Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/77

 

 

 

 

 

 

 

 

    2023        01         13                                      2023/ШЦТ/77

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

Улсын яллагч А.Ариунаа,

Шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул нарыг оролцуулан эрүүгийн 2203005980566 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Л.Б- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цаг 19 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Чингэлтэйн өргөн чөлөө, 32-н автобусны буудал дээр “Hyundai Aero city” маркийн ... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 14.5-т заасан “Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигч буулгах, суулгахдаа буудлын талбайн төгсгөл рүү аль болох ойртож, хашлаганд 0.5 метрээс илүүгүй зайд шахаж зогсоно”, мөн дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалга гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зорчигч Х.Н- /12 настай, эмэгтэй/ нь тээврийн хэрэгслээс буух үедээ унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б- мэдүүлэхдээ: ...Би гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би сард 1.500.000 төгрөгний цалинтай. Хохирогч Х.Н-т 1.000.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 161.000 төгрөгийг тус тус төлсөн гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-8 /, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 9 /, насанд хүрээгүй хохирогч Х.Н-ийн мэдүүлэг / хх 14 /, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.С-ийн мэдүүлэг / хх 18 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13092 дугаартай дүгнэлт / хх 39-40 /, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 999517 дугаартай дүгнэлт / хх 49-50 /, мөрдөгчийн магадлагаа / хх 58-59 /, яллагдагч Л.Б-ийн мэдүүлэг / хх 89-90 /, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт / хх 81, 96 /, хохирол төлсөн баримт / хх 82 /, “Авто терминал трейд” ХХК-ний ажлын тодорхойлолт / хх 64 /, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 80 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Б- нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цаг 19 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Чингэлтэйн өргөн чөлөө, 32-н автобусны буудал дээр “Hyundai Aero city” маркийн ... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 14.5-т заасан “Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигч буулгах, суулгахдаа буудлын талбайн төгсгөл рүү аль болох ойртож, хашлаганд 0.5 метрээс илүүгүй зайд шахаж зогсоно”, мөн дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалга гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зорчигч Х.Н- /12 настай, эмэгтэй/ нь тээврийн хэрэгслээс буух үедээ унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-8 /

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Ногоон цагаан өнгийн автобус ирж буудал руугаа оролгүй зогсож, хойд талын хаалгаа нээж хүмүүсээ буулгаж байв. Уг автобуснаас хүмүүс бууж байх үед буюу 18:20:05 секундэд автобус урагш хөдлөхөд уг автобуснаас бууж байсан эмэгтэй хүүхэд хаалганаас газарт хөл алдан унаж байх ба энэ үед автобус зогсож дахин хүмүүс буулгаж байгаад 18:20:16 секундэд урагшаа хөдлөн явав” гэжээ. / хх 9 /

 

Насанд хүрээгүй хохирогч Х.Н-ийн / хх 14 / “...Би 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 18 цаг өнгөрч байхад хүнсний 4 дүгээр дэлгүүрийн автобусны буудлаас Сэлх-7 буудал чиглэлийн автобусанд суугаад гэртээ харихаар явсан. Тэгээд 32-н автобусны буудал дээр буугаад дамжиж суухаар болж автобус зогсоод хүмүүсээ буулгах үед хойд хаалгаар бууж байхад автобус гэнэт хөдлөөд би хөл алдаж зам дээр гараараа тулаад унасан. Тухайн үед зүүн гарын  бугуйн шуу хэсгээр өвдөөд намайг газар унаад босч ирэх үед автобус хөдлөөд яваад өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Соёл-Эрдэнийн / хх 18 / “...2022 оны 09 дүгээр 21-ний өдрийн орой 18 цаг өнгөрч байхад манай охин Х.Н- над руу утсаар залгаад “ Автобуснаас буух гэж байтал автобус хөдлөөд намайг унагаачихлаа. Гар эвгүй болчихоод хөдөлж болохгүй байна “гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13092 дугаартай дүгнэлтэд:

1. Х.Н-ийн биед шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна гэжээ. / хх 39-40 /

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 999517 дугаартай дүгнэлтэд:

1. Hyundai маркийн Aero City 540 загварын ... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Дуут дохио хэвийн бус ажиллагаатай, баруун тоормозны гэрэл ажиллахгүй, тахометр, спидометр ажиллахгүй гэх эвдрэл гэмтлүүдтэй байна.

3. Дуут дохио хэвийн бус ажиллагаатай, спидометр ажиллахгүй гэх гэмтэл нь зам тээврийн осолд нөлөөлж болзошгүй гэмтэл юм. Баруун тоормозны гэрэл ажиллахгүй, тахометр ажиллахгүй гэх гэмтэл нь уг осолд нөлөөлөх боломжгүй гэмтлүүд юм. Дээрх эвдрэл гэмтлүүд нь уг зам тээврийн ослоос өмнө үүссэн байх боломжтой гэжээ. / хх 49-50 /

 

Мөрдөгчийн магадлагаанд: “...Hyundai universe маркийн ... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Б- нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж, 14.5 “Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигч буулгах, суулгахдаа буудлын талбайн төгсгөл рүү аль болох ойртож, хашлаганд 0.5 метрээс илүүгүй зайд шахаж зогсоно” гэж, 23.4 “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Зорчигч Х.Н- нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. / хх 58-59 /

 

Яллагдагч Л.Б-ийн / хх 89-90 / “...2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 32-н урдаас хойш чиглэлийн автобусны буудал дээр зогсоод хүнээ буулгаж суулгаж байх үед зорчигч 10 гаруй насны эмэгтэй хүүхэд хойд хаалгаар үсэрч байгаа харагдсан. Би тухайн үед толиндоо анзаарч хараагүй хаалгаа бүрэн хаагаагүй байхдаа хөдөлгөөн эхэлж зорчигчийг унагаасан буруугаа ойлгож байна. Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Б-ийн үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгч Н.Одонтуяа нь шүүхийн шатанд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд прокуророос шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Л.Б-д ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Л.Б- нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 161.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Х.Н-т 1.000.000 төгрөгний хохирол тус тус төлж тэдгээр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул түүний ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, насанд хүрээгүй хохирогч Х.Н-, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд тус тус хохирлыг төлж барагдуулсан талаарх баримтыг шүүх хурадлаанд гаргаж өгсөн тул Л.Б- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Л.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.Б- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ