Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2019/01511

 

 2019 оны 06 сарын 27 өдөр

       Дугаар 183/ШШ2019/01511

              Улаанбаатар хот

 

                                  

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: О /РД:/-ийн  нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Д /РД:/,

 

Хариуцагч:  Э /РД:/ нарт холбогдох,

 

        Гэм хорын хохирол 9 982 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагч Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Цагаанбаяр, хариуцагч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбардахдаа: 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 8 цагийн орчим Д.О миний өмчлөлийн УБД улсын дугаартай автомашиныг Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу хөтөл уруудаад явж байтал УНӨ улсын дугаарай Приус 11 маркийн автомашин урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Үүний улмаас миний автомашин 100 хувь эвдэрсэн, энэ нь прокурорын хэрэгсэхгүй  болсон тогтоол болон замын цагдаа нарын ослын актаар Э.Э гэгч этгээд нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.4 дэх заалтад заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тул тус осолд буруутай нь тогтоогдсон. Үнэлгээний газрын шинжээчийн дүгнэлтээр миний машины хохирлын үнэлгээ 6 710 000 төгрөг гарсан хэдий ч осол болсон өдрөөс хойш машинаа засуулах гэсэн боловч  засварын газрууд хэвийн ашиглах боломж байхгүй гэсэн. Ийм учраас өнөөдрийг хүртэл машинаа засуулж, чадахгүй байна. Мөн тус автомашиныг банкны зээлээр худалдаж авсан ба өнөөдрийг хүртэл зээлийн хүүгийн хамт төлж байгаа ба зээлийн хүүнд 3 000 000 төгрөг төлж байна. Гэтэл бид зээлээр худалдаж, авсан машинаа Э.Эын буруутай үйлдлийн улмаас зохих ёсоор нь хэрэглэж чадаагүйдээ маш харамсалтай байна. Иймд зам тэврийн ослын улмаас автомашинд учирсан хохоирол 6 710 000 төгрөг, үнэлгээний зардал 272 000 төгрөг,  автомашин худалдан авахад зориулагдсан зээлийн хүү 3 000 000 төгрөг, нийт 9 982 000 төгрөгийг хариуцагч Д.Д, Э.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахаа: Д.Оийн надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр өглөөний 08.00 цагийн орчим миний бие найз Д.Дийн машинтай, түүний гуйлтаар автомашиныг нь жолоодож яваад зам тээврийн осол гаргасан юм. Д.Д нь 2018 оны 1 дүгээр сарын 14-ны шөнө утсаар ярьж зээлтэй учраас мөнгө хэрэгтэй байна, таксинд хамт явъя гэж гуйхаар нь  зөвшөөрсөн юм. Явж байгаад “би жоохон ядраад байна, чи миний машиныг барьчих” гэж гуйхаар нь би жолоодож явсан. Мөн Д.Д надад жолоогоо шилжүүлсэний дараа пиво уусан бөгөөд үргэлжлүүлэн би жолоо барьж явсан. Мөн Д.Дийн жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний хугацаа 2 сарын өмнө дууссан байсан. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө Баянхошууны хөтөл уруудаад явж байтал баруун гар талаас явган зорчигч гэнэт гүйж орж ирэх шиг болохоор нь зүүн гар тал руугаа дартал нөгөө урсгал руу ороод УБД улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн юм. Гэтэл УБД автомашиныг жолоодож явсан жолооч нь (Д.Оийн нөхөр) гарч ирэн миний нүүр рүү өшиглөж хэрүүл маргаан болсон юм. Зам тээврийн осол миний буруугаас болсон боловч УБД автомашины жолооч ямар ч үгийн зөрүүгүй гарч ирэн шууд намайг өшиглөж надад гэмтэл учруулсан тул би арга буюу цагдаагийн байгууллагад хандсан. Жолоо барьж явсан жолооч надаас уучлал гуйсан эмчилгээний зардалд ч хохирол мөнгө төгрөг гэж огт өгч байгаагүй би ч машин тэрэг нь эвдэрсэн адилхан хүмүүс байж гэж бодоод өргөдлөө хаалгасан юм. Монгол Улсын Иргэний Хуулийн 499 дүгээр зүйлийн 1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагууД.Оийн автомашинд учирсан хохирлыг Д.Д хариуцах үүрэгтэй байна. Учир нь Д.Д нь өөрөө пиво ууж, унтаж, намайг жолоо барьчих гэж өөрөө шилжүүлсэн, мөн зам тээврийн осол болохоос өмнө би Д.Дад Авто тээврийн газрын ойролцоо явж байхад хоёр удаа одоо чи машинаа барь гэж хэлж байсан боловч Д.Д нь чи бариад явчих гээд өөрөө унтсаар явсан юм. Нэхэмжлэгч нь автомашиныг 100 хувь ашиглах боломжгүй болсон тул худалдан авсан үнэ 9 000 000 төгрөгийг нэхэмжилжээ. Зам тээврийн осол болсны дараа үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 6 710 000 төгрөгийн хохирол төлбөр гарсан тухайн үнэлгээгээр 100 хувь ашиглах боломжгүй гэж дүгнэлт гаргаагүй учир автомашин худалдан авсан үнийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна, өмгөөллийн хөлсийг мөн хариуцагчаас гаргуулахаар хуульчилсан зүйл заалт байхгүй хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах нь нэхэмжлэгчийн эрх юм. Иймд дээрх үндэслэлээр Д.Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Э.Э миний бие хариуцах үндэслэлгүй байх тул Э.Э надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Д.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр намайг таксинд явж байхад Э.Э 95147695 дугаараас залгаад хамт таксинд явъя гээд надтай хамт 15-ны өглөө хүртэл хамт явсан. 07.20 минут орчим миний машин болох УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Баянхошууны “Буурал ээж” дэлгүүрийн хажууд урсгал сөрж, өөдөөс ирж явсан УБД улсын дугаартай машинтай мөргөлдөж, осол гаргасан тухайн үед замын цагдаа хэмжилт хийж Э.Эыг 100 хувь буруутай гэдгийг тогтоож өгсөн тухайн үед Э.Э та хоёрын машиныг янзалж хохиролгүй болгож өгнө гэж байсан боловч хэсэг хугацааны дараа чамд юу ч өгч чадахгүй гэсэн миний машин лизингтэй байсан учир төлбөрөө хийж чадахгүй аргагүй эрхэнд эзэнд нь буцааж өгсөн. Миний машины үнэлгээ одоо 2 000 000 төгрөг дээр нь журмын хашаанд хагас жил гаран болсон үнэлгээ болон гэх мэт зардлуудаа Э.Эоос гаргуулж авна. Би ч бас хохирсон хохирогч. Ийм учраас энэ мөнгийг Э.Э төлөх ёстой юм” гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О анх шүүхэд зам тээврийн улмаас учирсан гэм хорын хохиролд 15 342 000 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Э, Д.Д нарт холбогдуулан гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед автомашинд учирсан хохирол 6 710 000 төгрөг, үнэлгээний зардал 272 000 төгрөг,  автомашин худалдан авахад зориулалтаар банкнаас авсан 10 000 000 төгрөгийн зээлийн хүү 3 000 000 төгрөг, нийт 9 982 000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасган шаардаж байна.

 

Хариуцагч Э.Э, Д.Д нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд, хариуцагч Э.Э зам тээврийн осол гаргах үед жолоодож байсан тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч биш гэсэн үндэслэлээр, хариуцагч Д.Д зам тээврийн осол үйлдсэн жолооч биш гэсэн үндэслэлээр тус тус татгалзлаа тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч Э.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт УНӨ улсын дугаартай Приус маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4 дэх хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй 4 буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас УБД улсын дугаартай Хонда инсайт /Honda insight/ маркийн автомашинд гэмтэл учруулсан болох нь 2018.02.01-ний өдрийн 1 дугаар зөрчлийн хэргийг прокурорт хүргэх тухай тогтоол, Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэг баримтаар нотлогдох ба осол гаргасан гэм буруутай эсэх болон УНӨ улсын дугаартай Приус маркийн автомашиныг хариуцагч Д.Д худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан үйл баримтад талууд маргаангүй.

 

Харин зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн УБД улсын дугаартай Хонда инсайт /Honda insight/ маркийн автомашин дахин засварлагдах боломжгүй болсон эсэх, хариуцагч нарын хэн нь гэм хорыг хариуцан арилгах тухайд маргаантай байна.         

Шүүх дараах үндэслэлээр, хариуцагч нарын хэн аль нь нэхэмжлэгчид учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангахаар шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж  заасан ба энэ нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол учруулсан шалтгаант холбоотой байхыг ойлгоно.

 

Иймд хариуцагч Э.Э УНӨ улсын дугаартай Приус маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Д.Оийн эзэмшлийн автомашинд гэм хор учруулсан нь нотлогдож байх тул бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд осол гаргах үед жолоодож явсан тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэзмшигч, өмчлөгч биш гэсэн үндэслэлээр гэм хорыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөх учиргүй юм. 

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан ба хариуцагч Д.Д  УНӨ улсын дугаартай Приус маркийн автомашиныг зам тээврийн осол гарах үед худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан үйл баримтын тухайд маргаангүй байх тул тээврийн хэрэгсэл эзэмшигчийнхээ хувьд, тээврийн хэрэгслийг Э.Эод шилжүүлэн өгснөөс бусдад учирсан гэм хорыг  хамтран хариуцах үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан Арвижих эстимэйт ХХК-ний гаргасан үнэлгээг талууд маргаагүйг харгалзан, УБД улсын дугаартай Хонда инсайт /Honda insight/ маркийн автомашинд учирсан хохирол 6 710 000 төгрөг, үнэлгээний зардал 272 000 төгрөг, нийт 6 982 000 төгрөгийг хариуцагч Э.Э, Д.Д нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 3 627 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.От олгох үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 000 000 төгрөгийг хангах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч тухайн автомашиныг худалдан авах зорилгоор 10 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан ба ослын улмаас автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон тул зээлийн хүү 3 000 000 гаргуулна гэж тайлбарлаад 2017.03.20-ны өдрийн ЗГ дугаар барьцаат зээлийн гэрээ, Хаан банкин дахь 50 дугаар дансны хуулга зэрэг баримтыг ирүүлсэн боловч нэхэмжлэгчийн зээлийн зориулалт нь “цалингийн зээл” гэснээс үзэхэд нэхэмжлэгчийн зээлийн хүү төлөх үүрэг гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой болох нь нотлогдохгүй гэж үзэхээр байна.

 

Дээрх үндэслэлээр, хариуцагч Э.Эоос 3 627 000 төгрөг, хариуцагч Д.Даас 3 627 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.От олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Мөн нэхэмжлэгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед Арвижих эстимэйт ХХК-ний гаргасан үнэлгээний дагуу 6 710 000 төгрөг гаруулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул шүүх “УБД улсын дугаартай Хонда инсайт /Honda insight/ маркийн автомашин дахин засварлагдах боломжгүй” гэх үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдаж байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын заримыг  хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хуульд заасан хэмжээгээр хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д /РД:/-аас 3 627 000 /гурван сая зургаан зуун хорин долоон мянган/ төгрөг, хариуцагч  Э /РД:/-оос 3 627 000 /гурван сая зургаан зуун хорин долоон мянган/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч О /РД:/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Даас 63 331 төгрөг, Э.Эоос 63 331 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.От олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

 

                                   

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                         Д.ЭНХЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧИД                                       Б.МӨНХЖАРГАЛ

 

                  Д.МӨНХЦЭЦЭГ