Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2025/0072

 

“П С Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Авто зам гүүрийн барилгын ажлын тухай” А/182 дугаартай тушаал болон Авто замын салбарт 2022 онд улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл, арга хэмжээний гэрээний биелэлтийг дүгнэсэн Ажлын хэсгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тайлангийн “П С Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1023 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч М.Ц

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Б.Г, Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 128/2024/0084/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “П С Э” ХХК-иас Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан Гэрээ дүгнэх ажлын хэсэгт тус тус холбогдуулан “Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Авто зам гүүрийн барилгын ажлын тухай” А/182 дугаартай тушаалын, Авто замын салбарт 2022 онд улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл, арга хэмжээний гэрээний биелэлтийг дүгнэсэн Ажлын хэсгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тайлангийн “П С Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1023 дугаар шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Авто зам гүүрийн барилгын ажлын тухай” А/182 дугаартай тушаалын, Авто замын салбарт 2022 онд улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл, арга хэмжээний гэрээний биелэлтийг дүгнэсэн Ажлын хэсгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тайлангийн “П С Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. “... Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-д “... Гэрээний ерөнхий нөхцөлийн 6.1.1-д “Хэрэв захиалагч ба гүйцэтгэгч хоёрын хооронд гэрээтэй холбоотой маргаан ... зөвшилцөж шийдэх, харилцан шийдэж чадаагүй бол тухайн маргаан зөрчилдөөнийг маргаан шийдвэрлэгчид бичгээр хандан шийдвэрлүүлнэ ...гэж зааснаас үзвэл захиалагч, гүйцэтгэгчийн хооронд үүссэн аливаа маргааныг маргаан шийдвэрлэгч хянан шийдвэрлэхээр заасан нь тогтоогдож байна” гэж дурдсан байна.

            Гэтэл дээрх “Е зочид буудлаас 3,4 дүгээр байрны хойд талын уулзвар хүртэлх авто зам, Хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг хөгжил хорооллын доод талаас 3,4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам”-ын барилгын ажлыг Сангийн сайдын 2008 оны “Түлхүүр гардуулах нөхцөлтэй тендерийн жишиг баримт бичиг батлах тухай” 362 дугаар тушаалын дагуу сонгон шалгаруулж гэрээ байгуулсан бөгөөд энэхүү тушаалыг Сангийн сайдын 2019 оны 125 дугаар тушаал, 2021 оны 145 угаар тушаал, 2023 оны А/259 дүгээр тушаалаар шинэчлэн баталж, “Түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер шалгаруулалт” гэж байхгүй болсон тул “Маргаан шийдвэрлэгч” гэх этгээдийг томилж, маргаан шийдвэрлүүлэх нь тодорхойгүй байгааг шүүгч харгалзан үзээгүй.

            Мөн нэхэмжлэгч нь 2021 болон 2022 оны батлагдсан график төлөвлөгөөгөөр хоцрогдолтой, тодотгосон хөтөлбөрийг заасан хугацаанд батлуулах, гэрээт хугацаандаа ашиглалтад оруулах талаар хяналтын зөвлөх “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ болон тус яамнаас удаа дараагийн албан бичиг, уулзалтын тэмдэглэлээр тухайн зам барилгын ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой үүссэн маргааныг шийдвэрлэхээр ажиллаж байсныг нотолж байна.

            3.2. Үндэслэх хэсгийн 5-д “Хариуцагч нараас “... гэрээний ерөнхий нөхцөлийн 42.2.1.1-д зааснаар захиалагч шаардлагатай гэж үзсэн үедээ хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж маргаж байгаа боловч дээрх гэрээнд заасан бусад нөхцөлүүдийг болон гэрээний хугацааг харгалзан үзээгүй байна” гэжээ.

            Гэвч гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй төдийгүй 2022 оны улсын төсөвт тусгагдсан хөрөнгийг ашиглаагүй, Зам, тээврийн хөгжлийн яамнаас ажиллах нөхцөл боломжоор хангасан боловч олгосон санхүүжилтийн хүрээнд зам, барилгын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгээгүй нь гэрээний хугацааг сунгасан ч гүйцэтгэгч хүн хүч, техник тоног төхөөрөмж дутуугаас тус ажлыг гүйцэтгэх боломжгүй байсныг шүүгч харгалзан үзээгүй буюу хариуцагч Гэрээний ерөнхий нөхцөлийн 42.2.2 /в/ “Гүйцэтгэгч гэрээний дагуу хийх ёстой гүйцэтгэлээ байнга тасалдуулах, хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа байнга биелүүлэхгүй байх тохиолдолд захиалагчийн зүгээс гэрээг цуцална” гэж заасны дагуу гэрээг цуцалсныг дурдаагүй байна.

            3.3. Мөн үндэслэх хэсгийн 6-д “... Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас газар олгосон шийдвэр буюу авто замын трасс баталж, хамгаалалтын бүс тогтоох тухай захирамж гаргаж, тендерийн нэрийг өөрчилж, ... үүнийгээ авто замын трасс өөрчлөгдсөн гэх шалтгаанаар гүйцэтгэгчийн ажлыг үргэлжлүүлэхийг хориглож, гүйцэтгэгчийн ажил удааширсан нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдсон” гэж дурдсан хэдий ч Говь-Алтай аймгийн Засаг даргын зүгээс тус ажлын тендерийн нэрийг өөрчилсөн болон ажил хийхийг хориглосонтой холбоотой албан бичиг, захирамж нэг ч хэрэгт авагдаагүй байхад шүүгч хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна.

            Мөн Говь-Алтай аймгийн Засаг даргаас тус хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан хэдий ч шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагагүй гэж үзэн хүсэлтийг хангаагүй.

            Хэрэв орон нутгийн буруутай шийдвэрээс шалтгаалан зам барилгын ажил гүйцэтгээгүй гэж үзсэн бол шүүгч хүсэлтийг хангаж орон нутгийн төлөөллийг оролцуулан бодит нөхцөл байдлыг тогтоох байсан.

            3.4. Шүүгч шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан ...” гэжээ.

            Гэвч төсөвт тусгагдсан “Е зочид буудлаас 3,4 дүгээр байрны хойд талын уулзвар хүртэлх авто зам, Хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг, хөгжил хорооллын доод талаас 3,4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам” нэр, төсөвт дүнд өөрчлөлт орохгүй бөгөөд төсвийг шилжүүлсэн болон шинээр тусгах талаар ямар ч өөрчлөлт ороогүй байхад шүүгч Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д “Төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хороонд шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно” гэж заасныг үндэслэсэн нь хуулийг буруу тайлбарласан байна.

            Иймд хэрэгт авагдаагүй нотлох баримтыг буруу үнэлсэн мөн хуулийг хэрэглэсэн үндэслэлтэй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч “П С Э” ХХК-иас “Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Авто зам гүүрийн барилгын ажлын тухай” А/182 дугаартай тушаал болон Авто замын салбарт 2022 онд улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл, арга хэмжээний гэрээний биелэлтийг дүгнэсэн Ажлын хэсгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тайлангийн “П С Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

            2.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “П С Э” ХХК нь 2021 онд Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулсан Е зочид буудлаас 3, 4 дүгээр байрны хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг, хөгжил хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам /Говь-Алтай, Есөнбулаг сум/-ын ажил гүйцэтгэх тендерт шалгарч, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгөхөөр 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

2.3. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/148 дугаар тушаалаар Улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа авто зам, гүүрийн барилгын болон зөвлөх үйлчилгээний ажлын төсөл, арга хэмжээг гүйцэтгэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг дүгнэх Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаар нэхэмжлэгч “П С Э” ХХК-тай байгуулсан гэрээний 2022 оны хэрэгжилтийг дүгнэн “барилгын ажил 2021 онд 40.4%-тай хийгдсэн ба 2022 онд барилгын ажил хийгдээгүй” ажил гүйцэтгэгч “П С Э” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэн ажиллаагүй гэсэн үндэслэлээр гэрээний ерөнхий нөхцөлийн 42.2 дахь заалтын дагуу гэрээг цуцлах тухай акт гаргажээ.

2.4. Улмаар Авто замын салбарт 2022 онд төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл, арга хэмжээний гэрээний биелэлтийг дүгнэсэн ажлын хэсгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тайланд “П С Э” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах талаар дурдаж, үүний дараа Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/182 дугаар тушаалын 3 дахь заалтаар “... гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гэрээт хугацаандаа ашиглалтад оруулаагүй ... авто замын барилгын ажлын гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээг цуцлах арга хэмжээг зохих журмын дагуу зохион байгуулж ажиллах...”-аар шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч компанитай байгуулсан гэрээ багтсан байна.

2.5. Анхан шатны шүүхээс “Говь-Алтай аймгийн Засаг дарга Төсвийн тухай хуульд заагдсан тендерийн нэршлийг өөрчилж, үүнийгээ авто замын трасс өөрчлөгдсөн гэх шалтгаанаар гүйцэтгэгчийн ажлыг цааш үргэлжлүүлэхийг хориглож, дээрх шалтгаанаар гүйцэтгэгчийн ажлын явц удааширч 2021 онд нийт ажлын 50 хувийг гүйцэтгэх боломжгүй байдалд хүрээд байгаа тухай мэдэгдлийг захиргааны байгууллагуудад удаа дараа хүргүүлсэн болох нь 2021 оны в/163 дугаартай албан бичиг, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зам, тээврийн яаманд хүргүүлсэн албан бичгээр тогтоогдож байхад гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж зааснаар илт хууль бус захиргааны акт болохоор байна, ... ажлын хэсгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тайланг үндэслэн гүйцэтгэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүйд тооцохоор байна, ... гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл байсан болох нь тогтоогдохгүй, ... 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 234 дугаартай гэрээний хугацаа дуусгавар болсон байсан тул маргаан бүхий актууд нь хууль зүйн үр дагавар үүсгэхгүй, үүний улмаас тухайн захиргааны актуудыг хэн, хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй, уг актуудыг бодит байдалд биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй...” гэх агуулгаар тус тус дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

2.6. Хэдийгээр нэхэмжлэгчээс “... гэрээ байгуулаад Говь-Алтай аймагт очсон, орон нутгаас трасс зургийг өөрчлөхөөр 3 удаа санал гаргасан, ингэж байтал хүйтрээд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зам барилгын ажил бүрэн зогссон, манай төсөл шийдэгдэхгүй зунжин тэнд байсан...” гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргах боловч Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 06/5294 дүгээр албан бичгээр “... Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9/6399 тоот албан бичигт “... Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар батлагдаж, худалдан авах ажиллагааг зохион байгуулсан төсөл арга хэмжээний нэрийг өөрчлөх боломжгүй бөгөөд хуулиар батлагдсан нэр байршил сольсон тохиолдолд санхүүжилтийг улсын төсвөөс олгох боломжгүй” талаар дурдсан байна. Иймд Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хуулийн XV.1.1.54-т тусгагдсан “Е зочид буудлаар 3, 4 дүгээр байрны хойд талын уулзвар хүртэлх авто зам, Хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг, Хөгжил хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам (Говь-Алтай, Есөнбулаг сум)” нэршил болон Зам тээврийн хөгжлийн яам, “П С Э ХХК-тай байгуулсан ... гэрээнд заасан нэршлийн дагуу тухайн авто замын барилгын ажлыг хийж гүйцэтгэх”-ийг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ болон нэхэмжлэгч “П С Э” ХХК-д анхааруулсан байхаас гадна нэхэмжлэгч “П С Э” ХХК-д гэрээгээр хүлээсэн хугацаандаа ажлаа дуусгаж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул ажлын явцыг эрчимжүүлэх, хүн хүч, машин механизм, тоног төхөөрөмжийн тоог нэмэгдүүлж, ажлуудыг батлагдсан зураг төсөл, техникийн шаардлага, технологийн аргачлалын дагуу бүрэн гүйцэтгэж, график төлөвлөгөөний хоцрогдлыг арилгаж ажиллах талаар “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас удаа дараа албан бичиг хүргүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ажлын биелэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дүгнэхэд 40.4%-ийн ажил гүйцэтгэсэн байсан буюу гэрээгээр тохиролцсон хугацаандаа ажлаа хийж гүйцэтгээгүй байх тул 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 234 дугаартай гэрээний ерөнхий нөхцөлийн 42.1.1-д “Захиалагч шаардлагатай гэж үзсэн үедээ хэдийд ч ГЕН-ийн 42.1-д заасны дагуу гүйцэтгэгчид мэдэгдэл өгөн гэрээг цуцалж болно” гэж заасны дагуу ийнхүү захиалагчаас гэрээ цуцлах тухай шийдвэр гаргасныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж буруутгахааргүй байх төдийгүй маргаан бүхий шийдвэр нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцжээ.

2.7. Нөгөөтээгүүр, нэгэнт гэрээний ерөнхий нөхцөлд захиалагч шаардлагатай тохиолдолд хэдийд ч гэрээ цуцалж болохоор заасан, мөн хариуцагчаас Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 10.1.6-д “авто зам, замын байгууламж барих, засварлах, арчлах, зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналттай холбоотой норм, норматив, техникийн баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих” эрхийнхээ хүрээнд ажлын хэсэг байгуулж гэрээг дүгнэж, улмаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан байгаа энэ тохиолдолд “захиалагч болон гүйцэтгэгч хоёрын ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр байх эсэхтэй холбоотой маргаан”-ыг маргаан шийдвэрлэгчээр шийдвэрлүүлэх шаардлагагүй бөгөөд ийнхүү шийдвэрлүүлэхгүйгээр захиалагчаас гэрээг цуцалсан нь маргаан бүхий актын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

2.8. Түүнчлэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын тулд биелэгдэх боломжтой, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж маргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхүйц байх ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “П С Э” ХХК-ийн захиалагчтай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 234 дугаартай гэрээний хугацаа дуусгавар болсон талаар нэгэнт дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх төдийгүй нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг аливаа байдлаар сэргээхээргүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 6 дугаар зүйлийн 6.1, Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П С Э” ХХК-иас Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан Гэрээ дүгнэх ажлын хэсэгт тус тус холбогдуулан гаргасан “Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Авто зам гүүрийн барилгын ажлын тухай” А/182 дугаартай тушаал болон Авто замын салбарт 2022 онд улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл, арга хэмжээний гэрээний биелэлтийг дүгнэсэн Ажлын хэсгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тайлангийн “П С Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Б-ын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

                      ШҮҮГЧ                                                            Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН