Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 128/шш2021/0514

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ХХК

Хариуцагч: С Я

Хариуцагч: М ТӨҮГ

Гуравдагч этгээд: Х ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: С гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, М ТӨҮГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 148, 149 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, М ТӨҮГ, Х ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн МR-2021-03-22 дугаар бүхий Бараа, үйлчилгээ худалдан авах тухай гэрээ-г хүчингүй болгуулах, М ТӨҮГ-т дахин үнэлгээ хийхийг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, хариуцагч М ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Я.Д гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: МТӨУГ-аас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зарласан Илчит тэрэгний их засвар КР-2 МРЦМ/20******* дугаартай цахим тендерт манай компани оролцож, уг тендерт тавигдсан бүх шаардлагыг хуулийн хүрээнд хангасан материалыг зохих журмын дагуу хүргүүлсэн.

МТӨУГ-ын захирал Д.М2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 1/48 тоот албан бичгээр тус тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн Х ХХК-ийг шалгарсан талаар мэдэгдсэн. Манай компани дээрх хариуг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр цахимаар хүлээн аваад гомдол гаргах хуульд заасан хугацаандаа багтааж буюу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сангийн яаманд хандан гомдол гаргасан. Сангийн яам нь хуульд заасан хугацаанд гомдол гаргасан учраас гомдлыг хүлээн авсан боловч 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 6-1/274 дугаар Гомдол буцаах тухай албан бичгийг манайд ирүүлсэн. Уг албан бичигтээ ...танай ирүүлсэн гомдолд хавсаргасан банкны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 18******* дугаартай тендерийн баталгаа хүчингүй болсон байх тул гомдлыг буцааж байна гэж тайлбарласан байсан. Уг тендер нь цахим тендер байсан бөгөөд тухайн үед Сангийн яамнаас Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем руу нэвтэрч тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь сунгагдсан эсэхийг шалгах бүрэн боломжтой байсаар байхад үүнийг тодруулахгүйгээр хүчээр ийнхүү тайлбарлан гомдлыг буцаасан нь хуулиар хүлээсэн гомдол шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхээс зайлсхийсэн хууль бус үйлдэл болсон.

Тиймээс манай компани 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр энэ байдлыг учирлан тайлбарлаж, Голомт банкны 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл гаргасан тендерийн баталгааг дахин хавсаргаж Сангийн яаманд хүргүүлсэн. Харин Сангийн яам нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 6-1/428 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт тендерт оролцогч нь гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана гэж заасан байдаг. Танай байгууллагын ирүүлсэн гомдол дээрх хуулийн хугацаанд гаргаагүй тул гомдлыг тус яам хүлээн авах боломжгүй байна гэсэн үндэслэлгүй тайлбар хийж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхээс зориудаар зайлсхийсэн.

Сангийн яамны энэ тайлбар нь үндэслэлгүй. Учир нь манай компани өмнө тайлбарласан хариуцагч ТӨУГ-ын захирал Д.М*******аас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №1/48 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ирүүлсэн хариуг хүлээн аваад хуульд заасан хугацаанд багтааж гомдлоо гаргасан нь тодорхой байхад бидний энэ гомдол гаргасан хугацааг үндэслэлгүйгээр тайлбарлаж, ингэхдээ сүүлд буюу тендерийн баталгааны хугацаа сунгагдсан хүчинтэй байгааг тайлбарлан хүргүүлсэн хугацааг гомдол гаргасан хугацаа мэтээр мушгин тайлбарлаж, гомдлыг хүлээн авч, хуулийн дагуу хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхээс дахин зайлсхийсэн.

Манай компани нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Н*******ын удаа дараагийн дээрх хууль бус хариуны талаар дахин учирлан тайлбарлаж, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сангийн сайдад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг хүссэн ч өмнөх хариугаа дахин давтан манайд ирүүлсэн. Сангийн яам нь дээрх байдлаар үндэслэлгүйгээр манай гомдлыг хүлээн авч хянах чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаад үнэхээр гомдолтой байна. Тиймээс Сангийн яамны 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд ийнхүү шүүхэд хандаж байна.

Хоёр. Мөн захиалагчаас оролцогчдын тендерийг хянан үзэж, үнэлгээ хийсэн талаар дараах гомдлыг гаргаж байна.

М******* ТӨУГ нь тендерийг сонгон шалгаруулахдаа хуулийн дагуу сонгон шалгаруулах ажиллагааг явуулаагуу, тендерийн хянан үзэж, үнэлгээ хийхдээ Х ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэж, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан нь хууль зөрчсөн. Үүнд:

1. Х ХХК нь Тендерийн баримт бичгийн дөрөвдүгээр бүлгийн Тендер шалгаруулалтын маягт Монгол улсын гадна үйлдвэрлэгдсэн бөгөөд импортоор орж ирэх барааны үнийн хуваарь МАЯГТ №ТШБ-2Б хүснэгтийн Барааг эцсийн цэгт хүргэхэд шаардагдах дотоодын тээвэрлэлт болон бусад үйлчилгээний үнэ ТОӨЗ-ны 15.9(б).(3)-д, ТОӨЗ-ны 15.9(б).(2)-д зааснаар гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд төлөх НӨТ болон бусад татвар, хураамжийг тооцоогүй, тендерийн МАЯГТ №ТШБ-2Б-ын дагуу үнийн хуваарь ирүүлээгүй. ТОӨЗ-ны 13.2-т заасны дагуу тохирох маягтыг ашиглан, ТОӨЗ-ны 15.9-т заасны дагуу үнийн хуваарьт шаардсан мэдээллийг бүрэн тусгаж ирүүлээгүй байсан нь тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангаагүй.

2. Тендерийн баримт бичгийн Хоёрдугаар хэсэг, Тавдугаар булгийн 1. Ажлын жагсаалт ба нийлүүлэлтийн хуваарьт захиалагчийн илчит тэргийг Бор-Өндөрт хүлээн авч, хүлээн авсан өдрөөс хойш календарийн 180 хоногийн дотор засварын ажлыг хийж гүйцэтгэх хугацааг зааж өгсөн байхад Х ХХК нь тендерт ажил гүйцэтгэх хугацааг Астраханий зүтгүүр засварын үйлдвэр дээр хүлээн авсан өдрөөс хойш 90 хоног /илчит тэргийг ОХУ-руу бэлдэж явуулах Монгол Улс дахь засварын хугацаа ороогүй болно/ гэж ирүүлсэн бөгөөд тендерийн баримт бичигт заасан илчит тэргийг Бор-Өндрөөс Астраханий зүтгүүр засварын үйлдвэр хүртэлх хүргэх хугацааг заагаагүй, хэд хоног зарцуулах нь тодорхойгүй байгаа нь тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангаагүй.

З. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.15.11, Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 16 дугаар зүйлийн 16.7 дахь заалтын дагуу Төмөр замын зүтгүүр, түүний эд ангийг засварлах тусгай зөвшөөрлийг Зам тээврийн хөгжлийн яамнаас олгодог ба Х ХХК-нд энэхүү тусгай зөвшөөрөл байхгүй болно. Гэтэл Х ХХК нь Астраханский тепловозоремонтны завод-аас олгосон 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Итгэмжлэл болон Үзлэг, шалгалт гүйцэтгэж үнэлгээ өгөх гэрээ-г тендерт ирүүлсэн. Тендерийн баримт бичгийн Хоёрдугаар хэсэг, Тавдугаар бүлгийн 3. Техникийн тодорхойлолт: 3.6. Ажлын үр дүнг хүлээлцэх болон засварын дараах үйлчилгээ хэсэгт заасан хөдлөх бүрэлдэхүүнд хийх засвар буюу Улаанбаатар Төмөр замын даргын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А-124 дүгээр тушаалаар батлагдсан Зүтгүүрийн засварыг зохион байгуулах журам-д заасан зүтгүүрийн техникийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хангах зорилгоор хийгдэх засвар үйлчилгээнүүдийг ОХУ-ын Астраханский тепловозоремонтны завод-ын итгэмжлэлээр хийхгүй ба ажлыг тусгай зөвшөөрөлгүй компани гүйцэтгэх боломжгүй тул Х ХХК нь эрх бүхий бус бөгөөд техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй. Энэ нь Зам, тээврийн хөгжлийн яамны 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10/214 дүгээр албан бичгээр нотлогдоно.

Х ХХК-ийн тендерт тогтоогдсон дээрх зөрчлүүд нь хуульд заасан оролцогчийн эрх бүхий эсэх, гэрээ хэрэгжүүлэх чадварын шаардлагыг хангахгүй ба хянан үзэх шатанд тендерийг шаардлагад нийцэхгүй гэж үзэж, тендерээс нь татгалзах байсан. Гэтэл захиалагч Х ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэж, үнэлсэн нь хууль зөрчсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, Монгол Улсын Сангийн сайдын баталсан Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичгийн ТОӨЗ-ны 31.2, 31.3 дахь заалтын дагуу тендерийн баримт бичигт заасан бүх нөхцөл болзлыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ. Мөн ТОӨЗ-ны 31.3-ын в-д дээрх зөрчлүүдийг хүлээн зөвшөөрч засварлах буюу залруулах боломжгүй материаллаг зөрүү бөгөөд захиалагч шаардлагад үл нийцсэн тендерээс татгалзах ба засвар хийж шаардлагад нийцсэн болгож болохгүй. Энэ нь шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх зүйл юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зуйлд заасны дагуу шаардлагад нийцсэн гэж үзсэн тендерүүдэд үнэлгээ хийдэг. Захиалагч Х ХХК-ийн тендерийг тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангаагүй байхад шаардлагад нийцсэн тендер гэж үзэж, үнэлгээ хийж Хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж шалгаруулсан нь үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч М ТӨУГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/48 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Сангийн яамны гомдлыг хүлээн авахаас татгалзаж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хариуцагч М ТӨУГ-т дахин үнэлгээ хийхийг даалгаж тус тус шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....М ТӨҮГ-аас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Илчит тэрэгний их засвар КР-2 МРЦМ/20******* дугаартай цахим тендер зарласан. М ТӨҮГ нь тухайн тендерийг зарлахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зөрчиж, өөрөөр хэлбэл төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн засварлах тусгай зөвшөөрөлгүй Х ХХК-ийг тендерт шалгарсан мэтээр, Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт гаргаж байгааг нь хууль бус гэж үзэж байна. Яагаад гэвэл Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д суурь бүтэц ашиглах, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх болон суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, талаарх асуудлыг нарийвчлан зохицуулсан байдаг. Төмөр замын тээврийн үйл ажиллагаанд Төмөр замын тээврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т хөдлөх бүрэлдэхүүнийг угсрах, засварлах тусгай зөвшөөрөл олгох хууль зүйн үндэслэлийг заасан. Энэ шаардлагыг хангахгүй байгаа.

Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөлгүй этгээдэд Илчит тэрэгний их засвар КР-2 тендерийг Х ХХК-д олгож байгаа нь Төмөр замын тээврийн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудыг зөрчиж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж үзэхдээ, тухайн тендерт ирүүлсэн материалыг шаардлагад нийцсэн гэж үнэлээд, дараа нь үнэлгээ хийх ёстой. Гэтэл хуулийн дагуу тусгай зөвшөөрөл шаардагдах ажил үйлчилгээ байхад, тусгай зөвшөөрөлгүй этгээдийг тендерт оруулж, шаардлагад нийцсэн тендер гэж Үнэлгээний хороо үзсэн нь хууль зөрчсөн байна. Мөн Х ХХК-аас ирүүлсэн тендерийн материалд бараа ажил үйлчилгээний хуваарь буюу хаана, ямар засвар үйлчилгээ хийх, ямар зардал гарах талаар задаргаагүй, зөвхөн нэг багц үнийн дүн тавьсан байгааг бүхэлд нь хүлээн авч шийдвэр гаргасан Үнэлгээний хорооны шийдвэр буруу байна.

КР-2 буюу Капитальный ремонт гэдэг засварыг Оросын Холбооны Улсын илчит тэрэг үйлдвэрлэдэг газарт хийлгээд, тухайн тендерт шаардсаны дагуу Монгол Улсад Х ХХК нь 6 сарын хугацаанд засвар үйлчилгээг хийх ёстой. Илчит тэргэнд засвар үйлчилгээ хийх эрхгүй этгээдийг тухайн тендерт оролцуулж, шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн нь буруу байна. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр цахимаар хүлээн авсан шийдвэрт, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан боловч баталгааны хугацаа дууссан байна гэдэг үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариу ирүүлсэн.

Сангийн яам тухайн тендерийг шаардлага нийцсэн талаар бүхэлд нь хянах ёстой боловч гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн нь буруу байна. Иймд гомдлыг хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүйг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг дахин үнэлгээ хийхийг даалгаж, Үнэлгээний хорооны шийдвэрт үндэслэсэн М ТӨҮГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/48, 1/49 дугаартай шийдвэрүүдийг хүчингүй болгох 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Бараа, ажил үйлчилгээ, худалдах, худалдан авах гэрээ-г хүчингүй болгох, мөн хариуцагч М ТӨҮГ-ыг тендерийн үнэлгээ дахин хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сангийн яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйл, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын дагуу тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэдэг. Дээрх хууль, журмын зохицуулалт болон тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалтын дагуу Сангийн яам тендерт оролцогчийн ирүүлсэн гомдлыг хянан үзээд гомдлыг үндэслэлгүй гэж үзвэл холбогдох тендерийн баталгааны 20 сая төгрөг хүртэлх хэмжээг улсын орлого болгох зохицуулалттай.

Хуульд заасан дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэх хүрээнд Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 4.2-т Сангийн яаманд гаргах гомдлын бүрдүүлбэрийн шаардлагыг заасны дотор 4.2.4-т тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад оролцохдоо хүргүүлсэн тендерийн баталгааны хуулбар гэж тодорхой заасан, хүчингүй болсон тендерийн баталгаатайгаар гомдлыг хянан шийдвэрлэх нь гомдлыг үндэслэлгүй гэж үзэх тохиолдолд улсын орлого болгох боломжгүй нөхцөл байдлыг бий болгодог.

М ХХК нь М******* ТӨУГ-аас зарласан МРЦМ/20******* дугаартай Илчит тэрэгний их засвар КР-2 тендер шалгаруулалтын шийдвэртэй холбоотойгоор тус яаманд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/5 тоот албан бичгээр ирүүлсэн ба тус албан бичигт хавсаргасан Голомт банкны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 18******* дугаартай тендерийн баталгаа нь тус тендер шалгаруулалтыг анх 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зарлагдах үед гаргуулж байсан тендерийн баталгааны хуулбар ба 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон байсан тул Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 4.5-д заасны дагуу гомдлыг буцаасан болно. Түүний дараагаар тус компани 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6-1/274 тоот албан бичгээр гомдол ирүүлэхдээ шинэчилсэн тендерийн баталгааг хавсарган ирүүлсэн боловч Сангийн яам нь захиалагчийн шийдвэрээс хойш ажлын 5 хоногийн дотор л гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх эрхтэй тул гомдлыг хүлээн авах боломжгүй тухайгаа 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/428 тоот албан бичгээр мэдэгдэж буцаасан болно.

Ийнхүү гомдлыг буцаасан байхад тус компани дахин 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/40 тоот албан бичгээр гомдол ирүүлсэнд мөн адил гомдол буцаах тухай 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/712 тоот албан бичгээр хүргүүлсэн. Тендерт оролцогч компани нь хуульд зааснаар гомдол rapгax эрхээ хэрэгжүүлэхэд гомдолд тавигдах бүрдүүлбэрийн шаардлагыг цаг тухайд нь хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ хэрэгжүүлээгүй шалтгаанаар гомдлыг буцааж байгаа тухайгаа Сангийн яамнаас тухай бүр албан бичгээр мэдэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч нь Сангийн яамыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан гэсэн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэхэмжлэгчийн гомдлыг буцаасан анхны тохиолдол нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бөгөөд нэхэмжлэгч тус шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ 30 хоногийн дотор шүүхэд гаргах ёстой боловч 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд хандсан байна. Түүнчлэн нэхэмжлэгч Сангийн яам гомдлыг хүлээн авч шийдвэрлээгүй асуудлаар маргах бол тус яамны албан бичгээр хүргүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргах ёстой бөгөөд Сангийн яамыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4-т заасан нэг эс уйлдэхүй гаргасан гэж маргаж буй нь үндэслэлгүй бөгөөд ийм эс үйлдэхүй байхгүй.

Сангийн яам нэхэмжлэгчийн гомдол, албан бичигт хариу өгөөгүй тохиолдол байхгүй. Гаргасан гомдолд нь тухайн үндэслэлээр буцааж байгаа шийдвэр гаргасан. Хэрвээ тухайн шийдвэр нэхэмжлэгч талд тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэж байна гэж үзвэл захиргааны акт болно. Тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол тухайн шийдвэрийн үндэслэлтэй холбогдуулж маргах ёстой. Сангийн яам шийдвэр гаргасан байхад энэ бол эс үйлдэхүй юм гэж маргах боломжгүй юм.

Эхлээд Сангийн яамны татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох ёстой байхад, эс үйлдэхүй гэж тогтоолгох боломжгүй юм. Сангийн яам 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид албан бичиг хүргүүлж, нэхэмжлэгчийн гомдлыг буцаасан. Хэрвээ тухайн албан бичгийг хууль бус гэж үзсэн бол хуульд заасан 30 хоногийн дотор гомдол гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь удаа дараа Сангийн яамны бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар албан бичиг ирүүлсэн учир Сангийн яам тухайн гомдолд хариу өгснөөс хойш хоёр сар орчмын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сангийн яамны шийдвэртэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрснийг шүүх харгалзан үзэх хэрэгтэй. Бүх тендерт оролцогчид өөрийн цахим системд байгаа тендерийн баталгаагаа ирүүлдэг.

Хэдийгээр тендерийг цахимаар зохион байгуулж байгаа боловч Сангийн яам тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх хүртлээ тендер шалгаруулалтын материалд нэвтрэн орж, танилцах эрхгүй байдаг. Тийм учраас тендерийн баталгааны хуулбарыг тухайн гомдол гаргагчаас гаргуулан авдаг. Үүнээс бусад тохиолдолд, тендерийг албан ёсоор түдгэлзүүлсний дараа тендерт оролцогчдын материалыг системээс гарган авч танилцах боломжтой болдог. Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа эхлээгүй тохиолдолд, тендерийн материалуудтай танилцах боломжгүй учир хуулбарыг нь гаргуулж авдаг журамтай гэжээ.

МТӨҮГ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...М ТЭУГ-ын захирлын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/481 тоот тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу Үнэлгээний хороог нийт 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тус Үнэлгээний хороо чиг үүргийн дагуу техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу боловсруулан захиалагчаар батлуулж, тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлж, тендерийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 9 цаг 10 минутад нээхэд хоёр оролцогч санал ирүүлсэн.

Үнэлгээний хороо М ХХК, Х ХХК-ийн тендерийн баримт бичгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйл болон холбогдох заавар, журамд заасны дагуу хянан үзэж Шаардлагад нийцсэн эсэхийг магадлах ажлыг эхлүүлсэн. Үнэлгээний хороо 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр цахимаар хуралдаж, Тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн материал болон цахим системээр авсан лавлагаа материалыг хянан үзэхэд тус хоёр оролцогчид нь татварын өргүй, тендерийн баталгаа ирүүлсэн болон бусад холбогдох материалыг бүрэн ирүүлсэн гэж үзэн, тухайн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн дагуу үнэлж, холбогдох санал дүгнэлтээ гарган, захиалагчид хүргүүлсэн. Улмаар захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2. дахь заалтын дагуу төрийн байгууллагын бүтцийн нэгж болох Дотоод хяналт, мониторингийн хэлтсээр хянуулж, хуулийн 46.1.3 дахь заалтын дагуу гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргасан болно. Мөн хариуцагч М ТӨҮГ нь нэхэмжлэгчийн зүгээс захиалагчийн тендерийг хянан үзэж, үнэлгээ хийсэн талаарх гомдол тус бүрт дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Тендерийн баримт бичгийн Хоёрдугаар бүлэг буюу тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 15.9 /б/ /1/ ТШӨХ-д захиалагчийн нэрлэсэн хилийн боомт хүртэлх СИФ /CIF/ үнэ, эсхүл захиалагчийн нутаг дэвсгэр дэх нэрлэсэн байрлал хүртэлх СИП /СIР/ үнэ, /в/ /3/ тухайн барааг олж авахад зарцуулсан өртөг буюу энэ заалтын 1 болон 2-ын ялгавар, ТОӨЗ 15.9 /a/, /3/ барааг ТШӨХ-д заасан эцсийн цэгт хүргэхэд шаардлагатай хуурай газрын тээвэр, даатгал болон дотоодод гарах бусад зардал, /в/ /5/, барааг орох боомтоос буюу нэрлэсэн байрлалаас ТШӨХ-д заасан эцсийн цэгт хүргэхэд шаардагдах хуурай газрын тээвэр, даатгал болон дотоодод гарах бусад зардал., /в/ /5/, барааг ТШӨХ-д заасан эцсийн цэгт хүргэхэд шаардлагатай хуурай газрын тээвэр, даатгал болон дотоодод гарах бусад зардал. ТОӨЗ 15.9 /б/ /1/, ТШӨХ-д захиалагчийн нэрлэсэн хилийн боомт хүртэлх СИФ/СIF/ үнэ, эсхүл захиалагчийн нутаг дэвсгэр дэх нэрлэсэн байрлал хүртэлх СИП /ClP/ үнэ гэж заасан байх бөгөөд Х ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт маягт №ТШМ-2Б, Монгол Улсын гадна үйлдвэрлэгдсэн бөгөөд импортоор орж ирэх барааны үнийн хуваарь хүснэгтэд бүгд үнэ гэх буюу /DDD/ болон Бор-Өндөр НӨАТ гэх бүгд үнийн санал ирүүлсэн нь

нэхэмжлэгчийн НӨАТ болон бусад татвар хураамжийг тооцоогүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд тендерийн баримт бичгийн дагуу ирүүлсэн гэж үзэж байна.

2. Тендерийн баримт бичгийн ажлын жагсаалт ба нийлүүлэлтийн хуваарьт захиалагчийн Илчит тэрэгний их засвар КР-2 илчит тэргийг Бор-Өндөрт хүлээн авч, хүлээн авсан өдрөөс хойш календарийн 180 хоногийн дотор засварын ажлыг хийж гүйцэтгэх хугацааг заасан бөгөөд тендерт оролцогч Х ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн Тендерийн маягт буюу маягт ТШМ-1 загварын дагуу ирүүлсэн баримтын хоёр дэх хэсэгт ТЭМ2-1272 илчит тэрэгний КР-2 засварын ажлыг Астраханийн зүтгүүрт засварын үйлдвэр дээр хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногт /илчит тэргийг ОХУ-руу бэлдэж явуулах Монгол дахь засварын хугацаа ороогүй болно/ гүйцэтгэнэ гэж ирүүлсэн нь Тендерийн баримт бичигт заасан нийлүүлэлтийн хуваарьт нийцсэн гэж үзэн маягт №6-ын дэлгэрэнгүй тайлбарын шалгуур үзүүлэлт болох жагсаалтын 7 дахь хэсэгт заасны дагуу Үнэлгээний хорооны гишүүд нийцсэн гэж үзсэн байна. Иймд нэхэмжлэгчийн үзэж буй тендерийн баримт бичгийн үндсэн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

3. ТОӨЗ-ийн 22.4 заасан дөрөвдүгээр бүлгийн маягтуудаас гадна эрх бүхий тендерт оролцогч болохыг нотлох баримт бичиг ирүүлэхээр заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн үзэж буй Зам, тээврийн хөгжлийн яамнаас олгодог тусгай зөвшөөрлийг шаардаагүй болно. Мөн техникийн тодорхойлолтын 3.4-т хийх ажлын агуулга, цар хэмжээ гэсэн хэсэгт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын тушаал, 2018 оны 3 дугаар сарын 23-ны 1 № А-124 илчит тэрэгний засварын журмын 2.1.8-ын КР-2 урсгал засварын тухай заалтуудад заасан агуулга, шаардлага, тоо хэмжээнд засварын ажлыг хийж гүйцэтгэнэ гэж заасан нь нэхэмжлэгчийн үзэж буй тусгай зөвшөөрөлтэй байна гэсэн ойлголт биш бөгөөд харин хийгдэх ажлын цар хүрээг тодорхой заасан эрх зүйн баримт гэж үзэж байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн ямар зүйл заалтаар М ТӨУГ-ыг буруутгаж байгаа талаар тодорхой заагаагүй, хариуцагч М ТӨҮГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/48 дугаар шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3. дахь заалтын дагуу Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг мэдэгдсэн байх бөгөөд захиалагч М ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3 дахь заалт бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно 28.7.4 дэх заалт хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасны дагуу Х ХХК-ийн ирүүлсэн тендерийг сонгож, М ХХК-ийн ирүүлсэн тендерээс уг хуулийн 27.4 дэх заалтын дагуу татгалзсан нь холбогдох хуулийн дагуу, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Нэхэмжлэгч тал М ТӨҮГ-аас гаргасан хоёр шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр эргэлзээтэй, эсвэл хууль зөрчсөн гэж үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар Сангийн яаманд гомдол гаргадаг. Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн талаар тендерийн баримт бичигтэй холбогдуулан гомдол гаргаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд тухайн асуудлаар зохицуулалт байдаг.

Нэхэмжлэлийн үндэслэл нь хуульд нийцээгүй байна. Тендерийн баримт бичгийн тусгай зөвшөөрөлтэй байх ёстой гэсэн заалтын дагуу маргаж байгаа бол тендерийн баримт бичгийг нээхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах ёстой. Нэхэмжлэгч тал өөрийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд тус хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. Нэхэмжлэгч талын М ТӨҮГ-ын Тендерийн үнэлгээний хороог гол буруутгаж байгаа үндэслэл нь тусгай зөвшөөрөл гэсэн асуудал яригдаж байна. Тухайн тендер 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр эхний удаа нээгдэхэд тухайн хоёр оролцогч орсон. Дараа нь хүчингүй болсон. 2020 оны 12 дугаарын сарын 09-ний өдөр тухайн тендерийг дахин зарласан. Хариуцагч М ТӨҮГ-аас зарласан хоёр тендерт тусгай зөвшөөрөлтэй байна гэсэн нөхцөл байхгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нотлох баримт бол хуурамч эсвэл шүүхийг төөрөгдүүлэх зорилготой, эргэлзээтэй нотлох баримт. М ТӨҮГ тендер зарласан, тендерийн баримт бичигтэй холбоотой гомдол гаргаагүй учраас тендерийг нээсэн, тухайн Үнэлгээний хороо ажлаа хуулийн дагуу хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс бараа нийлүүлэлтийн хуваарь гэсэн асуудал ярьж байна.

Энэ бол ажлын тендер болохоос биш бараа худалдан авах гэж байгаа асуудал биш. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хянан үзэж, тендерт оролцогч хоёр компанийн баримт бичиг бүрэн ирсэн байна гэж үзээд тус хуулийн 28 дугаар зүйлийн дагуу тендерийг үнэлэх ажиллагаа хийгдсэн. Тендерийн тухай хуульд хамгийн сайн тендер гэж ямар тендер байдаг вэ гэдэг асуудлыг зохицуулсан байдаг. Үүний дагуу Тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагаа хуульд нийцсэн. Тухайн тендер бол 2020 онд зарлагдсан боловч одоо 2021 он гарчихсан байна. Гуравдагч этгээд Х ХХК-тай хийсэн гэрээ зогссон учир М ТӨҮГ хохирч байна. М ТӨҮГ бол улсын төсөвт мөнгөн хөрөнгө хуримтлуулдаг зуун хувь төрийн өмчит үйлдвэрийн газар. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэжээ.

Гуравдагч этгээд Х ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Уг хавтаст хэрэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Илчит тэрэгний их засвар КР-2 гүйцэтгэх сонгон шалгаруулалтыг хууль бус болсон гэх маргаанд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай эрх зүйн акт, баримт бичиг, мэдээлэл, шинжээчийн дүгнэлт шаардлагатай байна гэж үзээд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэсний дагуу эдгээр баримт бичиг, мэдээллийг холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагаас гаргуулан авах талаар хүсэлт гаргасан байсныг дурдах нь зүйтэй болов уу.

Сангийн яамнаас тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай гуравдагч этгээдийн хувьд санал нэг байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйл, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 4.2, 4.5 дахь зүйлүүдэд Сангийн яаманд гаргах гомдлын бүрдүүлбэрт хүргүүлсэн тендерийн баталгааны хуулбар орно, 5 хоногийн дотор амаар болон бичгээр мэдэгдэнэ гэж тус тус заасны дагуу урьд нь зарлагдаж, хугацаа дуусан хүчингүй болсон тендерийн баталгааны хуулбартай гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариуг журамд заасан 5 хоногийн дотор бичгээр нь өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд авахаас татгалзана гэсний дагуу Сангийн яам хоёр болон гурав дахь удаагаа гаргасан М ХХК-ийн гомдлыг хүлээн авахаас татгалзсан нь хууль ёсны байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно хэмээн хууль тогтоогч тодорхой заасан байх тул Сангийн яам дээр дурдсан хууль, журамд заасан хүчингүй болсон банкны баталгааг хавсаргасан 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсаныг эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй байна.

М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.11, Төмөр замын тээврийн тухай хуулийн 10.15, 16.7 заалтын дагуу Төмөр замын зүтгүүр, эд ангийг засварлах тусгай зөвшөөрлийг Зам тээвэр, хөгжлийн яамнаас олгодог ба Х ХХК-д энэхүү тусгай зөвшөөрөл байхгүй болно. Энэхүү ажлыг тусгай зөвшөөрөлгүй компани гүйцэтгэх боломжгүй тул Х ХХК нь эрх бүхий бус техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй нь Зам тээврийн хөгжлийн яамны 2021 оны 01 дүгээр сарын 19-ний 10/214 дугаар албан бичгээр нотлогдоно гэснийг бид үгүйсгэж байна. ЛТПС-Астрахань ТРЗ /2020,05,20-ны №105/2021/-ээс албан бичгээр хариу тайлбар гаргаж байна. Учир нь ОХУ-ын Наран экспорт ООО-г үүсгэн байгуулагч Г.Одмаа миний бие нь 2008 оноос хувийн хэвшлийнхнээс анх удаа УБТЗ-с бусад аж ахуйн нэгжүүдэд байгаа ТЭМ1, ТЭМ2-ын серийн илчит тэрэгний их засвар КР-2-ыг ОХУ-ын Астрахань хотын илчит тэрэгний засварын үйлдвэрт /Астраханьский тепловозоремонтный завод РФ/ хийлгэсэн.

М ТӨҮГ-аас зарласан тендерийн тодорхойлолтын 1.2-ын техникийн тухай мэдээлэл гэсэн хэсэгт 2012 онд ОХУ-ын Астраханьский тепловозоремонтньт заводод КР-2 засвар хийгдсэн гэжээ. Тухайн үед энэ КР-2 засварын ажлыг М ТӨУГ-д хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш 10 жилийн турш М ТӨУГ-ийн уг ТЭМ2 илчит тэрэг хариуцсан салбарын ерөнхий механик машинистуудаас их засварын ажлыг тодорхойлуулахаар тухайн шүүх хуралдаанд гэрчээр дуудан оролцуулах шаардлагатай байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасныг үндэслэн Зам тээврийн хөгжлийн яамнаас М ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл М ТӨҮГ-ын зарласан тендерийн техникийн тодорхойлолтод заасан Илчит тэрэгний их засвар КР-2-ыг хийх чадвартай болохыг тодорхойлох нотлох баримт гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Терийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу Төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага /Сангийн яам/ М ТӨҮГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/48 шийдвэрийн талаар тендерт оролцогчийн гомдлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргаагүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзалгүй гомдлын шаардлагыг шүүх хурлаар хэлэлцэх гэж байгаа нь хууль бус байна.

Шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас гуравдагч этгээд болох тендерт шударгаар оролцсон манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой хөндөгдөн цаг хугацаа алдаж, эдийн засгийн алдагдал хүлээхээр болж байна. Мөн хариуцагч болох Сангийн яамны төсвийн төлөвлөгөө болон татварын орлого тасалдахаас гадна захиалагчид ч мөн их хэмжээний алдагдал хүлээх зэрэг эрсдэлтэй байна. Учир нь Бор-Өндөр ХК нь технологийн зориулалттай 2 Илчит тэрэгний зүтгүүртэй бөгөөд Их засвар КР-2 хийх хугацаа болсон тул олборлосон ашигт малтмалын түүхий эдээ зөөх илчит тэрэгний зүтгүүр хүрэлцэхгүй болно.

Иймд илчит тэрэг түрээслэхэд гарах шууд зардлаас гадна түүхий эд борлуулалтаас орох орлого тасалдах юм. Том утгаараа улс олон тэрбум төгрөгийн алдагдалд орох аюултай байгааг тунгаан болгооно уу гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан болон шүүхэд ирүүлсэн тайлбарыг дэмжин оролцож байна. М ХХК-ийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага буюу Сангийн яамны гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус тогтоолгох гэжээ. Энэхүү шаардлагыг хянагдсаны дараа М******* ХХК тухайн тендерийг хууль ёсны дагуу явагдсан эсэхийг шүүхэд хянуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой.

Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тухайн тендертэй холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргасан, Сангийн яам хууль журмын дагуу тухайн гомдлыг шийдвэрлэхээс татгалзаж, буцаасан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч тухайн Сангийн яамны шийдвэртэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тусгайлан заасан байдаг. Сангийн яамны шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч тал дахин Сангийн яаманд хандсан нь тухайн шийдвэрийг эс зөвшөөрсөн үйлдэл болохоос биш, эс үйлдэхүйг тогтоолгох гэж шүүхэд хандсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч тал тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийг шалгаруулах тухай тендерийн материалд тусгах ёстой байсан гэж маргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан гомдол гаргахдаа тендерийн материал нээхээс өмнө гаргах ёстой. Энэ хуулийн зохицуулалтыг нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй учир тендерийн баримт бичигтэй холбоотой гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. М ТӨҮГ-ын 1/48, 1/49 дугаартай хоёр шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал эхлээд Сангийн яамны гаргасан шийдвэрт гомдол гаргаж шийдвэрлүүлсний дараа тухайн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэртэй маргах боломжтой. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулахдаа гурван зүйлийг тодруулсан.

Нэгдүгээрт; тендерийн баримт бичигт хуваарьт шаардсан мэдээллийг бүрэн тусгаагүй, хоёрдугаарт; нийт 180 хоногийг 90 хоног гэж тусгасан буюу үлдсэн 90 хоногийг тодорхой тусгаагүй, гуравдугаарт; Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасан тусгай зөвшөөрөл эзэмших эрхгүй этгээдийг сонгон шалгаруулалтад шалгаруулсан гэж маргадаг. Олон улсын худалдааны танхимаас баталдаг Инкотермс буюу Олон улсын худалдааны дүрэмд ДДП нөхцөл нь Худалдагч тал бараа бүтээгдэхүүнийг захиалагчийн нэрлэсэн газар хүргэхэд, бүх зардлыг оруулж, эрсдэл хариуцлагыг үүрэхийг заасан. Мөн Х ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн М ТӨҮГ-т газарт хүргүүлсэн 20/775 тоот албан бичигтээ тендерийн баримт бичгийн 6,7,8 дугаар бүлэгт заасан гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлүүдийг, техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлт, тавигдах шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн талаар мэдэгдсэн.

Х ХХК нь 90 хоног гэдгийг яагаад зааж өгсөн учир нь Астрахань-ийн зүтгүүрийн үйлдвэр нь тухайн засварыг хийхдээ үйлдвэрт хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор бүрэн дуусгах ёстой, үүнээс цааш тухайн засварын ажлын

хоног хэтрэх ёсгүй гэдгийг тодруулж өгсөн. Зам, тээврийн хөгжлийн яамны улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 38/011 дүгнэлтэд тухайн засварын ажил 90 хоногоос дээш хугацаанд хэтэрч болохгүй гэдгийг тусгасан. Үлдсэн 90 хоногт нь ирж, очих хугацаа болон бичиг баримтын бүрдлийг хангахад хангалттай хугацаа үлдэж байна. Захиалагч тендер шалгаруулалт зарлахдаа Зам, тээврийн хөгжлийн яамнаас олгодог тусгай зөвшөөрлийг шаардаагүй.

Мөн нэхэмжлэгч тал Сангийн яамны шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн аваад, 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан боловч 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрдсэн байна. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М ХХК нь анх Сангийн яам, М ТӨҮГ-т холбогдуулан Сангийн яамны гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, М ТӨҮГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 148, 149 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, М ТӨҮГ, Х ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн МR-2021-03-22 дугаар бүхий Бараа, үйлчилгээ худалдан авах тухай гэрээ-г хүчингүй болгуулах, М ТӨҮГ-т дахин үнэлгээ хийхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Уг тендер нь цахим тендер байсан бөгөөд тухайн үед Сангийн яамнаас Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем рүү нэвтэрч тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь сунгагдсан эсэхийг шалгах боломжтой байхад ...гомдлыг буцаасан нь хуулиар хүлээсэн гомдол шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхээс зориуд зайлсхийсэн. ...Сангийн яам тухайн тендерийг шаардлагад нийцсэн талаар бүхэлд нь хянах ёстой байтал ...үндэслэлгүйгээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариу өгч байгаа нь хууль бус. ...Захиалагч М ТӨҮГ нь тендерийг сонгон шалгаруулахдаа хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг явуулаагүй, ...Х ХХК нь ...төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн засварлах тусгай зөвшөөрөлгүй байхад Х ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэн, үнэлгээ хийж , хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж шалгаруулсан нь хууль зөрчсөн... гэж, хариуцагч нар нь ...Сангийн яамнаас гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шийдвэр нь эс үйлдэхүй биш бөгөөд татгалзсан хариуг албан бичгээр өгсөн нь хууль, журамд нийцсэн. ...нэхэмжлэгч нь тендерийн баримт бичигтэй холбогдуулан гомдол гаргаагүй, Тендерийн баримт бичигт Зам тээврийн хөгжлийн яамнаас олгодог тусгай зөвшөөрөлтэй байх нөхцөл заагаагүй. ...Тендерийн хорооны шийдвэр хуулийн дагуу гарсан, ... хууль зүйн үндэслэлтэй ... гэж тодорхойлон маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг: Нэхэмжлэгчийн Хариуцагч Сангийн яамны гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Тендерт оролцогч нь ... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн ... эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ...ажлын 5 өдрийн дотор гаргана, 55.2-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь М ТӨҮГ-ын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зарласан Илчит тэрэгний их засвар КР-2 МРЦМ/20******* дугаартай цахим тендерт хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр Х ХХК-ийг шалгаруулж, тус компанитай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч, Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд тус яамнаас гомдлыг хянаад 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 6-1/274 дүгээр албан бичгээр Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 4.2-т заасан гомдолд хавсарган ирүүлэх бүрдүүлбэрийг хангаагүй, 4.2.4-д тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад оролцохдоо хүргүүлсэн тендерийн баталгааны хуулбар-ыг ирүүлэхээр заасан бөгөөд танай ирүүлсэн ...Голомт банкны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 18******* дугаартай тендерийн баталгаа хүчингүй болсон байх тул дээрх журмын 4.5-д заасны дагуу гомдлыг буцаах-аар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 1/10, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/40 дугаар албан бичгүүдээр Тендер шалгаруулалтыг дахин үнэлж, хянуулах-аар дахин гомдол гаргасан, Сангийн яам гомдлыг хянаад 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/429, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/712 дугаар албан бичгүүдээр ... гомдлоо хуулийн хугацаанд гаргаагүй тул гомдлыг хүлээн авах боломжгүй... гэсэн хариуг тус тус хүргүүлж байсан үйл баримт тогтоогдож байх ба хэргийн оролцогч нар дээрх үйл баримттай /Сангийн яамны албан бичгүүдтэй/ маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь ...Сангийн яамнаас Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем рүү нэвтэрч тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь сунгагдсан эсэхийг шалгах боломжтой, ...үндэслэлгүйгээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус... гэж тайлбарлан маргаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Захиалагч энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш өртөгтэй бараа, ажил, ... үйлчилгээ ... худалдан авах тендерт оролцогчоос тендерийн баталгаа ирүүлэхийг шаардана, 20.7-д Дараахь тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгоно, 20.7.3-д тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн гэж, 55 дугаар зүйлийн 55.9-д Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно гэж, мөн Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалаар баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 4.1-д Тендерт оролцогч нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан асуудлаар үндэслэл бүхий гомдлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана, 4.2-д Энэ журмын 4.1-д заасан гомдол гаргагчийн эрх бүхий этгээд ... гомдолд гарын үсэг зурж,хуулийн этгээдийн хувьд тамга, тэмдгээр баталгаажуулан Сангийн яаманд хүргүүлэх ба гомдолд дараах баримт бичгийг хавсаргана, 4.2.4-д ...тендер шалгаруулалтад оролцохдоо хүргүүлсэн тендерийн баталгааны хуулбар гэж, 4.5-д Сангийн яам энэ журмын 4.2-т заасан бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй ... гомдлыг буцаах ба энэ тухай гомдол гаргагчид утсаар болон албан бичгээр мэдэгдэнэ , 4.5.1-д тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалттай холбоотой гомдол гаргасан этгээдийн тендерийн баталгаа хүчингүй болсон, 4.5.3-д гомдол гаргасан асуудлаар өмнө нь Сангийн яам шийдвэрлэж, хариу өгч байсан гэж тус тус заажээ.

Дээрх хууль, тогтоомжийн заалтын агуулгаас үзэхэд босго үнээс дээш өртөгтэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендерт оролцогч нар тендерийн баталгаа ирүүлэх бөгөөд тендерт оролцогчид Сангийн яаманд гомдол гаргахдаа тухайн тендерийн баталгааны хуулбарыг заавал хавсаргаж ирүүлэхээр, тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерийн баталгааг / 20 сая төгрөгөөс хэтрэхгүй / улсын орлого болгох-оор журамлан заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд тендерт оролцогч М ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргахдаа Голомт банкны 2020 оны 09 дүгээр сарын 10-ны 18******* дугаартай тендерийн баталгааг хавсаргаж ирүүлсэн, энэхүү банкны баталгааны хугацаа нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр дууссан болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь энэхүү үйл баримтыг үгүйсгэхгүй байна. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан асуудлаар гомдол гаргасан тохиолдолд гомдлын бүрдүүлбэрийг хангаж ирүүлэх үүрэгтэй байх ба гомдлын бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн тохиолдолд Сангийн яам нь тендер шалгаруулалттай холбоотой баримт бичгийг хүлээн авч, улмаар хянан үзэж, шийдвэр гаргахаар холбогдох хууль, тогтоомжоор зохицуулжээ.

Иймд хариуцагч Сангийн яам нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн гомдлыг гомдлын бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй гэж үзэж, гомдлыг буцаасан нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.

Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалаар баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 4.1,4.2-д зааснаар тендерт оролцогч нь Сангийн яаманд гомдол гаргахдаа хавсаргавал зохих баримт бичгийг бичгээр гаргахаар заасан, түүнчлэн холбогдох хууль тогтоомжоор Сангийн яаманд цахим систем рүү нэвтэрч, тендерийн хүчинтэй хугацааг шалгах эрх олгогдоогүй байх тул нэхэмжлэгчийн ... Сангийн яамнаас Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем рүү нэвтэрч тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь сунгагдсан эсэхийг шалгах боломжтой гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох бөгөөд энэхүү маргааны тохиолдолд хариуцагч Сангийн яам нь эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал хариуцагч Сангийн яам нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаргасан гомдлуудыг хянаад 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 6-1/274, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/428, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/712 дугаар албан бичгээр тус тус хариуг хүргүүлсэн байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Тендерт оролцогч нь ... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн ...эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана, 55.2-т ...Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана гэж тус тус заасан тул хариуцагч Сангийн яамыг нэхэмжлэгч хуулийн этгээдийн гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хоёр: М ТӨҮГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 148,149 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий М ТӨҮГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 1/48 дугаар албан бичгээр ...Танай тендерийг шаардлагад нийсэн эсэх-ийг магадлахад тендерийн ерөнхий шаардлагыг хангасан боловч Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасны дагуу хамгийн бага харьцуулсан үнэтэй тендерийн шаардлага хангаагүй гэж үзэж, , уг хуулийн дагуу 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу танай тендерээс татгалзсан болохыг М ХХК-д мэдэгдсэн, мөн М  ТӨҮГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 1/49 дүгээр албан бичгээр ...танай тендерийг шардлагад нийцсэн эсэхийг магадлахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу тендерийн шаардлагад нийцэж байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгож байгааг болон гэрээний маягтыг баталгаажуулж, гүйцэтгэлийн баталгаа гарган ирүүлж, гэрээ байгуулахыг Х ХХК-д тус тус мэдэгджээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх албан бичгүүдийг хүчингүй болгуулах үндэслэлээ ...тендер шалгаруулалтыг хуулийн дагуу явуулаагүй, захиалагч нь Х ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангаагүй байхад шаардлагад нийцсэн тендер гэж үзэж, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан нь хууль зөрчсөн ...Дээрх албан бичиг нь Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр... гэж маргажээ.

М ТӨҮГ-аас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зарласан Илчит тэрэгний их засвар КР-2 МРЦМ/20******* дугаар цахим тендерт Х ХХК, М ХХК-иуд материалаа ирүүлсэн байх бөгөөд Үнэлгээний хороо дээрх 2 компаний ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үнэлж,[1] Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7, 28.7.4-д заасан үндэслэлээр буюу хамгийн бага харьцуулах үнийн санал ирүүлсэн Х ХХК-ийн /Х ХХК нь 848,000,000 төгрөгийн, М ХХК нь 989,000,000 төгрөгийн санал ирүүлсэн/ тендерийг Үнэлгээний хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн хурлын шийдвэрээр[2] шалгаруулсан, нэхэмжлэгчид үнийн саналаар шалгараагүй тул тендерээс татгалзсаныг, мөн Х ХХК-д үнийн саналаар шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгосныг хариуцагч М ТӨҮГ-аас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 148, 149 дүгээр албан бичгээр тус тус мэдэгдсэн үйл баримт тогтоогджээ.

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж заасан нь шалгарсан оролцогчид гэрээ байгуулах эрх олгосныг болон шалгараагүй оролцогчид шалгараагүй үндэслэлийн талаар тендерт оролцогчдод нэгэн зэрэг мэдэгдэхийг захиалагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг байх тул ийнхүү мэдэгдсэнийг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Гурав: М ТӨҮГ, Х ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн МR-2021-03-22 дугаар бүхий Бараа, үйлчилгээ худалдан авах тухай гэрээ-г хүчингүй болгуулах, М ТӨҮГ-т дахин үнэлгээ хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг ойлгоно гэж, 5.1.2-т тендер шалгаруулалт гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно гэж, 5.1.5-д тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ гэж тус тус заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд М ТӨҮГ-аас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зарласан Илчит тэрэгний их засвар КР-2 МРЦМ/20******* дугаар цахим тендерт Х ХХК, М ХХК-иуд материалаа ирүүлж оролцсон, Үнэлгээний хороо дээрх 2 компаний ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үнэлж,[3] Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7, 28.7.4-д заасан үндэслэлээр буюу хамгийн бага харьцуулах үнийн санал ирүүлсэн Х ХХК-ийн / Х ХХК нь 848,000,000 төгрөгийн, М ХХК нь 989,000,000 төгрөгийн санал ирүүлсэн/ тендерийг Үнэлгээний хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын шийдвэрээр[4] шалгаруулж, тус компаниудтай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэжээ.

Улмаар захиалагч нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Х ХХК-тай Бараа, үйлчилгээ худалдан авах тухай МРЦМ/20******* / MR-2021-03-22 дугаартай гэрээг байгуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ гэрээг хүчингүй болгох үндэслэлээ ... тендер шалгаруулалтыг хуулийн дагуу явуулаагүй, захиалагч нь Х ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангаагүй байхад шаардлагад нийцсэн тендер гэж үзэж, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан нь хууль зөрчсөн ... гэж маргажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг ойлгоно, 19 дүгээр зүйлийн 19.2-т Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд ...-ыг тусгана гэж зааснаас үзвэл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах гэж буй захиалагч нөхцөл, шаардлагаа тогтоох эрхтэй, ажил, үйлчилгээ бэлтгэн нийлүүлэхийг сонирхогч компаниуд нь захиалагчийн тавьсан нөхцөл, шаардлагын хүрээнд, уг нөхцөл, шаардлагад нийцүүлэн саналаа бэлтгэн ирүүлэх үүрэгтэй байна.

Захиалагч М ХХК нь Илчит тэрэгний их засвар КР-2 гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа уг ажлыг гүйцэтгэх буюу бэлтгэн нийлүүлэх этгээд нь Төмөр замын зүтгүүр, түүний эд ангийг засварлах тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардаагүй, уг нөхцөлөө тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт болон тендерийн урилгад заагаагүй байх тул нэхэмжлэгчийн ... тусгай зөвшөөрөлгүй этгээдийг тендерт оролцуулж, ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн нь ... хууль зөрчсөн гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Тендерт оролцогч нар нь ... тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэг зөрчил гаргасан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах эрхтэй байх ба нэхэмжлэгч хуулийн этгээд нь тендерийн баримт бичигтэй холбогдуулан тендерийн нээлт хийхээс өмнө гомдол гаргаагүй түүнчлэн тендерт оролцогч Х ХХК-ийн тендерийн баримт бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3-т заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй гэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн ...гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд төлөх НӨАТ болон

бусад татвар хураамжийг тооцоогүй, ... үнийн хуваарь ирүүлээгүй, ... илчит тэргийг Бор-Өндрөөс ОХУ-ын Астрахань хотын зүтгүүр засварын үйлдвэр хүртэлх хугацааг заагаагүй... гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Х ХХК нь 848,000,000 төгрөгийн үнийн санал, М ХХК нь 989,000,000 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нар энэ талаар маргахгүй байна..

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна, 28 дугаар зүйлийн 28.7.4-т хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасны дагуу Тендерийн үнэлгээний хороо Илчит тэрэгний их засвар КР-2 МРЦМ/20******* дугаар цахим тендерт Х ХХК-ын тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, тус компанитай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т тендер шалгаруулалт гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно, 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохооор шийдвэрлэх ... гэж заасантай нийцжээ.

Түүнчлэн Тендерийн үнэлгээний хороо нь Х ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэж, тендерийг үнэлсэн нь холбогдох хуулийг зөрчөөгүйн зэрэгцээ нэхэмжлэгч хуулийн этгээд нь Тендерийн үнэлгээний хорооны шийдвэртэй маргаагүй байх тул захиалагчид дахин үнэлгээ хийлгэхийг даалгах хууль зүйн боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр нь М ХХК-ийг зарласан Илчит тэрэгний их засвар КР-2 МРЦМ/20******* дугаар цахим тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, дээрх маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Сангийн яаманд урьдчилсан шийдвэрлүүлэх журмаар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гомдол гаргасан, Сангийн яам гомдлыг хянаад хариу хүргүүлсэн, нэхэмжлэгч нь Сангийн яамны 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/712 дугаар албан бичгийг хүлээн аваад, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагч болон гуравдагч этгээдийн ... нэхэмжлэгч нь урьдчилсан шийвэрлэх ажиллагааны журмаар хандаагүй, ... хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 10.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн Сангийн яам, М ТӨҮГ-т холбогдуулан гаргасан Сангийн яамны гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, М ТӨҮГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 148, 149 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, МТӨҮГ, Х ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн МR-2021-03-22 дугаар бүхий Бараа, үйлчилгээ худалдан авах тухай гэрээ-г хүчингүй болгуулах, М ТӨҮГ-т дахин үнэлгээ хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 150-153 дугаар хуудсанд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудсанд

 

 

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 150-153 дугаар хуудсанд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудсанд