Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2019/01501

 

  2019 оны 06 сарын 26 өдөр

      Дугаар 183/ШШ2019/01501

               Улаанбаатар хот

                                     

 

                                    

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  А /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т Сууц Өмчлөгчдын холбоо /цаашид СӨХ гэх/-д холбогдох

 

Ажилласан хугацааны цалин 316 364 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах, нийгмийн даатгалын шимтгэл тасарсны улмаас ажилгүйдлийн тэтгэмж аваагүй тул 3 сарын дундаж цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.А, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаТ.Болдсайхан нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Лариса овогтой А миний бие  нь Т СӨХ-нд ашиглалтын байцаагчаар ажиллаж байсан. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр оршин суугчдын хурал зарлаж, бүх гишүүдийн хурал гэгчийг зохион байгуулж, СӨХ-ны удирдах ба хяналтын зөвлөлийг бид байгуулна, хуучин зөвлөхүүдийг татан буулгаж, улмаар гүйцэтгэх захирал С.Энхтуяаг чөлөөлж, СӨХ-ны өрөөний цоожны голыг сольж, ажил хийх боломжийг хааж, хэл амаар доромжлон цаашид ажиллах ямарч боломжгүй болгосон. Ингээд би 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Ингээд би гүйцэтгэх захирал *******ээс ажилд авсан болон ажлаас чөлөөлөх тухай тушаалаа авах гэтэл би бичээд тамгалаад өгье, ******* захирлаар гарын үсэг зуруулна гэсэн. Гэтэл ******* захирлыг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр *******тэй уулзахаар очиход би 3 сард ажилласан өдрийн цалингаа авъя, Хан-Уул дүүргийн Нийгмийн Даатгалын Хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд гарын үсэг зуруулахаар очиход өрөөндөө орохгүй, хотхоны хашаан дотор хашгирч загнаад хөөж туусан. Би удаа дараа цалингаа авъя гэж очиж байсан. Очих болгонд элдвээр хэлж хөөдөг. Би 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 12 хоногийн цалингаа нэхэмжилж байна. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орсон ажлаас халагдсан тушаалаа авч, ажилгүйдлийн тэтгэмжээ авая гэхэд өгөөгүйгээс шалтгаалж 2019 оны 3 дугаар сарын Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх тасалдсан. Намайг цалингаа авъя гэхэд *******,*******гээ олж ирж байж, цалингаа ав гээд өгөөгүй. Би энэ хүнд өөрийн биеэр ажлаас гарах хүсэлт, өргөдлөө өгсөн. Намайг ажлаас халсан тушаал 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гарсан. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтэс дээр очиход гарын үсэг зурагдаагүй гээд хүлээн аваагүй. Хэрэв хариуцагчийн төлөөлөгч тамга дарж өгсөн бол 12 сарын цалин, ажилгүйдийн 3 сарын тэтгэмж, 3 сарын нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх байсан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг нөхөн гаргуулж, нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж,  нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Х” Т сууц өмчлөгчдийн холбоо нь 2009 онд байгуулагдсан. Тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар*******, түүний нөхөр болох нягтлан бодогч ******* нар хариуцан үйл ажиллагаа явуулаад 10 жил болсон юм. Энэ хугацаанд оршин суугчдад тайлангийн хурал нэг удаа ч хийж байгаагүйн дээр тус байгууллагын жил бүр хийгдэх урсгал засвар хийгээгүй, харилцагч байгууллагуудад 2014 оноос хойш тодорхой өр үүсгэж, хариуцлага алдан ажиллаж байсанд оршин суугчид эсэргүүцэн 2019 оны 3 дугаар сарын 10-ны оршин суугчдын ээлжит бус хурлаар удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр сонгож, гүйцэтгэх захирлыг томилсон юм. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Даваацэрэн, ******* нар ажилтан албан хаагчийн тушаал болон байгууллагын бичиг баримтаа хүлээлгэн өгөөгүй юм. Мөн нягтлан бодогч ******* санхүүгийн материалаа авч зугатаад одоог хүртэл ажилдаа ирээгүй. Ажилтан албан хаагчийн хувийн материал, цалин хөлс олгох нотлох баримт материал өгөөгүй учраас Л.А гэх хүний гомдлыг барагдуулахад дараах баримт шаардлагатай байна. Л.Аын ажилд орсон гарсан тушаал, цалин хөлс олгох баримт байхгүй. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэл төлдөг нь үнэн гэсэн тодорхойлох бичиг баримт байхгүй. Л.Аын нийгмийн даатгал төлдөг талаарх мэдээллийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс авах хүсэлт өгөхөд тус байгууллага нь хувь хүн өөрөө хүсэлт гаргаж болно эсвэл хуучин ажиллаж байсан нягтлан бодогч *******, ******* нар цахимаар мэдээлэл авах эрхтэй. Учир нь байгууллагын нэр, код, тоон гарын үсэг өөрчлөгдөөгүй учир та мэдээлэл авах эрхгүй гэсэн. Л.Аын цалин хөлс олгох баримт материал олдсон тохиолдолд цалинг олгох боломжтой. Нотлох баримт байвал нэхэмжлэгчийн цалин хөлсийг олгох боломжтой юм” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.А хариуцагч Т Сууц Өмчлөгчдын холбоонд холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны цалин 316 364 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах, нийгмийн даатгалын шимтгэл тасарсны улмаас ажилгүйдлийн тэтгэмж аваагүй тул 3 сарын дундаж цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч Т СӨХ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх ба нэхэмжлэгч Л.Аыг танихгүй бөгөөд тэрээр тус СӨХ-ны байцаагчаар ажиллаж байсан талаар нотлох баримт байхгүй, хэрэв ажиллаж байсан бол ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байсан, ажилласан байдал нь баримтаар нотлогдвол 3 дугаар сарын 01-ний өдрөөс 15-ны өдөр хүртэл хугацааны цалинг олгоход татгалзахгүй гэж тайлбарлаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн заримыг хангаж, шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Л.А нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ашиглалтын байцаагчаар ажиллаж байсан болох нь Т СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2018.11.01-ний өдрийн 23 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ,  Л.Аын 0619357 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн даатгуулагчийн ажил албан тушаалын өөрчлөлтын тэмдэглэл хэсэг дэх бичилт зэргээр нотлогдож байна.

 

Түүнчлэн, хэрэгт 2019.03.15-ны өдрийн огноо бүхий Л.Аыг Т СӨХ-ны ашиглалтын байцаагчийн ажлаас чөлөөлсөн гарын үсэггүй тушаал авагдсан нь нотлох баримтын шаардлага хангахгүй боловч зохигч хэн аль нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Л.Аыг Т СӨХ-ны ашиглалтын байцаагчийн ажлаас чөлөөлсөн үйл баримтын тухайд маргахгүй байна.

 

Иймд ажи олгогчийн ажилтан ямар ажил албан тушаалд, хэдэн төгрөгний цалинтай ажиллаж байсан нь нотлогдохгүй гэх татгалзал үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгч Л.Аыг 2018.11.01-ний өдрөөс 2019.03.15-ны өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээний дагуу ажил албан тушаалаа хэвийн гүйцэтгэж байсан гэж дүгнээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэхээр, 49 дүгээр зүйлийн 49.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговорыг мөнгөн хэлбэрээр олгохоор тус тус заасныг үндэслэн,  ажилтны цалин хөлсийг ажил олгогч тогтоосон хугацаанд зохих ёсоор олгох нь ажил олгогчид хуулиар хүлээлгэсэн үүрэг болохыг тайлбарлаад 2019 оны 3 дугаар сарын цалин 316 364 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Түүгчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийг 46.2-т ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нээж, зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхээр үүрэг болгосон тул  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна. 

 

 Харин нийгмийн даатгалын шимтгэл тасарсны улмаас ажилгүйдлийн тэтгэмж аваагүй тул 3 сарын дундаж цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Учир нь:

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ” 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно.” гэж, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч ажил олгогчтой хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах өргөдлөө хуульд заасан холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад гаргана.” гэж тус тус заасан байна.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ажлаас халах тухай тушаалд гүйцэтгэх захирал гарын үсэг зураагүй, улмаар нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийгээгүйн улмаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй.

 

Нөгөө талаас нэхэмжлэгч ажилгүйдлын тэтгэмж авахаар эрх бүхий байгууллагад хандсан эсэх нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд шүүх, ажил олгогч ажилтанд цалин олгох эсэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, нөхөн бичилттэй холбоотой маргаантай байсан, нэхэмжлэгчийн тэтгэмж олгох эрх бүхий байгууллагад хандсан эсэх нь баримтаар нотлогдохгүй зэргийг харгалзан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч хэрэглэх боломжтой гэж үзээд нийгмийн даатгалын шимтгэл тасарсны улмаас ажилгүйдлийн тэтгэмж аваагүй тул 3 сарын дундаж цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 2019.06.13-ны өдөр гаргасан хүсэлт нь агуулгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүсэлтэд хамаарахгүй гэсэн үндэслэлээр дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул урьдчилан төлсөн 10 230 төгрөгийг улсын орлогоос буцаан олгохоор, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11,  61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т сууц өмчлөгчдын холбооноос 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны цалин 316 364 /гурван зуун арван зургаан мянга гурван зуун жаран дөрвөн/ төгрөг гаргуулан А /РД:/-т олгож, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж, зохих бичилт хийхийг Т сууц өмчлөгчдын холбоонд даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Т сууц өмчлөгчдын холбоонд холбогдох нийгмийн даатгалын шимтгэл тасарсны улмаас ажилгүйдлийн тэтгэмж аваагүй тул 3 сарын дундаж цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай Л.Аын нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 10 230 төгрөгийг улсын орлогоос буцаан олгохоор, хариуцагч Т СӨХ-ноос 10 140 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                         Д.ЭНХЦЭЦЭГ