Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/101

 

 

 

 

 

 

 

    2023        01        19                                      2023/ШЦТ/101

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Б.Одонтуяа,

хохирогч М.А-,

шүүгдэгч Ц.Б-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Энхтуул нарыг оролцуулан эрүүгийн 2203006020552 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ц.Б- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 07 цаг 45 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Буян ХХК-ний зүүн замд Hundai Sonata 7 маркийн ... УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.2-т заасан “үргэлжилсэн өргөн шугам зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ” 1.2 тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч Honda маркийн ... УБ улсын дугаартай мотоциклийн жолооч М.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б- мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоо би “Юу би кайб” компанид таксины жолоочоор ажилладаг. Сард 3.000.000 орчим төгрөгний орлого олдог. Би хохирогчид 2.000.000 орчим төгрөг төлсөн. Үлдэх хохирол болон цаашдын эмчилгээний зардлыг төлнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.А- мэдүүлэхдээ: “...Тухайн өдрийн өглөө 07 цаг 00 минутад ажилдаа явах гээд хамт ажилладаг Бтэй хамт мотоциклтой Цагдаагийн авто бааз руу явах замдаа осолд орсон. Миний биеийн байдал одоо хүртэл сайжраагүй, удаа дараа эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсээр байгаа. Одоогоор баруун хөл нугарахгүй байна. Шүүгдэгчээс гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон зардлаа нэхэмжилсэн. Шүүгдэгч миний цалингийн зээлийн 3 удаагийн төлбөрт нийт 900.000 төгрөг, гар утасны төлбөрт 75.000 төгрөг, дансаар 300.000 төгрөг, яамны эмнэлэгт 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 10 хоног хэвтсэн ор, хоногийн төлбөр 80.000 орчим төгрөг, байнга хийлгэдэг 1 ширхэг нь 19.000 төгрөгийн үнэтэй тариаг 4ш авсан мөнгө зэрэгт 1.431.000 төгрөг төлсөн. Мотоциклийн хохирлыг даатгалаас гаргуулж авсан. Одоо шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримттай зардлуудыг нэхэмжилж байна. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. Шүүгдэгч хэрэг гарсан үеэс хойш холбоотой байж, эргэж тойрсон. Харин сүүлийн хэд хоног залгахад утсаа авахгүй зурвас бичээд үлдээх байдалтай болсон...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас / хх 3 /, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт / хх 6-12 /, хохирогч М.А-ын мэдүүлэг / хх 41-43 /, хохирогч Б.Б-ийн мэдүүлэг / хх 56-59 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 13181 дугаартай дүгнэлт / хх 38-41 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13210 дугаартай дүгнэлт / хх 106-107 /, Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт / хх 113-115 /, Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1815 дугаартай дүгнэлт / хх 120-121 /, мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1226 дугаартай магадлгаа / хх 131-132 /, хохирлын баримт / хх 18-38 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 149 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б- нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 07 цаг 45 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Буян ХХК-ний зүүн замд Hundai Sonata 7 маркийн ... УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.2-т заасан “үргэлжилсэн өргөн шугам зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ” 1.2 тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч Honda маркийн ... УБ улсын дугаартай мотоциклийн жолооч М.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас / хх 3 /

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт / хх 6-12 /

 

Хохирогч М.А-ын / хх 41-43 /: “...2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө өөрийн эзэмшлийн Хонда маркийн ... УБ улсын дугаартай мотоциклийг унаад хамт ажилладаг Бг 13 дугаар хорооллын автобусны буудлаас аваад ажил руугаа явж байсан. Тухайн үед 13 дугаар хорооллын хойд талын автобусны буудлаас хөдлөөд баруун зүг яваад хөдөө аж ахуйн яамны уулзвараар зүүн эргээд байрнуудын голоор яваад дунд голын гүүрээр гараад урагшаа Буян ХХК-ний зам руу ороод гүүрэн доогуур гараад явж байтал урдаас ирж явсан Соната-7 маркийн саарал өнгийн машин миний урдуур гэнэт зүүн гар тийш эргэж орсон. Би тэр машиныг хараад гар хөлний 2 тоормосоо зэрэг атгаад мотоцикл хажуу тийшээгээ шарваад уг машиныг баруун талаар очиж мөргөөд унасан. Нэг мэдэхэд уг машины урд талд нь газарт хэвтэж байсан. Би босох гэтэл миний баруун хөл хөдлөхгүй байсан. Би хөлөө хугарснаа мэдээд хамт явсан залуугаа дуудсан. Б тухай үед ухаан алдаад миний цаана газарт унасан байсан ба хэсэг дуудуулж байгаад гүнзгий амьсгаа аваад гэнэт сэрсэн. Тэр үед нөгөө машины жолооч хажууд ирэхээр нь би түргэн болон цагдаа дуудлага өгөөрэй гэж хэлсэн. Би осол гарсан өдрөөс хойш гэмтлийн эмнэлэгт хэвтсэн ба дунд чөмөгний хоёрлосон хугарал гээд хагалгаанд орсон. Эмнэлэгт би 12 хоног хэвтээд гэртээ гарсан. Осол гарсан өдрөөс хойш 1 сая гаруй төгрөгийн зардал би өөрөөсөө зарцуулсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлгээр,

 

Хохирогч Б.Б-гийн / хх 56-59 / “...2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 07 цаг 30 минутын орчимд М.А- намайг 13 дугаар хорооллын хойд талын автобусны буудлаас ирж авсан. М.А- намайг аваад бид хоёр Цагдаагийн Ерөнхий газрын авто бааз руу явах зорилгоор 13 дугаар хорооллоос хөдлөөд чигээрээ яваад багшийн дээдийн урд замаар урагшаа эргээд Буян ХХК-ний зүүн талын замаар хойноосоо урагшаа явж байтал урдаас нэг машин ирээд ямар нэгэн дохио өгөхгүйгээр зүүн гар тал руу эргээд бид хоёртой мөргөлдсөн. Мотоциклийн урд дугуйны тоормосны дуу надад сонсогдсон. Гомдолтой байна. Би ажилгүй байх хугацааны цалин болон өөрөөсөө гаргасан 300.000 орчим төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 13181 дугаартай дүгнэлтэд / хх 38-41 /

М.А-ын биед баруун дунд чөмөгт ясны хүзүү хэсгийн хугарал, баруун шилбэнд шарх, баруун гуя, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13210 дугаартай дүгнэлтэд / хх 106-107 /

Б.Б-гийн биед зүүн 7 дугаар хавирганд хугарал, зүүн алганд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.

 

Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 55 дугаартай Honda CBR 250 маркийн мотоциклийн эврэлд хийсэн үнэлгээгээр 3.960.000 төгрөгний хохирол учирсан гэх дүгнэлт / хх 113-115 /

 

Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1815 дугаартай Hundai Sonata LF тээврийн хэрэгсэлд хийсэн үнэлгээгээр 2.395.000 төгрөгний хохирол учирсан гэх дүгнэлт / хх 120-121 /

 

Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1226 дугаартай магадлгаанд:

Hyundai Sonata 7 маркийн ... УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.2-д заасан “үргэлжилсэн өргөн шугам зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ” 1.2 тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Honda маркийн ... УБ улсын дугаартай мотоциклыг жолоодож явсан жолооч М.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна / хх 131-132 / гэх магадлагаа зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Б-т холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-ын үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б-т ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч нь санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирогч хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан зэрэг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч Ц.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэв.  

 

Бусад асуудлаар:

Хохирогч М.А-аас мөрдөн шалгалтын явцад баримтаар эмчилгээтэй холбоотой зардалд 2.815.758 төгрөг, үнэлгээний зардалд 232.000 төгрөг, нийт 3.047.758 төгрөг, шүүхийн шатанд 702.501 төгрөг, нийт 3.450.259 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг баримттай хохирлоос шүүгдэгч 300.000 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэх 3.450.259 төгрөгийг гаргуулан хохирогч М.А-д олгож, хохирогч М.А- нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Мөн иргэний нэхэмжлэгч С.С-ийн баримтаар нэхэмжилсэн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.975.300 төгрөгийн хохирлыг тус тус шүүгдэгчээс гаргуулж, шүүгдэгч Ц.Б- нь иргэний нэхэмжлэгч М.Х, Н.Э нарт төлөх төлбөргүйг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Б- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Б- нь цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-аас 5.425.559 төгрөгийг гаргуулж хохирогч М.А-д 3.450.259 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 1.975.300 төгрөгийг тус тус олгож, хохирогч М.А- нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нь Ц.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                                                          

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ