| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2023/0035/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/55 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/55
2023 01 09 2023/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Э.Булганчимэг,
хохирогч Г.О-,
шүүгдэгч Г.Н-, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул нарыг оролцуулан эрүүгийн 2209000002279 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Г.Н- нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Монгол Улсын Их сургуулийн D200208263 дугаартай 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2002 оны 08 дугаар сараас .... дүүргийн ... Ерөнхий боловсролын сургуульд математик, мэдээлэл зүйн багшаар, 2013 оны 03 дугаар сараас одоог хүртэл ... дүүргийн 119 дүгээр сургуульд сургалтын менежерээр ажилд орж 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н- мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.О- мэдүүлэхдээ: “...Нэр бүхий хүмүүсийг шалгуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийг төлөөлөн оролцож байна. Яамны зүгээс дахин энэ салбарт шүүгдэгчийг ажиллуулах боломжгүй гэсэн байр суурьтай байгаа учир мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлэхгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хохирогч Г.О-ын мэдүүлэг / хх 17-18 /, Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралтын 67 дугаар мөр / хх 39 /, Монгол Улсын их сургуулийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны дөрийн 3/2414 дугаартай албан бичиг, түүний хавсралт / хх 98-99 /, гэрч Ч.Э-гийн мэдүүлэг / хх 117 /, гэрч Ч.Н-гийн мэдүүлэг / хх 53-54 /, гэрч А.Т-нийн мэдүүлэг / хх 70-72 /, гэрч Б.Д-ийн мэдүүлэг / хх 62-64 /, гэрч Д.А-гийн мэдүүлэг / хх 78-81 /, гэрч Д.Ц-ын мэдүүлэг / хх 96 /, яллагдагч Г.Н-ын мэдүүлэг / хх 119 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 155 / зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Н- нь Монгол Улсын Их сургуулийн D200208263 дугаартай 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, 2002 оны 08 дугаар сараас ... дүүргийн ... Ерөнхий боловсролын сургуульд математик, мэдээлэл зүйн багшаар, 2013 оны 03 дугаар сараас одоог хүртэл ... дүүргийн 119 дүгээр сургуульд сургалтын менежерээр тус тус ажиллаж, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл уг дипломыг ашигласан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Хохирогч Г.О-ын / хх 17-18 / “...Би энэ талаарх асуудлыг сайдын мэдээллээс танилцаж байсан. Гэхдээ миний бие ажлын хэсэгт нь орж ажиллаагүй. Манай байгууллага нь Боловсрол, шинжлэх ухааны яамны хэрэгжүүлэгч агентлаг буюу яамны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэгч чиг үүрэг бүхий байгууллага гэж ойлгож болно. Тус хэрэг дээр намайг хохирогчоор тогтоох тухай албан бичгийг цагдаагийн байгууллагад хүргүүлсний дагуу ирж мэдүүлэг өгч байна...” гэх мэдүүлгээр,
Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралтын 67 дугаар мөр “...Г.Н- ...D200208263...” гэх / хх 39 /
Монгол Улсын их сургуулийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны дөрийн 3/2414 дугаартай албан бичиг, түүний хавсралт “...05 дугаар мөр Г.Н- 2002 онд төгсөөгүй” гэх албан бичиг / хх 98-99 /
Гэрч Ч.Э-гийн / хх 117 / “...2021 оны 12 дугаар сарын сүүлээр шалгалт эхэлсэн ба эхний ээлжинд шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан. Түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээлэл болон дипломыг pdf файлаар татаж авах, Архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. ...Манай байгууллагад ESIS, HEMIS гэсэн үндсэн 22 программ ашигладаг. Тухайн HEMIS программд бүх их, дээд сургууль төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин ESIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй...” гэх мэдүүлгээр,
Гэрч Ч.Н-ийн / хх 53-54 / “...Тухайн шалгалтынг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээллэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл тулгалт хийж ажилласан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй, тайлбар өгөөгүй байгаа. Мөн боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд болосвролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа...” гэх мэдүүлгээр,
Гэрч А.Т-ийн / хх 70-72 / “...Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалангийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Номинцэцэг, Доржхуяг, Батхангай, Солонгоо нарын хамт ажилласан. Миний хувьд бол өөрийн ажил үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ESIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил илэрсэн. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. Ангилсан кодыг уншихдаа 1.1. Дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан. 1.2. Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн ажилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн. 1.3. Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас (сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон), 1.4.Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас (яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон), 1.5. Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан. Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа...” гэх мэдүүлгээр,
Гэрч Б.Д-гийн / хх 62-64 / “...Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 2 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолы дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан. Маний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн. Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн байгууллагад хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. Илтэд хуурамч дипломтой бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагиийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн. Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,
Гэрч Д.А-гийн / хх 78-81 / “...Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оы А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3.10.1-ээс 3.10.3 заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалтай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушуул, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг...” гэх мэдүүлгээр,
Гэрч Д.Ц-ын / хх 96 / “...Би бол тэр дипломыг авч өгсөн асуудал огт байхгүй. Г.Н-ын ажиллаж байсан Чандмань сургуулийн захирлаар түүний аав Ганбат гэх хүн ажиллаж байсан. Тэр утгаараа тус сургуульд математикийн багшаар ажилд орсон байх гэж бодож байна. Ганбат ах боловсролын хэлтэст ажиллаж байхдаа хамт олондоо хүүгээ дипломтой болгоно, мэргэшсэн багш болгоно гэж ярьж байсныг санаж байна...” гэх мэдүүлгээр,
Яллагдагч Г.Н-ын / хх 119 / “...Би хуурамч диплом ашигласнаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Н-т холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Н-ын үйлдэл нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Шүүгдэгч Г.Н- нь шүүхийн шатанд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд прокуророос шүүгдэгч Г.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөрсөн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр хуульчилсан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Г.Н-т ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Н- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын санал болгосон 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хохирогч Г.О- нь мөрдөн шалгалтын явцад болон шүүх хуралдаанд хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Г.Н- нь төлөх төлбөргүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн D200208263 дугаартай бакалаврын дипломыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Г.Н- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Н-ыг тусгай зөвшөөрөл, эрх олгосон боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн D200208263 дугаартай бакалаврын дипломыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Г.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Н- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Г.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
23.2
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ