Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/33

 

 

 

2023           01          02                                 2023/ШЦТ/33

 

                             

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан би,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Б.Одонтуяа,

Хохирогч Б.Б,

Шүүгдэгч Ө.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар эрүүгийн 2203005540551 дугаартай хэргийг  нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1958 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, нөхрийн хамт .............тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ............

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ө.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 19 цаг 05 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Шинэ Үе сургуулийн урд явган хүний гарц, замд ..............улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16. Явган хүний гарц нэвтрэх 16.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн” заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2203005540551 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Б.Одонтуяа: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Хохирогч Б.Б шүүх хуралдаанд “Хөлөө үзүүлж хэд хэдэн эмнэлэгт очсон. Хагалгаа хийлгэх шаардлагатай гэдэг, би одоогоор мөнгөгүй байгаа тул эмчилгээ хийлгээгүй байна. Гомдолтой байна” гэх мэдүүлгийг гаргаж шүүхэд 2 хуудас эмчилгээний зардалтай холбоотой баримтыг гаргаж өгсөн,

Шүүгдэгч Ө.Т шүүх хуралдаанд “Явган хүний гарц ойртож байсан гэдгийг мэдэж байсан. Гэхдээ маш их түгжрэлтэй, машинууд маш удаанаар урагшилж байсан. Тэгээд явган хүний гарц дээр ирсэн гэдгээ анзаараагүй. Урд машин байсан тул аажим хөдлөхөд хохирогч мөргүүлсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож байна. Тэгээд хохирогчийг эмнэлэгт аваад очсон. 500,000 гаруй төгрөгийг төлсөн” гэх мэдүүлгийг тус тус гаргасан болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ө.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 19 цаг 05 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Шинэ Үе сургуулийн урд явган хүний гарц, замд ..............улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16. Явган хүний гарц нэвтрэх 16.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн” заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт болсон нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн болон яллах дүгнэлтэд дурдагдсан:

-Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-10 дугаар тал),

-Хохирогч Б.Бын “...Миний баруун хөл өмнөх шигээ хэвийн зүгээр болохгүй байгаа, эмнэлэгт үзүүлэхэд зөөлөн эд язарсан байгаа нөхөн төлжүүлэх эмчилгээ хийнэ гэж хэлсэн. Яг одоо бодит гарсан хохирол байхгүй байна, зөөлөн эд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхэд 1,500,000 төгрөг болно гэж хэлсэн. ...Би тухайн өдөр орой 18 цаг өнгөрөөд 19 цаг болох гэж байхад Натурын зам, “Шинэ үе” сургуулийн урд талын явган хүний гарцаар урдаас хойш чиглэлтэй зам хөндлөн гарахаар зорчих хэсэг рүү алхаад орсон. Тэгээд баруунаас зүүн тийш явах чиглэлийн зорчих хэсгийг өнгөрөөд зүүнээс баруун тийш чиглэлийн зорчих хэсэг рүү явган хүний гарцтай хэсгээрээ алхаад ороход 2 дугаар эгнээнд явж байсан автомашин зогсоод зам тавьж өгсөн бөгөөд би тэр машины урдуур нь гараад цааш алхахад 1 дүгээр эгнээгээр явж байсан ..............маркийн автомашин миний баруун талын өвдөг хэсэг рүү зүүн урд хэсгээрээ мөргөөд би газар унасан. Ослын дараа жолооч нь гээд эмэгтэй хүн машинаасаа бууж ирэхгүй байсан. Тэгээд цагдаа болон түргэн тусламж дуудсан. Би хувиараа барилгын ажил хийдэг бөгөөд одоо гадуур пасат, гоёлын будаг хийгээд удаан зогсохоор баруун хөл өвдөөд байдаг болсон. Бусдаар биеийн байдал хэвийн байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15, 17 дугаар тал),

-Иргэний хариуцагч Н.Дашзэвэгийн “...Иргэний хариуцагчаар татагдаж байгаагаа ойлгож байна. Ө.Т нь манай эхнэр байгаа юм. Би бусдад учирсан бодит хохирлыг төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “...1.Б.Бын биед өвдөгний урд чагтан холбоосын урагдал, шаант ясны дотор булууны хэмт эдийн хаван гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн 12586 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар тал),

-Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 9 дүгээр  сарын 27-ны өдрийн “Хариулт-1. 2. ...Дуут дохио ажиллахгүй, зүүн гар талын ухрах арааны гэрэл асахгүй байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Хариулт-3. Дуут дохио ажиллахгүй, зүүн гар талын ухрах арааны гэрэл асахгүй байгаа нь зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлөхийг, хэзээ яаж үүссэн болохыг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй. Хариулт-4. Урд хойд тэнхлэгийн дугуйн тоормосны ажиллагаа стандартын шаардлага хангаж байсан, зогсоолын тоормос зогсож байна. Хариулт-5. Тээврийн хэрэгслийн хурд, зам орчны нөхцөл байдал, цаг агаарын байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45-50 дугаар тал),

-Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “1. ..............маркийн 99-33 УБЯ улсын дугаартай автомашины жолооч Ө.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх. 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. 2. Явган зорчигч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэх магадлагаа (хавтаст хэргийн 83-84 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.Т  нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 58 дугаар тал)-аар нотлогдож байгаа тул түүнийг В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч гэж үзнэ.

 

Осол гарах үндсэн шалтгаан нь шүүгдэгч Ө.Тийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад шууд нөлөөлжээ.

 

Шүүгдэгч Ө.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчихдөө бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсаны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо объектив болон субьектив шинжүүдээс гадна бусдын эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тодруулбал, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч Ө.Тийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Тиймээс шүүгдэгч Ө.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Уг зам тээврийн ослын улмаас хохирогч Б.Бын биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн 12586 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар тал)-ээр тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Бт шүүгдэгчийн зүгээс эмчилгээтэй холбоотой зардлыг нөхөн төлж байсан болохыг хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн, мөн хохирогч ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт энэ талаарх баримтыг хавсаргаж өгөөгүй, мөн хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэнэ гэж мэдүүлсэн болно.

 

Шүүх хуралдаанд нийт 115,000 төгрөгийн баримтыг хохирогч гаргаж өгсөн ба энэхүү баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул нотлох баримтаар үнэлж, шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасны дагуу 115,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин хохирогч нь цаашид хийгдэх эмчилгээний зардалтай холбоотой баримт болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ө.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, харин хор уршгийг арилгаагүй, хохирогч гомдолтой зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчаас шүүгдэгч Ө.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гаргажээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүний эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ө.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Ө.Т  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасны дагуу шүүгдэгчээс 115,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бт олгож, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

                            

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН