сонирхолтой байсан эсэх огт хамаагүй юм.

            3.4. Иргэдийн төлөөлөгч хууль зөрчсөн этгээдийн үйлдлийг хүчингүйд тооцох нь зөв гэж дүгнэсэн.

            Гэтэл шүүх бусдын бичиг баримтыг хууль бусаар авч нотариатаар хуурамч гэрчлэл хийлгэсэн нь шүүхээр тогтоогдсон боловч актыг хүчингүй болгож болохгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 873 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Э.Г-аас “Э.Б-д олгогдсон Г-2204****** тоот газрын улсын бүртгэл, Э.Б-д олгосон Ү-2201****** дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Э.Б-д олгосон Ү-22010***** дугаартай 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгож, Д.Х-д олгосон Г-2204****** тоот газрын улсын бүртгэл, Д.Х-д олгосон Ү-2201****** дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Д.Х-д олгосон Ү-22010***** дугаартай 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан байна.

2.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх маргаан бүхий ***** дүүрэг, * дүгээр хороо, *********, * дугаар гудамж, ** тоотод байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Г.Б, Э.Г нарын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Г-2201****** дугаарт бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000000*** дугаар бүхий гэрчилгээг олгосон байх бөгөөд иргэн Г.Б 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нас барснаар түүний хүү Э.Б-д 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дээрх газрын холбогдох хэсгийг Өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлжээ.

2.3. Нэхэмжлэгч Э.Г-аас 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээгээр дээрх газрыг Э.Б-д бэлэглэсэн байх бөгөөд гуравдагч этгээд Э.Б-ийн хувьд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр маргаан бүхий газрын өмлөгчөөр бүртгүүлж, эрхийн улсын бүртгэлийн 000****** дугаартай гэрчилгээг авсан байна. Улмаар гуравдагч этгээд Э.Б нь өөрийн өмчлөлийн газар болон 000***** дугаар эрхийн гэрчилгээтэй 70 м.кв гараж, 000******* дугаар эрхийн гэрчилгээтэй 116 м.кв хувийн сууцыг худалдахаар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гуравдагч этгээд Д.Х-тэй Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Д.Х-ийн өмчлөлд шилжүүлсэн байх ба Д.Х-ийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 000****** дугаартай гэрчилгээгээр гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчийн улсын бүртгэлийн Г-2201****** дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон үйл баримтууд тогтоогдож байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн “Э.Б-д олгогдсон Г-2204****** тоот газрын улсын бүртгэл, Э.Б-д олгосон Ү-2201****** дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Э.Б-д олгосон Ү-22010***** дугаартай 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг хүлээн авч, улмаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

2.4. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоохоор заасан. Гэтэл нэхэмжлэгчийн хууль бус байсан болохыг тогтоолгохоор шаардаж буй Г-2204******, Ү-2201******, Ү-22010***** дугаартай бүртгэлүүдийн хувьд гуравдагч этгээд Д.Х-ийн өмчлөлд бүртгэгдсэнээр хүчингүй болгосон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.Г-аас дээрх улсын бүртгэлүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргахаас өмнө хүчингүй болжээ. Иймд шүүхээс нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй болсон захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, хууль бус байсан болохыг тогтоох боломжгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул уг шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

2.5. Харин нэхэмжлэлийн үлдэх шаардлагын хувьд анхан шатны шүүх “... Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2021/02890 дугаар шийдвэрээр ... маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хариуцагч Д.Х-ээс буцаан шилжүүлж болохгүй, нэхэмжлэгч Э.Г бусдад худалдан борлуулах хүсэл зоригтой байсан, нэгэнт өөрөө тухайн хөрөнгийг худалдан борлуулах хүсэл зоригтой байх үед Д.Х нь Э.Б-тай гэрээ байгуулж худалдан авсан нь тогтоогдсон, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 99 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, бэлэглэлийн гэрээ, өвлөх эрхээс татгалзах хүсэлтийг хүчингүй болгосон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр цаг хугацааны хувьд хөрөнгийг хариуцагч Д.Х худалдан авснаас хойш гарсан гэж үзэж Э.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ... үл хөдлөх эд хөрөнгүүд болон тус хаягт байрлах 700 м.кв талбай бүхий газрын өмчлөлийн маргаануудыг иргэний хэргийн анхан шатны шүүхүүд эцэслэн шийдвэрлэсэн байх бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн хийсэн маргаан бүхий эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлүүд холбогдох хууль, тогтоомжуудыг зөрчөөгүй байна...” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

2.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд нэгэнт хавтаст хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2021/02890 дугаар шийдвэрээр гуравдагч этгээд Д.Х-ийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударга бусаар олж авсан гэж үзэх боломжгүй талаар нэгэнт дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа энэ тохиолдолд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг гуравдагч этгээд Д.Х-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 873 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Г-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Д.Х-д олгосон Г-2204****** тоот газрын улсын бүртгэл, Д.Х-д олгосон Ү-2201****** дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Д.Х-д олгосон Ү-22010***** дугаартай 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар Э.Г-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Э.Б-д олгогдсон Г-2204****** тоот газрын улсын бүртгэл, Э.Б-д олгосон Ү-2201****** дугаартай 116 м.кв хувийн сууцны бүртгэл, Э.Б-д олгосон Ү-22010***** дугаартай 70 м.кв гаражийн бүртгэлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалт нэмж, “2” дахь заалтын дугаарыг “3” болгон өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУМАА

 

 

                       ШҮҮГЧ                                                            З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН