Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0532/З |
Дугаар | 128/ШШ2021/0850 |
Огноо | 2021-12-13 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2021/0850
2021 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 128/ШШ2021/0850 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У СӨХ
Хариуцагч: Н З Д
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүрэг, 02 дугаар хороо, 05 дугаар хороолол, ******* *******, ******* байрны хойд болон зүүн талын 232 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газарт ашиглах эрх олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дээрх 232 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газрыг ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан тайлбартаа: "******* ******* *******" СӨХ нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бүх гишүүдийн хурлын БГ-01/2020 дугаар шийдвэрээр үүсгэн байгуулагдаж, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга бүртгэж, 20/126 дугаартай гэрчилгээг олгож, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Манай сууц өмчлөгчдийн холбоо нь Сүхбаатар дүүргийн, 02 дугаар хороо, ******* *******инд байрлах ******* байрны оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилготой бөгөөд ******* байрны орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газар болох орон сууцны байшингийн дэвсгэр болон байшингийн хойд, зүүн талын 232 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газрыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.8, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 441-д заасны дагуу ашиглах хүсэлтийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 05 дугаар албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан.
1. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01/01 дүгээр албан бичгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Э*******д хандаж, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталгаат шуудангаар явуулсан боловч хариу өгөөгүй.
2. 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Хариу хүсэх тухай 01/06 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.С*******т баталгаат шуудангаар 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр явуулсан боловч мөн өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй болно.
Уг хүсэлтдээ Газрын тухай хууль болон бусад хууль, тогтоомжид заагдсан бүх баримт бичгийг бүрэн бүрдүүлж өгсөн. Энэ хугацаанд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Сүхбаатар дүүрэг хариуцсан байцаагч болон хяналт шалгалт хариуцсан байцаагч нартай утсаар холбоотой байсан боловч өнөөдрийг хүртэл 2020 оны 12 дугаар сар хүртэл хариу өгөхгүй байсан тул 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдөр, 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус тус албан тоот илгээхэд бидэнд тухайн хүсэлтийг ямар үндэслэлтэйгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн.
Манай СӨХ нь дээрх газрыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.8 дахь заалт, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 441 дүгээр зүйлд заасны дагуу ашиглах бүрэн эрхтэй гэж байгаа бөгөөд бидэнд ашиглах эрх олгохгүй байх ямар ч шалтгаан, үндэслэл байхгүй юм.
Миний бие нь *******ын хүү бөгөөд эцгээрээ овоглодог. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Тухайн газар нь *******тай холбоотой, тэдний гэр бүл 29 дүгээр байранд амьдардаг гэж тайлбарлаж байна. 29 дүгээр байранд өөр олон өрх айл амьдардаг. Мөн миний эцэг болон миний бие нь тус тусдаа амьдралтай. Миний бие нь өрх айлын тэргүүн хүн. Монгол Улсад Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэн амьдарч, байр орон сууцандаа Сууц өмчлөгчдийн холбоо байгуулж, орон сууцаа тохижуулан засвар хийж, тохитой байдлыг ханган амьдарч болохгүй юм уу. Нэг айлын дөрвөн хүү болохоор болохгүй гэж байгаа мэт зохисгүй тайлбар гаргаж байгаад эмзэглэж байна. Тухайн газар нь мухар зам тул тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, хяналтын камер, ногоон байгууламж, зүлэгжүүлэлт байгаагүй тул 2000 оноос хойш бүх тохижилт, орчны цэвэрлэгээг хийн 20 жил болж байна. Хорооны Засаг дарга нь мухар замд ямар нэгэн хэрэг түвэг гаргалгүй, тохитой байдлыг ханган амьдарч байгаад өөрийн биеэр ирж талархал илэрхийлдэг. Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны хэлтсийн цагдаа нар хүртэл ...Энд зөв газраа хяналтын камер байршуулсан байна. Нэг ийм хэрэг боллоо, танай камерыг шалгаж үзье гэдэг. Тухайн газрыг тойроод өдөр өнжүүлэх, бага насны хүүхдийн сургууль байдаг. "******* ******* *******" СӨХ нь тухайн газарт байгаа бүх оршин суугчдын төлөө ажиллаж байна. Бусдад сөргөөр нөлөөлж, дулааны шугам сүлжээ таслах, зам талбай хааж, үйл ажиллагаа явуулдаггүй. Нийслэлийн Засаг дарга тухайн газар зам тавьж, хамтран ажиллаж өнөөдрийг хүрсэн. Газар ашиглах хүсэлтийг яавал шийдвэрлэх юм бэ. Хот байгуулалт, хөгжлийн газар болон хорооны Засаг даргаас шаардлагатай бичиг баримтуудыг авсан гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хууль батлагдсаны дараа сууц өмчлөгчдийн холбоонд орчны газрыг ашиглуулах гэсэн хуулийн зохицуулалт нэмэгдсэн. Сууц өмчлөгчдийн холбоо гэдэг нь тухайн байрны оршин суугчдын байгуулсан гишүүнчлэл бүхий холбоо юм. Хуульд чиг үүргийг нь зааж өгсөн. Монгол Улсад хот төлөвлөлт алдагдаж, орон сууц байгаа газрын хажуу газрыг хашаалж, газрын маргаан үүсдэг. Засаг дарга нь тухайн орон сууцны хажууд газар олгодог. Энэ асуудлыг хууль журамд оруулъя, Сууц өмчлөгчдийн холбоо нь орчин тойрны газраа ашиглаж, ногоон байгууламж, төлөвлөлтийг нь хариуцаж, газрын маргаан үүсэхгүй байх нөхцөл байдлыг бүрдүүлье гэсэн зорилгоор Газрын тухай хуульд сууц өмчлөгчдийн холбоонд орчны газрыг ашиглуулах гэсэн шинэ зохицуулалтыг нэмсэн. "******* ******* *******" СӨХ нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдсэн. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасан бүхий л баримтуудыг бүрдүүлж, Газрын албанд хүсэлтээ өгсөн. Гэтэл хариуцагч тал нь хариу огт өгөөгүй. Сүүлд нь хоёр хариу өгсөн боловч шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн. Татгалзаж байна гэсэн хариу биш. Нөхцөл байдлыг дурдаж, шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн агуулга нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шийдвэр гаргуулахыг хүсэж, нэхэмжлэл гаргасан. Шийдвэрлэх боломжгүй байна гэсэн нь шийдвэр биш юм. Энэ нь шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй гэдэг нь хариуцагч талын өгсөн хариунаас тодорхой харагдаж байна. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 441.5-д заасныг үзвэл орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах шийдвэрийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 буюу Нийслэлийн Засаг дарга, 21.3 буюу аймгийн Засаг дарга, 21.4 буюу сумын Засаг дарга нар нь гаргах эрхтэй байна. Иймд хариуцагч нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан субъект мөн тул Нийслэлийн Засаг даргад хандаж, нэг жил 6 сарын өмнө хүсэлтээ гаргасан боловч одоог хүртэл шийдвэрлээгүй байна. Захиргааны байгууллага нь зөвшөөрсөн эсвэл зөвшөөрөөгүй гэсэн хоёр агуулгатай хариуг өгөх ёстой. Гэтэл хариуцагч байгууллагаас ...нөхцөл байдалтай байгаа тул шийдвэрлэх боломжгүй байна гэж хариу өгсөн. Энэ нь хариуцагч захиргааны байгууллагын шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг нэг жил, 6 сарын хугацаанд гаргаж байна.
Газрын тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон зохих журмын дагуу газар ашиглах хүсэлтээ гаргаж байхад шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэж байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулиар нэг субъектээс төрийн байгууллагад хүсэлт гаргахад түүнийг нь 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд тухайн хугацаанд амжаагүй тохиолдолд дахин 30 хоног нэмдэг буюу үндсэндээ хүсэлтийг шийдвэрлэх 2 сарын хугацааг олгодог. Гэтэл газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэлгүй нэг жил, 6 сарын хугацаа өнгөрсөн нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.
Хариуцагчийн бичгээр шүүхэд өгсөн болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарт ...Сууц өмчлөгчдийн холбооны ашиглахаар хүсэлт гаргасан газарт байх сэндвичэн барилгатай холбоотой асуудлыг дурдаж, нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж дурдсан. Энэ хоёр асуудал хооронд шалтгаант холбоо байх ёстой. "******* ******* *******" СӨХ нь ойр орчмын газраа ашиглая гэсэн хүсэлт гаргаж байхад хариуцагч тал нь сэндвичэн барилгын асуудлыг шийдвэрлэе гэж тайлбарлаж байна. Нэгдүгээрт 2020 оны 9 дүгээр сард гарсан захирамжид сэндвичэн барилгыг *******ын барилга гэж дурдсан буюу нэхэмжлэгч "******* ******* *******" СӨХ-ны барилга биш. Хоёрдугаарт цаг хугацааны хувьд асуудалтай байна. 2020 оны 6 дугаар сард газар ашиглах хүсэлтээ гаргасан байхад 2020 оны 9 дүгээр сард гарсан захирамжийг үндэслэж, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж байгаа нь уялдаа холбоогүй байна. Шалтгаант холбоогүй асуудлыг холбож тайлбарлаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдаж байгаа газар чөлөөлөх захирамж нь сэндвичэн барилгыг буулгах гэсэн шийдвэр юм. Газрын маргаан үүсээгүй буюу ******* нь миний газар гэж газартай холбоотой маргаагүй. *******ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явж байгаа нь үнэн. Шинжээч томилогдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь түдгэлзсэн. Тухайн сэндвичэн барилга нь нурсан эсэхээс үл хамааран нэхэмжлэгч тал нь хуулийн дагуу орчныхоо газрыг ашиглах хүсэлтэй гэж шүүхэд маргаж байхад өөр зүйлтэй хамаатуулж, шалтгаант холбоогүй байхад хүсэлтийг шийдвэрлэхгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбартаа хүсэлтийг шийдвэрлэх эсэх нь Засаг даргын эрхийн асуудал гэж дурдаж байна. Засаг даргад бүрэн эрх нь байгаа боловч хуулийн дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлж, газар ашиглах бүх боломж нь нээгдсэн байхад шоо хаяж, сүлд гарвал зөвшөөрнө, тоо гарвал зөвшөөрөхгүй гэж байгаа мэт агуулгатай шийдвэр гаргадаггүй. Захиргааны байгууллагын албан тушаалтан нь хуулийн хүрээнд хуульд үндэслэн шийдвэр гаргадаг. Газар ашиглуулах шийдвэрийг дуртай үедээ гаргаж, дургүй үедээ гаргахгүй гэж тайлбарлаж болохгүй. Нэхэмжлэгч талаас хавтас хэрэгт бүх нотлох баримтуудаа гаргаж өгсөн бөгөөд түүнээс нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлт нь хуулийн дагуу гэдгийг харж болно. Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргаас тухайн газрыг "******* ******* *******" СӨХ-нд ашиглуулахыг зөвшөөрсөн албан бичиг ирсэн. Шаардлагатай бүх баримтуудыг Нийслэлийн Засаг даргад гаргасан байхад бүрэн эрхийн асуудал тул шийдвэрлэхгүй байж болно гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэгдүгээрт 2021 оны 3 дугаар сард нэг удаа хариу өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч тэр нь нэхэмжлэгчид ирээгүй. Үзлэг хийхэд явсан бичгийн бүртгэлээ нотлох баримтаар гаргаж, "******* ******* *******" СӨХ-нд хүргүүлсэн гэдгээ нотолно уу гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гаргаж ирж чадаагүй. Тус албан бичиг нь тухайн үед бидэнд ирээгүй ч гэсэн хавтас хэрэгт авагдсан албан бичгийг үзвэл сэндвичэн барилгыг нураах асуудлыг дурдсан байна. Газар ашиглах эрх олгохоос татгалзаж байна гэсэн хариу өгөөгүй. Хариуцагчаас нэхэмжлэгчид 2021 оны 9 дүгээр сард ирүүлсэн албан бичигт ...шүүхэд хандсан байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэж дурдсан. Сүүлийн албан бичиг нь 2021 оны 12 дугаар сард бидэнд ирсэн. Уг албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг албан бичгээр Сэндвичэн барилгын маргаантай байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн. Үгийн шууд утгаас харвал шийдвэрлэх боломжгүй буюу Нийслэлийн Засаг дарга нь хүсэлтийг шийдвэрлээгүй, шийдвэрлэж чадахгүй байна гэсэн агуулгатай байна. Хэрэв үндэслэлийг дурдаж, "******* ******* *******" СӨХ-нд газар ашиглах эрх олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариу ирсэн бол хариуцагчийг эс үйлдэхүй гаргаагүй гэж үзнэ. Гэтэл хариуцагч байгууллагаас ирүүлсэн бүх албан бичигт шийдвэрлэх боломжгүй байна гэж дурдсан. Үүнийг эс үйлдэхүй гаргаж байгаа нэг хэлбэр гэж ойлгож байгаа бөгөөд "******* ******* *******" СӨХ-ны хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгсөн гэсэн ойлголтыг огт төрүүлэхгүй байна.
Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 441.2-т заасан бүх бичиг баримтуудыг нэхэмжлэгч талаас гаргасан нь хавтас хэрэгт авагдсан. 2020 оны 6 дугаар сард газар эзэмших хүсэлт гаргасан. Гэтэл хариуцагчийн дурдаж байгаа үйл баримт нь энэ захиргааны хэргээс тусдаа бөгөөд цаг хугацааны хувьд өөр юм. 2020 оны 9 дүгээр сард Нийслэлийн Засаг дарга захирамж гарснаар хариуцагчийн тайлбарлаж буй хэрэг маргаан эхэлсэн. Иргэн Н.Б*******гийн хүсэлт нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийнх юм. Эдгээр үйл баримтууд болохоос өмнө нэхэмжлэгч нь газар ашиглах хүсэлтээ гаргасан тул хооронд нь холбож тайлбарлах шаардлагагүй. Нэхэмжлэгч тал нь Хот байгуулалт, хөгжлийн газраас ирсэн төлөвлөлтийн даалгаврын дагуу газрын тохижилтыг хийх хүсэлттэй байгаа бөгөөд үүнд сэндвичэн барилгыг нураах эсэх нь хамааралгүй гэж үзэж байна. Тэр асуудал нь шүүхээр шийдвэрлэгдэнэ. Газрыг чөлөөлөх шийдвэр гарвал шүүхийн шийдвэр заавал биелэгдэх үүрэгтэй тул барилгыг нураана. Газрыг нь нэхэмжлэгч "******* ******* *******" СӨХ ашиглая. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 441 дэх заалт нь аливаа байр, орон сууцны хажууд гэнэт газрын маргаан үүсдэг тул үүнээс урьдчилан сэргийлж, сууц өмчлөгчдийн холбоонд газрыг нь ашиглуулъя гэсэн гол агуулгатай юм. Сууц өмчлөгчдийн холбоонд орчны газрыг ашиглуулахаар тусгай зохицуулалтыг сүүлд нэмсэн. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 441-д заасан бүх үндэслэл, журмыг хангасан гэдэг нь хавтас хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Э******* нь газар ашиглахыг зөвшөөрч, газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлт гаргасан. Үүнээс газар ашиглах эрх олгох үйл ажиллагаа нь эхэлсэн гэж үзэж байна. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гараагүй бол мэргэжлийн хурлын зөвлөлөөр оруулж, шийдвэр гаргах боломжгүй байдаг. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь зөвшөөрч, "******* ******* *******" СӨХ-г газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлтээ 5 жил тутам шинэчлэн гаргаж байгаарай гэж дүгнэлт гарсан боловч газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэдэггүй. 2021 оны 3 дугаар сард хариу өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч тэр нь сэндвичэн барилгыг нураая гэсэн агуулгатай. Сэндвичэн барилга нь иргэн *******ын эзэмшлийнх буюу "******* ******* *******" СӨХ-нд огт хамааралгүй. 2021 оны 9 дүгээр сард шүүхэд хандсан тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирсэн. 2021 оны 12 дугаар сард ирсэн хариу нь сэндвичэн барилгатай холбоотой маргаан шийдвэрлэгдтэл хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж хариу ирсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбартаа газар ашиглах хүсэлтийг шийдвэрлээгүй бөгөөд шийдвэрлээгүй шалтгаан нь *******ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгтэй холбоотой гэж дурдсан. Нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгсөн гэсэн агуулга байхгүй. Иймд хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байна. Энэ захиргааны хэрэг нь *******ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгтэй хэрхэн холбогдож байгаа юм бэ?. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тэр хэргийг шийдвэрлэж байж энэ хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн агуулгатай тайлбар гаргаж байна. Гэтэл тэр захиргааны хэрэгт өөр этгээд нэхэмжлэл гаргасан. Сэндвичэн байгууламж нь *******ын эзэмшлийнх бөгөөд тухайн байгууламжийг нурааж, зөөж болно. Сэндвичэн байгууламж нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй. Иймд холбож тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Хэрэв сэндвичэн байгууламжийг эзэмших үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй эсвэл сэндвичэн биш, тоосгон барилга байгууламж барьсан бол хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ. Учир нь дараа нь маргаан үүсэх боломжтой. Шүүх хуралдаанд хэргийн оролцогчид нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...бид нар тухайн газрыг төлөвлөлтийн даалгаврын дагуу хашаа, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэргээр тохижуулж, ашиглана гэж тайлбарлаж байна. *******ын эзэмшлийн сэндвичэн барилгатай холбоотойгоор шүүхийн шийдвэр хэрхэн гарах нь хамаагүй тул нэхэмжлэгч нь хуульд заасан эрхийнхээ дагуу газрыг ашиглах боломжоор хангуулах асуудлыг хэлэлцэж байна. Хэрэв газраа зориулалтын дагуу ашиглахгүй бол хариуцагч байгууллага нь газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг цуцлах хуулиар олгогдсон эрхтэй. "******* ******* *******" СӨХ-нд газар ашиглах эрх олгоод хэрэв зориулалтын дагуу ашиглахгүй бол энэ эрхээ хэрэгжүүлэх нь хариуцагчийн асуудал гэж үзэж байна. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөр хамааралгүй асуудлуудыг холбож, татгалзаж байна гэсэн тайлбар гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн талаар заасан. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т Холбооны үйл ажиллагааг дэмжих, 18.1.4-т Холбоонд тухайн орон сууцны байшингийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн дэвсгэр болон орчны газрыг газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тодорхой болзолтойгоор гэрээний дагуу ашиглуулах гэж заасан. Дэмжиж ажиллах болон барилгын суурь орчмын газрыг ашиглуулах эрхийг олгох бүрэн эрхийг Засаг даргад олгосон байгаа нь нэг талаараа эрх боловч нөгөө талаараа үүрэг хариуцлага яригдах ёстой гэж үзэж байна. Эрхийг эдэлж байгаа бол үүргийг хүлээнэ. Нэхэмжлэгч талаас шаардлагатай бүх бичиг баримтуудыг бүрдүүлсэн байхад үндэслэлгүйгээр өөр асуудалтай холбож, хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай А/1097 дугаар захирамжид дурдагдсан газар нь нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газар байгаа юм. Газрын зөрчил арилгах Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/1097 дугаар захирамж гарсантай холбоотойгоор иргэн ******* нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүссэн. Уг захиргааны хэрэгтэй холбоотойгоор 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1899 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны актын биелэлтийг нь түдгэлзүүлсэн. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн гэдэг нь маргаан бүхий газартай холбоотойгоор төрийн байгууллагаас ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлсэн гэсэн үг. Нэхэмжлэгч "******* ******* *******" СӨХ-ны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн. Нэхэмжлэгч тал нь Нийслэлийн Засаг даргыг эс үйлдэхүй гаргасан гэж маргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/1855 дугаар албан бичгээр газар чөлөөлөх мэдэгдэл, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 0306/5549 дүгээр албан бичгээр шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу, 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр "******* ******* *******" СӨХ-ноос ирсэн өргөдөл, гомдолд тэмдэглэл хөтөлж, хаасан байгаа тул Нийслэлийн Засаг даргын зүгээс эс үйлдэхүй гаргалгүйгээр "******* ******* *******" СӨХ-нд албан ёсоор хариу хүргүүлж ажилласан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан газар дээр бусдын барилга байгууламж байршиж байгаа бөгөөд тухайн газрыг чөлөөлөх захирамжийн биелэлт түдгэлзсэн байгаа тул "******* ******* *******" СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байна. Нийслэлийн Засаг даргын зүгээс ямар нэгэн эс үйлдэхүй гаргаагүй. Мөн Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 451.5 дахь заалт нь Нийслэлийн Засаг даргад эрх хэмжээ олгосон заалт юм. "******* ******* *******" СӨХ-нд газар ашиглуулах эсэхийг Нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад газар ашиглах хүсэлт гаргасан. Хүсэлтийг шууд шийдвэрлэхийг үүрэг болгоогүй. Эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэдэг.
Иргэний хуульд газар болон түүн дээр байх эд хөрөнгө хоёр нь хоорондоо салшгүй холбоотой байна гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Нэхэмжлэгч тал нь тухайн газрыг нь ашиглалтдаа авах хүсэлттэй байгаа тул дээр нь байх эд хөрөнгө нь хамааралгүй гэж тайлбарлаж байна. Энэ нь Иргэний хуулийг зөрчсөн үйлдэл болно. Мөн Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 441.5-д Нийслэлийн Засаг дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргана гэж заасан. Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Яагаад уг эрх хэмжээнд нь халдаж, тайлбар гаргаж байгааг ойлгохгүй байна. Газар болон түүний дээр байх эд хөрөнгө нь салшгүй холбоотой байх шаардлагатай. Гэтэл газрыг нь нэхэмжлэгч ашиглая, түүн дээр байх эд хөрөнгө хэнийх байх нь хамаагүй гэж тайлбарлаж байна. *******ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг нь газрыг чөлөөлөхтэй холбоотой газрын маргаан юм. Уг газрын маргаантай захиргааны хэрэгт актын биелэлтийг нь түдгэлзүүлсэн байгаа тул Нийслэлийн Засаг даргаас тухайн газарт нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй, газартай нь холбоотой шийдвэр гаргахгүй байна.
Нэхэмжлэгч талаас хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэг дэх нэхэмжлэлийн шаардлага буюу нийтийн эзэмшлийн газарт ашиглах эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу захиргааны шийдвэр гаргахаас өмнө бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай байдаг. Бодит нөхцөл байдлыг тогтооход маргаан бүхий газар дээр бусдын барилга байгууламж байсан. Барилга байгууламж байсан тул тухайн газар нь нийтийн эзэмшлийн газарт орж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй буюу газар ашиглах эрх олгох нь үндэслэлгүй бөгөөд үүнтэй холбоотой маргаан шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа тул бодит нөхцөл байдлыг тогтоож, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр тус тус гурван удаа албан бичгээр хариу хүргүүлсэн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэдэг нь өргөдөл гомдлыг шийдвэрлээгүй эсвэл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж хуульчилсан. Иймд Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй эсвэл шийдвэрлэхгүй орхигдуулаагүй тул эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах 232 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газарт ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нийтийн эзэмшлийн газар дээр нь бусдын барилга байгууламж байгаа тул хариуцагч захиргааны байгууллага нь бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг хүргүүлсэн. *******ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг нь хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* СӨХ нь тус шүүхэд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* *******, ******* байрны хойд болон зүүн талын 232 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газарт ашиглах эрх олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дээрх 232 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газрыг ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.8 дахь заалт, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 441 дүгээр зүйлд заасны дагуу ашиглах бүрэн эрхтэй, бидэнд ашиглах эрх олгохгүй байх ямар ч шалтгаан, үндэслэл байхгүй... Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасан бүх баримтуудыг бүрдүүлж, газрын албанд хүсэлтээ өгсөн боловч хариуцагч хариу огт өгөөгүй. Нийслэлийн Засаг даргад хандаж, нэг жил 6 сарын өмнө хүсэлтээ гаргасан боловч одоог хүртэл шийдвэрлээгүй. Сүүлд нь хоёр хариу өгсөн боловч шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн. Захиргааны байгууллага нь зөвшөөрсөн эсвэл зөвшөөрөөгүй гэсэн хоёр агуулгатай хариуг өгөх ёстой. "******* ******* *******" СӨХ-нд газар ашиглах эрх олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариу ирсэн бол хариуцагчийг эс үйлдэхүй гаргаагүй гэж үзнэ. Гэтэл хариуцагч байгууллагаас ирүүлсэн бүх албан бичигт шийдвэрлэх боломжгүй байна гэж дурдсан. Үүнийг эс үйлдэхүй гаргаж байгаа нэг хэлбэр гэж ойлгож байгаа бөгөөд "******* ******* *******" СӨХ-ны хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгсөн гэсэн ойлголтыг огт төрүүлэхгүй байна гэж, хариуцагч нь ...Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 441.5-д Нийслэлийн Засаг дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргана гэж заасан. Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудал...Нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй буюу газар ашиглах эрх олгох нь үндэслэлгүй бөгөөд үүнтэй холбоотой маргаан шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа тул бодит нөхцөл байдлыг тогтоож, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр тус тус гурван удаа албан бичгээр хариу хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй эсвэл шийдвэрлэхгүй орхигдуулаагүй тул эс үйлдэхүй гаргаагүй ... гэж тус тус тайлбарлан маргасан.
Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д заасан орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болно гэж, 441.1-д Сууц өмчлөгчдийн холбооны нэрийн өмнөөс тухайн холбооны гүйцэтгэх захирал орчны газрыг ашиглах тухай хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу уг асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий тухайн шатны Засаг даргад гаргана, 441 .2-д Орчны газрыг ашиглах хүсэлтэд дараах зүйлийг тусгана, 441.4-т Энэ хуулийн 441.2-д заасан хүсэлтийг нийслэл, дүүргийн газрын асуудал эрхэлсэн алба ... хүлээн авч шалгана, 441.5-д Орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах шийдвэрийг Газрын тухай хуулийн 21.2, 21.3, 21,4-т заасан эрх бүхий албан тушаалтан гаргах ба уг шийдвэрийг үндэслэн газрын асуудал эрхэлсэн алба, газрын даамал, сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралтай ... гэрээ байгуулна гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.8-д заасан бүрэн эрхийнхээ дагуу ******* ******* ******* СӨХ-ийн гүйцэтгэх захирал нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* ******* ******* байрны хойд болон зүүн талын нийт 232 м.кв талбай бүхий нийтийн эдэлбэр газрыг /орчны газар/ ашиглах хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 05 дугаар албан бичгээр, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Э*******д 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 01/01 дүгээр албан бичгээр, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 01/05 дугаар албан бичгээр тус тус гаргаж байсан, дээрх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа асуудлаар Нийслэлийн Засаг даргад 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 01/06 дугаар албан бичгээр, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 01/08 дугаар албан бичгээр тус тус хандаж байжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн холбооны гаргасан хүсэлтэд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 02-06/1855 дугаар албан бичгээр[1] ... зөвшөөрөлгүй барьсан сэндвичэн өргөтгөлийг албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг мэдэгдсэн, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 03-06/5549 дүгээр албан бичгээр[2] Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1097 дугаар захирамжид Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29а байрны хойд талд залган нийтийн эзэмшлийн зам талбайд 180 м.кв сэндвичэн өргөтгөл барьсныг чөлөөлөхөөр тусгагдсан ...Тус захирамжтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шүүхийн байгууллагын эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд шийдвэрлэх боломжгүй байна гэсэн агуулга бүхий хариуг тус тус хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заажээ. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд гүйцэтгэхгүй байх буюу хийх ёстой үйлдлээ хийхгүй байх, орхигдуулахыг эс үйлдэхүй гэж ойлгохоор байна.
Энэ маргааны тохиолдолд хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгчээс гаргасан газар ашиглуулах хүсэлтийг хүлээн авч, шалгаад хариуг хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар олгогдсон үүргээ биелүүлээгүй гэх буюу эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.
Үүний зэрэгцээ нэхэмжлэгч ******* ******* ******* СӨХ-оос газар ашиглах хүсэлт гаргах үед Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай А/1097 дугаар захирамж[3] гарсан байх ба уг захирамжийн хавсралтаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийгдэж буй орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээг эрчимжүүлж, зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталсан, хавсралтын зөрчилтэй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын жагсаалтын Сүхбаатар дүүрэг гэсэн хэсгийн 4 дүгээрт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн зүүн талд, 29-1 дүгээр байр, ******* *******ны нийтийн эзэмшлийн зам талбайд байрлах 180 м.кв талбай бүхий иргэн *******ын сэндвичэн өргөтгөлийн барилга багтжээ.
Иргэн *******аас дээрх Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/1097 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 7693 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1899 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/1097 дугаар захирамжийн *******д холбогдох хэсгийг тус хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, мөн өдрийн 1859 дүгээр захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд газар чөлөөлөх байршилд багтсан сэндвичэн өргөтгөлийн барилгын эзэмшигч гэх ******* нь нэхэмжлэгч ******* ******* ******* СӨХ-ийн удирдах зөвлөлийн дарга[4] байх ба нэхэмжлэлд гарын үсэг зурсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н*******ийн эцэг болох нь тогтоогдож байна.
Дээрхээс дүгнэн үзэхэд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 441.1-д зааснаар ******* ******* ******* СӨХ нь орчны болон нийтийн эдэлбэр газрыг ашиглах эрхтэй байх боловч нэхэмжлэгчийн ашиглахаар хүсэлт гаргасан 232 м.кв нийтийн эдэлбэр газарт 180 м.кв талбай бүхий сэндвичэн өргөтгөлийн барилгыг зохих зөвшөөрөлгүйгээр барьсан, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/1097 дугаар захирамжаар уг сэндвичэн барилгыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн, уг захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэрэг тус шүүхээр хянагдаж байгаа, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 3 дугаар сарын 11-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн, мөн 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03-06/5549 дүгээр албан бичгээр ... шийдвэрлэх боломжгүй... гэсэн хариу хүргүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй байна.
Хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална, 32 дугаар зүйлийн 32.5-д Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг ... нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна гэж заасантай нийцсэн байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 441.5-д зааснаар орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргах бөгөөд нэгэнт хариуцагч нь эс үйлдэхүй гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчид дээрх 232 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газрыг ашиглуулах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй.
Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах ёстой.
Гэтэл нэхэмжлэгч нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гаргасан гомдолдоо ...Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 29а байрны хойд талын 232 м.кв нийтийн эзэмшлийн газар болон сэндвичэн гараашийг хуулийн дагуу ашиглах албан хүсэлт гаргасан... гэснээс үзэхэд нэхэмжлэгч нь нийтийн эзэмшлийн газарт барьсан сэндвичэн барилга /гарааш/-ын доорх газрыг ашиглах хүсэлт гаргасан гэж үзэхээр байх ба нэхэмжлэгч нь энэ үйл баримтыг үгүйсгэхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагч нь холбогдох хуулийг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 441.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хариуцагчийн Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* *******, ******* байрны хойд болон зүүн талын 232 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газарт ашиглах эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дээрх 232 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газрыг ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН