| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2023/0081/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/103 |
| Огноо | 2023-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/103
2023 01 20 2023/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Б.Амармөрөн,
Хохирогч Ө.О-,
шүүгдэгч Б.М- нарыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул нарыг оролцуулан эрүүгийн 2209019292290 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б.М- нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
2022 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө.О-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М- мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сарын 02-нд найзуудтайгаа шоунд очоод хажуугийн ширээний нэг ахтай нилээн яриа өрнүүлсэн. Гэтэл энэ байдалд Ө.О- дургүйцээд бид хоёр маргалдсан. Ө.О- нь үзье гэхээр нь нүүрэнд нэг удаа цохьсон. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлын хурлын дараа төлнө гэж ойлгосон. Энэ сардаа багтааж төлнө. Хохирогчоос уучлалт гуйж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.О- мэдүүлэхдээ: “...Би Б.М-тэй биш Санчиртай нөүтбүкний асуудлаас болж муудалцаад салсан. Тэгээд Жавхлан гэдэг залуутай тэврэлдээд зогсож байтал Б.М- Жавхланг цохиод намайг цохиж хамар хугалсан. Би хохиролд 344.750 төгрөг нэхэмжилж байна. Мөн 10 хоног ажилдаа яваагүй учир 1.100.000 төгрөгийг нэхэмжилнэ. Мурийсан хамраа тэгшлүүлсэн. Одоо таславчийн хагалгаанд орох зардлаа нэхэмжилж байна...” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / хх 14-16 /, хохирогч Ө.О-ын мэдүүлэг / хх 28 /, гэрч Б.М-ийн мэдүүлэг / хх 39-40 /, гэрч Э.Э-ийн мэдүүлэг / хх 44 /, гэрч Б.Жавхлангийн мэдүүлэг / хх 48 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 9517 дугаартай дүгнэлт / хх 49-50 /, хохирлын баримт / хх 19-22 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 53 / зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М- нь 2022 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө.О-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / хх 14-16 /
Хохирогч Ө.О-ын / хх 28 / “...Би мөрдөн шалгах ажиллагааны үеэр миний биед гэмтэл учруулсан хүний нэрийг Б.М- гэдгээр нь мэдэж авсан. Би найз Жавхлантай хамт юм ярьж зогсож байхад хажуунаас буюу миний зүүн талаас Б.М- нь аль нэг гараараа миний хамар руу нэг удаа хүчтэй цохьсон. 2022 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн парк дотор Сайлант Вайт гэх нэртэй шоу дээр манай Апу трединг ХХК нь ивээн тэтгэж байсан. Тэгээд би ажлын найз Жавхлантай хамт ногоон зүлгэн дээр зогсож байсан. Гэтэл Б.М- гэх нэртэй үл таних залуу гэнэт Жавхлангийн уруул руу аль нэг гараараа нэг удаа цохьсон. Дараа нь шууд миний хамар руу бас аль нэг гараараа нэг удаа хүчтэй цохьсон...” гэх мэдүүлгээр,
Гэрч Б.М-ийн / хх 39-40 / “...Б.М- нь Ө.О- дээр очоод Ө.О-ын хамар руу нэг удаа аль нэг гараараа гараа хагас атгаж байгаад алгадсан...” гэх мэдүүлгээр,
Гэрч Э.Э-ийн / хх 44 / “...Намайг эргээд харахад Ө.О- цохиулсан байдалтай толгойгоо доош нь харуулсан хамраас нь цус гарсан зогсож байсан...” гэх мэдүүлгээр,
Гэрч Б.Ж-ийн / хх 48 / “...Ө.О- руу харахад Ө.О-ын хамар мурийсан, хамраас нь цус гарч байсан. Түүнийг цохьсон залуу 20 орчим насны залуу байсан бөгөөд гаднах төрхийг нь сайн харж чадаагүй...” гэх мэдүүлгээр,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 9517 дугаартай дүгнэлтэд / хх 49-50 /
Ө.О-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түрү хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Б.М-ийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Б.М-д ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, согтуурсан үедээ санаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэрэг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Бусад асуудлаар:
Хохирогч Ө.О- нь баримтаар 344.750 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч уг хохирлыг төлж барагдуулаагүй тул шүүгдэгчээс 344.750 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, хохирогчийн биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлтыг эмчлүүлэхтэй холбоотой хагалгаа хийлгэх зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.М- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Б.М-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.М- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ээс 344.750 төгрөг гаргуулан хохирогч Ө.О-ад олгож, хохирогч Ө.О- нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж, иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.
6. Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ