| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2023/0127/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/151 |
| Огноо | 2023-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/151
2023 02 03 2023/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Г.Цогтмагнай,
шүүгдэгч Ж.Д-,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нарыг оролцуулан эрүүгийн 2309000000045 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ж.Д- нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Огторгуй” нэртэй караокегоор үйлчлүүлж байхдаа мөн караокегоор үйлчлүүлж байсан хохирогч А.Б-той тус караокены 1 дүгээр давхарт маргалдаж, улмаар түүнийг зодож хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зүүн дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д- мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Б-ын мэдүүлэг / хх 34 /, гэрч Э.Л-ийн мэдүүлэг / хх 15 /, гэрч Д.М-ийн мэдүүлэг / хх 17 /, гэрч Ш.Өсөхбаярын мэдүүлэг / хх 23 /, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 36-37 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх 27-28 /, яллагдагч Ж.Д-гийн мэдүүлэг / хх 06 /, хохирол төлсөн баримт / хх 41 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 40 / зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Д- нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Огторгуй” нэртэй караокегоор үйлчлүүлж байхдаа хохирогч А.Б-той тус караокены 1 дүгээр давхарт маргалдаж, улмаар түүнийг зодож хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зүүн дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Хохирогч А.Б-ын / хх 34 / “...Гэмтлийн дүгнэлтэд миний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зүүн дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Уг гэмтлийг 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Огторгуй караокены 1 давхарт маргалдсан хүмүүс дунд байсан шар куртиктэй, 175-180 см өндөртэй залуу гараараа намайг цохиж учруулсан. Би тухайн залууг огт таньж мэдэхгүй. 2 лааз 0.5л пиво уусан байсан...” гэх мэдүүлгээр,
Гэрч Э.Л-ийн / хх 15 / “...А.Б- гэх залуу Огторгуй караокены маргаан дунд байсан бөгөөд сүүлд цагдаа ирэхээс өмнө энэ залуу нь “Хамар гэмтээчихлээ, энийг хар” гэж хэлээд пээдэлзээд байсан бөгөөд хамар нь улайчихсан байсан...” гэх мэдүүлгээр,
Гэрч Д.М-ийн / хх 17 / “...Маргаан дууссаны дараа нэг залуу “Хамар гэмтчихлээ. Та нар зодсон” гэж дайраад хамт явсан гэх шар куртиктэй залууг хайж байсан. Тэр зодуулсан гэх залуутай хамт явсан эмэгтэйчүүд нь оюутны зөвлөлийн хүнтэй хамт камер шүүнэ гэж ярьж байсан...” гэх мэдүүлгээр,
Гэрч Ш.Ө-ын / хх 23 / “...Тухайн үед Ж.Д- гэх манай сургуулийн 3 дугаар курсын оюутан нь шар өнгийн куртик өмссөн байсан...” гэх мэдүүлгээр,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 36-37 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлтэд
1. А.Б-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зүүн дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хх 27-28 /
Яллагдагч Ж.Д-гийн / хх 06 / “...А.Б- гэх залуугийн биед учруулсан гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед 2-3 лаазтай 0.5л Сэнгүр нэртэй пиво уусан. Болсон явдлыг бүгдийг нь санаж байна. Манай сургуулийн оюутны зөвлөлийн хүмүүстэй маргалдаад байхаар нь тек хэсэгт салгахаар очиход хэл амаар доромжлохоор нь баруун гараараа нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Д-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Ж.Д-гийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Прокуророос шүүгдэгч Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Ж.Д-д ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Д- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээний зардалд 450.000 төгрөг төлсөн, сургуульд сурдаг, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хохирогч А.Б-од 450.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн тул шүүгдэгч Ж.Д- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.
Харин хохирогч А.Б-ын биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлтыг эмчлүүлэхтэй холбоотой хагалгаа хийлгэх зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ж.Д-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Ж.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч А.Б- нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж, иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Д- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ж.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ