Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/51

 

 

 

 

 

 

 

   2023        01          09                                   2023/ШЦТ/51

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Н.Уранбайгаль,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т, 

шүүгдэгч Б.Ш-, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Энхтуул нарыг оролцуулан эрүүгийн 2203004270391 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б.Ш- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 48 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансар-32 худалдааны төвийн баруун хойд замд С.Б-гийн эзэмшлийн Тоёота приус загварын ... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас насанд хүрээгүй Т.Б-ын жолоодон явсан Honda маркийн CBR-400 загварын ... УБ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, 17 настай, эрэгтэй Т.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, түүний эзэмшлийн мотоциклийн эвдрэлд нийт 3.135.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш- мэдүүлэхдээ: ... Би машинаа 2022 оны 9 дүгээр сарын дундуур С.Б-гээс худалдаж аваад мөнгөө төлсөн боловч өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирлыг нөхөн төлсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т мэдүүлэхдээ: ... Хүүгээ насанд хүрэхээр унуулахаар түүний нэр дээр мотоцикл авч өгсөн. Тэгээд гражид хийсэн байхад хүү унаж яваад осолд орсон байсан. Одоо хүүгийн биеийн байдал сайжирсан. Эмчилгээний зардал 580.800 төгрөг, мотоциклийн хохирол 3.135.000 төгрөгийг нэхэмжилсэн. Бид зохих буруутай болохоо хүлээн зөвшөөрч байна. Жолоочоос 2.230.000 төгрөг авсан гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт / хх 4-9 /, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 10 /, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 17 /, насанд хүрээгүй хохирогч Т.Б-ын мэдүүлэг / хх 26 /, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т-ийн мэдүүлэг / хх 21 /, Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23/1532 дугаартай тоот / хх 38 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10045 дугаартай дүгнэлт / хх 63-64 /, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2310 дугаартай дүгнэлт / хх 70-72 /, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22/62 дугаартай дүгнэлт / хх 112-113 /, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1138764287 дугаартай дүгнэлт / хх 85-89 /, “Мастер үнэлгээ” ХХК-ний үнэлгээ / хх 95-98 /, яллагдагч Б.Ш-ийн мэдүүлэг / хх 126-127 /, хохирлын баримт / хх 29-33 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 128 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ш- нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 48 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансар-32 худалдааны төвийн баруун хойд замд С.Б-гийн эзэмшлийн Тоёота приус загварын ... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас насанд хүрээгүй Т.Б-ын жолоодон явсан Honda маркийн CBR-400 загварын ... УБ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, 17 настай, эрэгтэй Т.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, түүний эзэмшлийн мотоциклийн эвдрэлд нийт 3.135.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт / хх 4-9 /

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 10 /

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд / хх 17 /: “...23:32:06 цагт ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн хоёрдугаар эгнээд марк, улсын дугаар тодорхойгүй тээврийн хэрэгсэл замын гол хэсэгт явж байх бөгөөд эсрэг талд марк, улсын дугаар тодорхой мотоцикл явж байгаа нь бичлэгт харагдаж байна. 23:32:10 цагт суудлын тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдөж байгаа нь бичлэгт харагдаж байв” гэжээ.

 

Насанд хүрээгүй хохирогч Т.Б-ын / хх 26 /: “...Би тухайн үедээ чигээрээ явах гээд зогсож байна гэж бодоод хаазлаад явтал нөгөө машин гэнэт эргээд ороод ирэхээр нь би нэгдүгээр эгнээ рүү дартал нөгөө машин нэгдүгээр эгнээ рүү дараад ороод ирсэн. Би тэр үед тоормослоод хоёрдугаар араандаа хийж хүндрүүлээд амжилгүй баруун ар талын хэсэг рүү очиж мөргөсөн...” гэх мэдүүлгээр,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т-ийн / хх 21 /: “...Манай хүү ослын улмаас баруун гар тал, зүүн гар, гуяндаа гэмтэл авсан. Тэрээр 32-н уулзвараар гэр рүүгээ харих гээд мотоциклтэй явж байгаад автобусны буудал дөнгөж өнгөрөөд явж байтал нөгөө талын уулзвараар нэг машин бүтэн эргээд орж ирэх үед араас нь зогсож амжилгүй мөргөсөн. Тэр үед нөгөө машин хоёрдугаар эгнээ рүү орж ирэх үед манай хүүхэд нэгдүгээр эгнээ рүү ортол машин нэгдүгээр эгнээ рүү дагаж ороод мөргөлдсөн гэж надад хэлсэн. Мотоциклийг аваад удаагүй байсан болохоор граш дотор байдаг байсан. Тэр өдөр гэртээ ганцаараа байхдаа нөхөр бид хоёрыг хөдөө явчихсан үед аваад унасан байсан. Жолооны курст суулгаад үнэмлэхтэй болохоор нь бариулах гэж байсан...” гэх мэдүүлгээр,

 

Насанд хүрээгүй хохирогч Т.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй тухай Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23/1532 дугаартай тоот / хх 38 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10045 дугаартай дүгнэлтэд:

1. Т.Б-ын биед баруун шуу, богтос ясны хугарал, хамрын нуруунд, баруун гуя, баруун өвдгөнд цус хуралт, хамрын зүүн угалз, эрүү, зүүн сарвуу, зүүн гуя, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хх 63-64 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2310 дугаартай дүгнэлтэд: “...Honda маркийн 04-57 УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “А” ангилалд хамаарагдана. Шинжилгээнд ирүүлсэн Honda маркийн 04-57 УБ улсын дугаартай мотоцикл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна...” гэжээ. / хх 70-72 /

 

“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22/62 дугаартай дүгнэлтэд:

1. Toyota Prius 11 маркийн ... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ш- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.9. “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Honda маркийн ... УБ улсын дугаартай мотоциклийн жолооч Т.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а. “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Уг осолд зам орчны байдал нөлөөлөхгүй гэж үзэж байна гэжээ. / хх 112-113 /

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1138764287 дугаартай дүгнэлтэд: “...Тоёота приус маркийн ... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна...” гэжээ. / хх 85-89 /

 

“Мастер үнэлгээ” ХХК-ний үнэлгээнд: “...Honda CBR400 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд 3.135.000 төгрөг үнэлгээгээр тогтоогдсон” гэжээ. / хх 95-98 /

 

Яллагдагч Б.Ш-ийн / хх 126-127 /: “...Би 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Тоёота приус 10 маркийн ... УНӨ улсын дугаартай машиныг унаад тоосгоны эцэс дээр ирэхэд нэг хүн гар өргөж байхаар нь аваад хаашаа явах юм гэж асуухад Чингэлтэй дүүргийн 17-н уулзвар орно гэсэн. Тэгээд нөгөө хүнийг буулгачихаад тэндээс буцаад харих гээд 32-н автобусны буудлын хойд талаар буцаж бүтэн эргэж ортол хойшоо явж байсан мотоциклтэй мөргөлдөөд зогссон...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Ш-ид холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ш-ийн үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Ш-ид ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан эмчилгээний болон бусад хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Ш- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 2.230.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, насанд хүрээгүй хохирогч Т.Б- нь мотоцикл жолоодох эрхгүй байхад түүний нэр дээр мотоцикл авч өгснөөр замын хөдөлгөөнд оролцсон нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, шүүгдэгч нь санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т-аас шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан / хх 29-33, 95 / баримтуудаар нийт 3.715.800 төгрөг нэхэмжилсэн болно.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэжээ.

Насанд хүрээгүй хохирогч Т.Б-ын буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болох нь “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22/62 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн гэм бурууг харгалзан нэхэмжилсэн 3.715.800 төгрөгийн хохирлын 40 хувь буюу 1.486.320 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 2.229.480 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсний дагуу шүүгдэгч уг хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч Б.Ш нь төлөх төлбөргүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Б.Ш- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Ш-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Б.Ш- нь цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т-ийн 1.486.320 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Б.Ш- нь  бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ш- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Б.Ш-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ш-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ